Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2020/00409

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч  П.Цэцэгдулам  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: ........................ онд ........................ аймгийн Ө............. суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 5, Улаанбаатар хот ............................дүүрэг, ..........................дүгээр хороо, .. .......................... дүгээр гудамжны .............................. тоотод оршин суух, Б.Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, “Б” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах тухай гомдлыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.              

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б................... дүүрэг Уул уурхайн нүүрс олборлолтын  Б хувьцаат компанид би 1985 оны 10 сарын 02-ны өдрийн 403 тоот тушаалаар белаз машины жолооч, Сат машин мэргэжлийн оператор жолоочоор ажиллаж байгаад  1999 оны 11 сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар  Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Анх 1999 оны 10 сарын 14-ний өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, 2000 оны 10 сарын 14-ний өдрийн комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 55 хувь, 2001 онд 60 хувь, 2004 онд 65 хувь болон нэмэгдэж өөрчлөгдсөн. Одоо миний бие мэргэжлээс шалтгаалах өвчний 65 хувийн групптэй боловч өөрийн Сат машин мэргэжлийн оператор жолоочийн ажлаар  ажиллахад  саад болохгүй гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь заалтыг тус байгууллага нь зөрчиж байгаа гэж үзэн нэхэмжлэл  гаргаж байна. Намайг байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлсөн харин хөдөлмөрийн  гэрээг цуцлаагүй. Иймд намайг Уул уурхайн нүүрс олборлолтын Б ХК-д Сат машины  оператор жолоочоор ажиллуулахыг даалгаж, мөн миний мэргэжлийн сарын цалин 3.076.820 төгрөгийн цалинтай гэж тодорхойлсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн цалинг олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1999 оны 11 сарын 11-нд биеийн эрүүл мэндийн байдал муудсан тул байгууллагаас биеэ эмчлүүлээд ир гээд ажлаас чөлөөлсөн. Би 5 жил биеэ эмчлүүлсэн. Түүнээс хойш Улаанбаатар хот Автобус баазад автобусны жолоочоор 7 жил ажилласан. Автобусны жолооч хүнд нөхцөлд хамаардаг. Ажиллах хугацаанд биеийн эрүүл мэндэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Одоо хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувь дээр тогтсон. Намайг ажлаас чөлөөлөхдөө тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй гэж чөлөөлсөн. Гэтэл ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гараагүй. 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн Сат машины жолоочоор ажиллаж болохгүй гэсэн юм байхгүй. Би өөрийнхөө биеийн байдлыг жолоочоор ажиллахад бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Би 4 ангилалын жолооны эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор авсан. Хөдөлмөрийн чадвараа 100 хувь алдаагүй, үлдсэн 35 хувьдаа тохирсон ажил хийх боломжтой гэж үзэж байгаа. Ажилд орох хүсэлтээ байгууллагад 2016 оноос эхэлж гаргасан боловч ажилд аваагүй. Тэтгэмжээ авъя гээд шүүхэд хандсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас ажилдаа ормоор байна. Би уушигны тоосжилт, нэг талын уушиг устсан шулуун гэдэсний цус алдалт, судас тасарсан оношоор хөдөлмөрийн чадвар алдалтаар группэд орсон, Иймд намайг Сат машины оператор жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллага шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж буй иргэн Н.Т-ын Б ХК-д САТ машины оператор  жолоочоор ажлуулахыг даалгаж, мэргэжлийн сарын цалинг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн олгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд дараах хариу тайлбарыг гаргаж  байна. Нэхэмжлэгч Н.Т нь Б.................. нүүрсний уурхайн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 403 тоот тушаалаар  Блез маркын машины жолоочоор ажиллаж байгаад эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр мэргэжлээс шалтгаалах өвчний  улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь гэж тооцон, группэд гарах болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирлын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.1-ийг үндэслэн 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 1.570.915 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Нэхэмжлэгч Н.Тнь Б ...  ХК-иас мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн бүртгэлд байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар  хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 65 хувиар тогтоолгосон байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ  хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн  тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 “Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болхооргүй буюу  хөдөлмөрийн нөхцөл нь  харшлахгүй бол тэдгээрийн уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 111.5 дахь хэсэгт зааснаар тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол  уг шалтгаанаар  ажилд авахаас татгалзахыг хориглоно гэсэн байгаа бөгөөд тухайн нэхэмжлэгчийн ажиллахыг хүсч  буй ажлын байр  /ажил мэргэжил/ болох Сатын оператор жолооч нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот  тушаалын хавсралтаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн  хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн  жагсаалт”-д зааснаар Уул уурхайн салбарын  ажил мэргэжлийн жагсаалтад  орж хөдөлмөрийн хэвийн бус  буюу хүнд нөхцөлд хамаарах ажлын байр байгаа болно. Иймээс  нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй  байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Н.Тнь 1985 оноос манай байгууллагад Блез маркын машины жолоочоор ажиллаж байгаад 1999 оны 04 сард биеийн эрүүл мэндийн байдлын улмаас хөнгөн ажилд буюу манаачийн ажилд шилжсэн. 6 сар манаачаар ажиллаад эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр мэргэжлээс шалтгаалах өвчний  улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувь гэж тооцон, группэд гарах болсон учраас захирлын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн.  Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Хэрвээ энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор шүүхэд гомдлоо гаргах байсан. Гэтэл огт гомдол гаргаагүй, хуульд заасан 9 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авчихаад 21 жилийн дараа гомдол гаргаад байгааг ойлгохгүй байна. Хэрвээ мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ажилтан эдгэрсэн бол манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д заасны дагуу ажилд нь авах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь заалтыг зөрчсөн асуудал байхгүй, өнөөдрийн байдлаар Б уурхайд 273 ажлын байранд 1128 ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаагаас  хэвийн нөхцөлд 255, хэвийн бус нөхцөлд 873 ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй 27 ажилтан ажиллаж байгаа. Б ХК-д бүртгэлтэй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон 240 иргэн байна. Т нь манайхаас гарахдаа хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувь байсан, одоо 65 хувь болчихоод ажилдаа орно гээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Ажилд томилох тухай” 1985.10.02-ны 403 дугаар тушаал, 052583 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, “Ажлаас чөлөөлөх тухай” 1999.11.11-ний өдрийн 303 дугаар тушаал, БНХК-ийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны 2017.02.06-ны өдрийн 11, 2017.04.05-ны өдрийн 22 дугаар албан бичгүүд, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон актууд, Нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам, Хан-Уул дүүргийн ИХАШШ-ийн 2020.02.07-ны өдрийн 375 дугаар шийдвэр, жолооны үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хүсэлтээр 1999.04.23-ны өдрийн 109 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, аюулгүй ажиллах арга техникийн зааварчилгааг өгсөн тухай хяналтын хуудас зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

 Нэхэмжлэгч Н.Тнь хариуцагч “Багануур” ХК-д холбогдуулан Сат машины оператор жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс өнөөдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах тухай  гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Н. Т нь шүүхэд гомдол гаргах болсон үндэслэлээ “ Сат машины оператор жолоочоор ажиллахад биеийн эрүүл мэндийн хувьд боломжтой учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5-д зааснаар ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй” гэж, хариуцагч байгууллага шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “ Н.Тнь хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн,  Сат машины жолоочийн албан тушаал, хөдөлмөрлөх нөхцөл нь хүнд нөхцөлд хамаардаг, 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүнийг тухайн ажил албан тушаалд ажиллуулах хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус тодорхойлжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.    

 Нэхэмжлэгч Н.Тнь Багануурын нүүрсний уурхайн даргын 1985 оны 10  сарын 02-ны өдрийн 403 дугаартай тушаалаар Белаз машины жолоочийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 1999 оны 04 сарын 23-ны өдрийн 109 дугаар тушаалаар манаачаар томилогдон ажилласан байна. Н.Т-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг “Тоосжилтын болон хордлогын шалтгаант гуурсан хоолойн архаг үрэвсэл“ оношоор 1999 оны 10 сарын 14-ний өдрийн 4346 дугаар Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 50 хувь болохыг тогтоосон тул 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 303 дугаар тушаалаар Н.Тыг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэн ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж  зааснаар 9 сарын цалингийн дундажтай тэнцэх  хэмжээний нөхөн төлбөрийг олгожээ. /хх-ийн 2-4, 7, 84-р тал/

 

Ажилтан Н.Тнь тухайн үед ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч 9 сарын цалингийн дундажтай тэнцэх  хэмжээний нөхөн төлбөрийг авсан байгааг дурдав.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй”, 36.1.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн” гэж, 111 дүгээр зүйлийн 111.5-д “Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч анх ажлаас чөлөөлөгдөхдөө хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байсан бөгөөд өнөөдрийн байдлаар түүний хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувь болж нэмэгдсэн байна. Тэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 65 хувь байгаа нь Сат машины оператор жолоочоор ажиллахад саад болохгүй гэж тайлбарлажээ.

Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай" журмын 4 дэх хэсэгт зааснаар уурхайн хүнд даацын машины жолоочийн ажиллах нөхцөл нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна.

Нэхэмжлэгч Н.Тнь  Сат машины оператор жолоочийн ажил албан тушаалд ажиллахад эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэсэн Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй, тэрээр тухайн ажил албан тушаалд эрүүл мэндийн хувьд тэнцэнэ гэдгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 111 дүгээр зүйлийн 111.5-д зааснаар ажилтныг эдгэрсэн, түүний эрүүл мэндийн байдал нь Сат машины оператор жолоочийн ажил албан тушаалыг эрхлэхэд саад болохгүй,  хөдөлмөрийн  хүнд нөхцөлд харшлахгүй гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 111 дүгээр зүйлийн 111.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Т-ынхариуцагч “Б” ХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4,.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ЦЭЦЭГДУЛАМ