Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2022/00300

 

  

Ж.Эрхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 101/ШШ2020/01884 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1726 дугаар магадлалтай,

 

Ж.Эрхбаярын нэхэмжлэлтэй

Б.Пүрэв-Амгаланд холбогдох

 

156,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Пүрэв-Амгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Эрхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Ж.Эрхбаяр нь хариуцагч Б.Пүрэв-Амгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 156,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 101/ШШ2020/01884 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Пүрэв-Амгалангаас 95,120,010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эрхбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60,879,990 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1726 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...95,120,010... гэснийг 94,811,616 гэж, ...60,879,990... гэснийг 61,188,384 гэж, 2 дахь заалтын ...633,550... гэснийг 632,010 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Б.Пүрэв-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүх шийдвэр, магадлалдаа ...Хариуцагч Б.Пүрэв-Амгалан нь 23,670,000 төгрөгийн үнэтэй 132 тонн 2 вагон цемент нэхэмжлэгчээс аваагүй гэж маргах боловч хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, харилцаж байсан захидал, Алтанхуягийн шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, УБТЗ-ын замын хүснэгт зэрэг баримтуудаар хариуцагчийн дээрх тайлбар няцаагдаж байна. гэжээ.

Шийдвэр, магадлалын дээрх хэсгийн заалтыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь би Ж.Эрхбаяраас 1 вагон задгай цемент зээлээр худалдаж авсан нь үнэн бөгөөд харин 132 тонн 2 вагон шуудайлсан цемент нэхэмжлэгчээс худалдаж аваагүй учир үүнийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Тодруулбал, шүүхээс намайг 132 тонн 2 вагон шуудайлсан цемент зээлээр худалдаж авсан гэж үзэхдээ ...хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч бидний хооронд харилцаж байсан захидлууд, гэрч О.Алтанхуягийн мэдүүлэг, УБТЗ-ын замын хүснэгт зэрэг баримтуудыг үндэслэсэн нь үйл баримтын үнэнд үл нийцэх юм. Учир нь би нэхэмжлэгчээс 132 тонн шуудайлсан цемент худалдаж аваагүй гэдгээ хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үнэн зөв, тодорхой ярьсан, би нэхэмжлэгчээс 1 вагон задгай цемент зээлээр худалдаж авсан нь миний хүлээн зөвшөөрсөн тайлбар, үзлэгийн тэмдэглэл, захидлууд зэрэг баримтуудаар нотлогддог. Харин нэхэмжлэгчээс 132 тонн шуудайлсан цемент зээлээр худалдаж авсан гэх үйл баримт үзлэгийн тэмдэглэл, захидлууд зэрэг баримтуудаар нотлогдохгүй байхад шүүх яагаад тэдгээр баримтын аль хэсгийг шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгосон нь тодорхой тусгагдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна. Үзлэгийн тэмдэглэл, захидлаас иш татахад, Би захидалдаа нэхэмжлэгчээс хэдэн вагон цемент авсан? гэж асуухад нэхэмжлэгч огт хариу өгөөгүй, бичээгүй. Хэдэн төгрөг өгөх тухай би асуухад нэхэмжлэгч тодорхой тоо хэлээгүй. Мөн би 1 вагон задгай цемент худалдаж авснаа захидалдаа бичихэд нэхэмжлэгч түүнийг үгүйсгээгүй, маргаагүй. Нөгөө талаар нэхэмжлэгч захидалдаа 132 тонн шуудайлсан цемент надад зээлээр худалдсан гэж огт бичээгүй байхад шүүх яагаад дээрх баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Шүүхээс намайг 132 тонн шуудайлсан цемент нэхэмжлэгчээс зээлээр худалдаж авсан гэж үзэхдээ гэрч Алтанхуягийн мэдүүлэг, УБТЗ-ын замын хүснэгт зэрэг баримтуудыг үндэслэсэн нь бодит байдалд үл нийцэх юм. Учир нь гэрч Алтанхуяг мэдүүлэгтээ Би вагоноос цемент буулгах, ачих ажил хийдэг. Цөөнгүй жил энэ чиглэлээр ажиллаж байна гэх боловч уг мэдүүлгийн эх сурвалж нь буюу түүний цөөнгүй жил вагоноос цемент буулгах, ачих ажил хийдэг гэх мэдүүлэг нь хэргийн бусад баримтаар нотлогдохгүй байхад эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь бодит байдалд үл нийцэх юм. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй, нотолж чадахгүй бол уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох, үнэлэх нь эргэлзээтэй юм.

Түүнчлэн УБТЗ-ын замын хуудас зэрэг баримт нь нэхэмжлэгчээс 132 тонн шуудайлсан цемент надад тээвэрлэн хүргэсэн гэх үйл баримтыг огт нотлоогүй байхад шүүх уг баримтаас чухам юуг үндэслэсэн нь шийдвэр, магадлалд тусгагдаагүй, тодорхой бус байна.

4.2. Нэхэмжлэгч Ж.Эрхбаяр нь 2 вагон бүхий 132 тонн шуудайлсан цементийг надад биш, бид 2-ын аль алины танил Амгаланбаатарт зээлээр худалдсан. Тэрээр 132 тонн цементний үнийг надаас биш, Амгаланбаатараас нэхэмжлэх ёстойг би хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тодорхой хэлж ярьсан. Үүнийг нэхэмжлэгч үгүйсгэж, няцаагаагүй. Гэтэл шүүх дээрх үйл баримтыг яагаад үнэлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 132 тонн шуудайлсан гэх цементний үнэ 23,670,000 төгрөг, 2018.09.25-аас 2018.11.03-ны өдрийг хүртэл 1 сар 8 хоногийн 5 хувийн хүү, алданги 12,584,550 төгрөг, нийт 37,753,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Ж.Эрхбаяр нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2018.09.25-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож, бэлэн болон бэлэн бусаар зээлдүүлсэн 45,300,000 төгрөг, зээлээр өгсөн барааны /цемент/ үнэ 34,650,000 төгрөгийг нэгтгээд нийт 80,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 80,000,000 төгрөг, хүү 24,000,000 төгрөг, алданги 52,000,000 төгрөг, нийт 156,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч ...39,800,000 төгрөг зээлж авсан, зээлийн төлбөрт 15,000,000 төгрөг төлсөн байхад төлбөрөөс хасч тооцоогүй, ...1 вагон задгай цементний үнэ 10,880,000 төгрөгийг зөвшөөрч байна, харин 2 вагон цементийг би найз Амгаланбаатараар төлүүлж авахуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 95,120,010 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх тооцооллын алдааг залруулж, хариуцагчаас 94,811,606 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

7. Зохигчийн хооронд зээлийн болон зээлээр худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 262 дугаар зүйлийн 262.2.-т нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, ...талууд хэлэлцэн тохиролцож хүү, анз тогтоож болно, зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны турш хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Анхан шатны шүүх үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр хэрэгт цугларсан баримтад тулгуурлан нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь хууль зөрчөөгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 39,800,000 төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээж авсан нь тогтоогдсон, харин 34,650,000 төгрөгийн үнэ бүхий 3 вагон цементээс 10,880,000 төгрөгийн 1 вагон цементийг авсан, үлдэх 2 вагон цемент аваагүй гэх тайлбараа хариуцагч нотлоогүй тул нийт 3 вагон цементийн үнийг хариуцагч төлнө гэх үндэслэлээр нийт /39,800,000+34,650,000/ 74,450,000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр хариуцагч төлөх үүрэгтэй, үүнээс гэрээ байгуулахаас өмнө 15,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үлдэх 59,450,000 төгрөгт хүү, алданги тооцож, хариуцагчаас 95,120,010 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж, харин тооцооны алдаа гаргасныг засч, хариуцагчаас 94,811,616 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв, магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

8. Хариуцагч Б.Пүрэв-Амгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, ...нэхэмжлэгчээс 2 вагон буюу 132 тн шуудайлсан цементийг худалдаж аваагүй тул цементийн үнэ 23,670,0000 төгрөг, түүнд ногдох хүү, алдангийн хамт нийт 37,753,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийг 4.2/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хариуцагч нь Зээлийн гэрээний ард ...34,650,000 төгрөгт цемент авсан... гэж бичиж гарын үсгээ зурсан, мөн шүүх талуудын хооронд харилцаж байсан фэйсбүүк хуудсанд үзлэг хийсэн баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нь 2 вагон 132 тн шуудайлсан цементийг нийлүүлсэн болох нь тогтоогдсон, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Улмаар хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Эрхбаярын Амгаланбаатарт үлдэх 2 вагон цементийг өгнө гэхээр нь итгээд гэрээнд гарын үсэг зурсан, ...нэхэмжлэгч нь Амгаланбаатарт 2 вагон цемент өгөөгүй байсныг хожим Амгаланбаатараас сонссон тул 2 вагон цементийн үнийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байсан бол хэрэг шүүхэд хянагдах явцад 2 вагон цемент Амгаланбаатараар дамжсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, Амгаланбаатар 2 вагон шуудайлсан цемент авсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсоны дараа дээрх үнийг Амгаланбаатараас нэхэмжлэх ёстой гэж гомдол гаргаж байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1726 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Б.Пүрэв-Амгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалангаас 2020.08.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД