| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2022/0024/З |
| Дугаар | 118/ШШ2024/0040 |
| Огноо | 2024-07-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 118/ШШ2024/0040
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х.
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга нарын хоорондын өвөлжөөний газрыг давхардуулан эзэмшүүлсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Яруу сумын Засаг дарга Д., гуравдагч этгээд Х............... итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.*******сүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 64 дүгээр захирамжийн ............ овогтой ............д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Х...............д олгосон дугаар бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах.
2. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Б.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
3. Хэргийн нөхцөл байдал: Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дугаар захирамжийг үндэслэж гуравдагч этгээд Х.д “Нурамт” нэртэй өвөлжөөний 5000 м.кв буюу 0,5 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.
Дээрх 64 дүгээр захирамжийг үндэслэж “Нурамт” нэртэй өвөлжөөний газар эзэмшүүлэх гэрээг 2008 онд Д.той байгуулсан, газар эзэмшигчийг төлөөлж Х. гарын үсэг зурсан.
Завхан аймгийн архивын тасгийн лавлагаа болон Яруу сумын Засаг даргын Тамгын газарт хийсэн үзлэгээр Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 64 дүгээр захирамж гэж байхгүй, харин 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” 64 дүгээр захирамж /хавсралтгүй/ байгаа болох нь тогтоогдсон байна.
Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Нурамт” нэртэй өвөлжөөний газрыг Б.д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч нь Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 64 дугаар захирамжийн талаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/692 дугаар албан бичгээр хариу авсан байх ба 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
5. Нэхэмжлэлийн үндэслэл: Энэ өвөлжөөг Ш.*******, Ц.*******, Х.гийн хадам аав Д. нар хувьчлалаар аваад хамтран эзэмшиж байсан. 2007 онд Ш.*******, Ц.******* хоёрын оногдох хэсгийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Х. нь тус өвөлжөөг бусдад 6 сая төгрөгөөр зарсан. Өөрөө Хар хад нэртэй газар өвөлжөөтэй. 2006 оны 64 дүгээр захирамжаар эзэмшсэн гэх боловч 64 дүгээр захирамж нь байхгүй байх тул хүчингүй гэж маргасан.
6. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б. 1998 оны хувьчлалаар энэ өвөлжөөг Х.гийн аав, манай нагац хүргэн ах *******, ............******* нар эзэмшиж байсан. 2001 онд *******, Ц.******* нар Улаанбаатар хот явахдаа намайг уг өвөлжөөг ав гэсэн. Би өвөлжөөний мөнгийг нь өгч чадахгүй байж байгаад 2004 онд мөнгийг нь өгч өвөлжөөний 66 хувийг нь эзэмшиж байсан. Х.гийн зүгээс өвөлжөөг бүхлээр нь эзэмшиж байгаа. Таны эзэмшил байхгүй гэж тайлбар гаргаж байна. Би өмнө нь эзэмшиж байсан хүнээс нь зохих төлбөрийг төлж худалдан авч байсан болохоор энэ өвөлжөөг эзэмших эрх байгаа гэж бодож байна. ...Х. Нурамтын өвөлжөөний гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулсан байсан. Үүнийг би мэдээгүй. Сумын Засаг дарга өвөлжөөг айлуудад нийтээр нь гаргаж өгсөн. Эдгээр баримт бичгүүдийн эх хувь нь байхгүй. Эдгээр баримтыг хүчингүйд тооцно гэж байсан. Өвөлжөөг өөрийнхөө нэр дээр болгох талаар хүнтэй уулзаж байгаагүй. 2006 оны Засаг даргын Х.д өвөлжөөний газар эзэмшүүлсэн захирамж хуульд нийцэж гараагүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.
7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2006 оны захирамжаар гэрчилгээ олгогдсон байдаг боловч захирамжийн хавсралт нь олддоггүй. Архиваас шүүж үзэхэд байгаагүй. Энэ асуудалтай холбоотой байгаа материалаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2020 оны 10 сард Жаргалант багийн хурал хийгээд хурал дээр энэ хоёр хүн хоорондоо тохиролцоод өвөлжөөг өгч авахаар болсон байдаг. Үүнийг мөн нотлох баримтаар гаргаж өгсөн. д 2017 оны 06 сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжаар өвөлжөөг эзэмшүүлсэн байдаг. Энэ нь 2020 онд цахим бүртгэлд бүртгэгдээд e дугаар авагдаагүй байсан. Тэгээд 2021 онд надад хандаж өргөдөл гаргахдаа е дугаар яагаад авагдахгүй байгаа юм бэ, энэ асуудлыг шийдэж өгөөч гэж өргөдөл өгч байсан. Би өөрөө энэ ажлыг 2020 оны 11 сарын 08-нд авч байсан. Намайг ажлаа аваад удаагүй байхад өргөдөл өгч байсан учраас би сайн санаж байна Захирамжуудыг харж байхад 64 дугаартай захирамж олдохгүй байгаа. Харин 2017 оны захирамж байгаа. Гэтэл тухайн үеийн газрын даамал 2006 оны 64 дугаартай захирамжтай гэрчилгээ байж байхад яагаад 2017 онд дахиад өөр хүнд өгчхөж байгаа юм. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эвлэрэх талаар санал гаргаж байсан. Талуудын маргаан намайг ажилд орохоос өмнө гарсан байдаг. 2006 оны захирамж архивд байдаггүй юм байна лээ. 2017 оны Б.тай холбоотой захирамж нь байдаг. 2020 оноос багийн Иргэдийн Нийтийн хурлаар ороод, Б. гэх хүнд эзэмшүүлж байсан байдаг. Намайг ажил авснаар хойш маргаан үүссэн гэв.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1996 оноос аавынх, Ш.******* ахын хоёртой хамт өвөлждөг байсан. 2000 оны зудын дараа Ш.******* ахынх хот нүүгээд аав Д.ийнхтой хамт энэ өвөлжөөн дээр хамт өвөлждөг болсон. 2008 онд өвөлжөөг хувьчилсан. 2008 оноос газрын гэрчилгээтэй болгож, татвар төлдөг болсон. 2008 онд 60 жилийн гэрээ хийж, гэрчилгээг хүргэн Х. манай нэр дээр болгож аав хамтран эзэмшигчээр гэрээ байгуулж, өвөлжөөний гэрчилгээтэй болсон. Өвөлжөөний татварыг 2001 он хүртэл төлсөн. Өвөлжөө гэрчилгээ хүчингүй юм шиг болсон. Тухайн үед өвөлжөөний гэрчилгээ хүчингүй эсэхийг мэдэхгүй, газрын төлбөрөө төлөөд явж байсан. 2009 онд аавын бие өвдөөд манайх аймгийн төв орсон. 2009 онд Б. манай өвөлжөөнд өвөлжсөн. Өвөлжиж байх хугацаандаа хашаа бууцыг дураараа захиран зарцуулж байсан. Тиймээс 2019 онд Н.*******ид өвөлжөөг эзэмшүүлэхээр газрын даамал н.******* дээр очиж, уулзахад шинэ гэрчилгээ ирээгүй байгаа учир, хамтран эзэмшигчээр эзэмшүүлье гэсэн. 2001 он хүртэл энэ өвөлжөөг эзэмшиж байсан гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. гуай шүүхэд гаргасан тайлбар болон өмнө ч өгч байсан мэдүүлэгтээ, би энэ газрыг эзэмших талаар хэн нэгэнтэй уулзаж байгаагүй гэдэг. Энэ нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иргэн газар эзэмших талаар хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн этгээд түүнд газрын гэрчилгээг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн цагдаагийн байгууллагад шалгуулсан байх ба цагдаагийн байгууллагаас гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэсэн байдаг. Энэ байдлаас харахад хуульд зааснаар эрх ашиг нь зөрчигдсөн этгээд мөн үү. 2017 оны захирамж хуульд нийцэж гарсан эсэх нь эргэлзээтэй байна. ... 2006 оны захирамж архивд байдаггүй гэж байна. Архивын баримт хадгалах журмынхаа дагуу баримтуудыг хадгалах нь төрийн ажил юм. Хоёр иргэн хүнийг хооронд маргаан тарьж хаячхаад баримт байхгүй гээд шийдвэрлэх боломжгүй гэж хандах боломжгүй юм. Хүний эрх ашгийг захиргааны байгууллага хохироож байна. 2006 оны захирамжийн дагуу гэрчилгээ олгогдсон байдаг. Тухайн байгууллага хавсралтаа хавсаргаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйлдэл учраас Х.г буруутгах боломж байхгүй. Газрын татвараа төлж байсан байдал, өвөлжөөн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн амьдарч байсан байдал зэргийг харгалзан үзэхэд 2006 онд гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй байна. Бичгийн баримт шинжлэн судалсантай холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд гэмт хэргийн шинжтэй буюу хуурамч бичиг баримт үйлдэж газар эзэмшүүлсэн асуудал байна гэдгийг тогтоосон. Б. гуайн тайлбараар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг нь мөн тогтоогдож байна. Өөр дээр нь газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байхад мэдээгүй, өөрөө газар эзэмших хүсэлт өгөөгүй зэрэг тайлбараас харахад 2017 оны газар эзэмших эрхийн гэрчилгээ хуульд нийцэж гараагүй гэдэг нь тогтоогдож байна. 2017 онд гарсан гэрчилгээ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль бус акт байна. Газрын тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмших талаарх асуудлын талаар өргөдөл, хүсэлт гаргасны дагуу шийдвэрлэх ёстой. Өөрийг нь мэдээгүй байхад захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргасан үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. Хоёрт, Б. гуай өмч хувьчлалаар авсан хүмүүсээс өвөлжөөг худалдан авсан гэх боловч худалдан авсан талаар гэрээ байхгүй байна. Б. гуайг эрх ашиг нь зөрчигдсөн, нэхэмжлэх эрх бүхий этгээд гэж үзэхгүй байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэв.
10. Гуравдагч этгээд ........... ................ийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...Би Яруу сумын Жаргалант багийн “Нурамтын өвөлжөө”-г гээс 2019 онд 6.0 сая төгрөгөөр худалдан авсан. Мөнгийг нь бэлнээр Х., Н.............. нарт өгсөн. Тэгээд “Нурамтын өвөлжөө”-ний газар эзэмших эрхийн гэрчилгээ дээр хамтран эзэмшигчээр нэрийг чинь оруулъя, гэж хэлээд нэр оруулсан байсан. Тухайн үед газрын даамал ******* байсан байх. Одоо “Нурамтын өвөлжөө” дээр өвөлжихгүй байгаа. Учир нь Б. Х. 2 хоорондоо маргаантай байсан. Одоо болохоор Х. хүнээр зарсан мөнгөө ав гэж хэлүүлсэн байсан. Манайх Жаргалант багийн “Онооны бууц” гэх газар өвөлждөг. Х.гээс мөнгө авъя гэсэн бодолтой байгаа. “Нурамтын өвөлжөө”-тэй холбоотой маргах зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байна. Энэ тайлбараа дэмжиж байна.
11. Иргэдийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хэлэлцүүлгээс харахад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.ы нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Х.д олгосон нэгж талбарын дугаар бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Уг хэргийн гуравдагч этгээд Х.д Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэж газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээгээр нэгж талбарын ******* дугаар бүхий Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлж, газар эзэмших гэрээ байгуулсан байна.
2.1 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал …, иргэнтэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэжээ. Дээрхээс үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэр буюу Засаг даргын захирамж нь иргэнд газар эзэмших эрх олгож байгаа ба газрыг эзэмшүүлэх ойлголт нь газар эзэмших гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээнд үндэслэхийг Газрын тухай хуулийн дээрх заалтуудаар хуульчлан зохицуулсан байна.
2.2 Тус шүүхээс Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг ирүүлэхээр Завхан аймгийн Архивын тасагт хандахад тус тасгийн А/1529 дүгээр архивын лавлагаанд “...2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан захирамж байхгүй, тухайн оны захирамжид давхар дугаар олгосон захирамж үгүй байна”, “2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” 64 дүгээр захирамж архивд авагдсан боловч хавсралт нь архивлагдаагүй” гэснээс үзэхэд дээрх 64 дүгээр захирамжаар иргэдэд газар эзэмшүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
2.3 Гуравдагч этгээд Х.д Яруу сумын Жаргалант багийн нутаг дахь Нурамт нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэсэн байх боловч уг захирамж байхгүй. Харин 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж архивлагдсан нь хэрэгт авагдсан тул Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамж байхгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.
2.4 Өөрөөр хэлбэл уг хэргийн гуравдагч этгээд Х.гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээнд тусгагдсан Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамжаар “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” асуудлыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх ба уг захирамж үйлдэгдсэн огнооны хувьд алдаатай байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Х.д олгогдсон нэгж талбарын ******* дугаар бүхий Нурамтын өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2.5 Хавтаст хэрэгт авагдсан Х.гийн газар эзэмших гэрээг Д. гэх иргэнтэй байгуулж, гэрээг баталгаажуулсан хэсэгт Х. гарын үсэг зурсан байх боловч Д. нь уг хэргийн гуравдагч этгээд Х.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эхнэр Н.ын эцэг гэж тэрээр тайлбарлаж байх ба энэ нь нэхэмжлэгчийн тайлбараар мөн тогтоогдож байх тул Нурамтын өвөлжөөний газар эзэмших гэрээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
2.6 Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй ба газрын төлбөр хураасан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Х. нь газар эзэмших гэрээний дагуу 2015, 2018, 2019 онуудад, нэхэмжлэгч Б. 2017 онд Нурамт нэртэй газрын төлбөрийг төлж байсан нь тогтоогдож байна.
2.7 Хэдийгээр Яруу сумын 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, гуравдагч этгээд Х.гийн 2006 онд Нурамтын өвөлжөөг эзэмшихээр гаргаж байсан хүсэлт Яруу сумын Засаг даргын Тамгын газар, газрын даамлын байнгын хадгаламжийн нэгж болон аймгийн Архивын тасаг байхгүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь Х.гээс газар эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй гэдгийг нотлох үндэслэл болохгүй.
2.8 Иймд дээрх үндэслэлээр Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Х.д олгосон нэгж талбарын дугаар бүхий 5000 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Гуравдагч этгээд Х............ийн бие даасан шаардлагын тухайд: Гуравдагч этгээд Х. нь Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Б.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
3.1 Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаар нэхэмжлэгч Б.д Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх эрх олгосон байна.
3.2 Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг .., сум, .., дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ... тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ. Яруу сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Жаргалант багт 0.5 га газрыг 2 иргэнд өвөлжөөний зориулалтаар олгохоор тусгасан байна.
3.3 Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар зохицуулсан байх ба Яруу сумын Тамгын газар болон газрын даамал дээр хадгалагдаж буй өргөдлийн бүртгэлд үзлэг хийхэд нэхэмжлэгчээс 2017 онд газар эзэмших талаар гаргасан хүсэлт байхгүй ба хариуцагчаас 2021 онд Б.аас маргаан бүхий өвөлжөөний газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсныг ирүүлсэн, түүнээс өмнө Нурамтын өвөлжөөний газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй гэж нэхэмжлэгч Б. тайлбарлаж байна.
3.4 Яруу сумын Жаргалант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд Б., Х. нарын өвөлжөөний маргааныг хэлэлцэж, Х. 4 сая төгрөгийг хүүтэй нь, Б. 2 сая төгрөгийг хүүгүй иргэн н.*******д өгч хохиролгүй болгохоор, Б.д Нурамтын өвөлжөөг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
3.5 Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.д Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх эрх олгосон Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамж, түүний хавсралтаар нэхэмжлэгч Б.д түүний хүсэлтээр бус сумын Засаг даргын санаачилгаар газар эзэмших эрхийг олгосон гэж үзэхээр байна.
3.6 Түүнчлэн нэхэмжлэгч Б.д Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх эрх олгосон Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамж гарах үед Яруу сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.******* уг захирамжийг гаргаагүй гэж гэрчээр мэдүүлсэн боловч тухайн захирамж дахь гарын үсэг түүний гарын үсэг мөн болох нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байна.
3.7 Нэхэмжлэгч Б.д Нурамтын өвөлжөөний газрыг эзэмшүүлэх эрх олгосон Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийг тухайн үед Яруу сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.******* үйлдсэн бөгөөд Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 20 дугаар тогтоолд “... Д.******* уг захирамжийг хуурамчаар үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
3.8 Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “... нэхэмжлэгч Б. Нурамтын өвөлжөөний 66 хувийг Ц.*******, Ш.******* нараас худалдан авсан гэх бичгийн баримт байхгүй, худалдан авсан гэх асуудлаар гэрч Ц.*******, Ш.******* нарын мэдүүлэг болон тайлбар нь зөрүүтэй байх тул Б.ы Нурамтын өвөлжөөг худалдан авсан гэх үйл баримт нотлогдохгүй байна” гэж маргаж байна.
3.9 Гэрч Ц.******* “...1992 онд цэргээс халагдаж ирээд Нурамтад өвөлжсөн. Д.ийн хүргэн Х., Ш.*******, тэгээд манайх тус өвөлжөөнд амьдарч байсан. Б. гэж хүнд сүүлд зарсан байх. Ш.*******, Б. гэсэн хүмүүсийн хоорондын асуудал байгаа байх. Надад бол хамаагүй” гэж, гэрч Ш.******* “1984 оноос эхэлж Нурамт өвөлжөөнд өвөлжсөн. 2001 оны хавар зуд болж тэрний дараа жил өвөлжөөгөө Б.д өөрийнхөө болон Ц.******* буюу манай эхнэрийн дүүд оногдох хэсгээ өгсөн. Тухайн үед 200.000 төгрөгөөр зарсан”, гэрч Б.******* “...2000 онд Ш.******* хот руу шилжсэн. Тэр үед Б. 20 гаруй бог зараад 200 мянга гаруй төгрөгөөр өвөлжөөг Ш.*******аас худалдаж авч байсан. Яагаад сайн мэдэж байна гэхээр нэг өдөр Б.ыд очиход манай хонийг харж байгаач Ш.******* ахынд очиж мөнгийг нь өгөх гэсэн юм гэж надад хэлээд явж байсан юм. Тэр үед манайх саахалт байсан болохоор энэ талаар сайн санаж байна” гэж мэдүүлснээс үзэхэд маргаан бүхий өвөлжөөг худалдан авсан хугацааг зөрүүтэй мэдүүлсэн ч нэхэмжлэгчийн тухайн өвөлжөөг Ш.*******аас худалдан авсан гэх тайлбарыг үгүйсгэхгүй байх ба Нурамтын өвөлжөөг нэхэмжлэгч Б. Ш.*******аас худалдан авсан гэх үйл баримтад холбогдох бичгийн баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна.
3.10 Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлээр газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг журамласан ба 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заажээ.
3.11 Тодруулбал; уг хэргийн гуравдагч этгээд Х.д Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамжаар эрх олгогдож, газар эзэмших гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдсон Нурамтын өвөлжөөний газрыг хариуцагч Яруу сумын Засаг даргаас 2017 оны А/25 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.д түүний хүсэлтгүйгээр эзэмшүүлэх шийдвэр гаргаж газрыг давхардуулан олгосон нь Х.гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.
3.12 Иймд гуравдагч этгээдийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж энэхүү шийдвэрийн үр дагавраар нэхэмжлэгч Б. нь Нурамтын өвөлжөөний газрын 66 хувийг 2001-2002 оны үед иргэн Ш.*******аас 200.000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтад холбогдох өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн дагуу шүүхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.д холбогдох хэсэг болон уг захирамжийг үндэслэн Х.д олгогдсон нэгж талбарын дугаартай Нурамтын өвөлжөөний 5000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Б.ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Х.гийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Яруу сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Х.д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД-ОЧИР
А.ТҮВШИНТУЛГА