Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2020/01188

 

 

 

 

 

 

 

 

2020           04          07                                        101/ШШ2020/01188

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн -р хороо,  дугаар хороолол, -р байр хаягт байрлах, Б сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн -р хороо,  дугаар хороолол, -р байрны  тоотод оршин суух, РД:, Ш овогт Г А-д холбогдох 999.880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбооноос шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А Баянзүрх дүүргийн -р хороо, -р хороолол  дүгээр байрны  тоот орон сууцанд оршин суудаг. СӨХ-ийн төлбөрөө сар бүр төлөх үүргээ 2014 оны 3 дугаар сараас хойш биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс 2014 оны 3-р сараас 2020 оны 3 сарыг дуусталхи хугацааны төлбөр 999.880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие тус байрны 12 давхарт амьдардаг 2006 оноос хойш дээврээс байнга ус, дусаал гоожиж ирсэн. СӨХ-д дээврийг янзалж өгөөч гэж удаа дараа хэлж шаардсан боловч хөрөнгө мөнгө байхгүй гэх шалтгаанаар хийж өгөөгүй. 2017 оны 9-р сард тус байрны дээврийн хэсгийг өөрсдийн зардлаар янзалсан, гаргасан зардлыг СӨХ-ны мөнгөнөөс тооцуулахаар хүсэлт гаргаж засварт орсон материалын баримтуудыг өгсөн ч одоо болтол хариу өгөөгүй. Энэ хугацаанд байрны дотор засалд өөрийн зардлаар 2 удаа засвар хийсэн боловч хажуу айлын дээвэр болон коридороор ус дамжин нэвчиж хананы цаас /обой/ хуурч, хөгзөрсөн. Улсаас 2019 оны 9-р сард засвар хийхэд миний бие энэ ажилд 100.000 төгрөг бэлнээр СӨХолбоонд өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 12 давхарт амьдардаг, дээврээс ус гоожоод СӨХ-д хүсэлт тавьсан ч шийдвэрлэж өгөхгүй болохоор нь өөрөө 182.000 төгрөгийн материал авч, 200.000 төгрөг ажлын хөлсөнд зарцуулан дээврийг засварласан. Мөн 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн, энэ 482.000 төгрөгийг тооцоонд оруулж хасч, үлдэх 517.880 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Г.А холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрт 2014 оны 3 дугаар сараас 2020 оны 3-р сарыг дуусталхи хугацааны төлбөр 999.880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б сууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 92 тоот гэрчилгээ олгожээ. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг  дугаар хороонд байрлах -р байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлсэн байна.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэж ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Г.А нь Баянзүрх дүүргийн -р хороо, -р хороолол  дүгээр байрны  тоот орон сууцыг ашиглаж, эзэмшдэг дээр маргаагүй, 2016 оны 12 дугаар сараас 2020 оны 03-р сарыг дуусталхи хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг орон сууц өмчлөгчийн хувьд төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч 2014 оны 4-р сараас 2019 оны 2-р сарыг хүртэл сарын 13600 төгрөгөөр, 2019 оны 2-р сараас сарын 15.000 төгрөгөөр тооцон тус тус шаарджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 13600 төгрөг бус 13260 төгрөг, 15000 төгрөг бус 14900 төгрөг байна. 2014 оны 4-р сараас 2019 оны 2-р сарыг хүртэли хугацааны зардалд 795.600 төгрөг, 2019 оны 2-р сараас 2020 оны 3-р сарыг дуусталхи хугацааны зардалд 193.700 төгрөг, нийт 989.300 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч Г.А нь 2017 оны 9-р сард дээврийн засвар хийхэд зарцуулсан 382.000 төгрөг, 2019 онд засвар хийхэд өгсөн 100.000 төгрөг, нийт 482.000 төгрөгийг төлбөрт тооцон хасуулна гэсэн тайлбарыг маргасан.

 Хариуцагч Г.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73-р зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

2017 онд хэний шийдвэрээр, хэнтэй тохиролцож засвар хийсэн, 100.000 төгрөгийг яагаад нэхэмжлэлд тооцох үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-т зааснаар нээхмжлэлийн үндэслэл шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. 

Иймд нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 999.880 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 989.300 төгрөгийг хариуцагч Г.А-с гаргуулж, 10580 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28547 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.А-с 989.300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28293 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.А-с дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөр 989.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 10.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28547 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.А-с 28293 төгрөгийг  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг зохигч 14 хоногийн дотор өөрөө гардан авах үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.Б