Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01947

 

2020 06 19

102/ШШ2020/02007

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, Тээвэрчдийн гудамж, 77/2 тоот хаягт байрлах, Глобал бридж ХХК /РД: 5108411/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 22 дугаар байр, 49 тоот хаягт байрлах, ТЦВ ХХК /РД: 5104785/-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,963,678 төгрөг, алданги 4,981,839 төгрөг, нийт 14,945,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Н.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Глобал бридж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Глобал бридж ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ТЦВ ХХК-ийн захирал Н.Туяатай зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компанийн зүгээс нийт 432,325,520 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ТЦВ ХХК нь 418,001,842 төгрөгийг манай байгууллагад хугацаандаа төлсөн. 2018 оны 3 дугаар сараас ТЦВ ХХК нь үүргээ зөрчиж, бараа бүтээгдэхүүний орлого болох 13,323,678 төгрөгийг төлөөгүй. 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд өгч авалцсан бараа бүтээгдэхүүний тооцоог 2 байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангүй бичилтээр нэг бүрчлэн нийлэхэд 14,323,678 төгрөгийг үлдэгдэлтэй байсан. 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Мөн ТЦВ ХХК-ийн хүсэлтийн дагуу 698 ширхэг пудволкыг 1 ширхгийг 6,000 төгрөгөөр тооцож, 3,360,000 төгрөгийн төлбөрт авсан. Ингээд 9,963,678 төгрөг үлдсэн. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алдангийг тооцсон. Иймд Зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,963,678 төгрөг, алданги 4,981,839 төгрөг, нийт 14,945,517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч ТЦВ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Н.Туяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Глобал бридж ХХК-тай зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Манай компани нь Ковид-19 вирусын улмаас эдийн засаг хямарч, тогтворгүй байдал үүсч, хэрэглэгчийн гарт бэлэн мөнгө байхгүй болсон учир үйл ажиллагаа доголдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн төлбөр 9,963,678 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, алдангийг төлөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Глобал бридж ХХК нь хариуцагч ТЦВ ХХК-д холбогдуулан зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,963,678 төгрөг, алданги 4,981,839 төгрөг, нийт 14,945,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ... Глобал бридж ХХК-тай зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Үндсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна. Манай компани нь Ковид-19 вирусын улмаас эдийн засаг хямарч, тогтворгүй байдал үүсч, хэрэглэгчийн гарт бэлэн мөнгө байхгүй болсон учир үйл ажиллагаа доголдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн төлбөр 9,963,678 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Глобал бридж ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Зээлээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч Глобал бридж ХХК нь хариуцагч ТЦВ ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хариуцагч үнийг төлөх үүрэг хүлээснээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч ТЦВ ХХК нь нэхэмжлэгч Глобал бридж ХХК-иас гэрээний үүрэгт нийт 432,325,520 төгрөгийн үнийн дүн бүхий барааг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний хооронд авсан, үүнээс 418,001,842 төгрөгийг бэлнээр төлсөн, талууд тооцоо нийлж хариуцагч ТЦВ ХХК нь 14,323,678 төгрөгийг нэхэмжлэгч Глобал бридж ХХК-д төлөхөөр баталгаа гаргасан ба үүнээс хариуцагч 3,360,000 төгрөгийн үнэ бүхий барааг төлбөртөө тооцож өгсөн, мөн бэлнээр төлсөн 1,000,000 төгрөгийг хасч үндсэн төлбөрт 9,963,678 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийг төлөхийг хариуцагч ТЦВ ХХК зөвшөөрсөн болно.

Зохигчдын хооронд байгуулсан 5,3-т Хүндэтгэх ба хүндэтгэх бус ямар нэг шалтгаанаар төлбөр тооцоо хойшлуулахгүй байх нөхцлийг энэхүү гэрээгээр харилцагч тал нь зөвшөөрсөн болно. Төлбөрийг хойшлуулсан тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар бодож алданги тооцно. гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйллийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцсэн, хариуцагч алданги төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч ТЦВ ХХК-иас гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,963,678 төгрөг, алдангид 4,981,839 төгрөг, нийт 14,945,517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Глобал бридж ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ТЦВ ХХК-иас гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,963,678 төгрөг, алдангид 4,981,839 төгрөг, нийт 14,945,517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Глобал бридж ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,677 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,677 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР