Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 01748

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ч-, М.Ц-, Ц.Б-, Б.М-,

Б.У-, Я.М-, Л.О-,

Ш.Б-, Э.Х-, Б.М-

нарын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01500 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Ч-, М.Ц-, Ц.Б-, Б.М-, Б.У-, Я.М-, Л.О-, Ш.Б-, Э.Х-, Б.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э-” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 574 250 317 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ч-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхбат,

Нэхэмжлэгч Э.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сайнбилэг, Нэхэмжлэгч: Я.М-,

Нэхэмжлэгч: Ш.Б-,

Нэхэмжлэгч: Б.У-,

Нэхэмжлэгч: Ц.Б-,

Нэхэмжлэгч: М.Ц-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Батчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Анирмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-” ХХК нь 2014 оны 1 сард “консул тауэр” нэртэйгээр Баянзүрх дүүргийн, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай барилгыг 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд тус барилгад орон сууц захиалан бариулснаар орчин үеийн галын нэгдсэн систем бүхий удирдлагын өрөөтэй, орц болгонд сигма брэндийн 24 цаг ажиллах 2 хос лифттэй, ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангасан, харуул хамгаалалтын 24 цагийн камертай, өндөр хурдны интернет, утас, кабельтай, европ стандартыг хангасан сантехник, цэвэр модон сайн чанарын хаалга, герман вакуум цонх, балконы хаалттай, усан хөшиг бүхий нэгдсэн агаар шүүгч, цахилгаан ил цахилгаан тоноглолууд, ган хийцтэй газар хөдлөлтийн 9 баллын тэсвэртэй, суулт болон гажилт өгөхөөс бүрэн хамгаалагдсан өндөр чанартай орон сууцанд орох давуу талтай бөгөөд барилгын чанараас шалтгаалж 1 м.кв-ын үнэ нь 2 273 000 - 3 198 000 төгрөгийн үнээр уг барилгыг захиалан бариулах бүрэн боломжтой гэж зар сурталчилгаа явуулж, уг нөхцөлөөр нийтэд санал гаргах дуудлага хийсэн. Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн боловч ажил гүйцэтгэгч “Э-” ХХК нь гэрээгээр тохиролцсон чанартай барилга бариагүй бөгөөд уг орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орж оршин суугчид амьдарч эхэлснээс хойш ажлын гүйцэтгэл буюу үр дүнд байнга доголдол гарах болсон. Тухайлбал: дээврийн ажил маш муу хийгдсэн, барилга ашиглалтад ороод 2 жил болоогүй байхад 2016 оны 7 сард орсон борооны үеэр дээврээс борооны ус задгай асгарч, шат, лифтний хонгил усаар дүүрч, хана, таазны шохой нурж унан, 15-16 дугаар давхрын хана хагарч нурсан, 5-16 давхрын айлууд руу ус орсон, барилгын халаалт, халуун хүлээн хүйтэн ус хангамжийн системийн угсралт маш муу хийгдсэн, европ стандартыг хангасан сантехник огт байхгүй, сууц хоорондын болон доторх өрөө хороондын хана барилгын норм, дүрэм, стандартад нийцээгүй хажуу айл болон орц хонгилд гарч буй чимээ маш чанга сонсогддог, лифт байнга эвдэрдэг, нэг лифт нь ашиглалтад орсон цагаас огт ажиллаж байгаагүй, өрөөний хана даац авдаггүй, хөшиг, тавилга тогтоох боломжгүй, ундны халуун хүйтэн усны зэв, бохирдол норм хэмжээнээс хэтэрсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон, бохирын шугамын угсралт буруу хийгдсэнээс ариун цэврийн өрөөнд байнга бохир үнэртдэг, агааржуулалтын систем буруу угсрагдсан, салхитай өдөр дүүжин тааз нь хөдөлж, салхи исгэрч, ариун цэврийн өрөөний хаалга савж дуугарах, барилга угсралтын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгээгүй, гадна болон дотор засал, паркетан шалны угсралтыг шаардлага хангахгүй хийсэн учраас зай гарч, дээшээ төвийж гарсан, уг барилгын бүх цонхны амалгааг буруу хийсэн тодруулбал хөөсөнцөр дээр шууд амалгаа хийсэн учраас мөөгөнцөр үүсэх, цонхны хүрээг дагаж хагаралт цууралт үүссэн, барилгын дам нуруу, даацын хана хөндий улмаас дуу чимээ, их сонсогдож, айлуудын хананд цууралт үүссэн, орон сууцны хаалганууд чанарын шаардлага хангахгүй ашиглалтын ердийн явцыг даалгүй салж унах төдийгүй, модон биш, уг барилга батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүй, гадна тохижилт муутай, 24 цагийн камерийн систем байхгүй, зэрэг зөрчил дутагдлууд байнга гарах болсон. Үүний улмаас оршин суугчид ажил гүйцэтгэгчид уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг доголдол арилаагүй, цаашид уг доголдлуудыг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Оршин суугчдын зүгээс ажлын үр дүнгийн талаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргаж, шалгалт хийхэд 13 төрлийн зөрчил илэрсэн төдийгүй ихэнх зөрчлүүд нь анхнаасаа буруу хийгдсэн учраас арилгах боломжгүй чанаргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байна. Мөн өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь оршин суугчдын болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагыг огт биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч нар нь тус орон сууцыг захиалан бариулахдаа чанарын өндөр түвшинд хийгдсэн, хэзээ ч үнэ нь буурахгүй үл хөдлөх эд хөрөнгөтэй болох цаашлаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн үеийн компанийн зар сурталчилгаа, нийтэд санал болгож байсан чанар, стандартад итгэж тухайн үеийн зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр уг орон сууцыг худалдаж авсан боловч ажил гүйцэтгэгчийн буруугаас болж хүссэн чанар бүхий орон сууцанд биш хүн амьдрах боломжгүй, чанар муутай орон сууцанд орж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь өдрөөс өдөрт унаж, эдийн засаг болон сэтгэл санааны хүнд байдалд орж байна. “Э-” ХХК нь барилгын ажлыг хариуцан гүйцэтгэх явцдаа тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай /2008 он/ хуулийн 9, 10, 11, 13 дугаар зүйлд заасан шаардлагууд болон бусад холбогдох барилгын норм дүрмийг дагаж мөрдөөгүй, барилгын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй барилгыг барьж ашиглалтад оруулсан болох нь ашиглалтын явц болон, Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд ашиглалтын явцад болон, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгахад хангалттай их зардал гарах төдийгүй, цаашид анх гэрээгээр тохирсон хэмжээний чанарын доголдолгүй хэвийн үр дүн гарахгүй нь илт байгаа бөгөөд одоо “Э-” ХХК нь уг орон сууцыг 1 метр кв-ыг 1 800 000 төгрөгөөр зарж борлуулж байна. Гэтэл уг орон сууцыг тухайн үед Д.Ч- 249 770 835 төгрөгөөр, Б.У- 267 546 213 төгрөгөөр, Я.М- 132 727 298 төгрөгөөр, Л.О- 137 089 433 төгрөгөөр, Д.Баярцэнгэл нь 131 155 176 төгрөгөөр, Б.М- 141 541 568 төгрөгөөр, Б.Хишигдэлгэр 137 189 289 төгрөгөөр, Ш.Б- 131 087 156 төгрөгөөр, М.Ц- 133 223 231 төгрөгөөр, Б.М- 147 994 771 төгрөгөөр тус тус захиалан бариулахаар тохиролцож, тус бүр ипотекийн зээл авч төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг үндэслэн “Э-” ХХК-ийг гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэн ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид илүү төлсөн мөнгийг нэхэмжлэгч нарт буцаан гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: нэхэмжлэгч Д.Ч-д 73 460 835 төгрөг, Б.У-т 123 546 160 төгрөг, Я.М-т 41 014 750 төгрөг, Л.О-д 45 379 432 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Б- нарт 44 197 128 төгрөг, Б.М-ад 49 741 568 төгрөг, Э.Х-т 50 231 288 төгрөг, Ш.Б-д 44 129 156 төгрөг, М.Ц-д 46 265 230 төгрөг, Б.М-т 56 284 770 төгрөг, нийт 574 250 317 төгрөгийг хариуцагч “Э-” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э-” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 217 айлын “консул тауэр” орон сууцыг Барилгын тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу мэргэжлийн байгууллагаар зураг, ажлыг гүйцэтгүүлж, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулан барьж, одоогийн байдлаар тус орон сууцны 85 гаруй хувь нь борлогдож, багадаа 500 гаруй оршин суугчид ая тухтай, сэтгэл хангалуун амьдарч байна. Нэхэмжлэгч нар нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу орон сууцыг акт үйлдэн хүлээн авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Д.Ч-гийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2015 оны 1 сарын 23-ны өдөр 14/33 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан, уг орон сууцны 3 дугаар орц, 6 давхарт, 97.95 м.кв талбай бүхий, 180 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 8 сарын 19-ний өдөр №180 тоот орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Б.У-ын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2015 оны 1 сарын 08-ны өдөр 14/25 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 3 дугаар орц, 13 давхарт, 97.95 м.кв талбай бүхий 125 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 6 сарын 02-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ. Я.М-ын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2015 оны 1 сарын 08-ны өдөр 14/128 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 2 дугаар орц, 2 давхарт, 50.95 м.кв талбай бүхий 72 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 3 сарын 15-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Л.Отгон-Эрдэнийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 7 сарын 07-ны өдөр 14/063 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 2 дугаар орц, 4 давхарт, 50.95 м.кв талбай бүхий 84 тоот байрыг худалдан авсан ба байраа бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 3 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Д.Баярцэнгэл, Ц.Б- нарын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 5 сарын 08-ны өдөр 14/014 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 2 дугаар орц, 4 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 12 тоот байрыг худалдан авсан ба байраа бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 3 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Г.Мөнгөнсувдын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 7 сарын 03-ны өдөр 14/049 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 1 дүгээр орц, 6 давхарт, 50.95 м.кв талбай бүхий 96 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 3 сарын 02-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. Э.Х-ийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 5 сарын 27-ны өдөр 14/015 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан уг орон сууцны 2 дугаар орц, 7 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 104 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 8 сарын 13-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ. Ш.Б-ийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 5 сарын 23-ны өдөр 14/002 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 2 дугаар орц, 4 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 86 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 8 сарын 28-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа. М.Ц-гийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 5 сарын 23-ны өдөр 14/004 тоот орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан, уг орон сууцны 1 дүгээр орц, 5 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 17 тоот байрыг худалдан авсан ба байраа бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 3 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ. Нэхэмжлэлд дурдсанчлан 2016 оны 7 сард байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу Улаанбаатар хотод маш их усархаг бороо орж үер бууснаас шалтгаалан “консул тауэр” орон сууцны хажуугийн байрнуудын гарааш /Голден вил гэх мэт/ бүхэлдээ усанд автаж олон машин живж байхад “консул тауэр” орон сууцны хувьд бага зэргийн ус нэвтэрсэн асуудал үүссэн бөгөөд компаниас уг борооны дараа өөрийн зардлаар холбогдох засварын ажлыг гүйцэтгэж, хохирлыг бүрэн арилгасан. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан доголдол гэх зүйлүүд нь ашиглалтын буруугаас үүдэлтэй байх бөгөөд тухайлбал, нэхэмжлэгч паркетан шал зай гарч, дээшээ төвийж гарсан гэсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийн өөрийн ашиглалтын буруугаас үүдэлтэй буюу паркетан шалан дээр олон удаа ус асгах, хэт их усалж угааснаас үүдэлтэй ба цонх мөөгөнцөрдсөн тухайд мөн л нэхэмжлэгчийн эд хөрөнгөө арчлах, хамгаалах бороотой үед цонхоо хаагаагүй ус их оруулдгаас үүдэлтэйгээр үүсдэг гэмтэл юм. Ундны усны хувьд манай компани Геологийн төв лабораторид хүсэлт гарган, тус барилгын крантны усыг шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний дүнгээр хэвийн хэмжээнд гарсан. Мөн “консул тауэр” орон сууц нь нэхэмжлэгч нарын дурдсанчлан зах зээлд борлуулагдаж буй үнэ ханш нь буурч 1 800 000 төгрөгөөр борлуулагдаж байгаа гэх нь ор үндэсгүй худал мэдээлэл байх бөгөөд энэ нь талуудаас холбогдох нөхцөлүүдийг харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар гэрээний үнийг бууруулах зорилгоор худал мэдээлэл шүүхэд ирүүлж, компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх гэж оролдож байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “Э-” ХХК-иас нийт 574 250 317 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ч-д 73 460 835 төгрөг, Б.У-т 123 546 160 төгрөг, Я.М-т 41 014 750 төгрөг, Л.О-д 45 379 432 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Б- нарт 44 197 128 төгрөг, Б.М-ад 49 741 568 төгрөг, Э.Х-т 50 231 288 төгрөг, Ш.Б-д 44 129 156 төгрөг, М.Ц-д 46 265 230 төгрөг, Б.М-т 56 284 770 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Ч-гийн төлсөн 525 254 төгрөг, Б.У-ын төлсөн 775 690 төгрөг, Я.М-ын төлсөн 363 100 төгрөг, Л.Отгон-Эрдэнийн төлсөн 384 850 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Б- нарын төлсөн 378 940 төгрөг, Б.М-ын төлсөн 406 660 төгрөг, Э.Х-ийн төлсөн 410 000 төгрөг, Ш.Б-ийн төлсөн 378 600 төгрөг, М.Ц-гийн төлсөн 389 300 төгрөг, Б.М-ын төлсөн 439 380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нийт 4 451 774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ч-д 525 254 төгрөг, Б.У-т 775 690 төгрөг, Я.М-т 363 100 төгрөг, Л.О-д 384 850 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Б- нарт 378 940 төгрөг, Б.М-ад 406 660 төгрөг, Э.Х-т 410 000 төгрөг, Ш.Б-д 378 600 төгрөг, М.Ц-д 389 300 төгрөг, Б.М-т 439 380 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний харилцааг буруу дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: “Э-” ХХК нь орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулахдаа нэгэнт бий болсон орон сууцыг санал болгосон буюу орон сууцыг худалдан борлуулах гэрээ байгуулахад орон сууцны давхар, өрөөний тоо, талбайн хэмжээ тодорхой болсон байсан, үүнийг нэхэмжлэгч нар өөрчилж тогтоох боломжгүй бөгөөд бэлэн орон сууцнаас худалдан авсан. Тухайн үед барилга баталсан зураг төслийн дагуу баригдаж байсан үе байсан бөгөөд захиалагч нарыг гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран, тухайн орон сууцны барилга зураг төслийн дагуу баригдаж байсан. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь Худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.3 дахь хэсэгт “доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах” шаардлагыг захиалагч гаргах эрхтэй талаар хуульчилсан. Гэтэл маргааны нөхцөл байдлын хувьд захиалагч нар нь орон сууцыг хүлээн авч, орон сууц ямар нэгэн доголдолгүй гэж үзэж, хөлсийг бүрэн төлсөн. Нэгэнт төлсөн хөлсийг бууруулах, буцаан шаардах эрхийг дээрх хуулийн заалтаар олгогдоогүй гэж үзэж байна. “Дамно” ХХК-ийн гаргасан дүгнэлтийн хариуцлага хязгаарлах тухай санамж хэсгийн 6-д “... тайланд дурдсан үнэлгээ нь бодит байдал дээр хэрэгжинэ гэдэг амлалт гаргаагүй болно”, 8-д тайланг зөвхөн дүгнэлт хэсэгт заасан зориулалтын дагуу ашиглана. Өөр нөхцөлд ашигласан тохиолдолд “Дамно” ХХК хариуцахгүй, дүгнэлт хэсгийн 17-д “үнэлгээний тайлан тооцоонд үнэлэгдсэн хөрөнгийн дүнг худалдан борлуулахад ашиглах зориулалтаар хийсэн болно” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл дээрх тайлан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, учир нь бодит байдалд хэрэгжихгүй, худалдан борлуулах зориулалтаар гаргасан тайланг шүүх шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагатай нийцэхгүй байна. Мөн энэхүү үнэлгээний тайланг шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд үнэлж, орон сууцнуудыг дээрх үнээр үнэлэх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нарын тухайд орон сууцны үнэлгээнд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс удаа дараа нэгэнт амьдраад 3 жил болсон байранд тухайн үеийн болон одоо үеийн зах зээлийн үнэлгээ хийх боломжгүй тухай захирамж гарч байсан бөгөөд шүүгч солигдоход тус хүсэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дахин гаргахад тус хүсэлтийг ханган орон сууцны үнэлгээнд шинжээч томилогдохоор болсон боловч “Бэсгэ” төвийн дүгнэлтээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу ирүүлж шүүхээс нэхэмжлэгч нарын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нарын хувиараа хийлгэж шүүхэд ирүүлсэн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Хариуцагчийн зүгээс шүүх хуралд дээрх үнэлгээний тайланг нотлох баримтаас хасуулах, тайлан үндэслэлтэй эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс тус нотлох баримтыг үнэлэх эсэхийг шийдээгүй гэж хүсэлтийг хангаагүй. Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтооход үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь улсын эдийн засгийн байдал тухайн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалж хувьсаж, өөрчлөгдөж байдаг төдийгүй үнэд нөлөөлөх хүчин зүйлсэд тухайн орон сууцны байршил, дэд бүтэц, газрын үнэлгээ зэрэг барилгын өртөгтэй холбоотой чухал хүчин зүйлс багтдаг. Цаашлаад шүүхээс томилсон шинжээч болох ШУТИС-ийн “Ре констракшн” төвийн дүгнэлтээр тус барилгыг хэвийн зураг төслийн дагуу баригдсан байна гэж дүгнэсэн, захиалагч нарын өмчлөлд шилжүүлсэн уг орон сууцанд ашиглалтын явцад чанарын дутагдал үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 2015 онд худалдаалагдаж байсан орон сууцнуудын үнийг 2020 онд үнэлгээг гаргаж, түүнийг үндэслэж шүүхийн шийдвэр гарсан нь огт үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч байсан тухайд: Шүүхээс нэхэмжлэгч нарыг орон сууцыг хүлээн авч  амьдарч эхэлснээс хойш орон сууцанд доголдол гарч үнэ буурсан гээд өмчлөлдөө шилжүүлсэнээс хойш орон сууцны чанарын дутагдалтай холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан боловч зохих арга хэмжээ авдаггүй байсан тухай холбогдох байгууллагад хандаж, шийдвэрлүүлж байсан талаар баримтыг гаргасан тухай дурьдаж Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын албан бичигтэй холбогдуулан, манай компанийг барилгад биет байдлын үзлэг шалгалт хийгээгүй, энэ талаар үйлдэгдсэн акт баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ. Тус хэсэгт шүүхээс үргэлжлүүлэн дүгнэхдээ манай компанийг “Түмэн бархас” ХХК-тай гэрээ байгуулан холбогдох барилгын засварын ажил гүйцэтгүүлдэг байсан тухай бичсэн нь шүүхээс манай компанийг зохих арга хэмжээ авдаггүй байсан болон энэ талаар үйлдэгдсэн баримт хэрэг авагдаагүй байна гэх өөрийн дүгнэлтээ үгүйсгэсэн байх буюу манай компанийг барилгад биет байдлын үзлэг шалгалт хийгээгүй, энэ талаар үйлдэгдсэн акт баримт хэрэгт авагдаагүй байна гэх дүгнэлт нь үндэслэлгүй болохыг харуулж байна. Харин нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй гэрээнд орон сууцны чанар байдлыг тусгайлан заагаагүй байх ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан нь нэхэмжлэгч нар нь манай компанитай орон сууц хүлээлцэх акт үйлдэн, хүлээн авч хэвийн байдлаар ашиглан амьдарч байгаа учир амьдарч эхэлсэн үеэс доголдолтой байсан гэж үзэх боломжгүй бөгөөд манай компанийн тухайд барилгын тухай хуульд заасан баталгаат хугацаандаа үүргээ гүйцэтгэж тус хугацаа болох 3 жилийн дотор илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгаж засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийж гүйцэтгэдэг буюу зөрчлийг арилгадаг байсан болох нь хэрэг авагдсан “Түмэн бархас” ХХК-тай байгуулсан засварын ажил гүйцэтгэх гэрээнүүдээр тус тус нотлогдож байна. Иймээс дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч-, М.Ц-, Ц.Б-, Б.М-, Б.У-, Я.М-, Л.О-, Ш.Б-, Э.Х-, Б.М- нар нь хариуцагч “Э-” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас буурсан ажлын хөлсөнд нэхэмжлэгч Д.Ч- 73 460 835 төгрөг, Б.У- 123 546 160 төгрөг, Я.М- 41 014 750 төгрөг, Л.О- 45 379 432 төгрөг, Д.Баярцэнгэл, Ц.Б- нар 44 197 128 төгрөг, Б.М- 49 741 568 төгрөг, Э.Х- 50 231 288 төгрөг, Ш.Б- 44 129 156 төгрөг, М.Ц- 46 265 230 төгрөг, Б.М- 56 284 770 төгрөг, нийт 574 250 317 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Ч- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2015 оны 1 сарын 23-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамж, “консул тауэр” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р, 3-р орц, 6-р давхар, 180 тоот, 80 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Д.Ч- нь орон сууцны үнэ 249 770 835 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /хх-ийн 42-44-р тал/

Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2015 оны 1 сарын 08-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1-р хороонд баригдах барилгын 3-р орц, 13-р давхар, 215 тоот, 80 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Б.У- нь орон сууцны үнэ 267 546 213 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нх-ийн 7-9-р тал/

Нэхэмжлэгч Я.М- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1-р хороонд баригдаж буй “консул тауэр” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 2-р орц, 2-р давхар, 72 тоот, 50,95 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Я.М- нь орон сууцны үнэ 132 727 298 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нх-ийн 53-55-р тал/

Нэхэмжлэгч Л.О-, хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 7 сарын 07-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1-р хороонд баригдаж буй “консул тауэр” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 2-р орц, 4-р давхар, 84 тоот, 50,95 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Л.О- нь орон сууцны үнэ 137 089 433 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нх-121-122-р тал/

Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 5 сарын 27-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 1-р орц, 4-р давхар, 12 тоот, 48,31 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч Д.Баярцэнгэл нь орон сууцны үнэ 131 155 176 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нх-ийн 172-173-р тал/

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 12 сарын 26-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй “консул тауэр” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 1-р орц, 9-р давхар, 36 тоот, 97,95 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 272 039 056 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нх-ийн 257-259-р тал/

Нэхэмжлэгч Э.Х- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 5 сарын 27-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 2-р орц, 7-р давхар, 104 тоот, 48,31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Э.Х- нь орон сууцны үнэ 137 189 289 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /хх-ийн 99-101-р тал/

Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 5 сарын 23-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 2-р орц, 4-р давхар, 86 тоот, 48,31 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Ш.Б- нь орон сууцны үнэ 131 087 156 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /2нх-62-64-р тал/

 Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 5 сарын 23-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 1-р орц, 5-р давхар, 17 тоот, 48,31 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч М.Ц- нь орон сууцны үнэ 133 223 231 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /2нх-124-р тал/

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч “Э-” ХХК-тай 2014 оны 8 сарын 20-ны өдөр орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “Э-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд хороонд баригдаж буй “консул тауэр” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 2-р орц, 9-р давхар, 114 тоот, 50,95 м.кв талбайтай орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэх өгөх, нэхэмжлэгч Б.М- нь  орон сууцны үнэ 147 994 771 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /2нх-174-175-р тал/

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна. Учир нь нэхэмжлэгч нар тодорхой давхарт, өрөөний тоо, талбайн хэмжээг тогтоон, орон сууц захиалж, үүний төлөө хөлс төлөх, хариуцагч “Э-” ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохиролцсон тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулжээ. Иймд шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч “Э-” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах, 40 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 217 айлын орон сууцны барилгыг 2015 оны 1 сарын 13-ны өдөр улсын комисс хүлээн авсан байх бөгөөд мөн хугацаанаас хойш тус барилгад зөрчил, дутагдал илэрсэн талаар нэхэмжлэгч нар хариуцагч “Э-” ХХК-д гомдол, хүсэлт хүргүүлсэн байна. /хх-ийн 81-83-р тал/

 

Хариуцагч “Э-” ХХК нь нэхэмжлэгч нарын гомдол, хүсэлтийг хүлээн  авч, 2016 оны 9 сарын 12-ны өдөр барилгын халуун, хүйтэн ус дулааны түгээлт, сантехник, лифт, талбайн гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай болон цонхтой холбоотой үүссэн зөрчил,  дутагдлыг гүйцэтгэсэн компаниудаар нь яаралтай засварлуулах талаар “Консул тауэр” орон сууцны оршин суугчдын төлөөлөлд хариу хүргүүлж байжээ. /хх-ийн 20-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч нар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт барилгын доголдолтой холбоотой гомдол гаргаснаар тус газраас 2016 оны 10 сард захиалагч, гүйцэтгэгч, зохиогчтой хамтран, барилгад биет үзлэг, шалгалт хийж, дараах зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Үүнд: Айлуудын ариутгах татуургын босоо шугамын үзлэгийн самбарыг ажлын зурагт заасан байрлалд угсраагүй, ундны усны лабораторийн шинжилгээгээр зарим үзүүлэлт стандарт хэмжээнээс их буюу ундны усны шаардлага хангаагүй, айлуудын угаагуурт усан хаалт угсраагүй, ариутгах татуургын худгийн тагны түвшинг авто замын түвшинтэй адил түвшинд хийгээгүй, айл хоорондын болон өрөө хоорондын дуу дусгаарлалт муугаас хажуу айлын болон өрөө хоорондын дуу чимээ ихээр сонсогддог, айлуудын хананд цууралт өгсөн, дээврээс ус гоожсоноос шат, орц, давхрын хонгилын засал эвдэрч гэмтсэн, цонхны суулгалт стандартын шаардлага хангаагүйгээс цантаж хөлөрч мөөгөнцөртдөг, нугас түгжээ гацдаг, айлуудын 00-н өрөөний гэрэлтүүлгийн үзүүрийг холбоогүй, нийтийн эзэмшлийн ослын болон гарах чиглэлд заасан гэрэлтүүлэг байхгүй, зарим айлуудад зориулалтын бус гадна гэрэлтүүлэг хийсэн, цахилгаан шат доголддог, 1-р орцны 1 лифт ажилладаг, гадна тоглоомын талбайн резинэн хавтан хуурч унасан, хогийн бункерийн чимээ хажуу айлд их хэмжээгээр сонсогддог, хогийн тагны амалгаа гипс ихэнх хэсэгт эвдэрсэн, айлуудын дотор модон хаалга болон үүдний төмөр хаалганы чанар муу гэсэн байна.

Тус газар нь 2016 оны 10 сарын 13-ны өдөр хариуцагч “Э-” ХХК-д засварын ажлыг яаралтай хийж, илэрсэн зөрчлийг 2016 оны 10 сарын 31-ний дотор арилгах талаар 05/224 дугаар албан бичгийг хүргүүлжээ. /хх-ийн 16-р тал/

 

Хариуцагч “Э-” ХХК нь дээрх албан бичигт заасны дагуу барилгад биет үзлэг шалтгалт хийгээгүй, “Түмэн бархас” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хэрэгт авагдсан байгаа боловч тус гэрээгээр барилгад үүссэн дээр дурдсан зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй, ажил гүйцэтгэсэн актад зарим оршин суугчид гарын үсэг зураагүй байх тул Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 18863 дугаар захирамжаар Шинжлэн Ухаан Технологийн их сургуулийн дэргэдэх “Ре констракшн” төвийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 95, 219, 231-238-р тал/ 

 

Тус төвийн дүгнэлтэд барилгын металл каркасын даацын үндсэн бүтээцийг С345 (Q345) маркийн гангаар хийсэн, барилгын метал каркасын бүтээцүүдэд хэв гажилт ажиглагдахгүй, барилгын суурийн буцаан булалтын хөрсийг муу чигжсэнээс, түүнчлэн барилгын хаяавчийг муу хийснээс болж барилгын хаяавч суух, өнгөлгөөний хавтанцар ховхорч унасан, бичил ан цав гарсан, барилгын ханын дүүргэлтийн болон тусгаарлах ханын материалын чанар муугаас дуу тусгаарлалт муу, ан цав үүссэн, барилгын ханын дүүргэлтийн болон тусгаарлах ханын материалын чанар муугаас дуу тусгаарлалт муу, ан цав үүссэн, барилгын хана, хучилтын дуу тусгаарлалт БНбД 23-05-10-ын шаардлагыг хангаагүй, цонхны усны хаялга, сантехникийн тоноглол чанар муугаас ус алдалт ихтэй, барилгын араг яс сайн боловч, хашлага хана, сан техникийн тоноглолыг хамгийн чанар муутай материалаар сонгож, угсралтыг муу технологиор хийсэн нь барилгын чанар оршин суугчдын төсөөлж байсан үр дүнд хүрээгүй гэж дүгнэсэн байна. /2хх-11-51-р тал/

 

Дээрх дүгнэлтийг үндэслэн, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК орон сууцны буурсан үнэлгээний талаар дүгнэлт  гаргасан ба уг дүгнэлтээр нэхэмжлэгч Д.Ч-гийн орон сууцыг 130 600 000 төгрөг, нэхэмжлэгч Б.У-ын орон сууцыг 137 764 115 төгрөг, нэхэмжлэгч Я.М-ын орон сууцыг 83 175 845 төгрөг, нэхэмжлэгч Л.Отгон-Эрдэнийн орон сууцыг 87 662 732 төгрөг, Ц.Б-ын орон сууцыг 83 120 444 төгрөг, нэхэмжлэгч Б.М-ын орон сууцыг 87 662 732 төгрөг, нэхэмжлэгч Э.Х-ийн орон сууцыг 83 120 444 төгрөг, нэхэмжлэгч Ш.Б-ийн орон сууцыг 83 120 444 төгрөг, нэхэмжлэгч М.Ц-гийн орон сууцыг 83 120 444 төгрөг, нэхэмжлэгч Б.М-ын орон сууцыг 87 662 732 төгрөгөөр тус тус бууруулан үнэлжээ. /2хх-ийн 207-222, 2хх-223-235, 3хх-1-94-р тал/.

 

Анхан шатны шүүх уг дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн, хариуцагч “Эм си эм” ХХК-иас нийт 574 250 317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ч-д 73 460 835 төгрөг, нэхэмжлэгч Б.У-т 123 546 160 төгрөг, нэхэмжлэгч Я.М-т 41 014 750 төгрөг, нэхэмжлэгч Л.О-д 45 379 432 төгрөг, нэхэмжлэгч Д.Баярцэнгэл, Ц.Б- нарт 44 197 128 төгрөг, нэхэмжлэгч Б.М-ад 49 741 568 төгрөг, нэхэмжлэгч Э.Х-т 50 231 288 төгрөг, нэхэмжлэгч Ш.Б-д 44 129 156 төгрөг, нэхэмжлэгч М.Ц-д 46 265 230 төгрөг, нэхэмжлэгч Б.М-т 56 284 770 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай тус тус нийцжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Э-” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамж, “Консул тауэр” үйлчилгээтэй орон сууцны барилга нь чанарын доголдолтой болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд уг доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан нь “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон байна. 

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Дамно” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчил илэрсэн тохиолдолд арга хэмжээ авч байсан гэх боловч дээрх үнэлгээг үгүйсгэсэн баримтыг хариуцагч “Э-” ХХК нь шүүхэд гаргаагүй, мөн “Түмэн бархас” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, акт үйлдсэн байх боловч ажил хүлээлцсэн актад бүх оршин суугч гарын үсэг зураагүй, мөн тус гэрээнд заасан ажил үйлчилгээ нь Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар болон Шинжлэн Ухаан Технологийн их сургуулийн дэргэдэх “Ре констракшн” төвийн дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 029 201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ