Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 1476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Ц -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М М  ХХК-д -д холбогдох

 

            Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхгэрэл, хариуцагчийн төлөөлөгч М.Аззаяа, өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимиг нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Моннис групп ХХК-д 2012 онд ажилд орсон. М М  ХХК-д 2018 оны 12 дугаар сард томилогдож ажиллаж эхэлсэн. Дөнгөж ажиллаж эхлэхэд байгууллага дээр татварын шалгалт болон аудитын шалгалтууд зэрэг болж байсан. Шалгалтаар бүх мэдээлэл, материалуудыг гаргуулж байсан. Намайг М М  ХХК-д ажиллахаас өмнө өөр нягтлангийн механик алдаа болон тайлан гаргахад гаргасан алдааг татварын шалгалтаар илрүүлсэн. Гэтэл ерөнхий захирал чи орж ирээд засчихлаа гээд намайг буруутгасан. Гэтэл тэр нь 2016 оноос 2017 оны баримтын шалгалт байсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс яригдаж эхлээд гүйцэтгэх захирал солигдсон. Гүйцэтгэх захирал солигдсоноос хойш үргэлжлүүлэн ажиллах тал дээр асуудал үүссэн. Ерөнхий захирал удаа дараа өрөөнд орж ирж чамайг халах гэж байгаа, чи ажлаа өг, яг одоо яв гэх мэтээр маш олон хүмүүсийн өмнө хэлж байсан. 

Ажиллаж байх хугацаандаа би банкнаас зээл авах гээд байгууллагаас тодорхойлолт авъя гэтэл надад гаргаж өгөөгүй. Намайг удахгүй ажлаас халах гэж байгаа учраас тодорхойлолт гаргаж өгөхгүй гэх хариуг өгсөн. Би хоёр долоо хоног хөөцөлдөж байж гаргуулж авч байсан. Намайг цалингийн зээлийн тодорхойлолт гаргаж өгсний дараа жилийн эцсийн балансаа гаргаж өгөөд ажлаа хүлээлгэж өг гэх шаардлагыг тавьсан. Байгууллагаас ажлаа хүлээлгэж өг гээд байхаар нь би ажлаа хүлээлгэж өгье, санхүүгийн ажлыг нэг өдөр хүлээлгэж өгөх боломжгүй дараагийн нягтлан орж ирэхээр юмаа зааж өгөөд явъя гэж хэлсэн боловч он гараад 1 сар хүртэл ямар ч дагалдан нягтлан орж ирээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэг хүн орж ирсэн. Тэр хүнийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл дагалдуулан ажлыг нь зааж өгсөн. 

М М  ХХК-ийн санхүүгийн менежер н.Наранцацралтад ажлаа хүлээлгэж өгье, өргөдлөө гээд гэнэт халагдсаны тэтгэмж авахаар тохиролцсон. Надад санхүүгийн менежер ерөнхий захиралд 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллуулаад тэтгэмжийг өгөөд өргөдлөө авахаар тохиролцсон гэж хэлж байсан. Гэвч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ерөнхий захирал өөрөө болон гүйцэтгэх захирал н.Мөнхбаатар, хүний нөөцийн захирал н.Батцэцэг нар өрөөнд орж ирж намайг дуудаж хурлын өрөө рүү дагуулж ороход оройны 17 цаг 30 минут болж байсан. Намайг ажлаа хийж чаддаггүй, чадамжгүй учраас ажлаас чөлөөлж байна, чи яг одоо ажлаа хүлээлгэж өгөөд яв, өргөдлөө бичиж өгөхгүй байгаа учраас тэтгэмж өгөхгүй гэж хэлээд 18 цагт бүх компьютер, и-мэйлийг хааж, ил байсан бичиг баримтуудыг тоолж аваад намайг ажлаас гаргасан. 

Намайг 2012 оноос хойш ажиллаж байх хугацаанд ажлаа хийж чадахгүй байна гээд бичгээр сануулга өгч байгаагүй. Буруутгасан процесс нь надад хамааралгүй байсан учраас үндэслэлгүй гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал солигдсоноор би ажлын байрандаа удаан ажиллах боломжгүй болсон. Өөрийн биеэр ажлаас гарч байгаагаа бичиж өг гэж шаардсан. Өөрийн хүсэлтээр гэж бичиж өгөхгүй бол цаашид мэргэжлээрээ санхүүгийн чиглэлээр ажиллах боломжгүй болгоно, чи ямар ч компанид ажиллаж чадахгүй, насаараа ажилгүй явмаар байна уу гэж хүний нөөцийн захирал н.Батцэцэг надад тулгасан. Ерөнхий захирал уурлаад намайг бичиж өгвөл дараагийн ажлын байранд маш сайхан тодорхойлолт бичиж өгнө гэх дарамт шахалтад орж өргөдлийг бичиж өгсөн” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М М  ХХК нь 2019 оны 10 дугаар сард тушаал гаргахдаа нэг орон тоотой байсан. Уг орон тоонд Э.Ц  халагдах хүртлээ ажиллаж байсан. Ажиллаж байсан хугацаанаас халагдах хүртэл орон тоо хэвээр хадгалагдаж байсан. Ямар нэгэн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй байж байгаад 2019 оны 08 дугаар сард компанийн гүйцэтгэх захирал солигдож н.Мөнхбаатар гэх хүн томилогдсон. Үүнээс хойш компанийн аль нэг ажилтныг сольдог буруу жишгээр Э.Ц г дарамталж эхэлсэн. Э.Ц  нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Байгууллагаас комисс гаргаж шийдвэрлэж дүгнээгүй байж ямар ч үндэслэлгүйгээр ажлаа хүлээлгэж өг гэж шахаж, дарамталж сэтгэл санааны дарамтад оруулж олон нийтийн өмнө хууль бус үйлдэл гаргаж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т аж ахуйн нэгж байгууллагын удирдлага солигдсоноор хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй, тус хуулийн 40.3-т албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглоно гэж заасан. М М  ХХК нь эдгээр заалтуудыг зөрчиж байна. 

Байгууллага болгоны удирдлага солигдож дарамтлаад ажлаас халах юм бол Хөдөлмөрийн хууль байх утгагүй. Ажилтныг хамгаалахын тулд Улсын дээд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тогтоол гарсан. Уг тогтоол дээр ажилтан өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх гэдэг юу болохыг тодорхой тайлбарлаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ажил олгогчийн ямар нэгэн шахалт, шаардлага зүй бус нөлөөлөлгүйгээр хөдөлмөрийн хугацаатай болон хугацаагүй гэрээг ажилтан зөвхөн өөрийнхөө хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бичгээр гаргасан хүсэлтийг хэлнэ гэж бичсэн байгаа. Гэтэл Э.Ц  өргөдөл дээрээ 2019 оны 10 дугаар сараас хойш удаа дараа удирдлагын гаргасан шийдвэр, шахалтад орж өргөдлөө өгч байна гэж тодорхойлолт бичсэн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг баримталсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Э.Ц  өөрөө өргөдлөө өгсний үндсэн дээр манайх Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхий нягтлан бодогчийн хөдөлмөрийн гэрээ 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан байна. Э.Ц г ямар нэгэн байдлаар дарамталсан удирдлагын шийдвэр гэж байхгүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон болохоор ажлаа хүлээлгэж өг гэж амаар хэлсэн. Байгууллагын зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахгүй гэсэн санаа зорилго байсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байна, үүнийг цааш сунгахгүй гэх санаа зоригийг ажил олгогчийн зүгээс илэрхийлсэн. Дарамталж шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа бол үүнийг шүүхээр биш өөр хуулийн байгууллагаар тогтоолгох ёстой байх. Байгууллага өөрийнх нь хүсэлтээр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн.

Ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл дээр маргах байх гэж үзэж байна. Мөн Э.Ц  нь өргөдөл дээрх гарын үсэг өөрийнх нь гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөндлөнгийн нөлөөлөл байгаа гэж үзэж байгаа бол үүнийг тусад нь тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна” гэв.  

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц  нь хариуцагч М М  ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Нэг: М М  ХХК-ийн захирлын  2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Т/20/29 тоот тушаалын 1 дэх заалтаар “Тус компанийн Санхүүгийн хэлтэст Ерөнхий нягтлан бодогч Энхсайхан овогтой Цэнгэлмаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1,  “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 20.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Ц г ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Э.Ц  нь “Энхсайхан овогтой Цэнгэлмаа миний бие 2012 оны 4 дүгээр сараас эхлэн ажилласан бөгөөд 2019 оны 10 дугаар сараас хойш удаа дараа тавьсан удирдлагын шийдвэрээр ажлаас өөрийн хүсэлтээр гарах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасан болох нь Э.Ц гийн хүсэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.

 

Нэхэмжлэгч нь М М  ХХК-ийн удирдлагын дарамт шахалтаас болж өргөдөл бичсэн бөгөөд өргөдөлдөө 2019 оны 10 дугаар сараас хойш өөрийн хойш удаа дараа тавьсан удирдлагын шийдвэрээр гэж бичсэн нь дарамт шахалт үзүүлсэн гэж тайлбарлах атлаа М М  ХХК-ийн удирдлагатай ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж өгсөн тохиолдолд ажлаас гарахаар тохиролцсон байсан гэтэл уг тэтгэмжийг өгөхгүй гэж хэлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж зөрүүтэй тайлбар гаргасан.

 

Дээрхи тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авах нөхцөлтэйгээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэл зориг байсан гэж дүгнэхээр байна.

 

Иймд, Э.Ц г ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоотой ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь хуулийн дээрхи зохицуулалтад нийцэхгүй байна.

 

М М  ХХК-ийн захирлын  2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн т/20/29 тоот тушаалыг нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гардаж авсан гэж тайлбарлах атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар хариуцагч М М  ХХК-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Ц гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Ц  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.