Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01726

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01884 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ж.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.П-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 156 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ж.Э-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Атарболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.П-тай найз нөхдийн харилцаатай бөгөөд хариуцагч нь 2018 оны 4 сарын 16-ны өдөр надаас 20 000 000 төгрөг зээлж, 2018 оны 5 сарын 14-ний өдөр буцаан төлсөн. Мөн Б.П- надаас 2018 оны 5 сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 2018 оны 6 сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 6 сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 34 500 000 төгрөгийг Хаан банк дахь дансаараа авсан. Мөн 2018 оны 7 сард бэлнээр 5 300 000 төгрөг авсан. Дансаар болон бэлнээр нийт 39 800 000 төгрөгийг Б.П- надаас зээлсэн. Мөн тэрээр 2018 оны 6 сард 2 вагон буюу 132 тонн, нийт 23 670 000 төгрөгийн шуудайтай цемент мөн 1 вагон буюу 64 тонн, 10 880 000 төгрөгийн үнэ бүхий задгай цементийг зээлээр авсан. Мөнгө болон цемент хүлээлгэн өгөх үедээ гэрээ байгуулж амжаагүй бөгөөд дараа нь 2018 оны 9 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохирсон. Б.П- зээлийн гэрээгээр тохирсны дагуу төлбөрөө төлөөгүй бөгөөд нэхэхэд янз бүрийн шалтаг хэлж хойшлуулсаар байсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээг 80 000 000 төгрөг гэж байгуулсан боловч бодит задаргаа хийхэд доорх үнийн дүн гарч байгаа. Зээлсэн мөнгө 39 800 000 төгрөг, зээлсэн барааны үнэ 34 650 000 төгрөг, үндсэн зээл нийт 74 450 000 төгрөг, 1 сарын хүү 3 722 500 төгрөг, 2018 оны 5 сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны хүү 22 335 000 төгрөг, алданги 59 560 000 төгрөг, нийт 156 000 000 төгрөгийг хариуцагч Б.П-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.П- би Ж.Э-аас 2018 оны 4 сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг зээлсэн ба үүнийгээ төлсөн. Мөн 2018 оны 5 сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 5 сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 500 000 төгрөг, 2018 оны 6 сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 6 сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөг, нийт 34 500 000 төгрөг дансаар хүлээн авсан. 2018 оны 7  сард 5 300 000 төгрөг бэлнээр авсан. 2018 оны 6 сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2018 оны 6 сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 7 сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөг төлсөн байхад зээлийн төлбөрөөс хасаагүй байна. Цементний тухайд гэвэл 1 вагон задгай цементний үнэ 10 880 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг 1 вагон задгай цементийг зээлээр худалдан авсан. Үлдэх 2 вагон цементийн үнийг зөвшөөрөхгүй. Цементийг би найз н.Амгаланбаатараар төлөөлүүлж авахуулсан ба хичнээн вагон цемент авсан талаар асуухаар зав муутай байна, компьютерээс харна, материал нь алга гэх мэт тайлбарыг хэлдэг. Гэрээний тухайд гэвэл би юу ч бодолгүй байгуулсан. Уурхайд ажиллаж байгаад гэртээ иртэл Ж.Э- гэрээ байгуулъя гээд бид хамтдаа нотариат орж гэрээ байгуулсан. Дансны хуулгаа нягтлахад 80 000 000 төгрөг байсан ба ийм хэмжээний мөнгө авсан юм байх гэж бодсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.П-гаас 95 120 010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 879 990 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 937 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 633 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “ ... хариуцагч Б.П- нь 2018 оны 6 сард 2 вагон бүхий 132 тонн 23 670 000 төгрөгийн үнэтэй шуудайтай цементийг аваагүй гэж маргаж байх боловч тэднийг оролцуулан хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн төлбөртэй холбоотой асуудлаар харилцаж байсан захидлууд, О.Алтанхуягийн шүүх хураалдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, УБТЗ-ын хүснэгт зэрэг баримтуудаар хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байна” гэжээ. Би нэхэмжлэгч Ж.Э-аас 3 вагон биш, 1 вагон задгай цемент зээлээр худалдаж авсан. Харин би шуудайлсан 132 тонн 2 вагон гэх цементийг нэхэмжлэгчээс зээлээр худалдаж аваагүй учир түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нэхэмжлэгчээс 132 тонн шуудайлсан цемент зээлээр худалдаж аваагүй гэдгээ хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үнэн зөв ярьж мэдүүлсэн. Миний тайлбарын үнэн болохыг нотолсон баримт нь үзлэгийн тэмдэглэл болон төлбөртэй холбоотой харилцаж байсан захидлууд юм. Гэтэл шүүх тэдгээр баримтыг миний эсрэг үнэлж, шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Учир нь тэдгээр баримт нь цемент зээлээр худалдаж авсан үйл баримтыг нотолдог ч уг захидлуудад ... хэдэн вагон цемент авсан юм? 1 юм уу, 2 юм уу, хэд юм? гэсэн миний асуултанд нэхэмжлэгч тодорхой тоо хэлж, хариу өгөөгүй, харин уг асуултын хариуд нэхэмжлэгч мөнгө нэхэх боловч хэдэн вагон цементний үнэд хэдэн төгрөг нэхэж байгаагаа тодорхой хэлээгүй нь захидалд тэмдэглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл миний хувьд 132 тн шуудайлсан цемент нэхэмжлэгчээс зээлээр худалдаж авсан гэх үйл баримтыг нотолсон ямар нэгэн тоо, үг, өгүүлбэр захидлуудад байдаггүй юм. Шүүхээс намайг 132 тонн шуудайлсан цемент нэхэмжлэгчээс зээлээр худалдаж авсан гэж үзэхдээ гэрч Алтанхуягийн мэдүүлэг, УБТЗ- ын замын хүснэгт зэрэг баримтыг үндэслэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм. Учир нь гэрч Алтанхуяг өөрийнхөө талаар мэдүүлэхдээ вагонд цемент ачиж, буулгадаг, цөөнгүй жил энэ чиглэлээр ажиллаж байна гэх боловч түүний мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн бусад баримтаар нотлогдоггүй. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцох, үнэлэх боломжгүй юм. Иргэн Алтанхуяг нь гэрчийн мэдүүлэг өгөхөөр шүүхэд ирэхдээ ачигчаар ажилладаг болохоо нотолсон ямар нэгэн баримтгүй байсан нь түүний мэдүүлгийн үнэн эсэхэд эргэлзэх үндэслэлтэй байгаагаас гадна тэрээр үнэхээр ачигч мөн эсэх нь бас эргэлзээтэй байгаа юм. Түүнчлэн УБТЗ-ын замын хуудас нь нэхэмжлэгчийг цементний чиглэлээр бизнес, худалдаа эрхэлдэг болохыг нотолсон баримт болохоос харин нэхэмжлэгчээс над руу вагоноор цемент тээвэрлэн хүргэж, хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг нотолсон баримт биш учраас уг баримт нь нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй юм. Хариуцагч Б.П- би хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Ж.Э- нь 2 вагон бүхий 132 тонн шуудайлсан цементийг надад биш, харин бид 2-ын аль алины танил Амгаланбаатарт зээлээр хүдалдсан болохыг хэлсэн. Үүнийг нэхэмжлэгч няцааж үгүйсгээгүй. Тийм учраас нэхэмжлэгч нь 132 тонн цементний үнээ надаас биш, харин Амгаланбаатараас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас “ ... 132 тонн цементний үнэ 23 670 000 төгрөг, түүний хүү, алданги 12 584 550 төгрөг нийт 37 753 650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч Б.П-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 156 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2018 оны 9 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Э- нь сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцохоор, 2018 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл хугацаатай, 34 650 000 төгрөгийн цемент, 40 000 000 төгрөгийг дансаар, 5 300 000 төгрөгийг бэлнээр нийт 80 000 000 төгрөгийг хариуцагч Б.П-д зээлдүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэгийн тэмдэглэл, гэрч О.Алтанхуягийн мэдүүлэг, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6, 8-14, 165, 2хх-2-4-р тал/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлийн болон зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч Б.П- нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ 23 670 000 төгрөгийн цементийг бодитоор хүлээн аваагүй гэх боловч хариуцагчийн энэхүү тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна. /хх-ийн 24-25-р тал/

 

Шүүх 2020 оны 5 сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр фэйсбүүк чатад үзлэг хийж, 2018 оны 8 сарын 02-ны өдөр хариуцагч Б.П- нь нэхэмжлэгч Ж.Э- руу “төлөх дүн хэд билээ, 80 болсон уу ...” гэж бичсэн байх бөгөөд талууд 2019 оны 9 сарын 25-ны өдөр 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, тус гэрээний ар талд хариуцагч нь мөнгө болон цементийг хүлээн авсан талаараа бичиж, гарын үсэг зурсан байгаагаас дүгнэвэл гэрээнд заасан бэлэн мөнгө болон цементийг хариуцагч Б.П- бодитоор хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэй болно. /хх-ийн 209-210, 215-250, 2хх1-4-р тал/

 

Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч Б.П-гаас гэрээний үүрэгт нийт 156 000 000 төгрөг шаардсан боловч хариуцагчийн төлсөн 15 000 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

 

Анхан шатны шүүх уг төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг гэрээний хугацаанд буюу 2018 оны 9 сарын 25-ны өдрөөс 2018 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл тооцсон нь үндэслэлтэй, харин тооцооллын алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй.

Тодруулбал, нийт төлбөр 74 350 000 төгрөг /39 800 000зээл  + 34 550 000цемент = 74 350 000₮/ - өөс хариуцагчийн төлсөн 15 000 000 төгрөгийг хасвал 59 350 000 төгрөг, 59 350 000 төгрөгийн сарын 5 хувийн хүү нь 2 967 500 төгрөг, хоногийн хүү нь 98 916 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 11 сарын 03-ны өдөр хүртэл 1 сар 9 хоногийн хүү нийт 3 857 744 төгрөг /9хоног х 98 916₮ = 890 244₮, 890 244₮ + 2 967 500₮ = 3 857 744₮/, үндсэн зээл болон хүү нийт 63 207 744 төгрөг /59 350 000₮ + 3 857 744₮ = 63 207 744₮/, алданги 31 603 872 төгрөг буюу хариуцагчийн нийт төлбөл зохих төлбөр 94 811 616 төгрөг /59 350 000үндсэн зээл + 3 857 744хүү + 31 603 872алданги = 94 811 616нийт төлбөр/-ийг хариуцагч Б.П-гаас гаргуулан, нэхэмжлэгч Ж.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 61 188 384 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо 23 670 000 төгрөгийн цементийг хүлээн аваагүй, тус цементийг н.Амгаланбаатар авсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 95.120.010 ...” гэснийг “94 811 616” гэж, “ ... 60.879.990 ...” гэснийг “61 188 384” гэж,

2 дахь заалтын “ ... 633.550 ...” гэснийг “632 010” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 633 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                            

                                         ШҮҮГЧИД                                        Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                    Г.ДАВААДОРЖ