| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2238000000539 |
| Дугаар | 2023/ДШМ/02 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ү |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2023/ДШМ/02
2023 01 04 2023/ДШМ/02
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч: Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: Э.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: И.Атарбямба,
Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Нын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бад холбогдох 2238000000539 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
“Ц” овогт Бгийн Б, ........... оны .... дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн ...........................дугаартай/.
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр баг Д гэх газарт 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа Сгийн Эыг 00ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцэгийн битүү гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/311 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Ц” овогт Бгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бад оршин суух газар, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн 2238000000539 дугаар хэрэгт Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор “Приус-11” загварын 00ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан Б.Баас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Над олгож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Н давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.31-ний өдрийн 311 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүхээс Б.Бад Эрүүгийн хуулиин 27.10-р зүйлиин 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сараар тэнсэж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалтай тохироогүйгээс хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго үгүйсгэгдсэн.
2. Шүүх таслан шийтгэх тогтоолоор гарсан хохирлыг тодорхой хугацаанд төлүүлэх, үүрэг хүлээлгэх, тээврийн хэрэгслийг эрүүл, согтуудаа болон жолоодох эрхгүй үедээ жолоодохыг хориглож хязгаарлалт тавьсан зүйл байдаггүй. Б.Б архидаж жолооны эрхээ хасуулсан үедээ дахин хууль дүрмийг уландаа гишгэж гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон.
Б.Бын мэдүүлэгт “...Би жолоодох эрхийн үнэмлэхтэи байсан. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сард Хөвсгөл аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад... жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулж байсан” гэсэн нь шийтгэх тогтоолд байгаа.
3. Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхдээ хэргийн ангилал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг авч үзсэн байдаг. Хэргийн ангилалаас илүүтэй хүний амь хохирсон, бусдад учирсан уй гашуу, сэтгэл санааг анзаарсангүй. Нөгөө талаар хохирлын тооцоон дээр тохирсон болохоос Б.Б хохирол төлөхийг илэрхийлсэн хугацаа, биелэгдэх баталгаа, нотолгоо зэргээс харагдахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8-р зүйлийн 1.6-д “...эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэж заасан заалт шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт байхгүй байгаа нь хохирол төлөхийг илэрхийлсэн гэдэг үгүйсгэгдэж байгаа нь давхар нотлогдоно.
4. Шүүх эрүүгиин хариуцлага гарцаагүй байх ..гэж шиитгэх тогтоолдоо бичсэн атлаа тухайн зүйл заалтад байгаа ялыг өгөхгүй илт хөнгөрүүлсэн нь зөрчилтэй болсон. Биднийг гомдоосон. Хохирогч бидний зүгээс Б.Б хуулийн зүйлчлэлд заасан хорих ялыг зайлшгүй авах ёстой хүн гэж ойлгож байгаа. Зүгээр нэг осол хийсэн биш согтуугаар аавыг араас нь нугартал дайрч машинаа хөдөлгөж чадахгүй гацаагаад машинаар нь өөр хүн осол хийсэн юм шиг харагдуулах гэж түлхүүрийг нь зориуд үлдээж тусламж ч үзүүлээгүй хэргийн газрыг орхисон үйлдэл гаргасан байдал хавтаст хэргээс ойлгогдоно. Тодруулбал: Гэрч Б.О “...Б нь архи гаргаж ирж бидэнд аягалан тойруулсан. Тэгээд би тэр архинаас ойролцоогоор 5 орчим удаа тойруулж өгөх үед уучихаад машинаас бууж... талбай руу орсон...” гэж /XX-н 56-58 тал/, Гэрч Б.Б ”...би П ахтай хамт архи ууж байхдаа машиныг баримжаагаар 5 орчим метр хөдөлгөсөн... яагаад гэвэл архи ууж байхдаа яриандаа болоод хөдөлгөсөн...” гэж /XX-н 51-53 тал/ тус тус мэдүүлсэн.
Хавтаст хэрэгт ууж байсан шилтэй архины фото зураг эд мөрийн баримтаар орсон байгаа. Үүгээр Б.Б согтуугаар осол хийсэн нь нотлогдох бөгөөд хэрэг учрал болсноос хойш олон цагийн дараа хэзээ хойно нь архи гарчихсан байхад шинжилгээ хийж 2022.08.12-ны өдрийн 142 дугаартай дүгнэлтээр спирт илрэхгүй байх нь тодорхой юм. Б.Бад оногдуулсан хуулийн зүйлчлэл буруу. Согтуугаар авто осол хийж хүний амь нас хохироосон болохоор 2-8 жилийн хорих ял оногдуулах ёстой байсан.
5. Б.Б хэрэг хийчихээд зугтаасан асуудлыг огт шалгаагүй. Тэнд байсан хүмүүс машиныг өргөж аавыг гаргахад Б.Бын хуруу ч хүрээгүй, байгаагүй, харагдаагүй гэдэг.
Гэр Б.Бийн “ би юу ч мэдэхгүй... дайрчихсан юм байна гэдгээ сүүлд мэдсэн... хүмүүс машиныг өргөөд холдуулах үед доороос нь хүн гарах үед мэдсэн” гэх мэдүүлэг /XX-н 51-52 тал/,
Гэрч О “...ургийн баяр болж байсан талбайн хойморт асрын ард мөнгөн саарал өнгийн приус-11 машины доор орчихсон хоёр хөл цухуйж машины зүүн талын урд талын дугуйн доогуур зүүн гар дарагдсан намайг анх харахад талийгаач урагш тонгойгоод бие эвхэгдсэн байсан машины бичиг баримтыг би өөрөө дунд хайрцагнаас авсан машины түлхүүрийг надад хэн нэгэн өгсөн юм...” гэж мэдүүлсэн. Хэргийн газар болон шүүх хуралд оролцсон прокурор араас нь бөхийж нугарсан байдалтайгаар дайрсан гэдгийг мөн хэлдэг.
Гэрч Б.Д “...бид нар бүгдээрээ гүйж очоод аавыг татаж гаргасан... нүүрийг харахад баруун талын завж нь урагдаж шаймийсан байсан... бас нүднээс нь цус шүүрсэн харагдсан...” гэж,
Гэрч Б.Б “...гар чийдэн барьж ирээд үзэхэд машин доор хүн орчихсон, зөвхөн гутал нь харагдсан...” гэж мэдүүлсэн.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд Б.Б 5 метр орчим хөдлөхдөө маш их хүч, огцом хурдтай дайрсан гэж үзэхээр байна. Архи уусан хүн зөөлөн хөдөлнө гэж байхгүй. Аав том биетэй, хэвтэж биш бөхийлгөж намхан машинд бие нь бүтнээр ортол, зөвхөн гутал нь харагдтал дайрахад мэдэгдэхгүй байх ямар ч боломжгүйн дээр машин гацаад, хөдлөөд явах нөхцөлгүй юм.
Сайн шалгаж шинжилсэн бол ямар хүчээр дайрахад ийм байдалтай болох нь мэдэгдэх байсан. Тийм болохоор осол болонгуут хаяад явсан. Хаяад зугтахын оронд олон түмэнд хэлсэн бол аав амь аврагдах байсныг үгүйсгэхийн аргагүй. Мэдсээр байж хэлээгүйд гомдож байна. Б.Б осол хийгээд зугтаад байхгүй байсныг олон хүн хэлнэ. Нөгөөтэйгүүр Б.Б машиндаа түлхүүрийг санаатайгаар орхиж машинд үлдсэн хүнийг осол хийлгэсэн болгох гэж ул мөрөө баллах оролдлого гаргасан гэж үзэж байна. Энэ байдлыг мөн шалгаагүй. Шүүх хурал дээр машины түлхүүрээ яагаад үлдээсэн талаар манай өмгөөлөгч асуухад машины акумлятор суучихдаг, мөн түлхүүр гацаад авч болохгүй байсан гэхчилэн хариулсан нь шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн гэж бодож байна.
Б. Б мэдүүлэхдээ “...машиныг 5 метр орчим хөдөлгөсөн... яагаад гэвэл архи ууж байхдаа яриандаа болоод хөдөлгөсөн...” гэжээ /ХХ-н 51-53 тал/.
Гэрч Б.О “...машин дотор П үлдэж Б.Б бид хоёр бууж бүжгийн талбай руу орсон... миний араас лав ирээгүй... Б нь намайг машинаас буугаад явсны дараа машиндаа ирж хөдөлгөсөн байж магадгүй...” гэж мэдүүлдэг /XX-н 56-58 тал/.
Гэрч Г.О нь “...талийгаач урагш тонгойсон, машины тэнхлэг хүзүүг дарсан байдалтай бие нь эвхэгдсэн байсныг хэлэхийн зэрэгцээ эхнэр нь харчихаад ухаан алдаад унасан талаар хэлдэг /XX-н 32-34 тал/. Энэ нь хэргийн нөхцөл сайхан байгаагүй, хүн амьтан шоконд орж нус нуламсыг нь урсгасанг Б Б мэдрэх хэрэгтэй юм. Ийм байж ослоо мэдээгүй мэтээр аашилж хуулинханг төөрөгдүүлж, худал хэлж өвөрдүүлсний үүднээс ял аваагүй гэж ойлгогдож байна.
Намайг хэргийн газарт очиход Б.Б машиндаа түлхүүрээ орхисноос болж хэн нэгэн хүн машиныг хөдөлгөж осол гаргасан юм байна гэж сонсогдсон. Дараа нь Б.Б хэргийг П руу тохохыг санаарахсан гэж олны хэл амнаас дам сонссон. Олны үг ортой гэдэг. Дахин шалгаад ирэхээр дотрох нь лавтай.
Иймд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлүүлэх, хэргийн газрыг орхиж зугтаасан, ул мөрөө баллах гэсэн асуудлыг шалгуулахаар шүүхийн 2022.10.03-ны өдрийн 311 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Над шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Шүүхээс Б.Бад Эрүүгийн хуулиин 27.10-р зүйлиин 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сараар тэнсэж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалтай тохироогүй байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Т сумын 1 дүгээр баг Д гэх газарт 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Б гэгээнтний ургийн баярт оролцож байхдаа Сгийн Эыг 00ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцэгийн битүү гэмтэл учруулж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.
Шүүгдэгч Б.Б нь С.Эыг 00ХӨВ улсын дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслээр дайрч улмаар эрүүл мэндэд нь хэнхэрцэгийн битүү гэмтэл учруулж, амь насыг хохироосон болох нь шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт хийсэн “...уг цогцос нь толгой хэсэг нь дээшээ харсан байсан ба цогцосны толгойноос 1 метр зайд 00ХӨВ улсын дугаартай мөнгөн саарал өнгийн приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойд зүг рүү буюу уруу харсан байв. Тээврийн хэрэгслийн харагдах байдлыг гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...Үзлэгийг үргэлжлүүлэн мөр илрүүлэх зорилгоор тусгай хар өнгийн шингэн нунтаг, улаан хүрэн өнгийн соронзон нунтаг ашиглан тээврийн хэрэгслийн баруун урд бариунаас дээш 3 см зайд байх гадаргуу дээр гарын мөр илрүүлснийг скойч ашиглаж бэхжүүлэн авч цаасан дээр 1 дугаараар тэмдэглэв...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-11 тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15 тал/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 тал/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 тал/, Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 61-62 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 173 дугаартай: “...амь хохирогч С.Эрдэнэ-Ундрахын цогцост цээжний хэнхэрцэгт битүү гэмтэл болон зулайн хуйх, баруун хацарт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тээврийн хэрэгсэл гэх мэт хүнд жинтэй зүйлд мөргүүлэх, дор нь дарагдах үед үүсгэгджээ. Дээрх цээжний хэнхэрцэгийн битүү гэмтэл нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 63-64 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай: “...иргэн Б.Бын биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 75 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 80 тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 48 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 6 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн 4 гэж дугаарласан дунд тольны зүүн талаас бэхжүүлсэн гэх гарын мөр Б.Бын гэх гарын 6 дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 87-88 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн өмдны ар хэсэгт буюу баруун талын оёдлын зах ирмэгээс дотогш 14.8 доод оёдлын зах ирмэгээс 22 см зайд 0.5х04 мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Уг гэмтэл нь дугуй хэлбэрийн, зах ирмэг шарлаж, хатуурсан, нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, байх тул түлэгдэлтээс үүссэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 101-102 тал/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн: “...Ослын үед 88- 95 ХӨВ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна...” гэх магадлагаа /хх-ийн 107-110 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Бын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...би хүлээн зөвшөөрч байна. Би бодит хохирлыг төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 128-129 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын мэдүүлэг, гэрч Д.О, Б.Д, Б.Б, Д.П, Б.Б, Б.О нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзнэ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын гаргасан “...Хэргийн зүйлчлэлээс илүүтэй хүний амь хохирсон, бусдад учирсан уй гашуу, сэтгэл санааг анзаарсангүй. Нөгөө талаар хохирлын тооцоон дээр тохирсон болохоос Б.Б хохирол төлөхийг илэрхийлсэн хугацаа, биелэгдэх баталгаа, нотолгоо зэргээс харагдахгүй байна... Б.Бад оногдуулсан хуулийн зүйлчлэл буруу. Согтуугаар авто осол хийж хүний амь нас хохироосон болохоор 2-8 жилийн хорих ял оногдуулах ёстой байсан... Хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлүүлэх, хэргийн газрыг орхиж зугтаасан, ул мөрөө баллах гэсэн асуудлыг шалгуулахаар шүүхийн 2022.10.03-ны өдрийн 311 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, шүүгдэгч Б.Б нар ...үлдэх 7,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлэн харилцан тохиролцож эвлэрсэн гэж шүүгдэгчээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан дээрх хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 142 дугаартай: “...иргэн Б.Бын биенээс авсан гэх цусанд спирт илэрсэнгүй...” гэх эрх бүхий байгууллагаас дүгнэлт гарсан байх тул түүнийг согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. /хх-ийн 75 тал/,
Мөн шүүгдэгч нь хэргийн газрыг орхиж зугтаасан гэх үйлдэл нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би цагдаа нар иртэл хэргийн газраас холдоогүй, сахиж манаж байсан...” гэх мэдүүлэг, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б.Бын биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12-15 тал/, гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Л.ЭРДЭНЭБАТ