Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00570

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 05 27 001/ХТ2021/00570

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01293 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1177 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014.04.01-ний өдөр Хөдөө аж ахуйн бирж ХХК-д ажилд орж, гүйцэтгэх захирлын 2014.07.01-ний өдрийн Б/70 тоот тушаалаар гишүүнчлэлийн албанд үндсэн ажилтнаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие жирэмсэн болж жилийн дараа буюу 2015.04.09-ний өдөр гүйцэтгэх захирлын Б/28 тоот тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авч, 2015.06.21-ний өдөр хүүхэд маань төрж, ажил олгогчид мэдэгдсэний үндсэн дээр хуулиар олгосон хүүхэд асрах чөлөөгөө эдлэх болсон. Хүүхэд 1 нас 4 сар хүрэхэд буюу 2016 оны 10 сард захирал Ж.Эрдэнэбатад хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа эргэн орох өргөдлөө өгсөн боловч тухайн үед сул орон тоо байхгүй, ирэх жилийн бүтэц батлагдахаар авъя гээд бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй, миний өргөдлийг хүний нөөцийн ажилтанд өгсөн. Хариу хүлээж байтал 2017 онд тус байгууллагын бүтцэд өөрчлөлт орж, гүйцэтгэх удирдлагууд солигдож, мөн миний ажиллаж байсан гишүүнчлэлийн алба татан буугдаж, 2017.01.06-ны өдөр Б/13 тоот тушаалаар намайг гишүүнчлэлийн албаны мэргэжилтнээс чөлөөлж, арилжааны хэлтсийн мэргэжилтнээр томилсон байсан.

Дээрх хугацаанд гэртээ хүүхдээ үргэлжлүүлэн асарч байгаад 2018.05.24-ний өдөр шинээр томилогдсон захирал болох Х.Баатарт ажилдаа эргэн орох хүсэлтэй өргөдлөө дахин өгсөн. Гэвч миний 2016 оны 10 сард өгсөн өргөдлийг зориудаар үрэгдүүлсэн байсан ба өмнө нь өргөдөл өгч орон тооны асуудлаа эрт шийдүүлээгүй тул одоогоор бэлэн орон тоо байхгүй гээд миний гаргасан өргөдөл дээр орон тоо гарах үед асуудлыг хэлэлцэх гэх цохолт хийж өгсөн. Үүний дараа гүйцэтгэх захиралтай 3 удаа биечлэн уулзахаар очиход асуудлыг авч хэлэлцээгүй, захиргааны хэлтсийн даргатай хэд хэдэн удаа уулзсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн удирдлага миний хүүхэд асрах чөлөөтэй байгааг хүлээн зөвшөөрч, миний нийгмийн даатгалын шимтгэлийг өнөөдрийг хүртэл төлж байгаа боловч ажилд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг маань удаа дараа хойшлуулж тодорхой хариу өгөхөөс татгалзаад байна. Миний бие 2018.06.11-ний өдөр ажилд эргэн орох хүсэлтээ өгсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу тус өдрөөс эхлэн ажил, үүргээ гүйцэтгэх байсан тул өнөөдрийг хүртэл 1 жил 9 сарын үндсэн цалин болох 20,998,095 төгрөгийн цалин авах ёстой байсан. Хариуцагчтай 2014.07.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т миний сарын үндсэн цалингийн хэмжээг 1,000,000 төгрөг байхаар тусгасан бөгөөд ажил, үүргээ гүйцэтгэх хугацаандаа ийм хэмжээний цалинг авч байсан. Иймд ******* намайг урьд эрхэлж байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөө аж ахуйн бирж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Компани нь *******ыг гишүүнчлэлийн албанд мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Компанийн гүйцэтгэх захирлын 2015.04.13-ны өдрийн дугаар Б/28 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх заалтыг үндэслэн, жирэмсний болон амаржсаны амралтыг олгосон. ******* нь хүүхэд асрах чөлөө авах хүсэлтийг компанид хүргүүлж байгаагүй бөгөөд компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн, хүүхэд асрах чөлөөг олгож байгаагүй. Хүүхэд асрах чөлөө нь хүүхэд асрах чөлөө авах тухай ажилтны хүсэлтийг үндэслэн олгох бөгөөд амаржсаны амралт дууссаны дараа ажилтны хүсэлтээр олгогддог тул ******* нь хүүхэд асрах чөлөө авсан гэх тайлбар хуульд нийцэхгүй байна. *******ын хүүхэд 2018 онд 3 нас хүрсэн бөгөөд нэхэмжпэлийн үндэслэлд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө компанид урьдчилж хандаагүй, ямар нэгэн байдлаар ажилдаа эргэн орох хүсэлтийг бичгээр тавиагүй болно. Компани нь *******ыг ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэр гаргаагүй. ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. *******ыг арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажлын байр, орон тоо байхгүй, орон тоо хасагдсан болно. Иймд *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01293 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөдөө аж ахуйн бирж ХХК-аас 16,417,935 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ******* даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.544 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар тус нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас нэхэмжлэгч *******ын төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Хөдөө аж ахуйн бирж ХХК-аас 380,440 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1177 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Гишүүнчлэлийн албаны ... гэснийг Арилжааны хэлтсийн гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 380,440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас гадуур хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн... Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэх явдал юм. Эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоох, тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээг оновчтой сонгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, журмын хүрээнд явагдсан эсэхийг тодорхойлох явдал юм. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зарчмыг дараах байдлаар зөрчсөн байна.

Нэг. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас гадуур, нэхэмжлэлийн шаардлага болон хүсэл зоригийн илэрхийллээс гадуур хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. 1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүхээс 2 ч удаа тодруулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн үүднээс Гишүүнчлэлийн албанд мэргэжилтнээр томилуулах шаардлага гаргасан. 2. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хариу тайлбар, түүний үндэслэл, нотлох баримтыг бүрдүүлсэн болон мэтгэлцэх зарчим хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, шүүх нэг ч удаа мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй Арилжааны хэлтэст мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоох гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргасан нь хариуцагчийн энэ талаар мэтгэлцэх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болно. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ******* нь 2018 оны 06 дугаар сард Хөдөө аж ахуйн биржид очин Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон тушаалтай танилцсан бөгөөд шүүхэд хандах хүсэл зоригийн илэрхийлэлтэй байснаа тайлбарласан. Үүнээс үзвэл Арилжааны хэлтэст мэргэжилтнээр ажиллуулаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасныг зөрчин шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, өөрчилсөн нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд ...Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна гэж заасан. Иймд шүүх нь зөвхөн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үнэлэх бөгөөд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хавтаст хэргийн 6-7 дугаар тал, 131 дүгээр талуудыг дурдсан нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёр. Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. Нэг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй гэж үзэж байна. Үүнд: ...101/ШШ2020/01293 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагчийн зүгээс гүйцэтгэх захирлын 2017.01.06-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн өмнө нь ажилласан байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний орон тоог цомхтгож, Арилжааны хэлтсийн мэргэжилтний ажилд томилсны дагуу уг ажлыг санал болгосон боловч нэхэмжлэгч ажиллаагүй гэж тайлбарлаж байна. /хх-6-7/ Шүүх хариуцагчийн дээрх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь нэхэмжлэгчийн 2018.05.24-ний өдрийн өргөдөлд хийгдсэн орон тоо гарах үед шийдэх талаар ярилцах тухай удирдлагын цохолтоор дээрх ажлын байрыг санал болгосон гэх байдал үгүйсгэгдэж байгаагийн дээр тухайн ажлын байранд нэхэмжлэгч ажиллахаас татгалзсаныг хариуцагч шүүхэд баримтаар нотлоогүй гэжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон дараах үйл баримтыг анхаарч үзээгүй. Үүнд: 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар талд нэхэмжлэгч Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Арилжааны хэлтэст томилсон бөгөөд ийнхүү томилсон тушаалтай 2018 оны 06 дугаар сард танилцсан, тухайн үед шүүхэд гомдол гаргана гэж бодож хуулбарлан авсан талаараа мэдүүлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан. Шүүх хэргийн оролцогч буюу зохигчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн, хариуцагчийг тухайн ажлын байранд нэхэмжлэгч ажиллахаас татгалзсаныг хариуцагч шүүхэд баримтаар нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй байна. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт биш гэж үзэн нотлох баримтыг үнэлэхгүй орхигдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар талд шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сард Арилжааны хэлтэст томилсон тушаалыг хуулбарлан авсан талаар асуухад нэхэмжлэгч тийм гэж хариулсан бөгөөд миний гарт байгаа боловч надад санал болгож байгаагүй гэжээ. а/Дээрх нөхцөл байдал үүсэх үед Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс нөхцөл байдлыг нэхэмжлэгчид ашигтай байдал руу эргүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч мэт нэхэмжлэгчээс 6 сард тушаалтай танилцсан байдлыг өөрчлөх зорилгоор хөтөлсөн асуултууд асууж байсан бөгөөд хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан даргалагчид энэ талаар сануулж хэлсэн болно. Иймд шүүх хөндлөнгийн байр сууриа алдсан гэж үзэх үндэслэлтэй. Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны үйл баримтыг товчилсон, цаашлаад шүүгчийн зарим байр суурь, ашиг сонирхлыг илэрхийлсэн үйл баримтуудыг орхигдуулсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийг хуулбарлан авах, цаашлаад хэргийн материалд хавсаргах гэсэн боловч шүүхийн тамгын газраас зөвхөн дуу, дүрс бичлэгийг сонсгох, шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулах эрхээр хангасан болохыг дурдах нь зүйтэй юм. Иймд хэргийн материалд дуу, дүрс бичлэгийг хавсаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь шүүхээс хөндлөнгийн байр суурийг алдсан гэх гомдлыг нотлох баримт болно. Шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг. Хоёр. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн дугаар 101/ШШ2020/0193 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Дээр дурдсанаас дүгнэхэд хариуцагч байгууллага нь хүүхэд асрах чөлөө дууссан нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь үргэлжүүлэн ажиллуулах үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн ажлын байр цомхотгосон үндэслэлээр өөр ажил олж өгсөн гэх боловч уг байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй, тодруулвал Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. гэжээ. 2. Шүүх 2017.01.06-ны өдрийн Б/13 тоот тушаалыг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Ажил үүргээр хангасан талаараа ажил олгогчийн зүгээс дээрх тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн, дээрх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэдэггүй бөгөөд дээрх тушаалтай 2018.06.11-ний өдөр танилцсан талаарх үйл баримтыг, тайлбарыг үнэлээгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараар огтоос Арилжааны хэлтэст ажиллах талаар хүсэл зориг илэрхийлж байгаагүй, харин Арилжааны хэлтэст томилсныг эс зөвшөөрч шүүхэд хандах зорилгоор 2018 оны 06 дугаар сард хуулбарлан авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь ажил олгогчийн зүгээс цалин хөлс, эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр ажилд томилсон боловч нэхэмжлэгч тухайн санал болгосон ажлын байранд ажиллаагүй болох нь тогтоогддог. Иймд энэ нөхцөл байдал нь ажил олгогч ажлын байранд ажиллуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нэхэмжлэгч өөрөө үгүйсгэж байгааг шүүх үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажлын байраар хангах үүргээ гүйцэтгэсэн нь Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон тушаалаар нотлогддог бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс огт ажиллах хүсэл зориг илэрхийлж байгаагүйг нотолдог.

Гурав. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01293 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Иймд нэхэмжлэгчийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг ажлаас халсантай адилтган үзэж буй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэстэй байх тул нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв. гэжээ. 1. Шүүхэд ажил олгогч нь нэхэмжлэгчийг *******ыг ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, ажлаар хангахгүй байгаа нэг ч үйл баримт байхгүй болно. 2. Харин эсрэгээрээ ******* нь 2018.06.11-ний өдөр Гишүүнчлэлийн алба татан буугдаж, Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилогдсон тушаалтай танилцсан атлаа шүүхэд хандах зорилгоор хуулбарлан авсан, цаашлаад 2019 оны 07 дугаар сард шүүхэд хандах зорилгоор тушаалыг дахин хуулбарлан авсан үйл баримтууд тогтоогддог. 2018.05.24-ний өдрөөс хойш ажиллах талаар огт хүсэлт гаргаж байгаагүй, цаашлаад Арилжааны хэлтэст ажиллахгүй гэсэн байр суурьтай байсан талаар хариуцагчийн өмгөөлөгчийн асуултанд хариулах явцдаа тайлбарласан зэрэг нотлох баримтуудаар Ажилтны ажил үүрэг гүйцэтгэхгүй байгаа эс үйлдэл нь нотлогдсон атал шүүх огт нотлогдоогүй, нотлох баримтгүй асуудлаар хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хоёр. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай. Нэг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01293 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иймд нэхэмжлэгчийн өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг ажпаас халсантай адилтган үзэж буй нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэстэй байх тул нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан гишүүнчлэлийн албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв гэжээ. 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Гишүүнчлэлийн алба татан буугдаж, нэхэмжлэгчийг 2017.01.06-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Арилжааны хэлтэст, мэргэжилтнээр томилсон байдаг. Энэ талаар талууд маргадаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө. гэж заасан бөгөөд энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, адил чанарын албан тушаалд томилох үүрэг хүлээнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. гэж заасан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 13 дахь хэсэгт Хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхотгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно. гэж заасан байна. Иймд нэхэмжлэгчийг Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон нь цалин хөлс буураагүй, адил чанарын албан тушаалд томилсон болох нь тогтоогдоно. Хоёр. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01293 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөр байгууллагад ажиллаж байгаа гэх үндэслэлээр түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг гаргуулсан ба 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Вилэнд Капитал ББСБ-аас нэхэмжлэгчид цалин хөлс олгож байгаа үйл баримт /хх-118/ тогтоогдож байх боловч хариуцагч нь ажилтны хөдөлмөрийн эрхийг зөрчиж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй буруутай тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь олговор олгох үүрэгтэй болно. гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хуулийн дээрх заалтаас хэрэв ажил үүрэг гүйцэтгээгүй бол ажилгүй байсан бүх хугацаанд нь олговор олгох тухай заасан бөгөөд ажил үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсний зөрүүгээр олговрыг тооцохоор заасан байна. 2. Шүүх Хөдөлмөрийн түхай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг хэрэглэхдээ ажил үүрэг гүйцэтгэсэн бол хэрхэх талаарх зохицуулалтыг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гурав. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй. 1. Хариуцагчийн зүгээс Хөдөө Аж Ахуйн Бирж ТӨХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулсан тушаалыг гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргахаас өмнө буюу 2018.05.24-ний өдрөөс хойш хариуцагчид ажилд орох талаар хандсан нэг ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй, хандаагүй байдаг. 2. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасныг баримтлаагүй болно. Өөрөөр хэлбэл, ажилд орох талаараа ажил олгогчдоо хандаагүй, цаашлаад ажил үүргээр хангаагүй гэж үзэн, ажлаас үндэслэлгүй халсан маргаан биш бөгөөд 36.2 дахь хэсэгт заасан маргаан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхийн маргааны харьяалалд хамаарахгүй юм. 3.Хөдөлмөрийнтухайхуулийн 127 дугаар зүйлд 127.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй. гэж заасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй. 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заасан. 2. Нэхэмжлэгч Гишүүнчлэлийн алба татан буугдаж, Арилжааны хэлтэст томилсон тушаалыг 2018 оны 06 дугаар сард гардан авсан талаараа шүүх хуралдаан даргалагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн асуултанд хариулдаг бөгөөд тухайн үед шүүхэд гомдол гаргах талаар бодож байсан талаар тайлбарладаг. Мөн 2019 оны 12 дугаар сард шүүхэд гомдол гаргах эрхтэй болсон талаар мэдсэн, хууль мэдэхгүй байсан нь миний буруу гэж тайлбарласан. 3. Талууд Гишүүнчлэлийн алба татан буугдаж, *******ыг Арилжааны хэлтэст, мэргэжилтнээр томилсон үйл баримттай маргадаггүй. Дээрх тушаалыг 2018 оны 06 дугаар сард гардан авсан талаар мөн маргаагүй болно. 4. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар Хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 07 дугаар сард дуусгавар болсон талаар шүүх хууль зөв хэрэглээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар тал, 10 дугаар талаас харагдана. Мөн 1 дүгээр талд 2018.06.11-ний өдөр ажил олгогчтой уулзсан талаар нэхэмжлэгч хэлдэг бөгөөд 2018.06.11-ний өдөр тушаалтай танилцсан гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.15-ны өдрийн дугаар 101/ШШ2020/01293 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1177 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ******* ... компанийн удирдлага миний хүүхэд асрах чөлөөтэй байгааг хүлээн зөвшөөрч нийгмийн даатгалын шимтгэлийг өнөөдрийг хүртэл төлж байгаа боловч ажилд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг удаа дараа хойшлуулж, тодорхой хариу өгөхөөс татгалзаж байна... гэж марган, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн ...мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй, ...Арилжааны хэлтэст мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоох гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргасан нь хариуцагчийн энэ талаар мэтгэлцэх эрхийг зөрчсөн, ...нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлаагүй... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж хуульчилсан.

 

Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.7.01-ний өдрийн Б/70 дугаар тушаалаар *******ыг Гишүүнчлэлийн албаны Брокерийн компанийн төлөвшил, хөгжил хариуцсан мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулсан байх бөгөөд 2015.4.13-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар түүнд жирэмсний болон амаржсаны амралтыг олгожээ. Нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтөй байх хугацаанд, тус компанийн бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдаж, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.01.06-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар нэр бүхий ажилтнуудыг түр хугацаагаар ажилд томилсны дотор *******ыг Арилжааны хэлтэст мэргэжилтнээр томилсон байна.

Нэхэмжлэгч ******* хүүхэд асрах чөлөөгөө дуусгавар болгож, ажилдаа орох хүсэлтийг 2016 оны 10 дугаар сард[1], мөн 2018.5.24-ний өдөр гаргасан, хариуцагчаас 2018 онд гаргасан өргөдөлд орон тоо гарах үед асуудлыг шийдвэрлэх талаар цохолт хийсэн боловч шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны орон тоог цомхотгосонтой холбогдуулан өөр ажлын байрыг санал болгоход ажиллаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг нь шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тохиолдолд ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуульд заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан хоёр шатны шүүхийн шийдэл хуульд нийцсэн, харин анхан шатны шүүх Хөдөө аж ахуйн бирж ТӨХК нь 2017 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани болж, бүтэц, орон тоог шинэчлэн баталж, нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан Гишүүнчлэлийн албаны мэргэжилтний орон тоо хасагдсан байхад ...2017 онд батлагдсан зохион байгуулалтын бүтэц хэвээр мөрдөгдөж байсан эсэх нь тодорхойгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч *******ыг түүний сүүлд томилогдсон албан тушаалд бус, цомхотгож, хасагдсан ажилд эгүүлэн тогтоосон нь буруу, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийг Арилжааны хэлтсийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1177 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Г.ЦАГААНЦООЖ

 

 


[1]гэрч Б.Цацралтуяагийн мэдүүлэг /хх-ийн 111 тал/