Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01723

 

Т.А-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01871 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Т.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Т.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А- миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр “Пэлдандабу” ББСБ-д 47.483.400 төлөхөөр болсон билээ. Дээрх шийвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж иргэн миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээний компанийг томилж үнэлгээ томилж, 66.556.500 төгрөгөөр эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн. Төлбөр төлөгч миний зүгээс дээрх хөрөнгийн үнэлгээний компанийн орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй зах зээлийн үнэлгээнээс хэт бага байгаа тул Т.А- миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаар бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 66.556.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр Т.А-аас 47.483.400 төгрөгийг гаргуулж “Пэлдэндабу” ББСБ ХХК-д олгох, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.А-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч Т.А-аас үнийн санал авахад 120.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч “Пэлдэндабу” ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилж, 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 4/127 дугаар мэдэгдлээр 66.556.500 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдсэн болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 15 дугаар байр 22 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Санмаг овогт Төмөрбатын Амаржаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоот 20 м.кв талбай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийсэн бөгөөд маргаан бүхий иргэний хэрэгт иргэн Я.Эрдэнэчимэг, Т.Амартүвшин нарын хууль ёсны эрх ашиг бодитоор хөндөгдсөн юм. Улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу иргэн Я.Эрдэнэчимэг, Т.Амартүвшин нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан хэдий ч шүүхээс уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч Э.Түвшинбаяртай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан эрх ашиг сонирхлоо хамгаалуулах болсон юм. Гэвч шүүх хуралдаан болсон цаг хугацаанд Э.Түвшинбаяр өмгөөлөгч нь Монголын өмгөөлөгчдийн холбооноос ирсэн албан бичиг, Хөвсгөл аймгаас факсаар ирсэн албан бичгүүдээр Хөвсгөл аймагт Монгол Улсын Их хуралд нэр дэвшигч Да.Ганболдын хуулийн багт ажиллаж байгаа учир итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлүүлэх эрхээрээ хангуулах үүднээс өмгөөлөгчтэйгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүхээс мөн л хүсэлтийг хангахаас татгалзаж өмгөөлүүлэх эрхээр минь хангахаас татгалзаж хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг минь ноцтойгоор зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01/01 тоот үнэлгээг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/05733 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Т.А-аас 47.483.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Пэлдэндабу” ББСБ-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20 м.кв талбайтай Ү-2205009367 дугаарт бүртгэгдсэн нэг өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч НШШГГ нь тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 102/Ш32017/01397 дугаар шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх захирамж /хх-ийн 36/, уг захирамжийн дагуу бичигдсэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 202 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн /хх-ийн 35/, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 17250386 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-ийн 34-39/

 

Төлбөр төлөгч Т.А- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205009367 дугаартай орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 171/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17250386/3 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураасан. /хх-ийн 45, 52/

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-ийн 54- 60/

 

Шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/01 тоот дүгнэлтээр орон сууцыг 66.556.500 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 46.589.550 төгрөгөөс анхны дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэж төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн, энэ талаар нийтэд мэдээлсэн хариуцагч байгууллагын  ажиллагаа хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 67-78, 81, 82, 85/

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох шинжээч томилуулах  хүсэлт гаргаж шүүх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/03602 дугаар шүүгчийн захирамжаар “Ашидбилгүүн” ХХК-ийг томилж, шинжээч 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ҮХХ/820-24 дугаартай дүгнэлтээр 60.340.000 төгрөгөөр үнэлж, үнэлгээнд өөрчлөлт орсон нь баримтаар тогтоогдоогүй.

 

Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, шинжээч дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч Т.А- нь өмнө нь 2017 онд хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар  нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00390 дугаар захирамжаар хариуцагч байгууллага уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. /хх-ийн 9, 10/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00034 дугаар захирамжаар Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 22 тоотод байрлах 20м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нарыг тогтоон, нэхэмжлэгч Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нарыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд өмчлөгчөөр нэмж бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-ийн 32, 33/

 

Нэхэмжлэгч Т.А- нь “Пэлдэндабу” ББСБ ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээг байгуулах үед Т.А-ын буюу нэг хүний өмч байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад түүний зөвшөөрлөөр орон сууцны хамтран өмчлөгч нэмэгдсэн үйл баримт тогтоогдсон тул хариуцагч байгууллага Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нараас үнийн санал аваагүйг буруутгах үндэслэл болохгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан нь шүүхээс гуравдагч этгээдийг заавал оролцуулах үүрэгтэй болохыг зохицуулсан заалт биш юм.

 

Ийм учраас шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.Амартүвшин, Я.Эрдэнэчимэг нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь, түүнчлэн УИХ-д нэр дэвшигчийн сонгуулийн штабын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Түвшинбаярын ажиллаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн хангахгүй орхисон нь тус тус хууль болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01871 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

     

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                 

                                ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

                                                                                     Н.БАТЗОРИГ