Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/01419

 

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2020/01419

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэгт оршин суух, Б овогт С.Э  /ХН70/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэгт оршин суух, А адуу овогт Б.Б  /ХГ80/-д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 34,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ж, хариуцагч Б.Б , гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2018.06.15-ны өдөр С.Э  нь ажлын хамтрагч Т.У тай ярилцаад урьдны танил Б.Б өөр дамжуулж, эгч болох Б.Б ээс 40 сая төгрөгийг, 1 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээг бол бичгээр байгуулаагүй боловч барьцаанд нь С.Э гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах 41,52 м.кв хоёр өрөө орон сууцыг, Т.У ын өмчлөлийн мөн хаягт байрлах 31 дүгээр байрны 5 болон 6 тоотод байрлах 16,7 м.кв талбайтай 2 ширхэг автомашины зогсоолуудыг барьцаалсан. Харин Б.Б  нь барьцааны гэрээ байгуулахгүй гэсэн учир 2018.06.15-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулж, дурдсан объектуудыг Б.Б ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл С.Э , Т.У  нарт мөнгөний яаралтай хэрэгцээ байсан учир объектуудыг Б.Б ийн нэр дээр шилжүүлсний үндсэн дээр 40 сая төгрөгийг авсан байдаг.

Ингээд С.Э  нь 2018.06.15-ны өдрөөс 2019.01.15-ны өдрийг хүртэл Б.Б т нийтдээ 20 сая төгрөгийг түүний Х  банкны дансанд шилжүүлж төлсөн. Үлдэх 20 сая төгрөгийг төлж амжаагүй байхад Б.Б  нь ажлын байран дээр ирж, дарамталж, загнаж, мөнгөө төлөхийг шаардаж, өөрөө дур мэдэн дүү Б.Б ийн нэр дээр миний орон сууц болон Т.У ын хоёр ширхэг автомашины зогсоолыг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл мөнгөө төлж дуусаад байр, гараашаа аваарай гэж хэлсэн. Тийм учраас нэхэмжлэгч С.Э  Б.Б д 2019.03.04-ний өдөр 1,600,000 төгрөг, 2019.03.07-ны өдөр 33,200,000 төгрөг, нийт 34,800,000 төгрөгийг зээлийн гэрээгүй хирнээ түүний Х  банкны дансанд шилжүүлсэн. Ингээд өөрийн орон сууцыг Б.Б өөс буцааж худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Т.У ын хувьд түүний эрх ашиг энэ маргаанд нөлөөлөхгүй, 40 сая төгрөгийг С.Э  өөрийн дансаар авсан, мөнгийг Т.У тай хувааж хэрэглэсэн гэдэг. Т.У ын хоёр ширхэг автомашины зогсоолыг Б.Б  бусдад худалдан борлуулсан. Тийм учраас Б.Б т төлөх ёстой 40 сая төгрөгийг төлөөд дууссан гэж үзэж байгаа. Гэтэл Б.Б  нь ямар ч үндэслэлгүйгээр миний орон сууцыг дүү Б.Б д шилжүүлсэн, би орон сууцаа буцаан авахын тулд Б.Б тэй ямар нэгэн зээлийн харилцаанд ороогүй байж, түүний дарамт шахалтаар нийт 34,800,000 төгрөгийн төлсөн, тэрээр Б.Б ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул хариуцагч Б.Б өөс 34,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. С.Э  бид хоёр бие биенээ мэднэ, энэ яриад байгаа зүйлээс өмнө нь болон хойно ч зээлийн харилцаанд орж, С.Э  надаас мөнгө зээлж байсан, өгч, авалцаж байсан улсууд. Анх С.Э  өөрөө намайг мөнгөний хэрэгцээ байна, хүүтэй зээлчих хүн байвал олоод өгөөч гэж гуйсан, тийм учраас би эгч Б.Б тэй холбож өгсөн, тэгээд С.Э  нь манай эгч болох Б.Б ээс 2018.06.15-ны өдөр 40 сая төгрөгийг хүүтэй зээлж авахад би дэргэд нь байлцсан. Түүнээс хойш С.Э  тохирсон хугацаандаа зээл, хүүгээ төлөхгүй байсан учир эгч намайг загнаж, бидний дунд үл ойлголцол үүсч, муудалцсан. Энэ байдлаас бол би С.Э  руу залган, зээл төлөхийг давхар сануулж байсан боловч төлөөгүй. Тийм учраас эгч Б.Б  намайг дуудаж бид хоёр С.Э гийн ажлын байран дээр очсон, С.Э , Б.Б  нар хоорондоо муудалцсан. Үүний дараа С.Э  өөрөө надад хандаж чамд яг одоо мөнгө байвал би 1 сарын хугацаатай, хүүтэйгээр зээлээч, танай эгчийн зээлийг төлж хэл амнаас салмаар байна, ажил хийлгэхгүй хэцүү байна, Б.Б ийн зээлийн хүүг төлсөн, одоо үндсэн зээлээ төлж дуусгамаар байна, надад өөрт 8 сая төгрөг байна, чи надад 32 сая төгрөгийг зээлчих, тэгээд Б.Б ийн данс руу шууд шилжүүлчих, миний дансанд мөнгө шилжүүлж болохгүй байна, банк шууд оронд авчихна, мөн би Б.Б ээс орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлж аваад дахиад чам руу шилжүүлэх гэхлээр үл хөдлөх эд хөрөнгийн татвар хоёр удаа төлөх гээд байна, тийм учраас Б.Б ээс орон сууцыг чи шууд өөрийн нэр дээрээ авчих, тэгээд би зээлээ чамд төлж дуусгаад авья гэж гуйсан. Үүний дагуу би зөвшөөрч эгч Б.Б ийн дансанд 32 сая төгрөгийг хоёр хувааж 20 сая төгрөгөөр, 12 сая төгрөгөөр шилжүүлж, зээлийг нь хааж, барьцааны хөрөнгө болох орон сууцыг эгч Б.Б ээс шилжүүлж авсан юм.

С.Э  нь надаас 32 сая төгрөгийг 5%-ийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Өөрөөр хэлбэл С.Э  надаас эгч Б.Б ийн зээлийг төлөхийн тулд 32 сая төгрөг зээлсэн шүү дээ, бидний хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй гэж төлөөлөгч нь худлаа яриад байна. Харин С.Э  надаас гуйсан шигээ зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй учир би мөнгөө шаардаж байсан нь үнэн. Өөрөөр хэлбэл 32 сая төгрөг дээр нэмээд хүү авч, нийт 34,800,000 төгрөг болсон, тийм учраас С.Э  зээлээ төлж, надаас орон сууцаа буцаан авсан байдаг бөгөөд би С.Э гаас 34,800,000 төгрөг үндэслэлгүй авах ямар ч шаардлагагүй, энэ бүх зүйл С.Э гийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн, нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Э  нь хариуцагч Б.Б д холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн 34,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Б.Б ийн эгч Б.Б ээс зээлсэн 40 сая төгрөгийнхөө 20 сая төгрөгийг төлж амжаагүй байхад Б.Б  нь барьцааны хөрөнгө болох миний өмчлөлийн орон сууцыг дур мэдэн өөрийн дүү Б.Б д шилжүүлсэн, Б.Б  бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй байхад надаас мөнгө нэхэж, дарамталж 34,800,000 төгрөгийг үндэслэлгүй авсан, миний бие байраа авахын тулд уг мөнгийг төлсөн, тэрээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч С.Э  нь надаар дамжуулж миний эгч Б.Б ээс анх 40 сая төгрөг зээлж авсан, үүнийгээ төлж чадахгүй болохоор надаас тусламж гуйн 32 сая төгрөг зээлчих, тэгээд барьцааны орон сууцыг шилжүүлээд авчих гэсэн учраас би С.Э д 32 сая төгрөгийг зээлж, өөрийнхөө данснаас эгчийнхээ данс руу хоёр хувааж шилжүүлсэн, ингээд барьцааны байр нь эгчээс шууд миний нэр дээр шилжсэн, С.Э  өөрөө хоёр удаа үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөх гээд байна гэсэн, мөн мөнгийг миний дансанд битгий хийгээрэй, банкнаас өрөнд авчихна, тийм учраас шууд Б.Б т шилжүүлчих гэж хүссэн, бидний хооронд зээлийн харилцаа үүссэн, С.Э  надаас авсан 32 сая төгрөгөө, хүүгийн хамт буцаан төлж, байраа авсан, надад үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл байхгүй, энэ бүх үйл баримт бүгд С.Э гийн өөрийнх нь хүсэл зоригийн дагуу явагдсан, нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч С.Э  нь хариуцагч Б.Б өөр дамжуулж түүний төрсөн эгч болох Б.Б тэй амаар тохиролцож, 2018.06.15-ны өдөр 40,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээлж авсан байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасантай нийцсэн зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Мөн С.Э  нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоотод байрлах 41,52 м.кв хоёр өрөө орон сууцыг, хамт ажилладаг гэх Т.У ын өмчлөлийн мөн хаягт байрлах 31 дүгээр байрны 5 болон 6 тоотод байрлах 16,7 м.кв талбайтай 2 ширхэг автомашины зогсоолуудыг дээрх зээлийн гэрээнд барьцаа болгож 2018.06.15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Б.Б ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байх бөгөөд Б.Б  нь тухайн өдрөө 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Э д түүний Х  банкны 5029878704 тоот дансанд шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Э  нь Б.Б тэй байгуулсан дээрх зээлийн гэрээний дагуу хүү төлж байсан боловч үндсэн зээл болох 40,000,000 төгрөгийг төлж чадахгүй, хугацаа сунгаж явсан, тэрээр зээл, хүүгээ төлж чадахгүй байсны улмаас Б.Б тэй маргаан үүсгэж, урьдын танил, өмнө нь зээлийн харилцаанд орж байсан Б.Б ийн төрсөн дүү болох Б.Б өөс тусламж гуйн, 32,000,000 төгрөгийг Б.Б өөс 1 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй зээлж, өөрөөсөө 8,000,000 төгрөг гаргаж, Б.Б өөс 32,000,000 төгрөгийг зээлж Б.Б т өгсөн байх бөгөөд Б.Б ийн зээл, хүүд нийт 56,000,000 төгрөг төлж зээлээ хаажээ.

 

Тийм учраас нэхэмжлэгч С.Э  нь өөрийн хүсэлтийн дагуу Б.Б ийн зээлийн барьцаанд 2019.01.15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоотод байрлах 41,52 м.кв хоёр өрөө орон сууцыг, Б.Б ийн нэр дээрээс Б.Б ийн нэр дээр шилжүүлсэн байна.

 

Дээр дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, 2018.06.15-ны өдрийн С.Э , Б.Б  нарын хооронд, Б.Б , Т.У  нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүд, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, С.Э гийн Х  банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, 2019.03.18-ны өдрийн байдлаарх С.Э гийн өмчлөлийн орон сууцны улсын бүртгэлийн лавлагаа, шүүгчийн захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.Э гийн өмчлөлийн орон сууцны талаарх лавлагаа, албан бичиг, түүний хавсралтууд, мөн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн садан төрлийн холбоотой талаарх албан бичиг, түүний хавсралтууд,

С.Э гийн иргэн Б.Б т бичсэн Б.Б ээс 40,000,000 төгрөгийг 5%-ийн хүүтэй зээлсэн, барьцаанд нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоотын орон сууц, 31 дүгээр байрны 2 гарааш барьцаалсан, 2018.11.15-ны өдрөөс 2018.12.15-ны дотор төлбөр тооцоог дуусгавар болгон, хүүг урьдчилж төлнө гэсэн агуулга бүхий 2018.11.25-ны өдрийн өргөдөл,

2018.12.24-ний өдрийн ... гэрээний хугацаа сунгаж, 2019.01.10-ны дотор төлбөр тооцоог барагдуулья, алдангийг нөхөн төлье... гэсэн агуулга бүхий өргөдөл,

2019.01.15-ны өдрийн Б.Б  Б.Б  нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Б.Б ийн Х  банкны депозит дансны хуулгууд,

гэрч Б.Б ийн гаргасан ...Энхтуяа нь манай дүү Б тэй хамт ирж надаас 40 сая төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй авсан, үндсэн зээлээ төлж чадахгүй болоод Б өөс 32 сая төгрөг зээл, өөрөөсөө 8 сая төгрөг төлж миний зээлийг хаасан, надад зээл, хүү нийлээд 56 сая төгрөг төлсөн, өөрийнх нь зөвшөөрсний дагуу миний нэр дээр байсан орон сууцаа Б д шилжүүлсэн, нотариатаар гэрээг батлуулах үед бид хамт байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдов.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Э  нь Б.Б ээс зээлсэн 40,000,000 төгрөгөө төлөх зорилгоор, өөрийн хүсэл зоригийн дагуу, хариуцагч Б.Б өөс тусламж гуйх хэлбэрээр түүнээс 32,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5%-ийн хүүтэй зээлж, мөн өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоотод байрлах 41,52 м.кв хоёр өрөө орон сууцыг Б.Б ийн нэр дээрээс Б.Б ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон, мөн нэхэмжлэгч С.Э гийн хүсэл зоригийн дагуу хариуцагч Б.Б ийн Х  банкны 5014309267 тоот данснаас 2019.01.15-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019.01.16-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөг хариуцагч Б.Б ийн төрсөн эгч болох гэрчээр асуугдсан Б.Б ийн дансанд шилжсэн явдал нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасантай нийцэх бөгөөд уг үйлдэл нь нэхэмжлэгч С.Э гийн зөвшөөрлөөр хийгджээ.

 

Иймд нэхэмжлэгч С.Э , хариуцагч Б.Б  нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч С.Э гийн гаргасан ...хариуцагч Б.Б  бид хоёрын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй, Б.Б  нь миний байрыг дүү Б д үндэслэлгүй шилжүүлсэн, Б.Б  нь намайг дарамтлаад 34,800,000 төгрөг авсан, Б.Б өөс миний дансанд мөнгө орж ирээгүй гэх тайлбар няцаагдаж байх бөгөөд нэхэмжлэгч талын тайлбараас илүүтэйгээр хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бодит байдалд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч С.Э  нь хариуцагч Б.Б өөс зээлсэн 32,000,000 төгрөгөө тохиролцсон 1 сарын хугацаа буюу 2019.02.15-ны өдрөө төлөөгүй, харин 2019.03.04-ний өдөр 1,600,000 төгрөгийг орлого гэсэн утгаар, 2019.03.07-ны өдөр 33,200,000 төгрөгийг зээл хаав гэсэн утгаар, нийт 34,800,000 төгрөгийг төлж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт 18105 гудамж, 32 дугаар байрны 37 тоотод байрлах 41,52 м.кв хоёр өрөө орон сууцыг 2019.03.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Б.Б өөс буцаан шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар, 2019.03.07-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийг баримт, нэхэмжлэгч С.Э гийн Х  банкны депозит дансны хуулгаар нотлогдсон.

 

Тодруулбал, зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул хариуцагч Б.Б  нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхээ алдах бөгөөд нэхэмжлэгч С.Э  нь амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б д буцаан төлөх үүрэгтэй болохоос, хүүд 2,800,000 төгрөг илүү төлөх үүрэггүй болно.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь нэг талаас гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг.

 

Иймд зохигчдын хоорондох зээлийн гэрээний харилцааны явцад хариуцагч Б.Б  нь хүү авах эрхгүй атлаа нэхэмжлэгч С.Э гаас зээлийн хүүд 2,800,000 /34,800,000-32,000,000/ төгрөг илүү авсан, тэрээр 2,800,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул хариуцагч Б.Б өөс 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч Б.Б өөс 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Э гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 331,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б өөс 59.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА