Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00906 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ш-” ХХК-д холбогдох

 

Ажил  гүйцэтгэх гэрээний үүрэгт 425 100 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Болоржаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Раднаасүрэн, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Ш-” ХХК-тай 2015 оны 7 сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Багануур” ХК-ийн Багануурын нүүрсний уурхайн хөрс хуулалтын тээвэрлэлтийн ажлыг 2015 оны 7 сарын 24-ний өдрөөс 2015 оны 11 сарын 10-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний 4.4-т төлбөрийн графикийг тусгасан бөгөөд дээрх төлбөрөөс 300 000 000 төгрөгийг төлөөгүй байдаг. Ийнхүү ажил эхэлснээс хойш төлбөрөө төлөх ёстой талаар “Ш-” ХХК-ийн захирал Ч.Жамбаноровт хэлэхэд удахгүй өгнө, одоохондоо түр хүлээж бай гэх зэргээр шалтаглан бүтэн жил хүлээлгэн, сүүлдээ утсаа авахаа больсон. Мөн дээрх гэрээний 5.2.2-т захиалагч нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, гэрээнд тохирсны дагуу төлбөрийг хийх үүргээ биелүүлэхгүй байсаар өдийг хүрч намайг хохироож байна. Гэрээт ажлыг 2015 оны 12 сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн тул гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0.5 хувь алданги тооцохоор заасан. Иймд үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр 225 000 000 төгрөг, нэмэлт гэрээний төлбөрт 58 400 000 төгрөг, алданги 141 700 000 төгрөг, нийт 425 100 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.А-тэй “Ш-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан нь үнэн. Манай компани “Багануур” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрс хуулах ажлыг хийхээр гэрээ байгуулсан. Уг ажилд туслуулахаар иргэн С.А-тэй тохиролцож, 2015 оны 7 сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Ингээд нийт 825 000 м.куб хөрсийг хуулахаар болж, ажлын нийт хөлс нь 1 100 000 000 төгрөгөөр тохиролцсон. Улмаар уг ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү гүйцэтгэх явцдаа удаа дараа асуудлууд гаргаж байсан хэдий ч манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, нийт төлбөрөө бүрэн шилжүүлж ажилласан. Манай компанийн зүгээс иргэн С.А-эд бэлнээр болон дансаар, мөн түүнээс цалингаа авч чадаагүй жолооч нарын цалинд нийт 1 158 400 000 төгрөгийг бүрэн шилжүүлж дуусгасан. С.А-эд олгосон төлбөрүүд нь дараах байдлаар задарч байна. Үүнд: 2015 оны 9 сарын 10-наас 2015 оны 12 сарын 04-нийг дуусталх хугацаанд бэлнээр 387 400 000 төгрөгийг 7 удаа тасалж олгосон. 5 000 000 төгрөгийг дансаар 2016 оны 01 сарын 13-ны өдөр олгосон. Нийт 470 786 630 төгрөгийг түлшээр олгож, автомашинууд уг түлшийг ашигласан. Ажил гүйцэтгэж байсан жолооч нар ажлын хөлсөө “Багануур” ХК-аас нүүрсээр авах санал гаргасныг С.А- манай компанид уламжилж улмаар миний бие уг саналыг захиалагч компанид тавьж нүүрс аван С.А-эд шилжүүлсэн. Нийт 116 555 739 төгрөгийн нүүрсийг С.А-эд олгож, үнэ тохиролцон хүлээн авсан баримт үйлдсэн. Иргэн С.А- нь ажил гүйцэтгэх хугацаандаа биднээс санхүүжилтээ авсан боловч өөрийн удирдан ажиллаж байсан жолооч нартаа цалинг нь тавихгүй байсан. Нэгэнт ийм асуудал үүссэн учраас жолооч нар манай байгууллагад шаардлага тавьж, цалингаа нэхэж байсан. Жолооч нарын нөхцөл байдал хүндэрсэн учраас бид удаа дараагийн уулзалтаар нөхцөл байдлыг ойлгож, нийт 85 300 000 төгрөгийн цалинг олгосон. Ийнхүү цалинг олгохдоо манай байгууллага анхнаасаа жолооч нарт цалин олгох боломжгүй байсныг харгалзан зээлийн гэрээ хэлбэрээр гэрээ байгуулж цалинг олгосон. Ингээд үлдэгдэл болох 93 357 630 төгрөгийг 1230000033 тоот дансаар хүлээн авч ийнхүү хүлээн авсан тухайгаа 2016 оны 02 сарын 23-ны өдөр баталгаа бичгээр илэрхийлж, нотариатаар баталгаажуулсан. Ингээд нийт 1 158 400 000 төгрөгийг манай компани иргэн С.А-эд төлж барагдуулсан байна. Тиймээс нэхэмжлэлд дурдаад байгаа шиг их хэмжээний буюу 300 000 000 төгрөгийг дутуу олгосон гэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш-” ХХК-иас гүйцэтгэсэн ажлын хөлс 128 884 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 524 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш-” ХХК-иас 802 370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А-эд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: С.А- болон “Ш-” ХХК-ийн хооронд 2015 оны 7 сарын 24-ний өдөр байгуулагдсан автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээгээр төлбөрт нүүрсний үнэ суутгаж тооцох талаар огт дурдаагүй бөгөөд нүүрс хүлээж аваагүй тул 116 555 740 төгрөгийн нүүрсээр тооцож өгсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээнд төлбөрөөс баримтжуулсан дизель түлшний үнийг суутгаж тооцохоор заасан ч шатахуунаар тооцож өгсөн 470 786 630 төгрөгийн баримтад С.А- нь гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 сарын 08-ны өдрийн 2238 дугаар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч шинжилгээ хийх журамд заасан аргачлалын дагуу явуулаагүй тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хүсэлтийг хангаагүй нь хэт нэг баримталсан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч нь хариуцагч компаниас авч буй өрөөс дизель түлшний үнийг суутгасан талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаагүй, хариуцагч талын гаргасан 470 786 630 төгрөгийн зарлагын баримтыг үгүйсгэж няцаасан баримтыг гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 470 786 630 төгрөгийн баримтыг няцаасан баримтыг өөрөө гаргуулж өгөх боломжгүй байсан тул шүүхийн журмаар гаргуулж “Багануур” ХК-иас ирүүлсэн 8-11 сарын баримтаар түлшний нийт төлбөр 449 358 299 төгрөг байсан болох нь тогтоогдсон. Гэтэл хэрэгт авагдсан түлшний баримт зөрүүтэй төдийгүй 449 358 299 төгрөгийг хүлээлцсэн баримт хэрэгт авагдаагүй байхад үндэслэлгүйгээр гэрээний төлбөрт суутгаж, төлсөн мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээний 7.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасны дагуу алданги нэхэмжилсэн байтал энэ талаар огт дүгнээгүй байх бөгөөд алданги тооцоогүй нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцоход алдаа гаргасан тухайд төсөвт ажлын үндсэн захиалагч “Багануур” ХК нь санхүүжилт бэлэн мөнгөөр олгох боломжгүй болсон тул нүүрс авах санал гаргасныг гэрээнд оролцогч талууд нүүрс авахыг хүлээн зөвшөөрч, нүүрсийг хүлээн авсан тухай 2015 оны 12 сарын 30-ны өдөр баримт үйлдсэн бөгөөд нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй гэж байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 сарын 08-ны өдрийн 2238 тоот шинжээчийн дүгнэлтээр хүлээн авсан баримтад зурсан гарын үсэг нь С.А-ийнх мөн болох нь тогтоогддог. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээний талууд 2015 оныг дуустал нүүрс хүлээн аваад тооцооллыг нэгтгэн гаргасан байхад анхан шатны шүүхээс тооцоо нийлсэн актад тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг орлуулах, солих, өөр шаардах эрхтэй тооцож дуусгавар болох эрхтэй болохыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна. 2016 оны 02 сарын 04-ний өдөр хариуцагч нь С.А-ийн ажиллуулсан нэр бүхий жолооч нарт цалинг шууд олгохдоо зээлийн гэрээний баримт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүхээс жолооч С.Чинчулууныг гэрчээр асуухад ажил гүйцэтгэсэн төлбөрийг төлсөн тухай мэдүүлсэн байдаг. 2015 оны 7 сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн хүлээсэн хөлс төлөх үүргийн зорилго нь ажил гүйцэтгэх зардлыг төлөх, ажилчдын цалин, байр, хоол зэрэг бусад урсгал зардлыг санхүүжүүлэх байсан бөгөөд жолооч нарын өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь С.А-ийн оролцоогүйгээр буюу өөр замаар, түүний нөлөөгүй явагдаж үүргийн зорилго шууд утгаар биелэгдсэн байна. Хэрэв шүүхээс 85 300 000 төгрөгийн жолоочийн цалингийн асуудлыг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлээр сольсон нь хамаарахгүй гэж дүгнэвэл тухайн жолооч нараас дурдсан мөнгийг буцаан нэхэмжлэх асуудал үүснэ. Жолооч нарын эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байх тул тухайн этгээдийг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтатган шийдвэрлэх нь талуудын хооронд үүссэн асуудал нэг мөр шийдэгдэж, бодит үнэнийг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх хэмнэлтийн зарчимд нийцсэн, шүүхийн шийдвэрийн биелэлтийг түргэн шуурхай хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Иймд жолооч нарыг гуравдагч этгээдээр оролцуулах буюу хэргийн оролцогч нартай урьд үүссэн харилцаанд өөрийн субьектив эрхийг хамгаалах боломж олгох ёстой байжээ. 2015 оны 7 сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд Ч.Жамбаноров гарын үсэг зурсан байх бөгөөд “Ш-” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед О.Чулуунбаатар байсан бөгөөд тус гэрээний харилцаанд огт оролцоогүй болно. Ч.Жамбаноров нь гэрээний харилцаанаас сүүлд буюу 2019 оны 4 сарын 16-ны өдөр томилогдсон байгааг шүүхийн шийдвэрт дурдсан боловч огт дүгнэлт өгөөгүй байдаг. Аливаа хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрх нь хуулийн дагуу буюу гүйцэтгэх захирал шууд төлөөлөх эсхүл Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр олгогдох учиртай. Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгчид уг хэлцлийн үр дагавар үүсэх боломжгүй бөгөөд хэлцлийг манай хуулийн этгээд хариуцахгүй юм. Мөн шүүх хуралдаан завсарласан үеэр нэхэмжлэгч С.А-ийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг заналхийлсэн үйлдэл гаргасан тул цагдаагаас асуумж авч хариуцлага тооцож өгөхийг шаардахад хүлээж аваагүй тул шүүгчээс татгалзсан боловч шүүгчээс татгалзал шийдэх үе шат өнгөрсөн гэж тайлбарлан татгалзлыг хүлээж аваагүй. Түүнчлэн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүйд манай компани туйлын гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч “Ш-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 425 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 7 сарын 24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.А- нь “Багануур” ХК-ийн Багануурын нүүрсний уурхайн хөрс хуулалтын тээвэрлэлтийн 825 000 м.куб ажлыг өөрийн техник хэрэгсэл, зардлаар, технологийн дагуу хийж гүйцэтгэх, хариуцагч “Ш-” ХХК нь ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, ажлын хөлс болох   1 100 000 000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-4-р тал/. Түүнчлэн, зохигчид 2015 оны 10 сарын 01-ний өдөр хөрс хуулалтын тээврийн ажилд нэмэлтээр экскаватор, ковш түрээсээр ажиллуулах гэрээ байгуулж, хариуцагч “Ш-” ХХК нь гэрээний төлбөр 75 000 000 төгрөгийг үндсэн гэрээний дүн дээр нэмж төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 160-р тал/  

 

                        Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

            Талууд 2015 оны 11 сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж,  автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил 100 хувь дууссан, экскаватор, ковшийн түрээсийн нэмэлт гэрээний үнэ 36 000 000 төгрөг гэж бичсэнээс дүгнэвэл нэхэмжлэгч С.А- нь нийт 1 136 000 000 төгрөгийн /1 100 000 000 + 36 000 000 = 1 136 000 000/ ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 159-р тал/

 

            Хариуцагч “Ш-” ХХК нь 470 786 630 төгрөгийн шатахуун, 116 555 740 төгрөгийн нүүрсийг нэхэмжлэгч С.А-эд хүлээлгэн өгч, хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 сарын 08-ны өдрийн 2238 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. /хх-ийн 29-30, 85-86-р тал/

 

            Гэвч, анхан шатны шүүх “Багануур” ХК-иас ирсэн баримтад үндэслэн шатахууны үнийг 449 358 300 төгрөгөөр тооцон, нүүрсний үнэ болох 116 555 740 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоогүй нь учир дутагдалтай болсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Ш-” ХХК нь үндсэн болон нэмэлт гэрээний үүрэгт бэлнээр 387 400 000 төгрөг, дансаар 98 357 630 төгрөг, 470 786 630 төгрөгийн түлш, 116 555 740 төгрөгийн нүүрс, нийт 1 073 100 000 төгрөгийг нэхэмжлэгч С.А-эд төлсөн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд, шинжээчийн дүгнэлт, мөнгө хүлээн авсан баримт, кассын зарлагын ордер зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-31, 55 ,57-63-р тал/. Иймд нүүрс болон түлш хүлээн авсан баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, хэрэгт авагдсан баримтууд зөрүүтэй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

           

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.3-т “захиалагч нь 4.3-д заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгч С.А- нь хууль буюу гэрээнд зааснаар гэрээний үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй юм.

            Тодруулбал, нийт ажлын хөлс 1 136 000 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн    1 073 100 000 төгрөгийг хасвал 62 900 000 төгрөг, алданги 31 450 000 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч “Ш-” ХХК нь ажлын хөлсийг бүрэн төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Хариуцагч “Ш-” ХХК нь 85 300 000 төгрөгийг нэхэмжлэгч С.А-ийн ажиллуулж байсан жолооч нарт цалин хэлбэрээр олгосон гэх боловч энэ талаар талууд тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдээр хариуцагч “Ш-” ХХК-ийг нэхэмжлэгч С.А-ийн өмнөөс жолооч нарын цалинг өгсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд жолооч нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

            Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 62 900 000 төгрөг, алданги 31 450 000 төгрөг, нийт 94 350 000 төгрөгийг хариуцагч “Ш-” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч С.А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүгчээс татгалзсан хариуцагч талын татгалзлыг шүүх хүлээж аваагүй, мөн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх боловч анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, шүүгчийн татгалзал зэргийг шүүх хуралдааны дэгийн дагуу явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд дээрх хүсэлтийг хүлээн аваагүй шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй юм. /2хх-ийн 56-57-р тал/

           

            Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00906 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “Ш-” ХХК-иас 94 350 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч С.А-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “ ... 802 370 төгрөгийг ...” гэснийг “629 700 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 639 030 төгрөг, хариуцагчаас төлсөн 802 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

         ШҮҮГЧ                                     Д.НЯМБАЗАР

 

Г.ДАВААДОРЖ