Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 01687

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2020/01687

 

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01838 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Аийн хариуцагч Э.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11 560 000  төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт: 2019 оны 08 сарын 02-ны шөнө 21 цаг 21 минутанд Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг багийн замд Б.А миний 3 тооны адуу буюу хурдан удмын угшилтай болон эрлийз цустай 1 охин унага, 2 гүүг 04-87 УБК улсын дугаартай Хюньдай Сонота-6 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.Г нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж, 2019 оны 08 сарын 06-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатар 1934000467 дугаартай тогтоол гаргаж зөрчлийн хэрэг нээсэн. Иргэн Э.Г нь 2019 оны 08 сарын 09-ний өдрийн Мастер Үнэлгээ ХХК-ийн тодорхойлолтын дагуу 1 охин унага 2 500 000 төгрөг, хээр гүү 4 000 000 төгрөг, эрлийз гүү 5 000 000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн үнэ болох 60 000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Э.Ггаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 11 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ггийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 08 сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум орохоор гарсан бөгөөд тухайн үед согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. Батсүмбэр сум орохоор замд явж байтал зам дээр гэнэт сүрэг адуу ороод ирсэн ба тухайн үед осол гаргахгүй байх бүхий л бололцоотой арга хэмжээг авсан боловч 3 адуу машинд мөргөгдсөн. Тухайн замын хэсэгт болон 300 метрийн зайд анхааруулах ямар нэгэн тэмдэг байгаагүйгээс гадна сүрэг адуу ямар ч хариулгагүй, малчин нь байхгүй байсан. Малчин эсвэл малын эзэн нь малаа маллаж, хариулж байсан бол, түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан хатуу хучилттай замд 50 метрээс дотогш хариуллагагүй мал оруулахгүй байх үүргээ биелүүлсэн бол тухайн осол гарахгүйгээс гадна машинд маань хохирол учрахгүй байх байсан. Иргэн Б.А малаа хариулж, замд 50 метрээс дотогш хариулгагүй мал оруулахгүй, малаа хараа хяналтгүй зам дээр үлдээхгүй байх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үүссэн асуудал бөгөөд би тухайн үед авч болох бүхий л бололцоотой арга хэмжээг авсан, миний буруугаас болсон зүйл байхгүй болно. Тухайн зам тээврийн осол гарсан газар үзлэг хийсэн н.Сүхбаатар буюу зохицуулагч нь замын тэмдэг тэмдэглэгээ байхгүй байхад хэт нэг талыг бариад өөрийнхөө нутгийн хүний талд орсон. Зөвхөн Т.Гийхнарангийн буруутайгаар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байсан. Малчин буюу малын эзэн өөрөө буруутай гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Ггаас 7 180 000 /долоон сая нэг зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Аэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 380 000 /дөрвөн сая гурван зуун наян мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ггаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 129 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Аэд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн малчин Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохыг шүүхийн шийдвэрт тодорхой тогтоосон байдаг. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 4-5 дах талд “Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн осол болох үед нэхэмжлэгчийн адууг малчин Т.Нэргүй хариулж байсан, адуу зам хөндлөн гарах үед малчин голоос үлдсэн адуугаа гаргах гээд замаас хол байсан болох нь тогтоогдож байна. Зам тээврийн осол болох үед харуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болох нь зам тээврийн осол болох үед харуй бүрий болж үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болох нь  зам тээврийн осол гарсан замын байдлын тэмдэглэлд бичсэнээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн адууг хариулж байсан малчин Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно” Харин зам хөндлөн тууж гарах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь тухайн зам тээврийн осол гарах гол шалтгаан нөхцөл болсон, нэхэмжлэгч буюу нэхэмжлэгчийн малчин уг осол гарахад гэм буруутай, түүний гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагчийн эд хөрөнгө буюу 04-87 УБК улсын дугаартай Хюньда Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн урд хэсэг болон урд салхины шил нилдээ эвдэрч хохирол учирсан, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө гэм буруутай тул шаардах эрхээ алдах нөхцөл байдал үүссэн байгааг шүүх бодитой, үнэн зөв тогтоогоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болох зам тээврийн ослын актад “тээврийн хэрэгслийн урд хэсэг нилдээ, урд салхины шил эвдэрсэн” гэж тэмдэглэснээс харахад уг зам тээврийн ослын улмаас хариуцагчид эд хөрөнгийн хохирол учир нь тодорхой байдаг. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ дээрхи нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ огт тусгаагүй, түүнчлэн шүүх уг осол гарахад нэхэмжлэгч гэм буруутай гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагчид ямар хэмжээний эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоогоогүй байж хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрийн 3 дах заалтад Э.Г нь Хюньда Соната-6 маркийн 04-87 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад 3 тооны адууг мөргөж зам тээврийн осол гаргасан, мөн шийдвэрийн 5 дах талд зам тээврийн осолд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь гэм буруутай гэж дүгнэсэн боловч хариуцагчид нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлоос гадна өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг давхар хариуцуулсан. Харин нэхэмжлэгч дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байсан бол уг осол гарахгүй байсан, нэхэмжлэгчийн гэм буруу нь уг осол гарах,  нэхэмжлэгч, хариуцагчид гэм хор учрах үндэслэл болсон байхад шүүх түүнийг бодит нөхцөл байдалд уялдуулан тооцолгүйгээр нэхэмжлэгчийг хариуцагчийн эд хөрөнгөд учруулсан гэм хор буюу хохирлоос бүрэн чөлөөлж, нэхэмжлэгчид өөрт учирсан хохирлын зөвхөн 20 хувийг хариуцуулан шийдвэрлэсэн. Ийнхүү хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитоор үнэлэлгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Э.Гд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 11 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Э.Г нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны шөнө ...  3 тооны адуу буюу хурдан удмын угшилтай болон эрлийз цустай 1 охин унага, 2 гүүг мөргөж зам тээврийн осол гаргасан, “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 8 сарын 09-ний өдрийн үнэлгээгээр 1 охин унага 2 500 000 төгрөг, хээр гүү 4 000 000 төгрөг, эрлийз гүү 5 000 000 төгрөг, мөн үнэлгээний зардал 60 000 төгрөгийн хохирол учирсан... гэж, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч нь харанхуй үед малаа зам дээр хараа хяналтгүй явуулсан өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон тул учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй, ... гэж тус тус тайлбарласан байна.

Хэргийн 4 дүгээр талд авагдсан Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолд тэмдэглэснээр 2019 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 21 цаг 21 минут орчим Төв аймаг, Батсүмбэр сум, Үдлэг багийн замд хариуцагч Э.Г нь 04-87 УБК улсын дугаартай Хюьндай Сонота-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үед зам хөндлөн гарч байсан нэхэмжлэгчийн адуунаас 3 адуу мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй. /хх-98/

 Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Сүхбаатарын дүгнэлтэд Э.Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д заасан заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж акт тогтоон 2019 оны 08 сарын 14-ны өдөр шийтгэлийн хууудсаар Э.Гг 400 000 төгрөгөөр торгож шийтгэжээ. /хх-133/ Энэхүү ослыг шийдвэрлэсэн шийдвэрт Э.Г гомдол гаргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Түүнчлэн, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыын хохирол болох 3 тооны адууны үнийг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шүүх Хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 135 дугаар дүгнэлтээр хурдан удмын монгол хээр гүү 3 000 000 төгрөг, эрлийз хээр гүү 5 000 000 төгрөг, эрлийз буурал охин унага 900 000 төгрөг, нийт 8 900 000 төгрөгөөр үнэлсэнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

Зам тээврийн осол болох үед нэхэмжлэгчийн адууг хариулж байсан малчин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.6 дах хэсэгт заасныг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэм хор учрах нөхцөл байдалд нөлөөлсөн гэж дүгнэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.

 Хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хүлээх ба шүүх талуудын гаргасан нотлох баримтын хэмжээнд харьцуулан үнэлж шийдвэр гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйл болон 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсгийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлжээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/01838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 129 830 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                  Б.НАРМАНДАХ