Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 01177

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01293 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х-” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Т-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Эрхэмбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дэлгэрзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 4 сарын 01-ний өдөр “Х-” ХХК-д ажилд орж, гүйцэтгэх захирлын 2014 оны 7 сарын 01-ний өдрийн Б/70 тоот тушаалаар гишүүнчлэлийн албанд үндсэн ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие жирэмсэн болж жилийн дараа буюу 2015 оны 4 сарын 09-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/28 тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2015 оны 6 сарын 21-ний өдөр хүүхэд маань төрж, ажил олгогчид мэдэгдсэний үндсэн дээр хуулиар олгосон хүүхэд асрах чөлөөгөө эдлэх болсон. Хүүхэд 1 нас 4 сар хүрэхэд буюу 2016 оны 10 сард захирал Ж.Эрдэнэбатад хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа эргэн орох өргөдлөө өгсөн боловч тухайн үед сул орон тоо байхгүй, ирэх жилийн бүтэц батлагдахаар авъя гээд бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй, миний өргөдлийг хүний нөөцийн ажилтанд өгсөн. Хариу хүлээж байтал 2017 онд тус байгууллагын бүтцэд өөрчлөлт орж, гүйцэтгэх удирдлагууд солигдож, мөн миний ажиллаж байсан гишүүнчлэлийн алба татан буугдаж, 2017 оны 01 сарын 06-ны өдөр Б/13 тоот тушаалаар намайг гишүүнчлэлийн албаны мэргэжилтнээс чөлөөлж, арилжааны хэлтсийн мэргэжилтнээр томилсон байсан. Дээрх хугацаанд гэртээ хүүхдээ үргэлжлүүлэн асарч байгаад 2018 оны 5 сарын 24-ний өдөр шинээр томилогдсон захирал болох Х.Баатарт ажилдаа эргэн орох хүсэлтэй өргөдлөө дахин өгсөн. Гэвч миний 2016 оны 10 сард өгсөн өргөдлийг зориудаар үрэгдүүлсэн байсан ба өмнө нь өргөдөл өгч орон тооны асуудлаа эрт шийдүүлээгүй тул одоогоор бэлэн орон тоо байхгүй гээд миний гаргасан өргөдөл дээр орон тоо гарах үед асуудлыг хэлэлцэх гэх цохолт хийж өгсөн. Үүний дараа гүйцэтгэх захиралтай 3 удаа биечлэн уулзахаар очиход асуудлыг авч хэлэлцээгүй, захиргааны хэлтсийн даргатай хэд хэдэн удаа уулзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч “Х-” ХХК-ийн удирдлага миний хүүхэд асрах чөлөөтэй байгааг хүлээн зөвшөөрч миний нийгмийн даатгалын шимтгэлийг өнөөдрийг хүртэл төлж байгаа боловч ажилд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг маань удаа дарааллан хойшлуулж тодорхой хариу өгөхөөс татгалзаад байна. Миний бие 2018 оны 6 сарын 11-ний өдөр ажилд эргэн орох хүсэлтээ өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасны дагуу тус өдрөөс эхлэн ажил, үүргээ гүйцэтгэх байсан тул өнөөдрийг хүртэл 1 жил 9 сарын үндсэн цалин болох 20 998 095 төгрөгийн цалин авах ёстой байсан. Хариуцагчтай 2014 оны 7 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т миний сарын үндсэн цалингийн хэмжээг 1 000 000 төгрөг байхаар тусгасан бөгөөд ажил, үүргээ гүйцэтгэх хугацаандаа ийм хэмжээний цалинг авч байсан. Иймд Б.Т- намайг урьд эрхэлж байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Компани нь Б.Т-ыг гишүүнчлэлийн албанд мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 сарын 13-ны өдрийн дугаар Б/28 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтыг үндэслэн, жирэмсний болон амаржсаны амралтыг олгосон. Б.Т- нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг компанид хүргүүлж байгаагүй бөгөөд компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн, хүүхэд асрах чөлөөг олгож байгаагүй. Хүүхэд асрах чөлөө нь хүүхэд асрах чөлөө авах тухай ажилтны хүсэлтийг үндэслэн олгох бөгөөд амаржсаны амралт дууссаны дараа ажилтны хүсэлтээр олгогддог тул Б.Т- нь хүүхэд асрах чөлөө авсан гэх тайлбар хуульд нийцэхгүй байна. Б.Т-ын хүүхэд 2018 онд 3 нас хүрсэн бөгөөд нэхэмжпэлийн үндэслэлд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Б.Т- нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө компанид урьдчилж хандаагүй, ямар нэгэн байдлаар ажилдаа эргэн орох хүсэлтийг бичгээр тавиагүй болно. Компани нь Б.Т-ыг ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргаагүй. Б.Т- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Б.Т-ыг арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажлын байр, орон тоо байхгүй, орон тоо хасагдсан болно. Иймд Б.Т-ын гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ыг “Х-” ХХК-ийн гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х-” ХХК-иас 16 417 935 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Т-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Х-” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “Х-” ХХК-иас 380 440 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд арилжааны хэлтэст томилсон бөгөөд ийнхүү томилсон тушаалтай 2018 оны 6 сард танилцсан, тухайн үед шүүхэд гомдол гаргана гэж бодож хуулбарлан авсан талаараа шүүх хуралдаанд тайлбарладаг. Шүүх хэргийн оролцогч буюу зохигчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн, хариуцагчийг тухайн ажлын байранд нэхэмжлэгч ажиллахаас татгалзсаныг хариуцагч шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. 2020 оны 4 сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар талд шүүх хуралдаан даргалагчаас нэхэмжлэгчээс 2018 оны 6 сард арилжааны хэлтэст томилсон тушаалыг хуулбарлан авсан талаар асуухад нэхэмжлэгч тийм гэж хариулсан бөгөөд миний гарт байгаа боловч надад санал болгож байгаагүй гэжээ. Дээрх нөхцөл байдал үүсэх үед шүүх хуралдаан даргалагчийн зүгээс нөхцөл байдлыг нэхэмжлэгчид ашигтай байдал руу эргүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэт нэхэмжлэгчээс 6 сард тушаалтай танилцсан байдлыг өөрчлөх зорилгоор хөтөлсөн асуултууд асууж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан даргалагчид энэ талаар сануулж хэлсэн болно. Иймд шүүх хөндлөнгийн байр сууриа алдсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүх 2017 оны 01 сарын 06-ны өдрийн Б/13 тоот тушаалыг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Ажил үүргээр хангасан талаараа ажил олгогчийн зүгээс дээрх тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн, дээрх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэдэггүй бөгөөд дээрх тушаалтай 2018 оны 6 сарын 11-ний өдөр танилцсан талаарх үйл баримтыг, тайлбарыг үнэлээгүй байна. Нэхэмжлэгч арилжааны хэлтэст ажиллах талаар хүсэл зориг илэрхийлж байгаагүй, харин арилжааны хэлтэст томилсныг эс зөвшөөрч шүүхэд хандах зорилгоор 2018 оны 6 сард хуулбарлан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь ажил олгогчийн зүгээс цалин хөлс, эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр ажилд томилсон боловч нэхэмжлэгч тухайн санал болгосон ажлын байранд ажиллаагүй болох нь тогтоогддог. Иймд энэ нөхцөл байдал нь ажил олгогч ажлын байранд ажиллуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нэхэмжлэгч өөрөө үгүйсгэж байгааг шүүх үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангах үүргээ гүйцэтгэсэн нь арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон тушаалаар нотлогддог бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс огт ажиллах хүсэл зориг илэрхийлж, байгаагүйг нотолдог. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гишүүнчлэлийн алба татан буугдаж, нэхэмжлэгчийг 2017 оны 01 сарын 06-ны өдрийн Б/13 тоот тушаалаар арилжааны хэлтэст, мэргэжилтнээр томилсон байдаг. Энэ талаар талууд маргадаггүй. Нэхэмжлэгчийг Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон нь цалин хөлс буураагүй, адил чанарын албан тушаалд томилсон болох нь тогтоогдоно. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хэрэв ажил үүрэг гүйцэтгээгүй бол ажилгүй байсан бүх хугацаанд нь олговор олгох тухай заасан бөгөөд ажил үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсний зөрүүгээр олговрыг тооцохоор заасан бөгөөд ажил үүрэг гүйцэтгэсэн бол хэрхэх талаарх зохицуулалтыг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс “Х-” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулсан тушаалыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргахаас өмнө буюу 2018 оны 5 сарын 24-ний өдрөөс хойш хариуцагчид ажилд орох талаар хандсан нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хандаагүй байдаг. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч гишүүнчлэлийн алба татан буугдаж, арилжааны хэлтэст томилсон тушаалыг 2018 оны 6 сард гардан авсан талаараа шүүх хуралдаан даргалагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн асуултад хариулдаг бөгөөд тухайн үед шүүхэд гомдол гаргах талаар бодож байсан гэж тайлбарладаг. Мөн 2019 оны 12 сард шүүхэд гомдол гаргах эрхтэй болсон талаар мэдсэн, хууль мэдэхгүй байсан нь миний буруу гэж тайлбарласан. Талууд гишүүнчлэлийн алба татан буугдаж, Б.Т-ыг арилжааны хэлтэст, мэргэжилтнээр томилсон үйл баримттай маргадаггүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 7 сард дуусгавар болсон талаар шүүх хууль зөв хэрэглээгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч “Х-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Т- нь 2014 оны 7 сарын 01-ний өдөр хариуцагч “Х-” ХХК-ийн захиргааны албаны захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус компанийн гишүүнчлэлийн албаны брокерийн компанийн төлөвшил, хөгжил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2015 оны 4 сарын 13-ны өдөр жирэмсний амралтаа авсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, үндсэн ажилтнаар томилох тухай болон жирэмсний амралт олгож, ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-11-р тал/

 

Хариуцагч “Х-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 4 сарын 13-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Т-т хүүхэд асрах чөлөө олгосон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Т- нь 2015 оны 6 сарын 21-ний өдөр охин Ж.Жасминыг төрүүлжээ. /хх-ийн 69-р тал/. Улмаар нэхэмжлэгч Б.Т- нь хүүхэд асрах чөлөөгөө үргэлжлүүлэн авах хүсэлтээ тус байгууллагын хүний нөөцийн менежерт мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Б.Цацралтуяагийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-т хүүхэд асрах чөлөө олгогдсон үйл баримтад анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. /хх-ийн 111-113-р тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж заасан. Нэхэмжлэгч Б.Т- нь хүүхэд асрах чөлөөгөө дуусган, 2018 оны 5 сарын 24-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан байх боловч хариуцагч “Х-” ХХК нь “орон тоо гарах үед асуудлыг шийдэх талаар ярилцах” гэж түүний өргөдөлд цохолт хийжээ. /хх-ийн 65-р тал/

 

Хариуцагч “Х-” ХХК нь дээрх хуульд заасан үүргийг биелүүлээгүй, ажилтны хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтган үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Б.Т-ын өмнө ажиллаж байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажлын орон тоо хасагдсан байгааг шүүх анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Т-ын өмнө ажиллаж байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажлын орон тоо хасагдаж, түүнийг 2017 оны 01 сарын 06-ны өдөр арилжааны хэлтсийн мэргэжилтнээр томилсон болох нь хариуцагчийн тайлбар болон Б/13 дугаартай тушаал зэргээр тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Б.Т- нь дээрх тушаалд заасан, хариуцагч “Х-” ХХК-ийн арилжааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллахыг зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх-6-7, 131-р тал/

 

Иймд нэхэмжлэгч Б.Т-ыг хариуцагч “Х-” ХХК-ийн арилжааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 417 935 төгрөгийг хариуцагч “Х-” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-т олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Хариуцагч “Х-” ХХК нь нэхэмжлэгч Б.Т-ын ажилдаа эргэн орох өргөдлийг шийдвэрлээгүй буюу арилжааны хэлтсийн мэргэжилтнээр ажиллах боломжоор хангаагүй үйл баримт тогтоогдсон байх тул санал болгосон ажлын байранд ажиллаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “ ... Гишүүнчлэлийн албаны ...” гэснийг “Арилжааны хэлтсийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 380 440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                               

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

                                               

                                         ШҮҮГЧИД                                                Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ