Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01725

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01947 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 939 170 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 11 009 370 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Отгонцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь 1999 онд Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаад улмаар төрсөн ах Б.Б-даа мөнгө зээлдүүлсэн. Зээлийн харилцаа 2004 онд үүссэн бөгөөд 2004 онд 2 500 ам.доллар, 2009 онд 1 000 ам.доллар, бэлнээр 1 200 000 төгрөгийг өгсөн байдаг. Нэхэмжлэгч 2009 онд Монголд ирсэн ба түүнээс хойш дахин Солонгос улс руу яваагүй. 2009 онд Б.Б-гийн охин дээд сургуульд орсон тул нэхэмжлэгч 2004, 2009 онд зээлдүүлсэн мөнгөө түүний охиныг дээд сургуулиа төгссөний дараа буюу 2014 онд буцааж авахаар тохиролцсон. 2014 оноос хойш зээлээ төлөхийг шаарддаг байсан ба талуудын хооронд зан харилцааны таарамжгүй асуудал үүссэн. 2018 оны 9 сарын 28-ны өдөр Б.Б- ээжийндээ очиход Б.М- зээлсэн мөнгөө авах талаар хэлсэн. Гэтэл Б.Б- чи ах дүүсийн минь дэргэд эвгүй байдалд орууллаа гэж маргалдан, Б.М-ийг зодсон. Тухайн өдөр нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Б.Б- нь би дүүгээсээ мөнгө зээлсэн. Гэтэл намайг зээлсэн мөнгөө өгсөнгүй гэж ах дүүсийн хажууд эвгүй байдалд оруулсан учраас ийм асуудал үүссэн гэж цагдаад мэдүүлсэн байдаг. Тиймээс талууд нотариат орж, зээлсэн мөнгийг 2018 оны 11 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар хариуцагч нь баталгаа гаргаж өгсөн. 2018 оны 11 сарын 01-ний өдөр мөнгөө өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандахад хариуцагч хаягтаа байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Хариуцагчийг эрэн сурвалжлуулж олсон учир 2020 оны 4 сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн өдрийн ханшаар тооцон, бэлнээр өгсөн 1 200 000 төгрөг, нийт 11 009 370 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар төрсөн ах дүүс юм. 1999 оноос хойш уг мөнгийг зээлсэн асуудлын талаар ярьдаг бөгөөд хариуцагч уг мөнгийг төлж барагдуулсан гэдэг. Нэхэмжлэгч Солонгос улсад ажиллаж байхдаа Булган аймагт малтай байсан. Нэхэмжлэгчийн малыг хариуцагч 10 жил гаруй маллаж, өвс тэжээл гэх зэрэг бүх зүйлийг өөрөө бэлддэг байсан. Нэхэмжлэгч Солонгос улсаас ирээд тооцоо нийлж, тухайн мөнгөний асуудал дууссан. 2009 онд бэлнээр өгсөн гэж байгаа 1 200 000 төгрөгийг хариуцагч бодитоор хүлээж аваагүй гэдэг. Б.М- нь Б.Б-г хууран мэхэлж баталгаа бичүүлж авсан. Учир нь 2018 оны 9 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын гэр бүлийн хүрээнд багахан хэмжээний найр болсон. Тухайн өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо маргалдаж, хариуцагч нэхэмжлэгчид гар хүрч хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тэгээд нэхэмжлэгч цагдаад гомдол гарсан. Нэхэмжлэгч уг асуудлын талаар бичгээр баталгаа гаргаж өгвөл би цагдаад өгсөн өргөдлөө буцааж авъя гэж хэлээд нотариат орж тухайн баталгааг гаргуулж авсан. Гэтэл нэхэмжлэгч цагдаад өгсөн гомдлоо татаж аваагүй бөгөөд Б.Б- хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр 650 000 төгрөгөөр торгуулсан. Өчигдөр нэхэмжлэгч, хариуцагч нарыг уулзуулсан боловч хэзээ ч эвлэрэхээргүй харилцаатай болсон байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн малыг маллаж, өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэдэг бөгөөд нэхэмжлэгч үүнийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан нийт 11 009 370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж, шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2004, 2009 онд зээлдүүлсэн 3 500 ам.доллар, 1 200 000 төгрөгийг 2014 оны 12 сарын 31-ний өдөр хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Б.М-т буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт “энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ ... мөн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна ... гэжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан ба хариуцагч нь 2018 оны 9 сарын 28-ны өдөр гаргасан ба зээлийн төлбөр болох 3 500 ам.доллар, онгоцны зардал болох 1 200 000 төгрөг тус бүрийг 2018 оны 11 сарын 01-ны өдөр төлж дуусгана гэх баталгааг хариуцагч өөрөө гарын үсгээ зурж, хүлээн зөвшөөрч бичиж өгсөн байдаг. Гэтэл шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед баталгаа гаргасан тул нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болсон гэх шийдвэрийг гаргасан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана ... гэж зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн тайлбарт хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлнэ. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацааг үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн бол тасалдах талаар тусгасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл бол үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Хуульд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах зэрэг олон хэлбэрээр хэрэгжиж байдаг. Үүргээ хүлээн зөвшөөрсөн явдал нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдахад ач холбогдолтой юм гэж тайлбарласан байдаг. Хариуцагч нь үүргээ хүлээн зөвшөөрөөд баталгаа гаргаж огч байгаа нь үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн болохоо илэрхийлж, байгаа илэрхийлэл юм. Гэтэл шүүхээс Баталгаа гаргахаас өмнө хөөн хэлэлцэх дууссан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заасан ба хариуцагч нь үүргээ хүлээн зөвшөөрч баталгаа гаргаж өгсөн боловч шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа баталгаа гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж байгаад гомдол байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 939 170 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардалд 70 200 төгрөг, нийт 11 009 370 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Б.М-ээс 2004 онд 2 500 ам.доллар, 2009 онд 1 000 ам.доллар болон 1 200 000 төгрөг зээлдэж, зээлийн төлбөрийг 2018 оны 11 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... 1999 оноос хойш мөнгө зээлсэн асуудал яригддаг ...” гэх тайлбар, хариуцагч Б.Б-гийн 2018 оны 9 сарын 28-ны өдөр бичсэн баталгаа гэх баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5, 43-р тал/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх талаар талуудын хооронд маргаантай байна. Хариуцагч зээлийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нэхэмжлэгч Б.М-ээс мөнгө зээлж аваагүй, би түүнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагаас гомдлыг нь татуулах зорилгоор баталгаа гаргаж өгсөн гэх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бусад баримтаар үгүйсгэгдэж байна. /хх-ийн 16-17-р тал/

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.Б-г хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа баталгаа гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б- нь 2018 оны 9 сарын 28-ны өдөр зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, баталгаа гаргасныг хууль зүйн үндэслэлгүй үйлдэл гэж үзэхгүй бөгөөд энэ нь гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэл юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.М- нь 2019 оны 8 сарын 28, 2019 оны 10 сарын 24-ний өдөр 2 удаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Б.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7-8-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Б.Б-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн 175 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-г эрэн сурвалжлахыг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар уг ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна. /хх-ийн 10-р тал/

 

Иймд 3 500 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн ханш 2 782,62 төгрөгөөр тооцож, 9 739 170 төгрөг, бэлнээр зээлсэн 1 200 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 11 009 370 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулан, нэхэмжлэгч Б.М-т олгуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ. /хх-ийн 42-р тал/

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

            1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/01947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гаас 11 009 370 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгосугай” гэж,

            2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 191 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 191 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 191 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                    

                                                      ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                               

                                                                                                                Г.ДАВААДОРЖ