Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 01201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.А-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00867 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: П.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй П.А-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 172 869 955 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 3 сарын 07-ны өдрийн 387 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсын хамт бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлбөр барагдуулах ажиллагааг хийж байгаа юм. П.А- нь төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулж, одоо 35 992 774 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2019 оны 11 сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг үйлдээд төлбөр төлөгч П.А-т өөрт нь мэдэгдэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж, 2019 оны 11 сарын 29-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Амарбаясгалан худалдан авах эрхтэй болжээ. П.А- нь 2019 оны 11 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3-ын 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял авсан ба одоо хорих 409 дүгээр ангид байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүнд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй байна. П.А-ийн хувьд 75 настай ээж, насанд хүрээгүй 2 хүүгийн хамт амьдардаг байсан, тэрээр өрх толгойлсон эцэг хүн, тухайн байрыг худалдан борлуулснаар өнөөдөр дээрх гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн болон хоригдогч П.А-ийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дах хэсэгт заасан төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах зэрэг эрх зөрчигдөж хоёр дуудлага худалдаа хууль бус явагдсан гэж үзэх үндэслэл үүсч байгаа тул хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 сарын 07-ны өдрийн 387 дугаар шийдвэрээр П.А-аас 172 869 955 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөрийг төлөөгүй тохиолдолд П.А-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206009186 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 51-А байрны 11 тоотын 127.3 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.А-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэн удаа дараа мэдэгдэл гардуулахад төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 16298832 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 16290832/221 дүгээр тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай :уулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудад мэдэгдэхэд үнэлгээ харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор 2019 оны 8 сарын 21-ний өдрийн 138 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, 131 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч П.А-т 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 4/18839 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг гардуулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар 62.1-д заасны дагуу дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хугацааг авсан. Анхны албадан дуудлага худалдаа 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 11/1 дугаар тогтоолоор 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 10 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг 2019 оны 10 сарын 17-ны өдөр П.А- биечлэн гардан авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаа 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 12/1 дугаар тогтоолоор 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 10 цагт тус газар зохион байгуулагдах тухай тогтоол мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6-д заасны дагуу мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц бүрд төлбөр төлөгч П Ангараг өөрийн биеэр оролцож байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. Иймд хуульд заасан хугацаа хэтэрсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н-т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нэхэмжлэлтэй П.А-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 172 869 955 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 3 сарын 07-ны өдрийн 387 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. П.А- нь төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулж, одоо 35 992 774 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон. Н- нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолыг үйлдээд төлбөр төлөгч П.А-т өөрт нь мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулж, 2019 оны 11 сарын 29-ний өдөр тухайн үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Амарбаясгалан худалдан авах эрхтэй болжээ. П.А- нь 2019 оны 11 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял авсан ба тухайн дуудлага худалдаа зохион байгуулагдах тогтоол үйлдэх үөд хорих 409 дүгээр ангид байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагад ...шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухай хүнд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй” байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах зэрэг эрхүүд ноцтой зөрчигджээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэсэн, төлбөр төлөгч П.А- нь ял шийтгэгдэж, эрх нь хязгаарлагдсан болох нь тогтоогдож байх хэдий ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдаж байгааг мэдэж байсан тул төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.       

 

Нэхэмжлэгч П.А- нь хариуцагч Н-т холбогдуулан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 3 сарын 07-ны өдрийн 387 дугаар захирамжаар нэхэмжлэгч П.А-аас 172 869 955 төгрөгийг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгож, төлбөр төлөгч үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгч П.А-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 51-А дугаар байрны, 11 тоот хаягт байршилтай, 127.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009186 дугаартай, 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 36-38-р тал/

 

Төлбөр төлөгч П.А- нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хүсэлтээр Хан-Уул дүүргийн шүүх 2013 оны 6 сарын 07-ны өдөр 224 дүгээр гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 35-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч П.А-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 9 сарын 16, 9 сарын 26, 2019 оны 8 сарын 13-ны өдөр тус тус хүргүүлж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 51-А дугаар байрны, 11 тоот хаягт байршилтай, 127.3 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009186 дугаартай, 4 өрөө орон сууцыг 2018 оны 8 сарын 13-ны өдөр битүүмжилж, 2019 оны 8 сарын 13-ны өдөр хураасан байна. /хх-ийн 48, 54-58-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор төлбөр төлөгч П.А-аас үнийн санал авахад 280 000 000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 66-67-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 231 500 000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчийн дүгнэлт болон анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад хүргүүлж, 2019 оны 10 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Улмаар хариуцагч Н- нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол үйлдэж, 11 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч П.А-ийн ээж Р.Дүүриймаад мэдэгдсэн болох нь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогджээ. /хх-ийн 129-131-р тал/. Иймд нэхэмжлэгч П.А-т өөрт  нь мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ... эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заажээ. Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00867 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                   

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.ИЧИНХОРЛОО

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ