Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа

Нарийн бичгийн дарга: Н.Ням

Шүүгдэгч: Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Б овгийн Ш-ийн Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000090006 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Манлай тод хүнс барааны зах дотор худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...........тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...... регистрийн дугаартай, Б овгийн Ш-ийн Г

                                   Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ш.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр Манлай тод хүнс барааны зах дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Ц-г хөл рүү нь өшиглөн, мөн хайчаар толгойн хэсэгт нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Г нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэр Манлай тод хүнс барааны зах дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Д.Ц-г хөл рүү нь өшиглөн, мөн хайчаар толгойн хэсэгт нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оройн 16 цагийн үед болсон. Хамт ажилладаг эгч маань нас барчихсан юм. Тэгээд худалдаа эрхэлдэг хүмүүсээс нэг хүний 10 000 төгрөг хураалгасан. Тэгээд 20 000 төгрөг хураалгасан байсан. Гэтэл эхнэр хүн бүр 10 000 төгрөг өгч байгаа юм чинь 2-уулаа тус тусдаа 10 000 төгрөг өгсөн гээд биччих гэсэн. Тэгээд тухайн үед яагаад уурласан гэдгээ мэдэхгүй байна. Их харамсаж байна. Нэг мэдэхэд эхнэрээ цохичихсон байсан. Тэгээд тэрнээсээ айгаад сууж байтал хажуу талын эгч нар манай эхнэрийг эмнэлэг аваад явсан. Тэгээд би жаахан сууж байгаад гэр рүүгээ явсан. Гэтэл ардаас цагдаа нар ирсэн. Бид 2 хэрэлдэж маргалдсан зүйл бол байхгүй. Би огцом уурлаад цохичихсон. Тэр хайчаар яагаад цохисон гэдгээ мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж , маш их харамсаж байна. Эхнэрээ зодчихоод өөрийгөө өмгөөлөөд байж байгаадаа харамсаж байна гэв.  

Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Ш.Г бид 2 2000 онд гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм. Манай нөхөр бид 2 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим Манлай тод хүнс барааны зах дотор бэлэн хувцас зараад ажил дээрээ байж байсан юм. Манай зах дотор хэдэн жилийн өмнөөс наймаа хийдэг байсан Ц нас барсан гээд манай ойр орчимд лангуу түрээслэж суудаг хүмүүс 10.000 төгрөг буяны ажилд хураалгаж байсан юм. Харин манай нөхөр Ш.Г буяны ажилд 20.000 төгрөг хураалгасан байхаар нь би нөхөртөө хүн болгон 10.000 төгрөг хураалгаж байгаа юм чинь чи бид 2 тус тусдаа 10.000 төгрөг өгсөн болгоод биччих гэж хэлсэн чинь манай нөхөр гэнэт уурлаад чи дуугүй бай пизда минь гэж хэлээд миний хөл рүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгээд би дуугүй болоод сандал дээр сууж байсан чинь хувцас өлгөдөг төмрөөр намайг цохих гэж байснаа лангуун дээр байсан даавуу хайчилдаг хайчаар толгой руу нэг удаа цохьсон. Тухайн үед миний толгойноос цус гараад байхаар нь эмнэлэг орж толгойндоо 3 ширхэг оёдол тавиулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм гэжээ  /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ...Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь Д.Ц түргэн дуудаарай гээд байхаар нь харсан чинь Д.Ц-гийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би Д.Ц-г эмнэлэгт хүргэж өгсөн гэжээ  /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “1. Д.Ц-гийн толгойн оройн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй гэмтэл байна. 4. Хэрэг гарах үед үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 48 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хайч зэрэг болно.

Иймд шүүгдэгч Ш.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

             Хохирогч Д.Ц нь шүүгдэгч Ш.Г-аас нэхэмжилсэн зүйлгүй болох нь хохирогчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна.

             Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулав.   

             Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.

              Хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Ш.Г-ын  эзэмшлийн ......... улсын дугааартай TOYOTO SEDAN маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ш-ийн Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ш-ийн Г-ыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Г энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн ......... улсын дугааартай TOYOTO SEDAN маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр хайчыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ДУЛМАА