Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 358

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “Н хг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М , С.Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н хг” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “С и” ХХК /компанийн нэр өөрчлөгдөж “Н хг” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль буст тооцуулах тухай,

Монгол Улсын Их Хурлын 2011 оны “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын хүрээнд Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журмын дагуу “С и” ХХК /одоо “Н хг” ХХК болж нэр өөрчлөгдсөн/ нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г банкаар дамжуулан 4.1 тэрбум төгрөгийг ЗГ8115005270 тоот зээлийн гэрээний үндсэн дээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар авсан болно.

Аж үйлдвэрийн яамнаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр манай зээлийг Авилгатай тэмцэх газрын 2016 оны 06/2341 тоотоор зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг тогтоосон тул Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан журмын 6.1, 6.2-т заасны дагуу зээлийг хүчингүйд тооцон шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондьн ”эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.1-д “хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргах, хандив өргөх, ноос ноолуурын үйлдвэрээс "бусад үйлдвэрлэлийн чиглэлд зарцуулах, зээлийн хөрөнгөөр худалдан авсан түүхий эдийн үнийг дотоодын зах зээлийн ханшид нөлөөлөхөөр хэт өсгөх, бууруулах үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно гэж заасан байна.

Манай компани нь зээлийн хөрөнгийг дээрх хориглосон үйл ажиллагаанд зарцуулаагүй байгаа талаар шалгаж тогтоолгүйгээр Авилгатай тэмцэх газрын албан бичгээр нотолгоо болгож зээлийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авилгатай тэмцэх газар нь чиг үүргийн хувьд "өөр бөгөөд зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг нотолж тогтоодог чиг үүрэгтэй байгууллага биш юм. Мөн Авилгатай тэмцэх газрын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/2341 тоотод нотолж, тогтоосон гэх ямар ч агуулга байхгүй болно.

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 5.1-д тавих байгууллагыг тодорхой зааж өгсөн байдаг.

Бид дээд шатны албан тушаалтан болох Аж үйлдвэрийн сайдад 2016 оны 05 дугаар сард хандсан боловч сонгуулын үр дүнгээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул тухайн асуудал нь шинээр байгуулагдсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжүүлж 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16/08 тоотоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй тул Иргэдээс төрийн байгууллага албан тушаал гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж удирдах үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хүлээнэ гэж заасан тул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16/13 тоотоор хандсан болно.

Үүний үр дүнд манай компанийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16/08 тоотын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 01/173 тоот шуудангаар хүргүүлсэн боловч шуудангаас буцсан байсныг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2016 оны 08 дугаар сарын 26-ны 01/173 тоотыг биечлэн очиж албан ёсоор гардаж авсан болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан болно.

Засгийн газрын 2011 оны 221-р тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.1, 6.2-т заасны дагуу манай компанийн авсан хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэр нь Захиргаа ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасныг зөрчсөн илт хууль бус шийдвэр тул Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 03/1181 тоот актыг илт хууль буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “С и” ХХК /компанийн нэр өөрчлөгдөж “Н хг” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийн улмаас тус компанид олгогдсон хөнгөлөлттэй зээл хугацаанаас өмнө цуцлагдаж, цаашид зээлд дахин хамрагдахааргүй болж компанийн бизнесийн нэр хүндэд сөрөг нөлөөлж байгаа болно.

Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журмын 6.2-т “энэ журмын 6.1-д заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан ноос, ноолуурын үйлдвэртэй холбоотой асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн зээлийг хүчингүй болгох, зээлийг хүүгийн хамт эргэн төлүүлэх, зээлд дахин хамруулахгүй байх арга хэмжээг авна. ” гэж заасан байгаа нь компанийн үүслийн түүхийн хар жагсаалтад орж, тус компанийн цаашдын үйл ажиллагаа зогсох дампуурах эрсдлийг үүсгэж байна.

Уг зээл нь жилийн 7 хувийн хүүтэй 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан бөгөөд уг хугацаанаас өмнө хүчингүй болгосноор жилийн хүү даруй 25.2 болон өсч зээлийн хүүний дарамтад орж, зээлээ хугацаанд нь төлөхөд хүндрэл үүсч байна.

Манай компанид олгосон зээлийг зориулалтын бусаар зарцуулаагүй байхад "Ноолууран болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”-ын 6.1, 6.2-т заасныг үндэслэн зээлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.”-г зөрчиж байгаа тул илт хууль буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н хг” ХХК нь Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1/2803 тоот мэдэгдлээр “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах журмын” дагуу компанийн нэрийг өөрчлөн “С и” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 221 дүгээр тогтоолоор батлагдан, зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн олгогдсон. Олгосон эсэх асуудал дээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Олгосон зээлийг хүчингүй болгосон 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот захиргааны актыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн бичгээр гаргах үндсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Учир нь Засгийн газрын 214 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3-д маш тодорхой заасан байдаг. Уг тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө, аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар тухайн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэхүү зөвлөлийг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалтнаар томилсон. Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 221 дүгээр тогтоолоор зөвлөлийн даргыг удирдах ямар нэг эрх олгогдсон эрх зүйн акт байхгүй. Эрх олгогдсон эсэхийг тогтоогдоогүй байдаг. Зөвлөгөөнөөр хэлэлцэлгүйгээр Засгийн газрын 221 дүгээр тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн. 

Манай компанийг дахин зээлд хамруулахгүй байх, уг тогтоолын 6.1-д заасан хориглосон зөрчил гаргасан эсэхийг тогтоолгүй зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж дахин зээлд хамруулахгүй байх арга хэмжээ авч байгаа нь бизнесийн эрх ашиг, цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа тул манай хуульд заасан эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар эрхийн бус субъект зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхгүйгээр төрийн нарийн бичгийн дарга гэдэг байр сууринаас мэдэгдэл гарган, түүгээрээ захиргааны акт гарган эрх ашгийг зөрчсөн байгаа юм.

Улсын Их Хурлын 30 дугаар тогтоол, Засгийн газрын 221 дүгээр тогтоол нь тусгайлсан журам. Энэ журам дээр маш тодорхой зааж өгсөн. Төрийн нарийн бичгийн дарга бие даан шийдвэрлэх биш тусгай төрийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэнэ гэдгийг нарийвчлан тогтоосон байгаа юм. Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад энэ асуудлыг шийдвэрлэх эрх олгосон дээд шатны байгууллагын ямар нэг тушаал байхгүй. Эсрэгээрээ Хүнс, хөдөө, аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад байгаа юм. Сая хэлж хариуцагч тал хэлж байна. Төрийн нарийн бичгийн дарга Засгийн газрын шийдвэрийг удирдлага болгоно. Тиймээс бид Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад тусгайлан олгосон эрх байгаагүй гэж үзэж байгаа. Олгосон гэдэг дээр ямар нэг маргаан байхгүй. Хүчингүй болгосныг хуулийн дагуу хүчингүй болгоогүй гэдэг маргаан байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/2341 тоот албан бичиг дээр “хяналт тавих, тайлагнах журмын 6.6 дахь заалтыг зөрчсөн байх тул холбогдох арга хэмжээг авна уу” гэсэн байгаа болохоос зөрчсөнийг бид тогтоосон гэсэн үг өгүүлбэр байхгүй байна. Холбогдох арга хэмжээг авна уу гэдэг нь хууль дүрэм, журмын дагуу арга хэмжээг авах юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Н хг” ХХК нь “С и” ХХК нэртэй байхдаа Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлэнд хамрагдсан байна.

Энэ тогтоолоор Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртгийн өр шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулан нэг тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалсан эх үүсвэрээс дээрх чиглэлийн зээлийг олгох асуудлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Энэ зээл олгох үед тус компани “К к”ХХК нэртэй байсан ба зээлийг барьцаа хөрөнгө хүрэлцэхгүйгээс өөрсдийн толгой компани болох “С и” ХХК-ийн нэрээр авах хүсэлтийг уламжилж зээлээ энэ компанийн нэрээр анх авсан байдаг.

Зээл авах үед ноолууран ээрмэл үйлдвэрлэн жигд ажиллаж, олон жижиг дунд үйлдвэрлэлд захиалгаар нийлүүлдэг байсан. Энэ зээлийг “С и” ХХК аваад чадлаа нэмэгдүүлэх зориулалтаар авсан боловч, эздүүдийн маргаанаас зогссон. Зээлийг гүйцэтгэл болон үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй, удаа дараа шаардсан боловч зээлийн хэрэгжилтийн тайланг ирүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас сая тайлбарлаж байна. Төрийн нарийн бичгийн даргын бичгээр гаргасан тайлбар нь өөрийн чиг үүрэгт үл хамаарсан асуудлаар захиргааны акт гаргасан гэдгийг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгддөг. Аж үйлдвэрийн яам гэсэн чиг үүрэгт хүнд буюу хөнгөн үйлдвэр гэсэн хоёр том салбар хамаарч байсан. Зээлтэй холбоотой асуудал нь хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарах асуудал. Хөнгөн үйлдвэрийн салбарын Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулиар Засгийн газрын шийдвэр нь үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж биелэлтийг хангуулах үүрэгтэй. Яам ийм үүрэгтэйгээс гадна Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, хуулийг хэрэглэж байгаа практикийг судалж нэгтгэж санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах эрхтэй.

Яамны төрийн нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг удирдлага болгон ажиллах үүрэгтэй. Чиг үүрэгт хамаарахгүй заалт биш хамаарах заалт байгаа юм. Мөн Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдаан, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, явц биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Энэ хяналт тавих үүргийнхээ дагуу ажлын хэсэг томилж зээл авсан бүх байгууллагуудад шалгалт хийсэн. Шалгалт хийх явцад “Н хг” ХХК-ийн захирал руу ноосны асуудал хариуцдаг байсан мэргэжилтэн утсаар хоёр удаа залгахад утсаа авахгүй байсан ба шалгалтад хамрагдаагүй юм. Бүрэн эрхийн асуудлаар холбогдох байгууллагатай шууд харилцах эрхтэй. Тиймээс холбогдох хууль эрхийнхээ дагуу бичгээр гаргасан үйлдэл нь хүчинтэй.

Зөвлөлөөр хэлэлцүүлсэнгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл зөвхөн зээлтэй холбоотой зөвлөл гэж байдаггүй. Төрийн нарийн бичгийн даргын дэргэд яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн зөвлөл ажилладаг. Тэр зөвлөл нь тухайн яамтай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Бид нар өмнө нь гуравдагч этгээд буюу хөндлөнгийн гэрчээр өмнө нь ноос ноолуурын салбар хариуцаж байсан н.Б ийг дуудан тайлбар авсан. Тайлбарт “шүүх рүү явсан, банк руу явуулж байгаа энгийн зээл рүү шилжүүлсэн бичгийг боловсруулахдаа Төрийн нарийн бичгийн даргын дэргэд байдаг дарга нарын бүрдсэн зөвлөлтэй ярилцаж байж явуулсан” гэж хэлсэн байдаг. Энэ тайлбарыг үзээсэй гэж хүсэж байна. Уг зээлийг олгоход хамгийн анх зээл олгосон шалтгаан нь мэргэжлийн холбоо санал гаргасан. Санал болгосон үйлдвэр нь мэдээллийн санд байх ёстой. Мөн явцыг нь хянах ёстой байдаг. Гэтэл мэргэжлийн холбоог гадаад, дотоодод төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал байдаг. Гүйцэтгэх захирал мэргэжлийн холбооны ТУЗ-өөс үүрэг, чиглэл өгсний дагуу гадаад, дотоодод төлөөлдөг. Тиймээс нарийн бичгийн даргын утсаар өгсөн мэдээллийг хүчингүйд тооцож байна.

Тусгайлсан журам гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Хөнгөн үйлдвэрийн салбар өөрөө маш том салбар. Үүнтэй холбогдуулан 100 гаруй төсөл хөтөлбөр байдаг. Тэр болгонд яамны бүтэц чиг үүргийг өөрчлөн тушаал гаргах боломжгүй. Хөнгөн буюу хүнсний салбар аж үйлдвэрийн салбарт хамаарч байгаа тул түүнийг дагаж гарсан тушаал, шийдвэр гаргаж шийдвэрлэдэг. Засгийн газрын 221 дүгээр тогтоолд зөвлөл гэж байгаа гэж нэхэмжлэгч хэлж байна. Гэтэл тус тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2-т зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн зээлийг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Хэрэв тусгайлан заасан бол “зөвлөл нь” гэж чиглүүлэх ёстой. Ямар ч зөвлөлийг байгуулан нэгэнт гарсан тушаал шийдвэрт хяналт хийх үүрэгтэй. Энэ болгон тушаал, шийдвэр гаргана гэж байхгүй. Учир нь төрийн байгууллага ерөнхий чиг үүрэгтэй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал эрх бүхий этгээд шийдвэр гаргаж мэдэгдэл өгсөн учир эрх ашиг хөндөгдөж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Тухайн тогтоол “Н хг” ХХК тухайн зээлийг авч ямар хэмжээний өр төлбөрийг төлсөн мөн ноос ноолуурын зээлийг аван хэдий хэмжээний зээл авч өр төлбөрөө даран дараагийн зээл авах боломжтой байсан гэдэг нь бүх компанийн гишүүд, захирлууд, гэрчүүд, маргаж байсан 2-3 талууд баталсан байдаг. Тиймээс “Н хг” ХХК зориулалтын дагуу зээлийг зарцуулаагүй гэдэг нь холбогдох эрх бүхий байгууллагуудын шалгалтаар нотлогдож байна. Тиймээс Авилгатай тэмцэх газрын бичиг Аж үйлдвэрийн яаманд ирсэн. Төрийн нарийн бичгийн дарга Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10-д заасан эрх үүргийнхээ хүрээнд захиргааны актын мэдэгдлийг хүргүүлэх эрх бүхий этгээд юм. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа захиргааны актыг илт хууль бусад тооцох хүсэлтийг хангах нь үндэслэлгүй юм гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Авилгатай тэмцэх газрын албан бичигт зөрчсөн байх тул гэж нэхэмжлэгч тал маргаж байна. Авилгатай тэмцэх зөрчилтэй байна гэдгийг тогтоож, үүний дагуу тодорхой арга хэмжээг авч ажиллана уу гэж чиг үүргийнхээ дагуу тогтоосон тул мэдэгдэл өгсөн байна. Энэ мэдэгдлийн дагуу Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шийдвэрээ гарган банкинд хүргүүлсэн байна. 2014 оны 11 дүгээр сарын Засгийн газрын тогтоолоор Аж үйлдвэрийн яам шинээр бүтэц зохион байгуулагдсан. 2016 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дэргэд зөвлөл байгуулагдаагүй гэдэг нь өнөөдрийг хүртэл шүүхийн процессод тодорхой байгаа. Тиймээс зөвлөл байгуулагдаагүй бол төрийн нарийн бичгийн дарга эрх бүхий этгээд юм. Мэдэгдэл хүргүүлэх, зориулалтын дагуу зээлээ ашиглаагүй бол мэдэгдэл хүргүүлэх чиг үүрэг бүхий этгээд шийдвэр гаргасан тул илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “Н хг” ХХК-иас “Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот “С и” ХХК-д олгогдсон  хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон мэдэгдэл буюу маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцуулахаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ / хх 1-р хавтас 22-25/. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасныг үндэслэн шүүгчийн захирамж /хх 1-р хавтас 100-101/-аар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг жинхэнэ хариуцагчаар сольжээ. 

“С и” ХХК нь 2015 онд оноосон нэрээ “Н хг” ХХК болгон өөрчилсөн гэдэг нь улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна /хх 1-р хавтас 6/.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа маргааны үйл баримтын талаар /он дарааллаар/:

-Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр нэмэгдсэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрч, улмаар уг зээл олгоход тавигдах шаардлага, үнэт цаасны санхүүгийн эх үүсвэрийг тогтоосон холбогдох журмын төслийг 2011 оны эхний хагаст багтаан батлан мөрдүүлэхийг Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан 30 дугаар тогтоолоор Засгийн газарт даалгажээ /хх 2-р хавтас 1-2/. Уг тогтоолыг үндэслэн Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр дэмжих зорилгоор  Засгийн газраас 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр тогтоолыг баталжээ /хх 1-р хавтас 246-250/. 

-Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр тогтоолыг үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар “Засгийн газрын бондын эх үүсвэрээр ноос, ноолуурын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн ирүүлсэн төслийг хэлэлцэн, салбарын бодлоготой уялдуулан сонгон шалгаруулж дэмжих, хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг баталжээ. Уг Зохицуулах зөвлөлийг шинэчлэн баталсан, уг тушаалыг хүчингүй болгосон аливаа шийдвэр  гараагүй гэдэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх 2-р хавтас 2-р хавтас 33-37/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх 1-р хавтас 127/ зэргээр тогтоогдов. 

-Дээрх тогтоолуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн үндэслэлээр Засгийн газрын бондын эх үүсвэрээс нэхэмжлэгч “Н хг” ХХК буюу хуучин нэрээр “С и” ХХК-д таван тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн гэдэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “К к” ХХК-д 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/2496 албан тоот /хх 1-р хавтас 67/, мөн Төрийн нарийн бичгийн даргаас Г банкруу хүргүүлсэн  2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2803 албан тоот /хх 1-р хавтас 66, 136/ зэргээр тогтоогдож байна. 

Энэхүү зээл нь анх “С и” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “К к” ХХК-ийн нэр дээр олгогдож, “К к” ХХК-ийн хүсэлтийн дагуу уг зээлийг “С и” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэдэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас Г банкруу хүргүүлсэн  2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1/2803 албан тоот /хх 1-р хавтас 66, 136/, компаниудын Хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчдын шийдвэр, хуралдааны тэмдэглэл /хх 1-р хавтас 158-162/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх 1-р хавтас 125/ зэргээс тогтоогдож байна. 

Улмаар “С и” ХХК нь Засгийн газрын бондын эх үүсвэрээс санхүүжүүлэн Г банкнаас дөрвөн тэрбум нэг зуун сая төгрөгийн зээлийг 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатайгаар авсан гэдэг нь Дамжуулан зээлдүүлэх гэрээ /хх 1-р хавтас 13-15/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдов.

-Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ““С и” ХХК-ийн захирал нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад “С и” ХХК нь Г банкнаас авсан дөрвөн тэрбум нэг зуун сая төгрөгийн зээлээ өөр бусад аж ахуйн нэгжүүдийн зээл, зээлийн хүүг төлөхөд зарцуулж, зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон, уг үйлдэл нь Засгийн газрын 2011 оны 211 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 1.2, 6.1, 6.2-т заасан болон “Дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ”-ний заалтыг зөрчсөн тул холбогдох арга хэмжээ авч яаралтай мэгдэгдэнэ үү” гэсэн агуулга бүхий 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 06/9365 албан бичгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлжээ /хх 1-231/.

Уг албан бичгийн дагуу Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, хяналт шалгалтыг нэхэмжлэгч компанид 2014 оны 09 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хийсэн, Ажлын хэсэг үйлдвэр дээр очиход ажиллаагүй байсан, Аж үйлдвэрийн яам байгуулагдснаас хойш тусгайлсан хяналт шалгалтыг хийгээгүй гэдэг нь Аж үйлдвэрийн Яамнаас Авилгатай тэмцэх газарт явуулсан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07/1022 албан бичиг /хх 1-р хавтас 242/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх 1-р хавтас 125-127/ зэргээр тогтоогдож байна. 

Үүний дараа мөн Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс “эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад зээлийг зориулалт бусаар зарцуулсан нь “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах” журмын 1.2, 6.1, 6.2-т заасныг зөрчсөн байх тул холбогдох арга хэмжээг авч хариу мэдэгдэнэ үү” гэсэн агуулга бүхий 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 06/2341 тоот албан бичгийг Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна / 1-р хх 49/. 

Аж үйлдвэрийн яамны Төрийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 албан бичиг буюу маргаан бүхий актаар “зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг АТГ-аас тогтоосон, Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үндэсний үйлдвэрлэгчийг Засгийн газрын бондын эх үүсвэрээс дэмжих хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах” журмын 6.1, 6.2-т заасныг үндэслэн “Н хг” ХХК-д олгосон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцон шийдвэрлсэнийг” “С и” ХХК-д мэдэгдсэн байна /1-р хавтас хх 7/.

Маргаан бүхий актыг гаргахдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар батлагдсан Зохицуулах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлээгүй харин яамны дэргэдэх газрын  дарга нарын зөвлөлөөр хэлэлцүүлсэн, уг актыг Зохицуулах зөвлөл  гаргаагүй гэдэг нь шүүх хуралдааны явцад гаргасан хариуцагч талын тайлбарууд /хх 2-р хавтас 33-37/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх 1-р хавтас 127/ зэргээс тогтоогдож байна. 

Мөн Аж үйлдвэрийн яамнаас Авилгатай тэмцэх газарт 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1182 тоот албан бичгээр “Танаас ирүүлсэн албан бичгийн дагуу дараах арга хэмжээг авлаа. Үүнд: “С и ХХК /К к ХХК/-д хөнгөлттэй зээлийг дамжуулан олгосон Г банкинд уг зээлийг хүчингүйд тооцож, энгийн арилжааны зээлд шилжүүлэн, зээлийн эх үүсвэрийг тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэх талаар албан тоот хүргүүлсэн.” гэсэн агуулга бүхий хариуг хүргүүлжээ /хх 1-р хавтас 77/. 

Аж үйлдвэрийн яамнаас Г банкинд “Авилгатай тэмцэх газраас  С и ХХК /К к ХХК нь зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүйг шалгаж тогтоосон, яамны ажлын хэсгээс үйлдвэр дээр очиход ажиллаагүй байсан, Засгийн газрын журмын заалтыг зөрчсөн гэж үзэн зээлийг хүчингүйд тооцон арилжааны зээлд шилжүүлж, зээлийн эх үүсвэрт зарцуулсан хөрөнгийг тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлэх арга хэмжээ авна уу” гэсэн агуулга бүхий  2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1180 албан бичгийг хүргүүлсэн  байна /хх 1-р хавтас 78/. 

Уг албан бичгийг үндэслэн “Г банк” ХХК-иас нэхэмжлэгч компанид 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 07/929 бичгээр “зээлийн өрийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны дотор бүрэн төлж барагдуулах, банк зээлийн эх үүсвэрийг Аж үйлдвэрийн яаманд төлж, зээлийг бүхэлд нь өөрийн эх үүсвэрийн зээлд шилжүүлэх тул зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг ирүүлэх тухай” мэдэгдсэн байна / хх 1-р хавтас хх 3/.

Дээрх байдлуудаас дүгнэхэд Авилгатай тэмцэх газраас зээлийг зориулалтын бусаар зарцуулсныг тогтоож, үүнийг үндэслэн Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас “С и” ХХК-д олгогдсон хөнгөлттэй зээлийг хүчингүй болгон уг зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татаж, уг эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлж, нэхэмжлэгч компанийн зээлийг энгийн арилжааны зээлд шилжүүлсэн, талуудын гэрээний дагуу зээлийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байсан бөгөөд уг зээлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татсан талаар нэхэмжлэгч, Г банк, Авилгатай тэмцэх газарт мэдэгдсэн, Зохицуулах зөвлөлийг шинэчлэн баталсан, зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан тушаалыг хүчингүй болгосон аливаа шийдвэр  гараагүй, хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгохдоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар батлагдсан Зохицуулах зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлээгүй харин яамны дэргэдэх газрын  дарга нарын зөвлөлөөр хэлэлцүүлсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

       -“Н хг” ХХК-иас маргаан бүхий актын талаар Аж үйлдвэрийн сайдад 2016 оны 05 дугаар сарын 17, 2016 оны 08 дугаар сарын 05 өдрүүдэд гомдол /хх 1-р хавтас 9, 10/ гаргаж,  хариуг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/173 дугаар албан бичиг /1-р хх 8/-ээр нэхэмжлэгч компанид өгсөн байна.

          Гэвч нэхэмжлэгч компани уг хариу мэдэгдлийг мэдэлгүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16/13 тоотоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад хүсэлт гаргахад 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/722 тоот албан бичгээр хариу өгсөн байна / 1-р хх 12/. 

         Үүний дараа нэхэмжлэгч компани нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. 

Талуудын маргаж буй үйл баримтын талаар:

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нэхэмжлэгч талын тайлбаруудыг дүгнэхэд нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр маргаан бүхий актыг илт хууль бус гэж маргажээ: “хөнгөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалган тогтоох эрхгүй этгээдийн албан бичгийг үндэслэн  акт гаргасан, уг зөрчлийг эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй, хариуцагч өөрт эрх олгогдоогүй, өөрт хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан, актын улмаас нэхэмжлэгч компанийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, цаашдын үйл ажиллагаа зогсох үр дагавар үүссэн.”  /хх 1-р хавтас 1-2, 2-р хавтас 33-39/.

Харин хариуцагч талын тайлбаруудаас дүгнэхэд хариуцагч талаас дараахь үндэслэлээр маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж маргажээ: “нэхэмжлэгч нь зээлийн гүйцэтгэлийн тайлангаа ирүүлж байгаагүй, шалгалт хийхэд үйлдвэр нь хаалттай байсан, зориулалтын дагуу зээлийг зарцуулаагүй гэдгийг Авилгатай тэмцэх газар тогтоосон, чиг үүргийнхээ дагуу хийсэн Авилгатай тэмцэх газрын шалгалтыг үндэслэн актыг гаргасан, Зохицуулах зөвлөл яамны шинэ бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинэчлэн байгуулагдаагүй, Бүрэлдэхүүн баталсан тушаал тухайн яамны Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчинтэй байж дуусгавар болж байгаа, одоо хүчингүй учир Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Газрын дарга нарын зөвлөлөөр хэлэлцэж актыг гаргасан, хариуцагч нь хуулиар Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх, хяналт тавих ерөнхий чиг үүргийнхээ дагуу актыг гаргасан.” /хх 1-р хавтас 31, 32, 109-110, 2-р хавтас 33-39/.

 

Шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүнийг талуудын маргаж буй үйл баримттай холбон дүгнэсэн талаар:

Маргаан бүхий актаар буюу Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр  сарын 20-ны өдрийн 03/1181 тоот албан бичгээр “С и” ХХК-д олгогдсон  хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцон шийдвэрлэж, энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгджээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ...бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа мэдэгдэл нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх захиргааны үйл ажиллагааны хэлбэр болох тодорхой нэг тохиолдлыг зохицуулах, захиргааны актын гадагш чиглэсэн болон эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн захирамжилсан шинжийг агуулж байна. Тодруулбал, дээрх мэдэгдлээр нэхэмжлэгч компанид олгогдсон хөнгөлттэй зээлийг хүчингүй болгоход чиглэсэн бөгөөд талуудын гэрээний дагуу зээлийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг зээлийн эх үүсвэрийг эргүүлэн татаж, уг эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлж, энгийн арилжааны зээлд шилжүүлсэн зэрэг үр дагавар бий болж энэ нь нэхэмжлэгч компанийн хөнгөлттэй зээлийн эх үүсвэрээр бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх эрх, хөнгөлттэй зээлээ хугацаанаас өмнө цуцлуулахгүй байх ашиг сонирхолд нөлөөлсөн гэж үзэхээр байна. 

Талуудын маргаж байгаа хөнгөлттэй зээлийг хүчингүй болгохтой холбоотой харилцааг Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 221 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 6.1-д “Үйлдвэр зээлийг дор дурдсан үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно:” 6.1.3-д “ноос, ноолуурын үйлдвэрээс бусад үйлдвэрлэлийн чиглэлд зарцуулах;” 6.2-д “Энэ журмын 6.1-д заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан ноос, ноолуурын үйлдвэртэй холбоотой асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн зээлийг хүчингүй болгох, зээлийг хүүгийн хамт эргэн төлүүлэх, зээлд дахин хамруулахгүй байх арга хэмжээг авна. ” гэж зохицуулжээ.  

Мөн тогтоолын 3.1, 3.2, 3.3, 3.4-д “Зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Зөвлөлийн бүрэлдхүүнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол банк, Монголын ноос ноолуурын холбоо, Монгол ноолуур нэгдэл, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол шийп вүүл нэгдэлийн төлөөлөл орсон байх, Зөвлөлийн дарга нь Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх, Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх, Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсноор хуралдааныг хүчинтэйд тооцох, Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж зөвлөмж гаргана. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлж, дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулах”-аар тус тус заажээ. Уг тогтоолын 5.1-д Зээлийг зориулалтын дагуу олгох, зарцуулах үйл ажиллагаанд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавьж ажиллахаар мөн заажээ. 

Нэхэмжлэгч компанид зохицуулах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн олгохоор шийдвэрлэгдсэн хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгох асуудлыг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх яамны Газрын дарга нарын зөвлөлөөр хэлэлцсэн гэдэг нь үйл баримтаас тогтоогдсон. Үүнээс үзэхэд Засгийн газрын тогтоолоор эрх олгогдсон олон байгууллагын төлөөлөл бүхий Зохицуулах зөвлөлийн бүрэлдхүүнтэй хуралдаанаар хэлэлцэж, хамтран шийдвэр гаргаагүй харин зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэдэг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дангаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Энэхүү  хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хамтын удирдлагатай захиргааны байгууллагын шийдвэрийг нэг гишүүн дангаар, цөөнхөөр, эсхүл эрх олгогдоогүй этгээд гаргахгүй.” гэж заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:” 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж заасны дагуу маргаан бүхий акт нь илт хууль бус захиргааны акт байна.

Хариуцагч талаас “нэхэмжлэгч нь зээлийн гүйцэтгэлийн тайлангаа ирүүлж байгаагүй, шалгалт хийхэд үйлдвэр нь хаалттай байсан, зориулалтын дагуу зээлийг зарцуулаагүй гэдгийг Авилгатай тэмцэх газар тогтоосон, чиг үүргийнхээ дагуу хийсэн Авилгатай тэмцэх газрын шалгалтыг үндэслэн актыг гаргасан,...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь энэхүү маргаж байгаа нөхцөл байдал Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолын 5.1-д “Зээлийг зориулалтын дагуу олгох, зарцуулах үйл ажиллагаанд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хяналт тавьж ажиллана.” гэж заасны дагуу Аж үйлдвэрийн яамнаас зээлийн зарцуулалтад хяналт тавих үүргийнхээ дагуу хийсэн үйл ажиллагаа, Авилгатай тэмцэх газар нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад зээлийг нэхэмжлэгч компани зориулалтын дагуу зарцуулаагүй нөхцөл байдлын талаар хариуцагч байгууллагад мэдээлсэн зэрэг үйл ажиллагаа байна. 

Уг хяналт тавьсан үйл ажиллагаа, мэдээллийг үндэслэн журмын 6.2, 3.3, 3.4-д заасны дагуу Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар нэхэмжлэгч нь зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд дүгнэлт өгч хүчингүй болгох асуудлыг хэлэлцэн, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэхээр байтал уг үүргээ биелүүлэхгүйгээр асуудлыг дангаар шийдвэрлэсэн байна. 

Мөн хариуцагч талаас “Зохицуулах зөвлөл яамны шинэ бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинэчлэн байгуулагдаагүй, Бүрэлдэхүүн баталсан тушаал тухайн яамны Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хүчинтэй байж дуусгавар болж байгаа, одоо хүчингүй учир Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Газрын дарга нарын зөвлөлөөр хэлэлцэж актыг гаргасан, хариуцагч нь хуулиар Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх, хяналт тавих ерөнхий чиг үүргийнхээ дагуу актыг гаргасан.” гэж маргаж байгаа үндэслэлийг дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна: Маргааны үйл баримтаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар баталсан Зохицуулах зөвлөлийг шинэчлэн баталсан, уг тушаалыг хүчингүй болгосон аливаа шийдвэр  гараагүй гэдэг нь тогтоогдсон. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу Сайд нь эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах эрхтэй бөгөөд түүний биелэлтийг хангах үүрэгтэй. Иймээс сайд өөрийн өмнө гаргасан тушаалыг хүчингүй болгоогүй, шинэчлэн батлаагүй учир Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаал хүчин төгөлдөр бөгөөд уг тушаалын дагуу байгуулагдсан Зохицуулах зөвлөл нь үйл ажиллагаа явуулна. Түүнчлэн Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолын 3.2, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/128 дугаар тушаалаар баталсан Зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын ноос, ноолуурын холбоо, Монгол ноолуур нэгдэл, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол шиип вүүл нэгдэлийн төлөөлөл байхаар заасан. Гэтэл зөвхөн Аж үйлдвэрийн яамны төлөөлөл болох Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Яамны газрын дарга нараас бүрдсэн төлөөлөлтэй хуралдаанаар хөнгөлөлттэй зээлийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцсэн нь үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх эрх, хөнгөлттэй зээлээ хугацаанаас өмнө цуцлуулахгүй байх ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н хг” ХХК-ийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Аж үйлдвэрийн яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлээр “С и” ХХК /компанийн, нэр өөрчлөгдөж “Н хг” ХХК болсон/-д олгогдсон хөнгөлөлттэй зээлийг хүчингүйд тооцсон шийдвэрийг илт хууль буст тооцуулах тухай” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03/1181 тоот мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ              А.САРАНГЭРЭЛ