Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01694

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Д-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01977 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Т-” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 15 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дашдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 4 сарын 30-ны өдөр “Т-” ХХК-тай Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдаж байгаа орон сууцнаас 32,6 м.кв 1 өрөө орон сууцны захиалга өгсөн. Захиалга өгсөн сардаа 3 000 000 төгрөг, дараагийн сард 12 000 000 төгрөг, сар бүрийн төлөлт хийсээр нийт 23 000 000 төгрөгийг төлсөн. “Т-” ХХК нь байрыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Би захиалагчийн хувьд мөнгөө төлж байсан, гэрээ цуцлах болсон шалтгаан нь уг компанийн барилгын ажлыг 4 давхар байхад нь гэрээгээ хийсэн, гэвч 12 дугаар сар гэхэд ердөө 7 давхар болж зөвхөн 3 давхар л баригдсан, одоо ч ашиглалтад ороогүй байна. Хариуцагч нь намайг гадаад явах болоод гэрээ цуцалсан гэх боловч би 9 сарын 12-нд яваад 10 сарын 03-нд ирсэн. “Т-” ХХК надад 8 000 000 төгрөгийг эргүүлэн төлсөн тул үлдэх 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагч гэрээний дагуу 23 000 000 төгрөгийг төлсөн, үүнээс гэрээнд зааснаар 2 300 000 төгрөгийн торгуулийг суутгаж, үлдсэн төлбөрийг зөвшөөрч байна. Захиалагч гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлж байгаагүй ч бид алдангийн талаар яриагүй. Гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээний 5.1, 3.1, 4.11 дүгээр заалтуудыг дагаж мөрдөнө. Гэрээг захиалагчийн хүсэлтээр буюу гадагшаа сургалтад явах шалтгаанаар цуцалсан. Иймд гэрээнд заасан 10 хувийн торгуулийг төлөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т-” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулж О.Д-эд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т-” ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэрээний 3.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, 2.4-т зааснаар захиалагч 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор тогтоосон хэмжээгээр төлбөрийг төлж дуусгахаар тохирчээ. Харин захиалагч гэрээний хугацаанд 23 000 000 төгрөг төлсөн. Гэрээ цуцлах болсон үндэслэл нь гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой, харин захиалагчийн буруугаас гэрээ цуцлах шалтгаан болоогүй энэ тохиолдолд захиалагчийн төлсөн 2 300 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ ... “Т-” ХХК-ийн 15 000 000 төгрөг гаргуулж Очирын Дашзэгвэд олгосугай ... гэжээ. Захиалагч О.Д-э нь гадаад явахаар болсон гээд гэрээг цуцлах санал гаргасны дагуу гэрээг цуцалсан бөгөөд тус гэрээний 5.1, 3.1, 4.11 дүгээр заалтуудад гэрээг захиалагчийн хүсэлтээр цуцалсан тохиолдолд 10 хувийн торгууль төлөхөөр тохирсон тул О.Д-ийн төлсөн 2 300 000 төгрөгөөс 10 хувь буюу 2 300 000 төгрөгийг төлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өерчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                                                

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Д-э нь хариуцагч “Т-” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 15 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 4 сарын 30-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Т-” ХХК нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхонд, 9 давхрын 2 өрөө, 32,6 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч О.Д-э нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрт 44 010 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-8-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин зохигчийн маргаан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардсан агуулгатай байхад шүүх ажил гүйцэтгэх гэрээний хохирол гаргуулахтай холбоотой Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу болжээ.

 

 Нэхэмжлэгч О.Д-э нь 2019 оны 5 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орон сууцны төлбөрт нийт 23 000 000 төгрөгийг хариуцагч “Т-” ХХК-д төлсөн байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.1-т зааснаар гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиолцсон байна. /хх-ийн 13-18-р тал/

 

Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон ... тогтоож болно”,

206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч “Т-” ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад өгөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ.

 

Улмаар нэхэмжлэгч О.Д-э нь гэрээнээс татгалзах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр гэрээ цуцлагдаж, орон сууцны төлбөрт төлсөн 23 000 000 төгрөгийг 2020 оны 02 сарын 01-ний дотор буцаан төлөхөө илэрхийлэн, 8 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгч О.Д-эд төлж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүй байна. /хх-ийн 12-р тал/

Нэгэнт талууд шүүхэд хандахаас өмнө гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч О.Д-э нь орон сууцны төлбөрт шилжүүлсэн 23 000 000 төгрөгийн үлдэгдэл болох 15 000 000 төгрөгийг хариуцагч “Т-” ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагч “Т-” ХХК-иас 15 000 000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч О.Д-эд олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1  дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч О.Д-э нь гадаад явахаар болж, гэрээг цуцлах санал гаргасан тул гэрээнд заасны дагуу 10 хувийн торгууль болох 2 300 000 төгрөгийг төлөх боломжгүй гэх боловч дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч “Т-” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүйн улмаас нэхэмжлэгч О.Д-э гэрээнээс татгалзсан гэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 352-р зүйлийн 352.1 ...” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 232 950 төгрөгийн 51 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 181 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                          

                                         ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                    Г.ДАВААДОРЖ