Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/58

 

 

 

 

 

 

   2023           1              11                                           2023/ДШМ/58

 

Ц.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Төгөлдөр,

хохирогч Ш.Ны өмгөөлөгч Б.Оюунчимэг,

иргэний нэхэмжлэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Ариунболд, Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/999 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Эад холбогдох эрүүгийн 2109 00780 1158 дугаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн Цны Э, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэл судлал мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эх, хүүхдийн хамт ............. дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух, /РД:...................................../,  

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял,  

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

            Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 08-90 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, хар өнгийн “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийг “би худалдан авъя, 1 сарын дотор мөнгийг нь өгнө” гэж худал амлан бусдаар дамжуулан хохирогч Ш.Наас авахдаа бусдын нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 127.206.199 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Цны Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 16.620.000 /арван зургаан сая зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 3 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 6 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч Ц.Эад нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 127.206.199 /нэг зуун хорин долоон сая хоёр зуун зургаан мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Нд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан WDCYC7BF4BX189003 арлын, УНЛ 08-90 улсын бүртгэлийн дугаартай хар өнгийн “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тухайн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлд үлдээж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Ц.Эыг бусдыг хуурч, зохиомол байдал зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэх хэсгийг эс зөвшөөрөн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Ц.Э нь бусдыг залилан мэхлээгүй, нөхцөл байдлыг буруугаар ойлгож бусдад хохирол учруулсан гэж үзэж болохоор нөхцөл байдал анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой болсон байтал шүүх энэхүү нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь, хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судлах, шүүгдэгч, хохирогч, гэрчийн шүүхийн шатан дахь шинэчилсэн мэдүүлгээр өөрөөр мэдүүлдэг буюу гэрч Д.Нхгийн өөрийн өмчлөлийн автомашин мөн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг. /бусдын нэр дээр буюу хохирогч Ш.Ны нэр дээр бүртгэлтэй тухай/ Мөн шүүгдэгчийн энэхүү автомашин нь гэрч Д.Нхгийн өөрийн өмчлөлийн автомашин мөн бөгөөд удаан хугацаанд хамтран түншилж байсан, хоорондоо өглөг, авлагын харилцаа байсан ба /зээлийн харилцаа байсан ба өөрийн өмчлөлийн олон эд хөрөнгийг гэрч Д.Нхд барьцаалсан байсан/ тэдгээрийн зөрүү төлбөрт харилцан тохирч шилжүүлэн авлаа гэж ойлгосон тухай.

Хохирогч Ш.Ны “Ц.Э нь тээврийн хэрэгслийг би 180.000.000 төгрөгөөр бэлнээр худалдан авъя” гэсэн санал тавьсан, 160.000.000 төгрөгийг өгнө” гэх бичиг хийж өгсөн гэх мэдүүлэг нь худал болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогддог зэргийг шүүх дүгнэлгүй Ц.Э нь бусдыг залилан мэхэлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай. Мөн нэмж хэлэхэд анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны шатанд хохирлыг нөхөн төлөх тухай хүсэлт гарган шүүх хуралдааныг хойшлуулсан боловч тухайн хугацаанд хохирлыг барагдуулах ажиллагааг хэрэгжүүлж амжаагүй ч энэхүү ажиллагааг үргэлжлүүлсээр байсан ба одоогийн байдлаар хохирлыг бүрэн барагдуулсан буюу жинхэнэ өмчлөгч Д.Нхтэй харилцан тохирч хохирлыг бүрэн барагдуулсан болно.

Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоож оногдуулсан ялын хугацааг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Гэрч Д.Нх уг хэрэгт хамааралгүй гэдэг. Д.Нх нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажилллаж байсан. Үүнтэй холбогдуулаад Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргахад Д.Нхд холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ба өнөөдөр өглөө хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаарх тогтоолыг нь авах гэсэн боловч чадсангүй. Уг хэргийн нотлогдвол зохих байдлууд хангалттай нотлогдож чадаагүй.” гэв.

Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнгөрсөн долоо хоногийн 4 дэх өдөр Авлигатай тэмцэх газраас хүн ирж надаас байцаалт авсан. Би мэдүүлэхдээ, Д.Нхд 5 ширхэг хөөрөг, эмээл зэргээ барьцаанд өгсөн. Түүнийгээ авна гэхээр “би барьцаалж аваагүй” гээд байдаг. Гэтэл байцаагчаас “Д.Нхгийн гэрээс 13 ширхэг хөөрөг хураагдсан. 13 ширхэг хөөргөнөөс чи өөрийнхөө хөөргийг хараад таних уу” гэхэд нь би “танина” гэсэн. Д.Нхтэй 19 жил нөхөрлөсөн. Урьд нь мөнгө, төгрөг өгөлцөж авалцах асуудал байсан ба Баянмонгол хорооллын хоёр байртай холбоотой асуудлаар бид хоёр шүүхээр шийдвэрлүүлж байсан. Би Н гэх хүнийг танихгүй, гэрээ ч байгуулаагүй. 1 сарын дотор би 100 сая гаруй төгрөг бэлнээр өгнө гэж тохиролцсон байх боломжгүй. Тухайн үед “Ковид-19” гарч эхэлж байсан. Ийм үед би энэ их мөнгийг өгнө гэж хэлж аваагүй. Д.Нх миний эд зүйлийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн атлаа би зарах гээд хүн дагуулаад очихоор үзүүлдэггүй. Барьцааны зүйлээ авах гэхээр надаас маш их хүү нэхдэг. Би Д.Нхгээс нийт 107 сая төгрөг зээлсэн бөгөөд өөрийнхөө 6 ширхэг эд зүйлийг барьцаалсан. Д.Нх өөрийнхөө ажил дээрээ намайг дуудаж өөрөө санал тавьж машиныг зарсан. Уг машиныг урд нь Сүхболд гэх хүнээс худалдаж авч байсан. Дараа нь надад уг машиныг зарсны дараа Сүхболдоос дахиад машин авсан байдаг.” гэв.

Хохирогч Ш.Ны өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Автомашинууд хохирогч Ш.Ны нэр дээр байсан болох нь лавлагаагаар тогтоогддог. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Машин хэний өмчлөлийнх вэ гэдэг дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгч Ц.Э гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байдаг. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Д.Нх мэдүүлэхдээ “миний өмчлөлийнх” гэж хэлсэн талаар өмгөөлөгч Б.Ариунболд ярьж байна. Шүүх хуралдааны явцад гэрч Д.Нх “миний өмчлөлийнх” гэх асуудлыг яриагүй. Харин анх “Бенз” загварын машиныг Ш.Наас худалдаж авахаар тохиролцоод 30 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн байсан боловч үлдэгдэл мөнгөө өгч чадахгүй байсан. Иймд уг машиныг “би авч чадахгүй юм байна. Чи өөр боломжтой хүн байвал зарчих. Би чамд өгсөн урьдчилгаа 30 сая төгрөгөө машиныг чинь зарагдахаар авна” гэж ярьж тохиролцсон гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Ц.Э гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд хохирол төлбөрийг төлөхөөр завсарлага авах хүсэлт гаргасан. Шүүхээс уг хүсэлтийг хангаж 5 хоногийн хугацаа өгсөн боловч шүүгдэгчийн зүгээс уг хугацаандаа хохирлыг нөхөн төлж чадаагүй. Өнөөдрийг хүртэл хохирлыг төлөөгүй байгаа. Иймд шүүгдэгч Ц.Эад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/999 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч Д.Нх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэг удаа мэдүүлэг өгсөн. Мөн Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэл хохирогч Ш.Ны өмч болох нь тогтоогддог. Тухайн үед шүүгдэгч Ц.Эад шилжүүлэх үед байсан хүмүүсээс мэдүүлэг авсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн тээврийн хэрэгсэл нь Ш.Ны өмч болох нь тогтоогддог. Мөн бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Э болон түүний өмгөөлөгч нараас энэ талаар нэг ч дурдаагүй атлаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “Д.Нхг залилах гэж байгаад өөр хүн залилсан” гэх утгатай зүйлийг ярьж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/999 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 08-90 УНЛ улсын бүртгэлийн дугаартай, хар өнгийн “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийг “би худалдан авъя, 1 сарын дотор мөнгийг нь өгнө” гэж худал амлан хохирогч Ш.Наас бусдын нэр дээр шилжүүлэн авч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 127.206.199 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Ны “...Э нь та эхлээд өөрийн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээд өгчих түүний дараа шууд мөнгийг чинь бэлнээр нь өгье гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учир миний бие уг саналыг хүлээн зөвшөөрөөд уг өдөр ...өөрийн эзэмшлийн 08-90 УНҮ улсын дугаартай, хар өнгийн “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийг Эад шилжүүлэн өгөх гэсэн боловч Э нь “надад шилжүүлээд яах гэсэн юм бэ, надтай хамт явж байгаа Бс гэдэг эмэгтэйд шилжүүлээд өгчих” гэж надад хэлсэн. Тухайн үед миний бие Эыг хөөрөг болон үнэт эдлэлийн наймаа хийдэг байсан учраас ямар ч байсан Этай тохиролцсон юм чинь гэж бодоод хамт явж байсан Бс гэдэг хүнд ямар нэгэн урьдчилгаа авалгүйгээр шууд шилжүүлээд өгсөн. ...Надад Э нь “тээврийн хэрэгслийн төлбөр мөнгө 160.000.000 төгрөгийг өгнө” гэсэн бичгийг өөрийн гараар үйлдээд өгье гэж хэлээд надад бичиг хийж өгсөн. ...би ямар ч хохирлын мөнгө авсан асуудал байхгүй...” /хх 24-25/,

гэрч Б.Бсы “...Манай ах Бб нь хүмүүст зээл олгодог ажил эрхэлдэг. ...Бб ах над руу 2019 оны 8 дугаар сард залгаад Ш гэдэг хүн надаас мөнгө зээлсэн. Зээлсэн мөнгөний оронд тээврийн хэрэгсэл барьцаална гэж байна. Миний дүү Штай уулзаад машиныг нь нэр дээрээ шилжүүлээд авчих гэж хэлсэн. ...Тэгээд өөрийн нэр дээр хар өнгийн “Жи класс” загварын тээврийн хэрэгслийг үл таних эмэгтэйгээс шилжүүлэн авсан. ...1 сарын дараа Бб ах дахин залгаад Ш нь зээлсэн мөнгөө өгчихсөн. ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг нь буцаагаад нэр дээр нь шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Тухайн өдөр Ш ахтай уулзсан чинь хамт Э гэдэг хүнтэй явж байсан бөгөөд ...Шд шилжүүлэн өгөх гэсэн чинь Ш нь Э гэдэг хүнд итгэмжлэлээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн. ...өөрийн нэр дээр байсан хар өнгийн “Жи класс” загварын тээврийн хэрэгслийг Э гэдэг хүнд итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. ...2019 оны 11 дүгээр сард Ш ах над руу яриад ахын дүү Эад итгэмжлэлээр өгсөн “Жи класс” загварын тээврийн хэрэгслийг өөр хүнд шилжүүлж өгөхөөр боллоо гэж хэлсэн. Түүний дагуу Ш ахтай хамт ...өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг нотариатаар худалдах, худалдан авах гэрээний дагуу Мт гэдэг хүнд өмчлөлийг шилжүүлэн өгсөн...” /хх 28-29/,

гэрч Д.Ббын “...Ш нь “Энххарш” ХХК-иас 60.000.000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасан. ...Бсд Ш нь чиний нэр дээр барьцаанд ...08-90 УНЛ улсын дугаартай, хар өнгийн “Жи класс” загварын тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэн өгнө шүү гэж хэлсэн. ...Үүнээс 1 сарын дараа Ш нь барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийн зээл болох 60.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн учир “барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг Шд шилжүүлээд өгчхөөрэй” гэж хэлсэн. ...Бс миний дүү ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалж зээлсэн мөнгө нь буцаад ороод ирсэн учир Штай холбогдоод хэнд шилжүүлж өгнө гэж байна, тэр хүнд нь шилжүүлээд өгчхөөрэй гэж хэлсэн. ...Ш надаас удаа дараа зээл авч байсан. Тэгээд хугацаандаа зээл төлж байсан учир итгэсэн. Ш нь надад хэлэхдээ хүнээс авлагад ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг авч байгаа юм... гэж хэлсэн. Тэгээд Шд итгээд зээл гаргасан...” /хх 30-31/,

гэрч Л.Шын “...2019 оны 8 дугаар сард Э нь Бжтай хамт байхад 08-90 унү улсын дугаартай, хар өнгийн “Жи класс” загварын тээврийн хэрэгслийг авчраад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Нхтэй наймаа хийгээд авсан. Надад мөнгөний хэрэг гарсан юм аа. Та үүнийг хүнд тавиад өгөөч ...гэж хэлсэн. Тэгээд миний бие Ббт хэлээд ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг ББСБ-д барьцаанд тавиад, ...мөнгийг надаас дамжуулж авсан байна уу, эсхүл шууд Бб нь Эад өгсөн эсэх талаар санахгүй байна. ...Би ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийн барьцааны ...мөнгийг Ббт өгөөд Бсд ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сард шилжүүлээд өг гэж гуйсан. Үүний дагуу Бс өөр хүнд шилжүүлэн өгсөн. ...Э нь надад 2019 оны 8 дугаар сард 100.000.000 төгрөгийн өр төлбөртэй байсан. Мөн 2019 оны 8 дугаар сард ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулсан. ...Сүүлд Э нь өөрөө надаас авах ёстой 100.000.000 төгрөгөөс хасаад ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг авчих гэж хэлсэн. ...Э нь та авчих гэж хэлсэн учир төлбөрийг нь өгсөн юм...” /хх 32-33/,

иргэний нэхэмжлэгч Б.Бийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойших хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн нэр дээр байгаа. ...Уг тээврийн хэрэгслийг ...иргэн Гб гэдэг хүнээс ...77-00 ҮАЕ улсын дугаартай, хар өнгийн “Мерседес бенз” загварын тээврийн хэрэгслийг 117.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан...” /хх 32-33/,

гэрч Ц.Гбын “...Би 2021 оны 3 дугаар сарын эхээр Үнэгүй.мн сайтаар ...77-00 УАЕ улсын дугаартай, хар өнгийн ...“Мерседес Жи 55” загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн зарын дагуу 99118640 гэсэн утасны дугаараар нь холбогдож уулзсан. ...миний бие 105.000.000 төгрөгийг 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр машин зарна гэсэн залуугийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд шүрэн толгойтой манан хөөргийг өгсөн. Тэгтэл уг залуу нь манай найзын нэр дээр байгаа машин байгаа юм аа. Би найзыгаа дуудчихлаа гэж хэлсний дагуу Мт гэдэг залуу нь ирээд над руу ...77-00 УАЕ улсын дугаартай, хар өнгийн “Мерседес Жи 55” загварын тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгсөн. Тээврийн хэрэгслийн наймааг Мттэй хийгээгүй. Түүний найз гэх залуу нь надаас дансаараа мөнгө болон хөөргийг авч явсан. ...Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Болормаа овогтой Б /РД:УУ91052373/ гэдэг залууд 117.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу зарсан. Намайг худалдаж авах үед 77-00 УАЕ улсын дугаартайгаа байсан...” /хх 35-36/,

гэрч М.Бжын “...Би Шаас өөрийн авах гэсэн машинаа очиж аваад сарын дараа мөнгийг нь өгчихдөг итгэлтэй хуурай ах, дүүс байсан. Тэр үйлдлийг Ц.Э гадарлаад надаар дамжуулан Штай танилцаж Шаас машин зээлээр авсан боловч зээлээ өгөөгүй. ...Ц.Э нь хэлэхдээ ...Д.Нхгээс худалдаж авсан. Баахан шүрэн хөөрөг байсан түүгээрээ сольж авсан гэж хэлсэн. Тэр машиныг харахад ...Д.Нх унадаг “Бенз Жи класс 550” мөн байсан. Гэхдээ ...нэр шилжүүлэхэд нэг эмэгтэй ирж шилжүүлэн өгч байсан. ...Тухайн тээврийн хэрэгслийг ББСБ-ын ажилтан Бс гэх нэртэй эмэгтэйд шилжүүлэн ББСБ-аас 60.000.000 төгрөгийг Ш авч, Ц.Эаас өрөө авсан. Тэгээд машиныг Ц.Э өөрөө аваад явсан. ...Банк бус санхүүгийн байгууллагад Ц.Э нь зээлээ төлж чадахгүй болохоор Шд зарсан гэж ойлгосон...” /хх 44-46/,

гэрч Д.Нхгийн “...08-90 УБЛ улсын дугаартай “Бенз Жи класс 550” загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 9 дүгээр сард ...180.000.000 төгрөгөөр худалдан авахаар болж, ...30.000.000 төгрөгийг Нд өгч хааяа нэг унаж хэрэглэж байсан. ...би дээрх машиныг өөрөө худалдан авах боломжгүй болсон ба Н тухайн машиныг унадаггүй болохоор энэ талаар Нд хэлж наад машиныг чинь манай нэг танил сонирхоод байна худалдан авъя гэж байна гэж хэлэхэд Н зөвшөөрч, ...Тэгээд Э нь дээрх машиныг худалдан авахаар тохирч 1 сарын дотор уг машины төлбөрийг барагдуулах талаар надад хэлэхээр нь би энэ талаар Нд дамжуулан хэлж наад машинаа өгчих Эын нэр дээр шилжүүлээд өгчих машины мөнгийг төлөхөөр нь би 30.000.000 төгрөгөө авъя гэж тохирсон. ...Тухайн үед Э нь Наас 160.000.000 төгрөгөөр авъя гэж тохирсныг би дамжуулан хэлсэн. Мөн тэр хоёр хоорондоо яриагаа хийсэн. ...тухайн үед машиныг нь зарахад нь Эыг найдвартай хүн л гэж баталгаа гаргаж нэрээ шилжүүлчихээ л гэж хэлсэн...” /хх 49-51, 58-59/,

гэрч Т.Мтийн “...2019 оны 9 дүгээр сард “машин зарна” гэх зарын дагуу ...машиныг нь очиж үзэж, авахаар тохирч, урьдчилгаа 95.000.000 төгрөгийг шилжүүлээд машиныг нь өөрийн грашид байршуулан, ...2019 оны 11 дүгээр сарын дундуур ...үлдэгдэл мөнгөө өгч машинаа нэр дээрээ шилжүүлэн авсан. ...Шыг танихгүй. ...Би тухайн тээврийн хэрэгслийг 2021 оны 12 сарын орчим Цогоо гэх дүүдээ зарсан...” /хх 54-55/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 20/,

Б.Бс, Т.Мт нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан авто машин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 69-68/,

Ц.Гб, Т.Мт нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 71-72/,

Ц.Гб, Б.Б нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 92-96/,

“Э х” ХХК-ийн захирал Д.Бб, Л.Ш нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 78-81/,

“Э х” ХХК-ийн захирал Д.Бб, Ц.Э нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 157-161/,

Д.Ббын Хаан банк дахь 5003858947 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх 76/,

Л.Шын Хаан банк дахь 5020070193 дугаар дансны хуулга /хх 85-87, 132-155/,

Ц.Гбын Хаан банк дахь 5015014524 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /хх 97/,

Б.Гийн Голомт банк дахь 1165127451 дугаар дансны хуулга /хх 98-100/,

Ц.Эын Хаан банк дахь 5007762433 дугаар дансны хуулга /хх 166-169/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 178-179/,

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив, лавлагааны тасгийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн лавлагаа, хавсралт /хх 63-72/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ц.Эын үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 16.620.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон 3 жил 13 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 6 жил 13 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хэргээс харахад, хохирогч Ш.Ны “...Э нь та эхлээд өөрийн тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээд өгчих түүний дараа шууд мөнгийг чинь бэлнээр нь өгье гэж хэлсэн. ...Эад шилжүүлэн өгөх гэсэн боловч Э нь “надад шилжүүлээд яах гэсэн юм бэ, надтай хамт явж байгаа Бс гэдэг эмэгтэйд шилжүүлээд өгчих” гэж надад хэлсэн...” /хх 24-25/, гэрч Д.Ббын “...Бс миний дүү ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг барьцаалж зээлсэн мөнгө нь буцаад ороод ирсэн учир Штай холбогдоод хэнд шилжүүлж өгнө гэж байна, тэр хүнд нь шилжүүлээд өгчхөөрэй гэж хэлсэн...” /хх 30-31/, гэрч Л.Шын “...Э нь надад 2019 оны 8 дугаар сард 100.000.000 төгрөгийн өр төлбөртэй байсан. Мөн 2019 оны 8 дугаар сард ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиулсан. ...Сүүлд Э нь өөрөө надаас авах ёстой 100.000.000 төгрөгөөс хасаад ...“Жи класс” загварын тээврийн хэрэгслийг авчих гэж хэлсэн. ...Э нь та авчих гэж хэлсэн учир төлбөрийг нь өгсөн юм...” /хх 32-33/, гэрч Б.Бсы “...Ш нь Э гэдэг хүнд итгэмжлэлээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн. ...Эад итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн. ...Ш ах над руу яриад ахын дүү Эад итгэмжлэлээр өгсөн “Жи класс” загварын тээврийн хэрэгслийг өөр хүнд шилжүүлж өгөхөөр боллоо гэж хэлсэн. Түүний дагуу Ш ахтай хамт ...өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг нотариатаар худалдах, худалдан авах гэрээний дагуу Мт гэдэг хүнд өмчлөлийг шилжүүлэн өгсөн...” /хх 28-29/, гэрч М.Бжын “...Тухайн тээврийн хэрэгслийг ББСБ-ын ажилтан Бс гэх нэртэй эмэгтэйд шилжүүлэн ББСБ-аас 60.000.000 төгрөгийг Ш авч, Ц.Эаас өрөө авсан. Тэгээд машиныг Ц.Э өөрөө аваад явсан...” /хх 44-46/, гэрч Д.Нхгийн “...Э нь Наас 160.000.000 төгрөгөөр авъя гэж тохирсныг би дамжуулан хэлсэн. Мөн тэр хоёр хоорондоо яриагаа хийсэн. ...тухайн үед машиныг нь зарахад нь Эыг найдвартай хүн л гэж баталгаа гаргаж нэрээ шилжүүлчихээ л гэж хэлсэн...” /хх 49-51, 58-59/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан “...Ц.Э нь бусдыг залилан мэхлээгүй, нөхцөл байдлыг буруугаар ойлгож бусдад хохирол учруулсан, ...Д.Нх өөрийн өмчлөлийн автомашин мөн болохоо хүлээн зөвшөөрсөн...” гэх давж заалдах гомдол няцаагдаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Ц.Эад оногдуулсан хорих ялын хугацааг багасгах хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.

Тодруулбал, “залилах” гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг ба зээлээр худалдан авсан зүйлээ бусдад зарж борлуулсан атлаа үнийг нь төлөөгүй буюу өөр бусдад төлөх өр, төлбөрөө төлөх зорилгоор бусад зарж, шилжүүлсэн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Ц.Эын нийт эдлэх ялын хугацааны үсгэн бичиглэлийг “...6 /гурав/...” гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Э нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/999 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 77 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/999 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад:  “...нийт эдлэх ялын хугацааг 6 /гурав/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...нийт эдлэх ялын хугацааг 6 /зургаа/ жил 13 /арван гурав/ хоногийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.
  2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ