Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01766

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй                                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00409 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т-, хариуцагч “Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сэргэлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б дүүрэг Уул уурхайн нүүрс олборлолтын “Б” ХК-д би 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 403 тоот тушаалаар белаз машины жолооч, САТ машин мэргэжлийн оператор жолоочоор ажиллаж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь, 2001 онд 60 хувь, 2004 онд 65 хувь болон нэмэгдэж өөрчлөгдсөн. Намайг байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлсөн харин хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй. Иймд намайг Уул уурхайн нүүрс олборлолтын “Б” ХК-д САТ машины оператор жолоочоор ажиллуулахыг даалгаж, мөн миний мэргэжлийн сарын цалин 3.076.820 төгрөгийн цалинтай гэж тодорхойлсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн цалинг олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Т- нь Б нүүрсний уурхайн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 403 тоот тушаалаар белаз маркийн машины жолоочоор ажиллаж байгаад эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь гэж тооцон, группд гарах болсонтой холбогдуулан гүйцэтгэх захирлын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-ийг үндэслэн 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 1.570.915 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Нэхэмжлэгч Н.Т- нь “Б” ХК-аас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүртгэлд байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 65 хувиар тогтоолгосон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт зааснаар тухайн нэхэмжлэгчийн ажиллахыг хүсэж буй ажлын байр /ажил мэргэжил/ болох САТын оператор жолооч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалын хавсралтаар батлагдсан жагсаалтад зааснаар Уул уурхайн салбарын ажил мэргэжлийн жагсаалтад орж хөдөлмөрийн хэвийн бус буюу хүнд нөхцөлд хамаарах ажлын байр байгаа болно. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 111 дүгээр зүйлийн 111.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Т-ын хариуцагч “Б” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Б” ХК-аас 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группд гарах болсон тул үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж гарсан. Гэтэл хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн заалтыг бичээгүй байхад намайг 9 сарын тэтгэмж авч ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрсөн гэж тушаалыг буруу дүгнэсэн. Өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж надад байгууллагаас мэдэгдээгүй, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож цуцлаагүй байна намайг ажлаа хийх эрхтэй байгааг дүгнээгүй. Намайг үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчтэй 50 хувиар алдаж .байгууллагын дотоод журмын а-д зааснаар хагас алдсан гэж заасныг дүгнэж үнэлээгүй. Миний бие хөдөлмөрийн чадвар 100 хувь байхаас тухайн хариуцагч байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан 35 хувь нь эрүүл байна гэж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрлэсэн акт гарсан болохоос намайг САТ жолоочийн ажил хийж болохгүй мөн өөр ажил хийж болохгүй гэсэн акт гаргаагүй байхад эрүүл мэндээрээ тэнцэхгүй гэж шүүх актыг буруу дүгнэсэн. Ажилдаа орох өргөдөл гаргасан хүсэлтээ гаргасан боловч Хөдөлмөрийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчөөд ажилд авахгүй байна. Нийгэм хамгааллын хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тушаал бол ажилчин хүн тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох ажил мэргэжлийн жагсаалт болохоос САТ машины жолоочоор 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай хүнийг ажиллуулж болохгүй гэсэн заалт биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Б ХК-д  холбогдуулан  САТ автомашины оператор, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй тул хөдөлмөрийг гэрээг цуцалсан гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл, Н.Т- нь “Б” ХК-д  1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1999 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авто бульдозерийн хэсэгт Белаз машины жолоочоор ажиллаж байсан, улмаар “Б” ХК-ийн гүйцэтгэх захирлын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажилтан Н.Т-ыг эрүүл мэндийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэл заан хөдөлмөрийн гэрээг мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 2, 4, 7, 42, 43, 47, 84/

Н.Т- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар тухайн үед ажил олгогчоос түүнд олгосон 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг авсан байхаас гадна ажлаас чөлөөлөгдсөн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 2-4, 7, 84 / Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халсан 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалыг танилцуулаагүй, мэдэгдээгүй, тухайн үед 50 хувь байсан хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 65 хувь болсон, 35 хувь эрүүл хүнийг тухайн ажлын байранд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх агуулгаар тайлбарлажээ.

Гэтэл ажилтан Н.Т- нь хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн талаар 1999 оноос хойш одоог хүртэл мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь түүний маргаагүй үйл баримт болох 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр авсан үйл баримттай нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох уурхайн хүнд даацын машины жолоочийн ажил нь Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн Сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" журмын 4-т зааснаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах тул тухайн ажлыг 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн хийж гүйцэтгэж болох талаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Тодруулбал, хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах САТ машины оператор жолоочийн ажлыг Н.Т- хийхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэг үүсээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 103/ШШ2020/00409 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

     

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

                

                                ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                     Н.БАТЗОРИГ