Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0509

 

 

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2017/0509

Улаанбаатар хот

 

“НХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, С.Р нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “НХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НХ” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “СИ” ХХК /компанийн нэр өөрчлөгдөж “НХ” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна. Тодруулбал хэрэгт цугласан нотлох баримтад Улсын Их хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын  2011 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын дагуу “СИ” ХХК / “Кашмер концепт” ХХК/-д олгосон 5 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг Авилгатай тэмцэх газраас тогтоосон, шүүхийн журмаар Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн материалууд дотор эрүүгийн хэргийн холбогдогч нарын анх 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Голомт банкаар дамжуулан зээлсэн 4.1 тэрбум төгрөгийг зээлж, зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн үйлдлээ тодорхой мэдүүлж, түүнийгээ баталсан байдаг. Тухайлбал:

“НХ” ХХК-ийн захирал Б.Батхишиг нь “Ти энд Ай кашимер” ХХК-ийн 100 гарсан сая төгрөг болон “КК” ХХК-ийн өмнөх өр 712.000 ам.доллар болон 185 сая төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд үлдсэн хөнгөлөлттэй зээл дансандаа байсан ба үүнээс “СИ” ХХК болон “КК” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд зарцуулаад үлдэгдэл 1.5 тэрбум төгрөг дансандаа үлдсэн байсныг Голомт банк хөнгөлөлттэй зээлээс графикийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт сар болгон суутгаад дуусгасан. Учир нь “КК” ХХК нь үйл ажиллагаагаа 2013 оны 07 дугаар сараас бүрэн зогсоосон.

Мөн иргэн Б.Баттулга нь “Би Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Голомт банкаар дамжуулан авахдаа дамжуулан зээлдэх гэрээ хийж 900,000,000 /есөн зуу/ төгрөгийг “СИ” ХХК-ийн нэрээр авсан боловч тухайн үедээ “СК” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. “СК” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны нэг нь гадаад, дотоод худалдаа байсан учир тухайн үед “КК” ХХК-ийн болон бусад ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн барааг гадаадад борлуулах төлөвлөгөөтэй байсан боловч “КК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд таагүй уур амьсгал үүсч, маргаан үүссэн. Ингээд нэгэнт авчихсан хөнгөлөлттэй зээл учир өөр бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан” гэжээ. Хэдийгээр компанийн хөрөнгө оруулагч болон эздийн хооронд маргааныг шийдвэрлэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч холбогдох байгууллагууд болон Авилгатай тэмцэх газрын шийдвэрийг тухайн үеийн Аж үйлдвэрийн сайдад хүргүүлснээр уг зээлийг Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журам”-ын 6.1, 6.2-т заасны дагуу “Засгийн газрын бондын эх үүсвэрээр ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ирүүлсэн төслийг хэлэлцэн, салбарын бодлоготой уялдуулан сонгон шалгаруулж дэмжих, хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах ажлыг хууль болон холбогдох эрх зүйн актуудаар сайдын эрх олгосноор Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн дагуу “Г” банкинд хүргүүлж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдана.

Яамны зүгээс “Зээлдэгч талын зээлийг зарцуулалт, гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч ирүүлээгүй, зээлийн зарцуулалтанд хяналт тавих үүргийнхээ дагуу шалгалт хийхэд үйлдвэр ажиллагаагүй нэгэнт зогссон байсан мөн эзэдтэй нь утсаар холбогдоход хариу өгөөгүй зэргийг хариуцагч нар дурдсан нотлох баримтаар хүргүүлсээр, гэрчүүдийн мэдүүлгээр нотолсоор байтал мөн л шүүх харгалзаж үзсэнгүй.

Нэхэмжлэгч тал нь журамд заасны дагуу Зөвлөлийн шийдвэрээр зээлийг хүчингүй болгох, зээлийг хүүгийн хамт эргэн төлүүлэх талаар банкинд хүргүүлж арилжааны зээлд шилжүүлсэн талаар маргаж байгаа хэдий ч журмын дагуу зээлийн зарцуулалтын талаар холбогдох салбарын яам, банк, мэргэжлийн холбоодод тайлагнаж ажиллах үүргээ биелүүлээгүйгээр барахгүй эрүүгийн хэргийн протоколд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг тайлбар гаргаж мэдүүлэг өгсөн бүх гэрчүүд тайлбарласан байтал анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хариуцагч Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Арга хэмжээ авах тухай” 03/1180 дүгээр албан бичгээр “СИ” ХХК-д олгосон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцох тухай “Голомт банк”-д мэдэгдсэн бөгөөд мөн өдрийн “Мэдэгдэл өгөх тухай” 03/1181 дүгээр албан бичгээр “СИ” ХХК-д олгосон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон талаар тус компанид мэдэгдсэн байна. Нэхэмжлэгчээс “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “СИ” ХХК /компанийн нэр өөрчлөгдөж “НХ” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль бусад тооцуулах” шаардлага гаргасан байна.

 Шүүх Аж үйлдвэрийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1180, 03/1181 дүгээр албан бичгүүдийн аль нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны акт буюу “СИ” ХХК-д олгосон хөнгөлөлттэй зээлийг цуцалсан шийдвэр вэ гэдгийг тогтоох, хөнгөлөлттэй зээлийг цуцалсан шийдвэрээ нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдэл нь бие даасан акт мөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж энэ асуудалд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Түүнчлэн хариуцагчаас “хөнгөлөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулагдаагүй болохыг Авилгатай тэмцэх газраас тогтоосон бөгөөд Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны ажлын хэсэг “КК” ХХК-ийн үйлдвэр дээр очиход ажиллаагүй байсан тухай тайланд дурдсан” гэсэн үндэслэлээр хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгосон хэмээн маргасан байна. Тиймээс хөнгөлөлттэй зээл төлөгдсөн эсэх тухай асуудал нь уг маргааны үндэслэл болсон захиргааны үйл ажиллагааны үндэслэл биш, энэ маргааныг шийдвэрлэхэд тухайлсан ач холбогдолгүй.

Харин энэ хэргийн маргаж буй акт буюу хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгох үндэслэл болсон “зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх” асуудлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Зээлийг зориулалтын дагуу зөв зарцуулсан эсэхийг тодруулах зорилгоор анх зээл авахдаа ямар зориулалтаар зарцуулахаар авсан талаарх төсөл, холбогдох баримтуудыг хариуцагч болон нэхэмжлэгчээс шаардах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсний үндсэн дээр ямар зориулалтын дагуу зээл авсан, авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг дүгнэж уг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна. Тухайлбал: “НХ” ХХК-ийн захирал Б.Батхишигийн “Ти энд Ай кашимер” ХХК-ийн 100 гарсан сая төгрөг болон “КК” ХХК-ийн өмнөх өр 712.000 ам.доллар болон 185 сая төгрөгийг төлж барагдуулсан. Ингээд үлдсэн хөнгөлөлттэй зээл дансандаа байсан ба үүнээс “СИ” ХХК болон “КК” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд зарцуулаад үлдэгдэл 1.5 тэрбум төгрөг дансандаа үлдсэн байсныг “Г” банк хөнгөлөлттэй зээлээс графикийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт сар болгон суутгаад дуусгасан” гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч хуулийн этгээд “өмнөх зээлээ төлөхөд хөнгөлөлттэй зээлийг зарцуулсан” нь, Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөнгөлөлттэй зээл олгосон үндэслэл, зээлийн зориулалтад нийцэж байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

Мөн маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль хэрэглэсэн нь буруу байгааг тэмдэглэв.   

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                     Ц.ЦОГТ