Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2142

 

 

 

 

 

            2020        06          11

                                 101/ШШ2020/02142

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: У-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 213,466,800.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч У-ын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлтийг үндэслэн битум нийлүүлэх гэрээ байгуулахаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу нийт 133.40 тонн битумыг 3 удаагийн тээвэрлэлтээр нийлүүлсэн.

 

Гэтэл хариуцагч нь 213,466,800.00 төгрөгийн үнэтэй битумыг худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй, санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн тооцоо нийлж,  2019 оны 10 дугаар сараас төлөхөөр харилцан тохиролцсон боловч уг үүргээ биелүүлэхгүй байна.

 

Иймд, хариуцагчаас 213,466,800.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                        ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч М ХХК-иас хариуцагч У  холбогдуулан 213,466,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М-д 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна.

 

Тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж, мөн 72.3-д “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Гэтэл хариуцагч У нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариу татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтаа өгөх үүрэгтэй байсан хэдий ч хариу тайлбараа өгөөгүйн зэрэгцээ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч У нар тооцоо нийлж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 213,466,800.00 төгрөгийн өр төлбөртэй гарсныг баталгаажуулжээ /х.х-ийн 8 хуудас/.

 

Тодруулбал, хариуцагч У нь зам засварын ажилд зориулж нэхэмжлэгч М ХХК-иас 213,466,800.00 төгрөгийн үнэтэй битум авсан тухайгаа зохигчид ийнхүү хожим хүлээн зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар тус компаниас хариуцагчийн авах битумыг замын засварт ашиглахад бэлэн байдлаар буюу зохих түвшинд халааж, заасан газарт тээвэрлэн хүргэж өгдөг байсан бөгөөд нийт 211,816,800.00 төгрөгийн үнэтэй битумыг 1,650,000.00 төгрөгийн зардлаар 3 удаагийн тээвэрлэлтээр хүргэсэн ажээ. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 245 дугаар зүйлийн 245.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж тус тус заасан.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 211,816,800.00 төгрөгийн үнэтэй битумыг эрхийн болон биет байдлын хувьд доголдолтой байсан болон хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Энэ тохиолдолд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасны дагуу 211,816,800.00 төгрөгийн үнэ бүхий битумыг хүлээн авсан гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч У-аас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр битумын төлбөр 211,816,800.00 төгрөг, тээвэрлэлтийн зардал 1,650,000.00 төгрөг, нийт 213,466,800.00 төгрөгийг 2019 онд төлж барагдуулах тухай албан тоотыг нэхэмжлэгч М ХХК-д хүргүүлж байжээ /х.х-ийн11 хуудас/. 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг тогтоосон газар, хугацаандаа заавал гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох учиртай.

 

Гэвч хариуцагч буюу худалдан авагч У нь 213,466,800.00 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлөөгүй байх тул дээр дурдсан хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд, нэхэмжлэгч буюу худалдагч нь худалдан авагч болох хариуцагчаас 213,466,800.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч У-аас 213,466,800.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,225,284.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,225,284.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МАНДАЛБАЯР