Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01188 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Б-” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А-эд холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 999 880 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Бнар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Галсандоржийн Амармэнд нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 9 дүгээр байрны 47 тоот орон сууцанд оршин суудаг. Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө сар бүр төлөх үүргээ 2014 оны 3 дугаар сараас хойш биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс 2014 оны 3 сараас 2020 оны 3 сарыг дуусталх хугацааны төлбөр 999 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие тус байрны 12 давхарт амьдардаг бөгөөд 2006 оноос хойш дээврээс байнга ус, дусаал гоождог байсан. СӨХ-нд дээврийг янзалж өгөөч гэж удаа дараа хэлж, шаардсан боловч хөрөнгө мөнгө байхгүй гэх шалтгаанаар хийж өгөөгүй. 2017 оны 9 сард тус байрны дээврийн хэсгийг өөрсдийн зардлаар янзалсан, гаргасан зардлыг СӨХ-ны мөнгөнөөс тооцуулахаар хүсэлт гаргаж засварт орсон материалын баримтуудыг өгсөн ч одоо болтол хариу өгөөгүй. Энэ хугацаанд байрны дотор засалд өөрийн зардлаар 2 удаа засвар хийсэн боловч хажуу айлын дээвэр болон коридороор ус дамжин, нэвчиж хананы цаас /обой/ хуурч, хөгцөрсөн. Улсаас 2019 оны 9 сард засвар хийхэд миний бие энэ ажилд 100 000 төгрөг бэлнээр өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.А-ээс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр 989 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б-” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 10 580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 547 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.А-ээс 28 293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б-” СӨХ-нд олгууоахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй, уг маргаан бүхий байр нь Галсандоржийн өмчлөлийн байр бөгөөд үүнд үндэслэл бүхий тайлбар хийж нотлох баримт гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 5-6 дугаар хуудасны банкны хуулга дээр төлбөрийн үлдэгдлийг 954 880 төгрөг хэмээн заасан хавтас хэргийн 7-12 хуудасны төлбөрийн дэлгэрэнгүй хуулга 968 800 төгрөг байхад баримтад үндэслээгүй 989 300 төгрөгийг гаргаж ирсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байна гэж заасан байдаг. “Б-” СӨХ нь оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн нэг ч ажил хийж байгаагүй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, бүх гишүүдийн хурал хийгээгүй, тайлан тооцоо санхүүгийн талаар нийтэд мэдээлдэггүй энэ бүх хууль бус үйл ажиллагаанд дүгнэлт өгөөгүй төдийгүй үндэслэлгүйгээр олон жилийн төлбөр нэхсэн байхад шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан заалтыг ноцтой зөрчиж, хэт нэг талд үйлчилж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 9 дүгээр байрны 47 тоот орон сууцны 2014 оны 3 сараас 2019 оны 12 сарын СӨХ-ны төлбөр болох нийт 999 880 төгрөгийг төлж барагдуулах хэмээн тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 2019 оны 02 сараас 2020 оны 3 сарыг дуусталх хугацааны зардалд 193 700 төгрөг, нийт 989 300 төгрөгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ” хэмээн шүүх өөрийн үзэмжээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хэргийг шийдвэрлэсэн. Мөн 2020 оны 3 сарын 20-ны өдрийн 5489 дугаартай шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй. Өөрөөр хэлбэл “Б-” СӨХ нь 2020 оны 4 сарын 06-ны өдрийн 04 дугаартай нотлох баримт хүргүүлэх тухай албан тоотод “Айл өрхөөс мөнгө цуглуулсан эдгээр баримтыг нотариатаар батлуулах боломжгүй баримт тул хуулбарлан хүргүүлэв” хэмээн дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсгийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б-” СӨХ нь хариуцагч Г.А-эд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 999 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч Г.А- нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 9 дүгээр байрны 47 тоотын оршин суугч байх бөгөөд 2014 оны 3 сараас 2020 оны 3 сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэх, “Б-” СӨХ-ны тайлан зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5-12-р тал/

 

Хариуцагч Г.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлдээ “... дээврээс байнга ус, дусаал гоождог бөгөөд дээврийн хэсгийг өөрийн зардлаар засварласан, мөн 2 удаа дотор засал хийсэн, уг зардлыг СӨХ-ноос гаргуулахаар баримтыг өгсөн боловч одоо болтол хариу өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

                        Гэвч дээрх тайлбар нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зааснаар орон сууц дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхгүй байх, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

            Түүнчлэн Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар хариуцагч Г.А- нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Б-” СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр нь 2014 оны 3 сараас 2018 оны 12 сар хүртэл 1 сарын 13 360 төгрөг буюу нийт 774 880 төгрөг /58 сар х 13 360₮ = 774 880₮/, 2019 оны 01 сараас 2020 оны 3 сар хүртэл 1 сарын 15 000 төгрөг буюу нийт 225 000 төгрөг /15 сар х 15 000₮ = 225 000₮/, нийт 999 880 төгрөг /774 880₮ + 225 000₮ = 999 880₮/ байх боловч анхан шатны шүүх 2014 оны 4 сараас 2019 оны 02 сар хүртэлх хугацааны төлбөрт 795 600 төгрөг, 2019 оны 02 сараас 2020 оны 3 сар хүртэлх хугацааны төлбөрт 193 700 төгрөг, нийт 989 300 төгрөгийг хариуцагч Г.А-ээс гаргуулж, нэхэмжлэгч “Б-” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 10 580 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлоогүй, маргаан бүхий байр нь Ш.Галсандоржийн өмчлөлийн байр бөгөөд энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгааг шүүх анхаарч үзээгүй гэх боловч энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Учир нь хариуцагч Г.А- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 9 дүгээр байрны 47 тоот орон сууцны 12 давхарт амьдардаг, 2006 оноос хойш ус дусаал гоожсон, мөн өөрийн зардлаар засвар хийсэн гэх тайлбарыг гаргасан байна. /хх-ийн 18-р тал/ Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Ш.Галсандорж гэж маргаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4. дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан. Иймд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч Г.А-эд хариуцуулсан нь буруу биш юм.

 

Түүнчлэн, хариуцагч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б-” СӨХ-г нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр маргаагүй байх тул энэхүү гомдлыг хангахгүй орхих нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцнэ. 

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Г.ДАВААДОРЖ