Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01745

 

“МБИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02142 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “МБИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГ-т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 213 466 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “МБИ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГ-ын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийг үндэслэн битум нийлүүлэх гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу нийт 133.40 тонн битумыг 3 удаагийн тээвэрлэлтээр нийлүүлсэн. Гэтэл хариуцагч нь 213.466.800 төгрөгийн үнэтэй битумыг худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй, санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцоо нийлж, 2019 оны 10 дугаар сараас төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг үүргээ биелүүлэхгүй байна. Иймд, хариуцагчаас 213.466.800 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГ шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГаас 213.466.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МБИ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.225.284 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1.225.284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй тул хэргийн бодит үнэнийг шүүх бүрэн тогтоогоогүй. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаж холбогдох нотлох баримт болох амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбарыг хэрэгт хавсаргасан буюу түүнд “нүд өвдсөн тухай онош, эмчилгээг” заасан байна. Мөн энэхүү баримтыг үндэслэн би 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 1460469 тоот лист авсан. Ийнхүү 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би өвчтэй байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдож байгаа болно. Мөн шүүх хуралдаан болох тухайн өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол гарсан байна. Уг тогтоолд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсан байна. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 30 хоногоор сунагахаар шийдвэрлэжээ. Ийнхүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийг удирдлага болгосон энэ тогтоол гарах шалтгаан байсан эсэх нь тодорхойгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “МБИ” ХХК нь хариуцагч “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 213.466.800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр битум нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “МБИ” ХХК нь тонн тутмыг 1.612.000 төгрөгөөр тооцон 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 44.750 тонн битумыг  72.137.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 41.950 тонн битумыг 67.623.400 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 44.700 тонн битумыг 72.056.400 төгрөг, 3 удаагийн тээвэрлэлтийн зардалд 1.650.000 төгрөг, нийт 133.40 тонн, 213.466.800 төгрөгийн битумыг худалдах, худалдан авагч  “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГ худалдан авсан битумын үнэд 213.466.800 төгрөгийг 2019 онд бүрэн барагдуулахаар тохиролцсон бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 4, 11 /

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 213.466.800 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн  байна  /хх-ийн 8 /

Талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т хэсэгт зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул гэрээ байгуулагдсанд тооцно.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “МБИ” ХХК нь  хариуцагч “УБЗЗ,АГ” ОНӨААТҮГ-аас  үүргийн гүйцэтгэлд 213.466.800 төгрөгийг шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарласан баримтад хариуцагчийн төлөөлөгч  гарын үсэг зурсан байх тул “...зохигч мэтгэлцэх, өөрийн шаардлага, татгалзлаа нотлох эрхийг нь тодорхой үндэслэлгүйгээр хязгаарласан” гэх хариуцагчийн төлөөлөгчийн  давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эмнэлгийн магадлагаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдаанд түүнийг хүндэтгэх шалтгаангүйгээр  хүрэлцэн ирээгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх  түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг  зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдрөө шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэргийн хугацааг сунгасан нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02142 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 225 284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                              ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                      Н.БАТЗОРИГ