Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00698

 

                                                           ****ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00906 дугаар шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1199 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

 **** **** ХХК-д холбогдох 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 425,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийнгаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Раднаасүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** **** ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 225,000,000 төгрөг, нэмэлт гэрээний төлбөрт 58,400,000 төгрөг, алданги 141,700,000 төгрөг, нийт 425,100,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00906 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 349 дүгээр зүйлийн 349.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  **** **** ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлс 128,884,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,524,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** **** ХХК-аас 802,370 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****эд олгохоор шийдвэрлэжээ.

3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1199 дүгээр магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00906 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч  **** **** ХХК-аас 94,350,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ****эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,2 дахь заалтын ...802,370 төгрөгийг... гэснийг 629,700 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,639,030 төгрөг, хариуцагчаас төлсөн 802,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ч.Жамбаноровын нэр бүхий 9 жолоочтой 2016.02.04-ний өдөр /Д.Базарсад 1,000,000 төгрөг, Н.Нэмэхбаяр 3,000,000 төгрөг, Б.Энхболд 3,000,000 төгрөг, С.Наранбаатар 900,000, Н.Төмөрбаасан 1,100,000 төгрөг, Ш.Ганзориг 3,500,000 төгрөг, Д.Ариунгэрэл 4,500,000 төгрөг, И.Лхачинсүрэн 2,500,000 төгрөг, С.Чинчулуун 2,500,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөг/-ийг Зээлийн гэрээ байгуулж өгсөн, энэхүү 22,000,000 төгрөг нь ****ийн эдгээр жолооч нарт олгох цалинг түүний өмнөөс олгосон байдаг тул эдгээр нэр бүхий 9 жолоочийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. “ **** ****” ХХК-ийн зүгээс ****ийн нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэл байхгүй буюу татгалзах гол үндэслэлүүдийн нэг нь ****ийн үүргийг жолооч нарын өмнө хүлээсэн үндэслэлээрээ татгалздаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасны дагуу “ **** ****” ХХК-ийн төлөөлөгчийн зүгээс хүсэлтийг гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хангалтгүй хэргийг шийдвэрлэсэн. Улмаар хэргийг шийдвэрлэхдээ буюу шийдвэрийн үндэслэх хэсэгт нэр бүхий жолооч нартай байгуулсан гэрээ нь иргэд хоорондын зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь “ **** ****” ХХК болон жолооч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн шүүхэд мэдүүлэх, мэтгэлцэх зарчим, нөхцөлийг хангалтгүй шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндуламаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал; мөн хуулийн 92.1 .Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй... мөн хуулийн 92.6-д Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана... гэх заалтыг илтэд зөрчсөн.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд хэргийг хэлэлцэж эхлэх талаар нарийвчлан хуульчилсан. Шүүгч Д.Янжиндуламын даргалсан хуралдаанд “ **** ****” ХХК-ийн төлөөлөгчийн нэр бүхий 9 жолоочийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шийдвэрлэхээр завсарлах хугацаанд нэхэмжлэгч **** нь шүүхийн байрны гадаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийг дарамталсан асуудалтай холбогдуулан хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчээс айж байгаагаа хэлж, нэхэмжлэгчид зохих хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтийг гаргасныг шүүгч шүүх хуралдааны танхимд тийм үйлдэл гаргаагүй тул үндэслэлгүй байна гэж хүсэлтийг хүлээн авалгүй, улмаар хүсэлт хүлээн авахгүй байгаатай нь холбогдуулан өөрийг нь хэргийг шударгаар шийдвэрлэх эсэхэд чинь эргэлзэж байгаагаа тайлбарлахад татгалзлыг хуульд заасан Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэлгүй, шүүх хуралдаан эхэлсэн байсан мэтээр хуулийг буруу тайлбарлаж, хүсэлт, татгалзлын шат өнгөрсөн гэж хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг эхлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийг зөрчиж, тус хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тул мөн хуулийн 346 дугаар зүйлд заасны дагуу хөлсийг төлөх талаар дүгнэсэн. Гэтэл ****ийн туслах ажилтан буюу ****тэй гэрээ байгуулан том автомашинтай жолооч нартай гэрээ байгуулан ажиллуулж байсан. н.Энхжаргал гэх хүний авсан мөнгийг шүүх тооцоогүй нь үндэслэлгүй байна. Учир нь хэргийн 65 дугаар талд 2016.02.07-нд 27,000,000 төгрөг н.Энхжаргалд өгсөн баримтыг шүүх үндэслэлгүйгээр үнэлээгүй байдаг. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01630 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч **** нь “...би “ **** ****” ХХК-ийн ажлыг гүйцэтгэхдээ 1 хүнтэй гэрээ байгуулсан, тэр нь н.Энхжаргал, н.Энхжаргалтай цэвэр ашгийн 1 хувийг өгөхөөр тохиролцсон, тэр нь 38,000,000 төгрөг, Ч.Жамбаноровоос авсан бүх мөнгө н.Энхжаргалаар дамжсан...” гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Бодит байдал нь Ч.Жамбаноров нь ****эд өгсөн гэх бүх мөнгийг эхлээд н.Энхжаргалд өгдөг, дараа нь хүлээж авсан баримтад **** гарын үсэг зурдаг байсан байна. н.Энхжаргал нь ****ийн төлөөлөгч мэтээр ажил гүйцэтгэх үйл ажиллагааг биечлэн явуулдаг байсан тул Иргэний хуульд заасан төлөөллийн зарчим хэрэгжсэн байдаг. Мөн зээлийн гэрээ байгуулалгүйгээр ****ийн амаар олгосон даалгаврын хүрээнд 61-20 УВЛ, 61-46 УВЛ дугаартай автомашинтай жолооч, иргэн О.Анхбаяр нь 2016.02.08-нд 11,700,000 төгрөгийг Ч.Жамбаноровоос хүлээн авсан баримт авагдсан. 09-29 УНК дугаартай автомашинтай иргэн Н.Чулуунхүү нь 2016.02.05-нд 8,500,000 төгрөгийг Ч.Жамбаноровоос хүлээн авсан баримт хэрэгт авагдсаныг шүүх үнэлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ****ийн амаар өгсөн даалгаврын дагуу н.Энхжаргалд 27,000,000, О.Анхбаярт 11,700,000 төгрөг, Н.Чулуунхүүд 8,500,000 төгрөг, нийт 47,200,000 төгрөгийг зээлийн гэрээгүйгээр ****ийн төлөөлөгч нарт өгсөн байхад шүүх зээлийн гэрээтэй 9 жолоочийн 22,000,000 төгрөгийн татгалзалтай хольж, бэлнээр өгсөн 47,200,000 төгрөгийг хасалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ****ийн ажилтан н.Энхжаргал, О.Анхбаяр, Н.Чулуунхүү нарт өгч байгаа 47,200,000 төгрөг нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно” гэж заасны дагуу “ **** ****” ХХК нь үүргээ гүйцэтгэсэн үйлдлийг шүүх анхаараагүй байна. Учир нь 2019.06.03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 128 дугаар тойргийн нотариатч Б.Энхтуяаг гэрчээр асуусан тэмдэглэлд 2016.02.23-ны өдөр нотариатын дэргэд **** нь 93,000,000 төгрөгийг Ч.Жамбанороос авч, тооцоо дууссан баримт үйлдэхээр харилцан тохиролцож, акт үйлдсэн боловч 93,000,000 төгрөгийг дансандаа хийлгэсний дараа үйлдсэн актыг устгаж, гарч явсан талаар мэдүүлсэн байдаг. Энэхүү үйл баримт нь **** нь нэр бүхий 9 жолоочийн 22,000,000 төгрөг, болон н.Энхжаргал, О.Анхбаяр, Н.Чулуунхүү нарт өгсөн 47,200,000 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах төлбөрт тооцож, тухайн үед хүлээн зөвшөөрсөн байсныг илтгэдэг. Гэтэл хожим энэхүү үйлдлээсээ буцсан нь тухайн үед өгсөн мөнгийг Ч.Жамбаноров нь бусад этгээдээс нэхэх хууль зүйн үр дагаврыг үүсгэхгүй, үүрэг дуусгавар болсон байдаг. 2015.07.24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд Ч.Жамбаноров гарын үсэг зурсан байх бөгөөд “ **** Баян” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тухайн үед буюу О.Чулуунбаатар байсан бөгөөд тус гэрээний харилцаанд огт оролцоогүй болно. Ч.Жамбаноров нь гэрээний харилцаанаас сүүлд буюу 2019.04.16-ны өдөр томилогдсон байгааг шүүхийн шийдвэрт дурдсан боловч огт дүгнэлт өгөөгүй байдаг. Аливаа хуулийн этгээдийг төлөөлөх бүрэн эрх нь хуулийн дагуу буюу гүйцэтгэх захирал шууд төлөөлөх эсхүл Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр олгогдох учиртай. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу заавал шаардагдах төлөөлөх бүрэн эрхгүй хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгчид уг хэлцлийн үр дагавар үүсэх боломжгүй бөгөөд хэлцлийг “ **** ****” ХХК буюу түүний хувьцаа эзэмшигч юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 128,884,070 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хариуцагчаас 94,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 330,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс ****ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 330,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагдсан хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015.07.24-ний өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр 225,000,000 төгрөг, 2015.10.01-ний өдрийн нэмэлт гэрээний төлбөр 58,400,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн алданги 141,700,000 төгрөг, нийт 425,100,000 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлсон байна. 

8.1. Хариуцагч **** **** ХХК “...манай компани ****эд төлбөрийг төлж барагдуулсанучраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ. 

9. Зохигч ажлын хөлсний хэмжээнд маргаагүй, хариуцагч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болжээ. 

10. Талуудын хооронд 2015.07.24-ний өдөр автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр **** Багануур ХК-ийн Багануурын нүүрсний уурхайн хөрс хуулалтын тээвэрлэлтийн 825.000 м3 ажлыг өөрийн техник хэрэгсэл, зардлаар, технологийн дагуу хийж гүйцэтгэх,  **** **** ХХК ажлын хөлс 1,100,000,000 төгрөг төлөх, түүнчлэн 2015.10.01-ний өдөр хөрс хуулалтын тээврийн ажилд нэмэлтээр экскаватор, ковш ажиллуулах гэрээ байгуулж,  **** **** ХХК гэрээний төлбөр 75,000,000 төгрөгийг үндсэн гэрээний дүн дээр нэмж төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдожбайна. 

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв тодорхойлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

12. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус хуульчилжээ. 

Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ “ **** **** ХХК зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч тус харилцааг зохицуулсан хууль, гэрээг үндэслэн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүргээ гүйцэтгэх шаардлага гаргах эрхтэй. 

13. Зохигч 2015.11.08-ны өдөр тооцоо нийлсэн актад автосамосвалаар хөрс тээвэрлэх ажил 100 хувь дууссан, экскаватор, ковшийн түрээсийн нэмэлт гэрээний үнэ 36,000,000 төгрөг гэж бичсэнээр **** нийт 1,136,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх бөгөөд “ **** **** ХХК-аас 470,786,630 төгрөгийн шатахуун, 116,555,740 төгрөгийн нүүрсийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ. 

13.1. Давж заалдах шатны шүүх  **** **** ХХК-аас үндсэн болон нэмэлт гэрээний үүрэгт бэлнээр 387,400,000 төгрөг, дансаар 98,357,630 төгрөг, 470,786,630 төгрөгийн түлш, 116,555,740 төгрөгийн нүүрс, нийт 1,073,100,000 төгрөгийг ****эд төлсөн бөгөөд уг төлбөрийг ажлын хөлс 1,136,000,000 төгрөгөөс хасч хариуцагчийн үүргийг 62,900,000 төгрөгөөр тодорхойлсон нь “Багануур ХК-аас шүүхэд ирүүлсэн санхүүгийн баримт, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, мөнгө хүлээн авсан баримт, кассын зарлагын ордер зэрэгт үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 7.3-т “Захиалагч нь 4.3-д заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгчид төлнө” гэж харилцан тохиролцсон байна. 

Хариуцагч  **** **** ХХКажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 62,900,000 төгрөгт шүүхээс алданги тооцож,31,450,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

15. “ **** **** ХХК нь“...ажлын хөлсийг бүрэн төлсөн, ...85,300,000 төгрөгийг нэхэмжлэгч ****ийн ажиллуулж байсан жолооч нарт цалин хэлбэрээр олгосон...” гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал буюу жолооч нарт цалин өгөх талаар талууд тохиролцсон гэх үйл баримттогтоогдоогүй, нэр бүхий хүмүүстэй байгуулсан зээлийн гэрээнүүдээр жолооч нарын цалинг өгсөн гэж дүгнэх боломжгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

16. Анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ/2020/05047 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гуравдагч этгээдээр нэр бүхий 9 жолоочийг оролцуулах хүсэлтэд зохигчийн маргаанд тэдний эрх ашиг, сонирхол хэрхэн зөрчигдөх үйл баримт тодорхойгүй, ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. 

17. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нь анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзсан бөгөөд шалтгаанаа ...хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж харж байна. Нэгдүгээрт та миний хүсэлтийг хангасангүй, за хангагддаггүй юм байж. Хоёрдугаарт нэхэмжлэгч ийм илэрхий заналхийлсэн үйлдэл гаргаж байхад яагаад энэ хүнд хариуцлага тооцохгүй байгаа юм бэ. Энэ хоёр үндэслэлээр татгалзаж байна...” гэж тайлбарлажээ. 

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангаагүй, нэхэмжлэгчийн заналхийлсэн үйлдэл нь шүүгчийг татгалзах нөхцөл болох, шүүгчийг татгалзсан асуудлыг шүүгч өөрөө шийдвэрлэсэн буюу татгалзлын шат өнгөрсөн гэж хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гомдол үндэслэлтэй эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ. 

17.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн байдал нь шүүгчийг татгалзах үндэслэл биш байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9-т хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагаатай холбоотой шүүгчийн бүрэн эрхийн талаар, 91 дүгээр зүйлийн 91.1 шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлийн талаар тус тус зохицуулжээ. 

Шүүх хуралдааныг хойшлуулах эрхийг шүүх эдэлнэ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан хойшлуулах эсэх буюу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх нь шүүгчийн бүрэн эрх байна. 

17.2. Анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг шүүх хангасан, хангаагүй нь шүүгчийг татгалзах бус, харин давж заалдах гомдол гаргах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 заасан үндэслэлд хамаарна. 

Иймээс шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн, нийцээгүй гэх нөхцөл байдлаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй тохиолдолд хамааруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг зөрчинө. 

17.3. Шүүгчийг татгалзах тухай хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байвал шүүгч энэ тухай захирамж гаргаж, татгалзан гаргах хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 заасны дагуу Ерөнхий шүүгчид шилжүүлнэ. 

Харин шүүгчийг татгалзах тухай хүсэлт нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж шүүгч үзвэл, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасантай нийцнэ. 

17.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтийг шүүгчийг татгалзан гаргах гэж нэрлэсэн хэдий ч энэ нь нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүгч хангаагүйг эс зөвшөөрсөн агуулгатай байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй нөхцөл байдлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гэж тайлбарласныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д хамааруулах нь мөн зүйлийн 91.2-т заасантай нийцэхгүй болно. 

17.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан шүүгчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй асуудлаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал тул хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэхгүй. 

17.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахиххуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй. 

Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна, дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4, 97 дугаар зүйлийн 97.1-д зохицуулан заасан. 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ****шүүх хуралдаан дээр хуралдааны журам, дэгийг зөрчсөн болох нь тогтоохгүй байна. 

17.7. Дээр дурдсанаар анхан шатын шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлийг зөрчсөн, тус хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй...” утга бүхий гомдол үндэслэлгүй. 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээж аваагүй анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй, шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн байна. 

18.  Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан “...шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1199 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

                           

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД