Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01722

 

С.Э-гийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01419 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч С.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 34 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр С.Э- нь ажлын хамтрагч Т.Улаанбаатартай ярилцаад урьдны танил Б.Б-өөр дамжуулж, эгч болох Б.Батцэцэгээс 40.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээг бол бичгээр байгуулаагүй боловч барьцаанд нь С.Э-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоотод байрлах 41,52 м.кв хоёр өрөө орон сууцыг, Т.Улаанбаатарын өмчлөлийн мөн хаягт байрлах 31 дүгээр байрны 5 болон 6 тоотод байрлах 16,7 м.кв талбайтай 2 ширхэг автомашины зогсоолуудыг барьцаалсан. Харин Б.Батцэцэг нь барьцааны гэрээ байгуулахгүй гэсэн учир 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, дурдсан объектуудыг Б.Батцэцэгийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Ингээд С.Э- нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Б.Батцэцэгт нийтдээ 20.000.000 төгрөгийг түүний ХААН банкны дансанд шилжүүлж төлсөн. Үлдэх 20.000.000 төгрөгийг төлж амжаагүй байхад Б.Батцэцэг нь ажлын байран дээр ирж, дарамталж, загнаж, мөнгөө төлөхийг шаардаж, өөрөө дур мэдэн дүү Б.Б-ийн нэр дээр миний орон сууц болон Т.Улаанбаатарын хоёр ширхэг автомашины зогсоолыг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгөө төлж дуусаад байр, гараашаа аваарай гэж хэлсэн. Тийм учраас нэхэмжлэгч С.Э- Б.Б-д 2019 оны 3 дугаар сарын    04-ний өдөр 1.600.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 33.200.000 төгрөг, нийт 34.800.000 төгрөгийг зээлийн гэрээгүй хирнээ түүний ХААН банкны дансанд шилжүүлсэн. Ингээд өөрийн орон сууцыг Б.Б-өөс буцааж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Т.Улаанбаатарын хувьд түүний эрх ашиг энэ маргаанд нөлөөлөхгүй, 40.000.000 төгрөгийг С.Э- өөрийн дансаар авсан, мөнгийг Т.Улаанбаатартай хувааж хэрэглэсэн гэдэг. Т.Улаанбаатарын хоёр ширхэг автомашины зогсоолыг Б.Б- бусдад худалдан борлуулсан. Тийм учраас Б.Батцэцэгт төлөх ёстой 40.000.000 төгрөгийг төлөөд дууссан гэж үзэж байгаа. Гэтэл Б.Батцэцэг нь ямар ч үндэслэлгүйгээр миний орон сууцыг дүү Б.Б-д шилжүүлсэн, би орон сууцаа буцаан авахын тулд Б.Б-тэй ямар нэгэн зээлийн харилцаанд ороогүй байж, түүний дарамт шахалтаар нийт 34.800.000 төгрөгийн төлсөн, тэрээр Б.Б-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул хариуцагч Б.Б-өөс 34.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх С.Э- өөрөө намайг мөнгөний хэрэгцээ байна, хүүтэй зээлчих хүн байвал олоод өгөөч гэж гуйсан, тийм учраас би эгч Б.Батцэцэгтэй холбож өгсөн, тэгээд С.Э- нь манай эгч болох Б.Батцэцэгээс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөгийг хүүтэй зээлж авахад би дэргэд нь байлцсан. Түүнээс хойш С.Э- тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй. Тийм учраас эгч Б.Батцэцэг намайг дуудаж бид хоёр С.Э-гийн ажлын байран дээр очсон, С.Э-, Б.Батцэцэг нар хоорондоо муудалцсан. Үүний дараа С.Э- өөрөө надад хандаж чамд яг одоо мөнгө байвал би 1 сарын хугацаатай, хүүтэйгээр зээлээч, танай эгчийн зээлийг төлж хэл амнаас салмаар байна, ажил хийлгэхгүй хэцүү байна, Б.Батцэцэгийн зээлийн хүүг төлсөн, одоо үндсэн зээлээ төлж дуусгамаар байна, надад өөрт 8 сая төгрөг байна, чи надад 32.000.000 төгрөгийг зээлчих, тэгээд Б.Батцэцэгийн данс руу шууд шилжүүлчих, миний дансанд мөнгө шилжүүлж болохгүй байна, банк шууд оронд авчихна, мөн би Б.Батцэцэгээс орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлж аваад дахиад чам руу шилжүүлэх гэхлээр үл хөдлөх эд хөрөнгийн татвар хоёр удаа төлөх гээд байна, тийм учраас Б.Батцэцэгээс орон сууцыг чи шууд өөрийн нэр дээрээ авчих, тэгээд би зээлээ чамд төлж дуусгаад авья гэж гуйсан. Үүний дагуу би зөвшөөрч эгч Б.Батцэцэгийн дансанд 32.000.000 төгрөгийг хоёр хувааж 20.000.000 төгрөгөөр, 12.000.000 төгрөгөөр шилжүүлж, зээлийг нь хааж, барьцааны хөрөнгө болох орон сууцыг эгч Б.Батцэцэгээс шилжүүлж авсан юм. С.Э- нь надаас 32.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Харин С.Э- надаас гуйсан шигээ зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй учир би мөнгөө шаардаж байсан нь үнэн. Өөрөөр хэлбэл 32.000.000 төгрөг дээр нэмээд хүү авч, нийт 34.800.000 төгрөг болсон, тийм учраас С.Э- зээлээ төлж, надаас орон сууцаа буцаан авсан байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч Б.Б-өөс 2.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 331.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-өөс 59.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: нэхэмжпэгч С.Э-, хариуцагч Б.Б- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа бичгийн нотлох баримтыг шүүх буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Б.Батцэцэг, Б.Б- нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах дүр үзүүлж гэрээ байгуулахыг С.Э- зөвшөөрсөн талаар бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд гагцхүү Б.Батцэцэгийн шүүхэд гэрчээр асуугдсанаар дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Б- С.Э- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Б.Б- нь С.Э-гийн дансаар болон бэлнээр 32.000.000 төгрөгийг С.Э-д өгсөн гэдгээ нотолдоггүй бөгөөд харин ч Б.Батцэцэгийн дансанд 32.000.000 төгрөгийг 2 хувааж эгчийнхээ дансанд хийсэн болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон байхыг шаардаж байна. Гэтэл С.Э- нь Б.Б-ийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч гэж үзвэл С.Э- ямар ч ашиг олоогүй бөгөөд харин ч 34.800.000 төгрөгөөр хохирсон бөгөөд Б.Б-өөс 34.800.000 төгрөг нэхэмжилсэн билээ. Шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч Б.Б-д холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 34.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын тайлбар,  хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн С.Э-, Б.Батцэцэг нарын хооронд, Б.Батцэцэг, Т.Улаанбаатар нарын хооронд болон 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Батцэцэг Б.Б- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, С.Э-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, С.Э-гийн иргэн Б.Батцэцэгт бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдөл, Б.Б-ийн ХААН банкны депозит дансны хуулгууд, гэрч Б.Батцэцэгийн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч Б.Б-ийн төрсөн эгч Б.Батцэцэгээс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний дагуу хүү төлж байсан боловч үндсэн зээл болох 40.000.000 төгрөгийг төлж чадаагүйгээс хариуцагч Б.Б- 2019 оны 01 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд 32.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн, улмаар  Б.Батцэцэгт  зээл, зээлийн  хүү гэж нийт 56.000.000 төгрөг төлөгдсөн үйл баримтыг зөв тогтоожээ.

Хэдийгээр 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн С.Э-, Б.Батцэцэг нарын хооронд болон 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б.Батцэцэг Б.Б- нарын хооронд байгуулагдсан  орон сууц худалдах, худалдан авах гэрээнүүд нь энэ хэргийн маргааны зүйл биш боловч зохигчдын хооронд 32.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтад цаг хугацааны хувьд хамааралтай байхаас гадна хариуцагч Б.Б-ийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 12.000.000 төгрөг, нийт 32.000.000 Б.Батцэцэгийн дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгч С.Э-гийн хүсэл зоригт хамааралтай болохыг шүүх зөв дүгнэж, Иргэний хуулийн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч С.Э- нь 32.000.000 төгрөгийг хариуцагч Б.Б-д буцаан төлөх үүрэгтэй бөгөөд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагч Б.Б- нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү авах эрхээ алдсан тул  хүүд 2.800.000 төгрөгийг төлсөн нь хуульд нийцээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй ба хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй болно.

Шүүх хариуцагч нь 2.800.000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагч Б.Б-өөс 2.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01419 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 173 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Д.НЯМБАЗАР

                                                                                                 Н.БАТЗОРИГ