Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01977

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Наадамчдын гудамж, 0 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ОО00000000 Б овогт О-н Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Gem palace төвийн 0 тоот, Т ХХК-д холбогдох 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 04-р сарын 30-ны өдөр Т ХХК-тай Хан-Уул дүүргийн 16-р хороонд баригдаж байгаа орон сууцнаас 32.6 м.кв 1 өрөө орон сууцны захиалга өгсөн. Захиалга өгсөн сардаа 3.000.000 төгрөг, дараагийн сард 12.000.000 төгрөг, ингэж сар бүрийн төлөлт хийсээр нийт 23.000.000 төгрөгийг төлсөн. Т ХХК нь байрыг 2019 оны 4-р улиралд ашиглалтанд хүлээлгэн өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй. Би захиалагчийн хувьд мөнгөө төлж байсан, гэрээ цуцлах болсон шалтгаан нь уг компанийн барилгын ажлыг 4 давхар байхад нь гэрээгээ хийсэн, гэвч 12 дугаар сар гэхэд ердөө 7 давхар болж зөвхөн 3 давхар л баригдсан, одооч ашиглалтанд ороогүй байна. Хариуцагч намайг гадаад явах болоод гэрээ цуцалсан гэх боловч би 9 дүгээр сарын 12-нд яваад 10 дугаар сарын 3-нд ирсэн. Т ХХК надад 8.000.000 төгрөгийг эргүүлэн төлсөн тул үлдэх 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиалагч гэрээний дагуу 23.000.000 төгрөгийг төлсөн, үүнээс гэрээнд зааснаар 2.300.000 төгрөгийн торгуулийг суутгаж, үлдсэн төлбөрийг зөвшөөрч байна. Захиалагч гэрээнд заасан хугацаанд мөнгөө төлж байгаагүй ч бид алдангийн талаар яриагүй. Гэрээг цуцалсантай холбоотойгоор гэрээний 5.1, 3.1, 4.11 дүгээр заалтуудыг дагаж мөрдөнө. Гэрээг захиалагчийн хүсэлтээр буюу гадагшаа сургалтанд явах шалтгаанаар цуцалсан. Гэрээнд заасны дагуу байр 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд орох байсан. Иймд гэрээнд заасан 10 хувийн торгуулийг төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Д нь Т ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас учирсан хохирол 15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

О.Д нь Т ХХК-тай 2019 оны 4-р сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16-р хороонд баригдаж буй 143 айлын орон сууцны 907 тоот 32.6 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг 44 010 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" / хх 4-8/ байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээний 3.1-т зааснаар ажил гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 4-р улиралд ашиглалтанд оруулах, 2.4-т зааснаар захиалагч нь 2020 оны 12-р сарын 30-ны дотор тогтоосон хэмжээгээр төлбөрийг төлж дуусгахаар тохирчээ.

 

Харин захиалагч гэрээний хугацааанд 23 000 000 төгрөгийг төлсөн /хх 13-18/ нь ХААН банкны дансны хуулгаар тогтоогдсон, гүйцэтгэгч нь сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд ашиглалтад оруулаагүй, одоогоор баригдаж дуусаагүй байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, өөрөөр хэлбэл, гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс захиалагч гэрээ цуцлах санал гаргасан, гүйцэтгэгч нь захиалагчийн саналаар гэрээ цуцалсныг мэдэгдэж, 23 000 000 төгрөгийг 2020 оны 2-р сарын 1-ний дотор төлөхөөр албан бичгээр мэдэгдэж /хх 11-12/ байжээ.

 

Гэрээ цуцлах болсон үндэслэл нь гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой, харин захиалагчийн буруугаас гэрээ цуцлах шалтгаан болоогүй, энэ тохиолдолд захиалагчийн төлсөн 23 000 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т  ХХК-иас 15 000 000 /арван таван сая/ төгрөг гаргуулж О-ын Д-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА