Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 349

 

М.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Э- болон түүний өмгөөлөгч Г.Минжмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаар магадлалтай, М.Э-т холбогдох 1808036011121 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Э- болон түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “***” ХХК-нд бригадын даргаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, С овогт М-н Э.

М.Э- нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн гадна засварын ажил хийж байгаад уг төвөөс гарч явсан бага насны хүүхэд Б.А-ын дээрээс шаттайгаа унаж хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Э-ийг цагаатгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, М.Э-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцтэл шүүгдэгч М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Э- болон түүний өмгөөлөгч Г.Минжмаа нар хамтран гаргасан гомдолдоо “...М.Э-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг заасан. Гэтэл тус шүүхээс шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ энэхүү эрх хэмжээгээ зөрчин, хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргасан байна.

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэргийн үйл баримтыг нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр тогтоон шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтийн үндэслэлээ шүүгдэгчийг шаттайгаа болгоомжгүй харьцсан үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан байна энэ нь аюулгүй ажиллагааг зөрчсөн гэж үзсэнтэй холбогдуулан талууд мэтгэлцсэнийг” шууд үндэслэн М.Э-н дээрх ажлыг хийж гүйцэтгэх явцад бий болсон хэрэг учрал нь тухайн хувь хүний болгоомжгүй үйлдэл гэхээс илүүтэй хууль болон захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй байж болохоор байхад прокуророос М.Э-т “болгоомжгүй үйлдлийн улмаас шаттайгаа унаж хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй, төдийгүй тус хэрэгт шинжээчээр ажилласан Я.Д-н 2018/09 тоот дүгнэлт нь “тусгай мэдлэгийн хүрээнд гаргах” зохицуулалтыг зөрчсөн байна. Иймд тухайн хэрэгт М.Э-н үйлдэл нь зохих стандартад нийцсэн эсэхтэй холбоотой асуудлаар дахин шинжээч томилж, нэгэнт тогтоогдсон хэргийн үйл баримтанд үндэслэн хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэж ирүүлэх нь зүйтэй байх гэж үзэн шийдвэр гаргаж байгаа нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон байна гэж үзэхээр байна.

2. Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг 2018 оны 07 дугаар сард уг төвийн “супермаркет” гэсэн гэрэлтүүлэг бүхий хаягийн “супер” гэсэн бичиглэл асахгүй болж “***” ХХК-иас “***” ХХК-нд хандаж, улмаар гүйцэтгэгч компаниас М.Э- нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирж засвар үйлчилгээний ажлыг хийж байхдаа унаж хүүхэд гэмтээсэн үйл явдал болжээ гэж дүгнэсэн байдаг. Гэтэл тухайн хэргийн бодит үйл баримт нь шүүгдэгч М.Э- нь тухайн үед ажлаасаа чөлөө аваад амарч байх үеэр нь “Камдер” ХХК-ийн М- залган шүүгдэгчээс ирээд янзлаад өгөөч гээд гуйгаад байхаар нь өөрийн санаачлагаар очиж Оргил худалдааны төвийн хамгаалагчаас шат авч, шалгаж авсны дараа шатан дээрээ гэрлээ янзалж дуусч байгаад буух явцад шатны их биеийн хэсэгт урагдал үүссэнээс шат гэнэт гулзайж унах үеэр хаалгаар гарч явсан хүүхдийн дээрээс шат унаж гэмтэл учруулсан байдаг.

Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, камерийн бичлэг, камерийн бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл, анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, тухайн ажлыг гүйцэтгэж байхад ашигласан шатанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой байдаг.

3. Мөн тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтуудад шүүгдэгч М.Э- нь тухайн ажлыг хийхдээ Г.Б-с шатыг хүлээж авахдаа бэхлэлт, түгжээ зэргийг шалгаж авсан талаар, мөн түүнд шатны бүрэн бүтэн байдлыг шалгаж өгсөн талаар шүүгдэгчийн мэдүүлэг, гэрч Г.Б-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр М.Э- ажлаа эхлэхдээ шатны бэхлэлт, түгжээ, эд ангиуд хэрэгслийг шалгасан нөхцөл байдал нь тогтоогдсон байдаг бөгөөд ажлаа хийж дуусаад шатнаас буух явцад шатны эх биед урагдал үүсч гэмтсэнээс болж уг үйл явдал болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтаар нотолсон байхад шүүгдэгчийн энэхүү үйлдлийг зохих стандарт шаардлагад нийцсэн эсэхтэй холбоотой асуудлаар дахин шинжээч томилох, нэгэнт тогтоогдсон үйл баримтанд үндэслэн хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчигдсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлэх нь зүйтэй гэж үзэж буй нь ач холбогдолгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2, 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Минжмаа хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тухайн хэргийн үйл баримт, нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хөдөлмөр, аюулгүй ажиллагааны заавар зөрчигдсөн эсэхийг шалгах шаардлагатай гэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон. М.Э- шатыг хүлээж авахдаа бүрэн бүтэн байдлыг шалган хүлээж авсан байдаг. Ажлаа хийгээд дуусах явцад шатны гол хэсэгт үүссэн эвдрэлийн улмаас шат гулзайж ойчиход М.Э- шатнаас үсэрч буухад шат энерцээрээ хаалга руу ойчсон. Энэ үед 6 настай хохирогч бэртсэн. Өөрөөр хэлбэл гэм буруугүйгээр хор уршиг учруулсан байдаг. Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүхэд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “М.Э-т холбогдох хэрэгт нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэт хийгээгүй байна. М.Э нь засвар хийж байх явцдаа хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүй байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлт нь тусгай мэргэжлийн бус ерөнхий мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан байсан тул үүнийг тодруулах шаардлагатай гэж дүгнэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Цагаатгагдсан этгээд болон түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн М.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтаар М.Э- нь 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” худалдааны төвийн гадна засварын ажил хийж байх явцад түүний ашиглаж байсан шат эвдэрч уг төвөөс гарч явсан бага насны хүүхэд Б.А-ын дээрээс унасны улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд М.Эрдэнэбилгийн гэм бурууг хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан гэж дүгнэн, дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болжээ.

Шүүх эрүүгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг заавал тогтоож байж хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай тул гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болох, тэр нь гэм буруугийн бусад хэлбэрээс хэрхэн, яаж ялгагдаж байгааг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.       

Хор уршиг гэм буруугүйгээр учруулах нь нийгэмд аюултай үйлдэл /эс үйлдэхүй/ гарсан, улмаар нийгэмд аюултай үр дагавар бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог юм.

Хор уршиг гэм буруугүйгээр учруулах буюу “золгүй явдал”-ын хувьд тухайн хүн нийгэмд аюултай хор уршиг учирч болохыг урьдчилан мэдээгүй, мэдэх боломжгүй байдаг тул хор уршгийн тухайд чиглэсэн ямар нэгэн эерэг болон сөрөг хандлага гаргадаггүй байна. Золгүй явдал нь гэмт хэргийн шинж чанарын гаднах хэлбэрийг хадгалдаг хэдий боловч гэм буруугийн элемент, тухайлбал, объектив болон субъектив шалгуур агуулдаггүйгээрээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагдана.

М.Э- нь шатыг хүлээж авахдаа бэхлэлт, түгжээ зэрэг эд зүйлсийн бүрэн бүтэн болон аюулгүй байдлыг шалгасан байх бөгөөд харин ашиглах явцад уг шат эвдэрч гэмтэн, яг тухайн агшинд түүгээр өнгөрч явсан хохирогчийн дээрээс унаж эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүй гэдгийг урьдчилан мэдэх ёстой байсан эсвэл мэдэх боломжтой байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдоогүй, түүний ухамсар, оюун санаанаас ангид бий болсон техник гэмтлийн улмаас шат хугарч энэ нь хүний биед гэмтэл учруулсан байх тул түүнийг тухайн үйлдэлд гэм буруутайд тооцож, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.    

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан золгүй явдал болсон үйл баримтыг зөв тогтоон, гэмт хэргийн зайлшгүй шинж буюу гэмт хэргийн субъектив хүчин зүйл болох гэм буруутай байдал үгүйсгэгдэж байгааг үндэслэн  М.Э-г хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Харин шүүх ийнхүү зөв дүгнэсэн атлаа, үүнтэй агуулгын хувьд зөрчилдөхүйц гэм бурууд нь эргэлзээ гарч байх тул ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталсан талаар буруу дүгнэлтийг давхардуулан хийснийг тэмдэглэвэл зохино.

Мөн түүнчлэн М.Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж буй нь түүнийг гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлж байгаа хэрэг биш бөгөөд үүнтэй холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. 

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн, М.Э- болон түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарын хамтран гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хэрэгт ач холбогдолтой бүхий л нотлох баримтаар нотолсон тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН