Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/01500

 

 

 

 

 

 

 

                        2020        05          01

      101/ШШ2020/01500

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1. Д.Ч,

Нэхэмжлэгч: 2. М.Ц,

Нэхэмжлэгч: 3. Д.Б, Ц.Б,

Нэхэмжлэгч: 4. Б.М,

Нэхэмжлэгч: 5. Б.У,

Нэхэмжлэгч: 6. Я.М,

Нэхэмжлэгч: 7. Л.О,

Нэхэмжлэгч: 8. Ш.Б,

Нэхэмжлэгч: 9. Э.Х,

Нэхэмжлэгч: 10. Б.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э С Э ХХК-д холбогдох, 

574,250,317 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 1. нэхэмжлэгч Д.Ч, 2.нэхэмжлэгч Э.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сайнбилэг, 3.нэхэмжлэгч Б.У, 4.М.Ц, 5.Я.М, 6.Ш.Б, 7.Д.Б, 8.нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Т, 9.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, 10.хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Ч, М.Ц, М.Ц /Д.Б/, Б.М, Б.У, Я.М, Л.О, Ш.Б, Э.Х, Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э С Э ХХК нь анх 2014 оны 1 дүгээр сард Консул тауэр нэртэйгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай барилга 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд тус барилгад орон сууц захиалан бариулснаар орчин үеийн галын нэгдсэн систем бүхий удирдлагын өрөөтэй, орц болгонд Sigma брэндийн 24 цаг ажиллах 2 хос лифттэй, ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрэн хангасан, харуул хамгаалалтын 24 цагийн камертай, өндөр хурдны интернет, утас, кабельтай, европ стандартыг хангасан сантехник, цэвэр модон сайн чанарын хаалга, Герман вакуум цонх, балконы хаалттай, усан хөшиг бүхий нэгдсэн агаар шүүгч, цахилгаан ил цахилгаан тоноглолууд ТСL брендээр бүрдүүлсэн ган хийцтэй газар хөдлөлтийн 9 баллын тэсвэртэй, суулт болон гажилт өгөхөөс бүрэн хамгаалагдсан өндөр чанартай орон сууцанд орох давуу талтай бөгөөд барилгын чанараас шалтгаалж 1м.кв 2,273,000-3,198,000 төгрөгийн үнээр уг барилгыг захиалан бариулах бүрэн боломжтой гэж зар сурталчилгаа явуулж, уг нөхцөлөөр нийтэд санал гаргах дуудлага хийсэн.

Нэхэмжлэгч нар гэрээний үүргээ биелүүлж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн боловч ажил гүйцэтгэгч Э С Э ХХК нь гэрээгээр тохиролцсон чанартай барилга бариагүй бөгөөд уг орон сууцыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орж оршин суугчид амьдарч эхэлснээс хойш ажлын гүйцэтгэл буюу үр дүнд байнга доголдол гарах болсон.Тухайлбал:

1. Дээврийн ажил маш муу хийгдсэн: барилга ашиглалтад ороод 2 жил болоогүй байхад 2016 оны 07 дугаар сард орсон борооны үеэр дээврээс борооны ус задгай асгарч, шат, лифтний хонгил усаар дүүрч, хана, таазны шохой нурж унан 15-16-р давхрын хана хагарч нурсан, 5-16 давхарын айлууд руу ус орсон.

2. Барилгын халаалт, халуун хүлээн хүйтэн ус хангамжийн системийн угсралт маш муу хийгдсэн, европ стандартыг хангасан сантехник огт байхгүй,

3. Сууц хоорондын болон доторх өрөө хороондын хана барилгын норм, дүрэм, стандартад нийцээгүй хажуу айл болон орц хонгилд гарч буй чимээ маш чанга сонсогддог,

4. Лифт байнга эвдэрдэг, нэг лифт нь ашиглалтад орсон цагаас огт ажиллаж байгаагүй,

5.Өрөөний хана даац авдаггүй, хөшиг, тавилга тогтоох боломжгүй,

6.Ундны халуун хүйтэн усны зэв, бохирдол норм хэмжээнээс хэтэрсэн Лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон,

7. Бохирын шугамын угсралт буруу хийгдсэнээс ариун цэврийн өрөөнд байнга бохир үнэртдэг,

8. Агааржуулалтын систем буруу угсрагдсан, салхитай өдөр дүүжин тааз нь хөдөлж, салхи исгэрч, ариун цэврийн өрөөний хаалга савж дуугарах,

           9. Барилга угсралтын ажлыг мэргэжлийн байгууллага гүйцэтгээгүй, гадна болон дотор засал, паркетан шалны угсралтыг шаардлага хангахгүй хийсэн учраас зай гарч, дээшээ төвийж гарсан,

10. Уг барилгын бүх цонхны амалгааг буруу хийсэн тодруулбал хөөсөнцөр дээр шууд амалгаа хийсэн учраас мөөгөнцөр үүсэх, цонхны хүрээг дагаж хагаралт цууралт үүссэн,

11. Барилгын дам нуруу, даацын хана хөндий улмаас дуу чимээ, их сонсогдож, айлуудын хананд цууралт үүссэн,

12. Орон сууцны хаалганууд чанарын шаардлага хангахгүй ашиглалтын ердийн явцыг даалгүй салж унах төдийгүй, модон биш,

13. Уг барилга батлагдсан зураг төслийн дагуу хийгдээгүй, гадна тохижилт муутай, 24 цагийн камерийн систем байхгүй, зэрэг зөрчил дутагдлууд байнга гарах болсон. Үүний улмаас оршин суугчид ажил гүйцэтгэгчид уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл уг доголдол арилаагүй, цаашид уг доголдлуудыг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Оршин суугчдын зүгээс ажлын үр дүнгийн талаар “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гомдол гаргахад “Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас гомдлын дагуу шалгалт хийхэд хавсралтанд дурдсан 13 төрлийн зөрчил илэрсэн төдийгүй ихэнх зөрчлүүд нь анхнаасаа буруу хийгдсэн учраас арилгах боломжгүй чанаргүй, ашиглалтын шаардлага хангахгүй байна. Мөн өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь оршин суугчдын болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагыг огт биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нар нь тус орон сууцыг захиалан бариулахдаа чанарын өндөр түвшинд хийгдсэн, хэзээ ч үнэ нь буурахгүй үл хөдлөх эд хөрөнгөтэй болох цаашлаад Монгол Улсын үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэхийн тулд тухайн үеийн компанийн зар сурталчилгаа, нийтэд санал болгож байсан чанар, стандартад итгэж тухайн үеийн зах зээлийн үнээс хамаагүй өндөр үнээр уг орон сууцыг худалдаж авсан боловч ажил гүйцэтгэгчийн буруугаас болж хүссэн чанар бүхий орон сууцанд биш хүн амьдрах боломжгүй, чанар муутай орон сууцанд орж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нь өдрөөс өдөрт унаж, эдийн засаг болон сэтгэл санааны хүнд байдалд орж байна.

Э С Э ХХК нь барилгын ажлыг хариуцан гүйцэтгэх явцдаа тухайн үед мөрдөгдөж байсан “Барилгын тухай” /2008 он/ тухай хуулийн 9, 10, 11, 13-р зүйл болон Барилгын тухай хуулийн 11-14-р зүйлд заасан шаардлагууд болон бусад холбогдох барилгын норм дүрмийг дагаж мөрдөөгүй, барилгын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй барилгыг барьж ашиглалтад оруулсан болох нь ашиглалтын явц болон, Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд ашиглалтын явцад болон, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгахад хангалттай их зардал гарах төдийгүй, цаашид анх гэрээгээр тохирсон хэмжээний чанарын доголдолгүй хэвийн үр дүн гарахгүй нь илт байгаа бөгөөд одоо Э С Э ХХКнь уг орон сууцыг 1 метр кв-ыг 1,800,000 төгрөгөөр зарж борлуулж байна. Гэтэл уг орон сууцыг тухайн үед 1 м.кв талбайг Д.Ч 2,549,983 төгрөгөөр тооцож 249,770,835 төгрөг, Б.У 3,344,327 төгрөгөөр тооцож 267,546,213 төгрөг, Я.М 2,605,000 төгрөгөөр тооцож 132,727,298 төгрөг, Л.О 2,690,666 төгрөгөөр тооцож 137,089,433 төгрөг, Д.Б нь 2,714,865 төгрөгөөр тооцож 131,155,176 төгрөг, Б.М 2,776,282 төгрөгөөр тооцож 141,541,568 төгрөг, Б.Х 2,839,770 төгрөгөөр тооцож 137,189,289 төгрөг, Ш.Б 2,713,458 төгрөгөөр тооцож 131,087,156 төгрөг, М.Ц 2,757,674 төгрөгөөр тооцож 133,223,231 төгрөгөөр, Б.М 2,904,706 төгрөгөөр тооцож 147,994,771 төгрөгөөр тус тус захиалан бариулахаар тохиролцож, тус бүр ипотекийн зээл авч төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Уг орон сууцыг авсан шалтгаан нь барилгын норм дүрэм стандартанд нийцсэн чанарын шаардлага хангасан барилга баригдана гэж үзсэний үндсэн дээр худалдаж авсан боловч бодит байдал дээрх худалдан авсан үнэд нийцсэн чанарын шаардлага хангахгүй байгаа тул Монгол улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг үндэслэн Э С Э ХХК-ийг гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэн Ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид илүү төлсөн мөнгийг нэхэмжлэгч нарт буцаан гаргуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Д.Чд ажил гүйцэтгэгчид төлсөн 249,770,835 төгрөгөөс илүү төлсөн 73,460,835 төгрөг,

2.Нэхэмжлэгч Б.Ут ажил гүйцэтгэгчид төлсөн 267,546,213 төгрөгөөс илүү төлсөн 123,546,160 төгрөг,

3.Нэхэмжлэгч Я.Мт ажил гүйцэтгэгчид төлсөн 132,727,298 төгрөгөөс илүү төлсөн 41,014,750 төгрөг,

4.Нэхэмжлэгч Л.Од ажил гүйцэтгэгчид төлсөн 137,089,433 төгрөгөөс илүү төлсөн 45,379,432 төгрөг,

5.Нэхэмжлэгч Д.Б, М.Ц нарт ажил гүйцэтгэгчид төлсөн 131,155,176 төгрөгөөс илүү төлсөн 44,197,128 төгрөг,

6.Нэхэмжлэгч Б.М-д ажил гүйцэтгэгчид төлсөн 141,451,568 төгрөгөөс илүү төлсөн 49,741,568 төгрөг,

7.Нэхэмжлэгч Э.Хт ажил гүйцэтгэгчид төлсөн 137,189,289 төгрөгөөс илүү төлсөн 50,231,288 төгрөг,

8.Нэхэмжлэгч Ш.Бд ажил гүйцэтгэгчид төлсөн 131,087,156 төгрөгөөс илүү төлсөн 44,129,156 төгрөг,

9.Нэхэмжлэгч М.Цд ажил гүйцэтгэгчид төлсөн 133,223,231 төгрөгөөс илүү төлсөн 46,265,230 төгрөг,

10.Нэхэмжлэгч Б.Мт ажил гүйцэтгэгчид төлсөн 147,994,771 төгрөгөөс илүү төлсөн 56,284,770 төгрөг, нийт 574,250,317 төгрөгийг хариуцагч Эс  Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай “Э С Э” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай 217 айлын “Консул тауэр” орон сууцыг Барилгын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагаар зураг, ажлыг гүйцэтгүүлж, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулан захиалан ба одоогийн байдлаар тус орон сууцны 85 гаруй хувь нь борлогдож, багадаа 500 гаруй оршин суугчид ая тухтай, сэтгэл хангалуун амьдарч байна.

Д.Чгийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14/33 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 3 дугаар орц, 6 давхарт, 97.95 м.кв талбай бүхий 180 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр №180 тоот орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Б.Уын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14/25 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 3 дугаар орц, 13 давхарт, 97.95 м.кв талбай бүхий 125 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Я.Мын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14/128 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 2 дугаар орц, 2 давхарт, 50.95 м.кв талбай бүхий 72 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Л.Отгон-Эрдэнийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 14/063 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 2 дугаар орц, 4 давхарт, 50.95 м.кв талбай бүхий 84 тоот байрыг худалдан авсан ба байраа бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 3 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Д.Б, М.Ц нарын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 14/014 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 2 дугаар орц, 4 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 12 тоот байрыг худалдан авсан ба байраа бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 3 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Г.М-ын тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 14/049 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 1 дүгээр орц, 6 давхарт, 50.95 м.кв талбай бүхий 96 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Э.Хийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14/015 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 2 дугаар орц, 7 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 104 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Ш.Бийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14/002 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 2 дугаар орц, 4 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 86 тоот байрыг худалдан авсан ба байраа 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орон сууц хүлээлцсэн акт үйлдэж, бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

М.Цгийн тухайд манай компанитай харилцан тохиролцож, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 14/004 тоот “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулан уг орон сууцны 1 дүгээр орц, 5 давхарт, 48.31 м.кв талбай бүхий 17 тоот байрыг худалдан авсан ба байраа бүрэн гүйцэт хүлээн аван өнөөдрийг хүртэл тус орон сууцандаа 3 жил гаруй хугацаанд амьдарч байгаа билээ.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан үйл баримтуудыг дурдвал:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсанчлан 2016 оны 07 дугаар сард байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас буюу Улаанбаатар хотод маш их усархаг бороо орж үер бууснаас шалтгаалан Консул тауэр орон сууцны хажуугийн байрнуудын граж /Голден Вил гэх мэт/ бүхэлдээ усанд автаж олон машин живж байхад “Консул тауэр” орон сууцны хувьд бага зэргийн ус нэвтэрсэн асуудал үүссэн бөгөөд компаниас уг борооны дараа өөрийн зардлаар холбогдох засварын ажлыг гүйцэтгэж, хохирлыг бүрэн арилгасан. /Уг ажлыг гүйцэтгэсэн компанийн гэрээг хавсаргав./

Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан доголдол гэх зүйлүүд нь ашиглалтын буруугаас үүдэлтэй байх бөгөөд тухайлбал, нэхэмжлэгч паркетан шал зай гарч, дээшээ төвийж гарсан гэсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийн өөрийн ашиглалтын буруугаас үүдэлтэй буюу паркетан шалан дээр олон удаа ус асгах, хэт их усалж угааснаас үүдэлтэй ба цонх мөөгөнцөрдсөн тухайд мөн л нэхэмжлэгчийн эд хөрөнгөө арчлах, хамгаалах бороотой үед цонхоо хаагаагүй ус их оруулдагаас үүдэлтэйгээр үүсдэг гэмтэл юм.

Ундны усны хувьд манай компани Геологийн төв лабораторид хүсэлт гарган тус барилгын крантны усыг шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний дүнгээр хэвийн хэмжээнд гарсан. /Шинжилгээний дүнг хавсаргав./

Мөн Консул тауэр орон сууц нь нэхэмжлэгч нарын дурдсанчлан зах зээлд борлуулагдаж буй үнэ ханш нь буурч 1,800,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа гэх нь ор үндэсгүй худал мэдээлэл байх бөгөөд энэ нь талуудаас холбогдох нөхцөлүүдийг харилцан тохиролцож, нэхэмжлэгч нар гэрээний үнийг бууруулах зорилгоор худал мэдээлэл шүүхэд ирүүлж, компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх гэж оролдож байгаад харамсаж байна.

Иймд Д.Ч, М.Ц, М.Ц, Б.М, Б.У, Я.М, Л.О, Ш.Б, Э.Х, Б.М нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ч, Б.У, Я.М, Л.О, Д.Б /М.Ц/, Б.Мөнгөнсувд, Э.Х, Ш.Б, М.Ц, Б.М нар /цаашид нэхэмжлэгч нар гэх / нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг үндэслэн Эс Си Эм ХХК-ийг гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг чанар муутай доголдолтой гүйцэтгэсэн гэж үзэн Ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид илүү төлсөн мөнгө нийт 574,250,317 төгрөгийг хариуцагч Э С ЭХХК-иас гаргуулах, үүнд;

нэхэмжлэгч Д.Ч 73,460,835 төгрөг,

нэхэмжлэгч Б.У 123,546,160 төгрөг,

нэхэмжлэгч Я.М 41,014,750 төгрөг,

нэхэмжлэгч Л.О 45,379,432 төгрөг,

нэхэмжлэгч Д.Б, М.Ц нар 44,197,128 төгрөг,

нэхэмжлэгч Б.Мөнгөнсувд 49,741,568 төгрөг,

нэхэмжлэгч Э.Х 50,231,288 төгрөг,

нэхэмжлэгч Ш.Б 44,129,156 төгрөг,

нэхэмжлэгч М.Ц 46,265,230 төгрөг,

нэхэмжлэгч Б.М 56,284,770 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

 

Хариуцагч Э С Э ХХКнь ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, худалдах худалдан авах гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба баталгаат хугацаа 3 жилийн дотор гарсан доголдлыг манай компани тухай бүрт нь арилгаж засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийж байсан, одоо барилгын ашиглалттай холбоотой асуудлыг орон сууцны үйлчилгээ үзүүлэх эрхтэй Орон сууц нийтийн аж ахуйн контор, сууц өмчлөгчдийн холбоо хариуцах тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           

            1.Нэхэмжлэгч Д.Ч, хариуцагч Э С Э ХХКнар нь 2015 оны 01  дүгээр сарын 23-ны өдөр 14/33 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамжид баригдаж буй “CONCUL TOWER” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 3-р орц, 6-р давхар, 180 тоот, 80м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Д.Ч нь 249,770,835 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /үндсэн хэрэг 1 хавт, 42-44 хууд/

            2.Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Э С Э ХХКнар нь 2015 оны 01  дүгээр сарын 08-ны өдөр 14/25 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 3-р орц, 13-р давхар, 215 тоот, 80м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Б.У нь 267,546,213 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нэгтгэсэн хэрэг 1 хавт, 7-9 хууд/

            3. Нэхэмжлэгч Я.М, хариуцагч Э С Э ХХКнар нь 2015 оны 01  дүгээр сарын 08-ны өдөр 14/128 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй “CONCUL TOWER” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 2-р орц, 2-р давхар, 72 тоот, 50,95м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Я.М нь 132,727,298 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нэгтгэсэн хэрэг 1 хавт, 53-55 хууд/

            4. Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 07  дугаар сарын 07-ны өдөр 14/063 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй “CONCUL TOWER” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 2-р орц, 4-р давхар, 84 тоот, 50,95м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Л.О нь 137,089,433 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нэгтгэсэн хэрэг 1 хавт, 120-122 хууд/

            5. Нэхэмжлэгч Д.Б, /М.Ц/, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 05  дугаар сарын 27-ны өдөр 14/014 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 1-р орц, 4-р давхар, 12 тоот, 48,31м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Д.Б /М.Ц/ нь 131,155,176 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, /нэгтгэсэн хэрэг 1 хавт, 170-171 хууд/

            6. Нэхэмжлэгч Б.М /Б.Б/, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14/134 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдаж буй “CONCUL TOWER” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 1-р орц, 9-р давхар, 36 тоот, 97,95м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Б.Мөнгөнсувд /Б.Батбилэг/ нь 272,039,056 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх /нэгтгэсэн хэрэг 1 хавт, 255-257 хууд/

            7. Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 05  дугаар сарын 27-ны өдөр 14/015 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 2-р орц, 7-р давхар, 104 тоот, 48,31м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Э.Х нь 137,189,289 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх /нэгтгэсэн хэрэг 1 хавт, 53-55 хууд/,

            8. Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 05  дугаар сарын 23-ны өдөр 14/002 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 2-р орц, 4-р давхар, 86 тоот, 48,31м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Ш.Б нь 131,087,156 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх /нэгтгэсэн хэрэг 2 хавт, 62-64 хууд/,

            9. Нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 05  дугаар сарын 23-ны өдөр 005 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 1-р орц, 5-р давхар, 17 тоот, 48,31м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч М.Ц нь 133,223,231 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх /нэгтгэсэн хэрэг 118-132 хууд/

10. Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э С Э ХХКнар нь 2014 оны 08  дугаар сарын 20-ны өдөр 14/082 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гүйцэтгэгч Э С Э ХХКнь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд хороонд баригдаж буй “CONCUL TOWER” үйлчилгээтэй орон сууцны барилгын 79-р байр, 2-р орц, 9-р давхар, 114 тоот, 50,95м2 талбайтай орон сууцыг тохиролцсон зураг төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, захиалагч Б.М нь 147,994,771 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх /нэгтгэсэн хэрэг 2 хавт, 174-175 хууд/ үүрэг тус тус хүлээсэн байна.   

            Уг гэрээний 3.1-т гүйцэтгэгч нь орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж хүлээлгэн өгөх, мөн гэрээний 2.6-д захиалагч нь баригдаж дууссан орон сууцыг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойшхи ашиглалт, хөрөнгө баталгаажуулалт, холбогдох бусад асуудлыг дангаар хариуцах, 2.7-д захиалсан орон сууцыг актаар хүлээн авснаас хойш орон сууцтай холбоотой гарах зардлыг захиалагч бүрэн хариуцахаар заажээ.

            Захиалагч /нэхэмжлэгч/ нар гэрээнд заасан үүргийн дагуу орон сууцны үнийг төлж, орон сууцыг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан орон сууц хүлээлцсэн актаар тогтоогдож байна.

            Гэрээний дээрх нөхцөлүүд, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ. Учир нь:

            Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч тал захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг.

            Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд бий болох орон сууц байх ба талууд Орон сууц захиалгын гэрээ байгуулж байх үед уг орон сууц ашиглалтад ороогүй, гүйцэтгэгч нь батлагдсан төсөвт багтаан, өөрийн материал, техник, зураг төслөөр барилгыг барих үүрэг хүлээсэн нь гэрээний 3.2-т тусгагдсан байна.

            Гэрээнд орон сууцны байршил, орц, давхар, хаалганы дугаар, талбайн хэмжээ зэргийг тусгаж өгсөн нь ажлын үр дүнгийн шинж чанар, тоо хэмжээний талаар талууд тохиролцсон гэж үзнэ.

            Иймээс талууд гэрээ байгуулахдаа ажлын үр дүн, хөлс төлөх журмыг тохиролцсон нь гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэн зохигчийн хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний холбогдох зохицуулалтаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцыг хүлээн авч амьдарч эхэлснээс хойш орон сууцанд доголдол гарч үнэ нь буурсан гэж тайлбарлаж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд шинэ барилга бий болж, уг орон сууцыг захиалагч нарын өмчлөлд шилжүүлсэн байна.

            Захиалагч нар орон сууцыг 2015 онд орон сууц хүлээлцэх актаар хүлээн авч өмчлөлдөө шилжүүлснээс хойш орон сууцны чанарын дутагдалтай холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан боловч зохих арга хэмжээ авдаггүй байсан тул холбогдох байгууллагад хандаж, шийдвэрлүүлж байсан талаарх баримтыг нэхэмжлэгч нар шүүхэд нотлох баримтаар гаргажээ. Үүнд:

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/224 дугаартай албан бичгээр маргаан бүхий орон сууцны оршин суугчдаас гомдол ирүүлсэн тул Барилгын тухай хуулийн 14.3, 14.4, 14.5, 14,6, 14.7-д заасан заалтын хүрээнд захиалагч, гүйцэтгэгч хамтран барилгад биет үзлэг шалгалт хийн, засварын ажлыг яаралтай хийж, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулах, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг хангуулах арга хэмжээг 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор авч хариуг ирүүлэхийг Э С Э ХХК-д мэдэгдэж, орон сууцны барилгад илэрсэн 13 төрлийн зөрчил дутагдлын жагсаалт, авах шаардлагатай арга хэмжээг зааж хавсралтаар хүргүүлсэн байна. /үндсэн хэрэг 1 хавт, 16-17 хууд/

Дээрх албан бичгийн хавралтад 13 төрлийн зөрчил дутагдлыг нэрлэн заасан, үүнд;

1.Айлуудын ариутгах татуургын босоо шугамын үзлэгийн самбарыг ажлын зурагт заасан байрлалд угсраагүй,

2. Ундны усны лабораторийн шинжилгээгээр зарим үзүүлэлт стандарт хэмжээнээс их буюу ундны усны шаардлага хангахгүй байна. /УСУГ-ын 2016.04.01-ний өдрийн лабораторийн дүгнэлт/

3.Айлуудын угаагуурт усан хаалт угсраагүй,

4.Ариутгах татуургын худгийн тагны түвшнийг авто замын түвшинтэй адил түвшинд хийгээгүй,

5.Айл хоорондын болон өрөө хоорондын дуу дусгаарлалт муугаас хажуу айлын болон өрөө хоорондын дуу чимээ ихээр сонсогддог,

6.Айлуудын хананд цууралт өгсөн,

7. Дээврээс ус гоожсоноос шат, орц, давхрын хонгилын засал эвдэрч гэмтсэн,

8.Цонхны суулгалт стандартын шаардлага хангаагүйгээс цантаж хөлөрч мөөгөнцөртдөг, нугас түгжээ гацдаг,

9. Айлуудын 00-н өрөөний гэрэлтүүлгийн үзүүрийг холбоогүй, нийтийн эзэмшлийн ослын болон гарах чиглэлд заасан гэрэлтүүлэг байхгүй, зарим айлуудад зориулалтын бус гадна гэрэлтүүлэг хийсэн,

10.Цахилгаан шат доголддог, 1-р орцны 1 лифт ажилладаг,

11.Гадна тоглоомын талбайн резинэн хавтан хуурч унасан,

12.Хогийн бункерийн чимээ хажуу айлд их хэмжээгээр сонсогддог, хогын тагны амалгаа гипс ихэнх хэсэгт эвдэрсэн,

13.Айлуудын дотор модон хаалга болон үүдний төмөр хаалганы чанар муу гэсэн байна.

Хариуцагч Э С Э ХХКнь дээрх албан бичигт заасны дагуу барилгад биет үзлэг шалтгалт хийгээгүй, энэ талаар үйлдэгдсэн акт баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн хариуцагч Э С Э ХХКнь орон сууцны барилгад үүссэн зөрчил дутагдлыг Түмэн бархас ХХК-иар засуулсан гэж тайлбарлаж байна.

Э С Э ХХКнь Түмэн бархас ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээгээр Баянзүрх дүүргийн Консул Тауэр орон сууцны 1-3 орцны 1-16 давхар хүртэлх шатны элэг шанааны хэсгийг хусаж замаскдаж эмульсдэх, 1 болон 3-р орцны нийтийн эзэмшлийн шатны хонгилын ховхорч хууларсан хана таазны нөхөөс замаск эмульс хийх, 1-3 орцны үүдний хэсэгт плита наах, плитанаас дээших хэсгийг замаскдаж, өнгийн эмульс хийх, гипсэн таазыг шинээр угсарч гэрэл гэрэлтүүлгийг нэмж суурилуулах зэрэг засварын ажлыг 17,301,460 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Түмэн бархас ХХК-иар гүйцэтгүүлсэн засварын ажил нь дээрх зөрчил дутагдлыг бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй, зөрчил дутагдлын 7-д заасан эвдрэлийг засахтай хамааралтай гэж үзэхээр ба хариуцагч Э С Э ХХКнь оршин суугчдын болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлыг биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

 

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Э С Э ХХКнь Түмэн бархас ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр, SCM2017/14 дугаартай гэрээ байгуулж уг орон сууцны 9, 16, 26, 57, 72, 120, 127, 132, 135, 138, 141, 144, 156, 163 тоотод Засварын актад дурдсан ажлыг 4,200,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон боловч ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн актад оршин суугчид зарим нь гарын үсэг зураагүй, 16 тоотын айл зөвшөөрөхгүй гэсэн тайлбар бичсэн байна. /үндсэн хэрэг 1 хавт, 163-165 хууд/

 Эдгээр үйл баримтаас үзэхэд захиалагч нар нь ажлын үр дүнд илэрсэн дутагдлыг арилгуулахаар гомдлын шаардлага гаргах хугацаанд шаардсан, гүйцэтгэгч дутагдлыг боломжит хугацаанд арилгах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нар 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсэнтэй нийцэж байна.

            Хариуцагч нь орон сууцны барилгын ажлын талаар түүний дотор барилгын цонх, усны шинжилгээ, Барилга бүтээц угсралтын ил, далд ажлын акт /дээвэр, хаалга, цонх суулгасан бэхэлсэн акт/, Цахилгааны далд ажлын акт, Сантехникийн ил, далд ажлын акт, Барилга, байгууламжийн ашиглалтад оруулах комиссийн гишүүний саналын хуудас, Материалын лабораторийн шинжилгээний дүгнэлт, Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт зэрэг барилга ашиглалтад орохоос өмнө үйлдэгдсэн барилгын ажил гүйцэтгэсэн холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж, тус барилгыг стандарт, чанарын шаардлага хангасан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий орон сууцны барилга ашиглалтад орсноос хойш үүссэн дээр дурдсан эвдрэл, зөрчлийг үүсээгүй гэдгийг нотлох баримтаар үгүйсгэж чадахгүй байна гэж үзлээ.  /үндсэн хэрэг 1 хавт, 116-162, 166-218 хууд/

            Шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилохдоо шинжилгээ хийх байгууллагыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07/3678 дугаар албан бичигт “...Тус орон сууцны барилгад хийгдэх чанар байдлын биет судалгааг “Эвдрэл гэмтэлтэй барилга байгууламжид инженерийн биет судалгаа явуулах аргачилсан заавар” /БД 31-101-00/-ын дагуу хийх бөгөөд биет судалгааг эрх бүхий зураг төсөл, судалгаа, шинжилгээний байгууллага, зөвлөх компани хийж, итгэмжлэгдсэн лабораторид холбогдох хийц бүтээц, эдлэхүүн, материалын сорил шинжилгээ хийгдэх ёстой. ...Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийн Реконстракшн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны дэргэдэх “Олно” ХХК зэрэг байгууллагуудад хандахыг зөвлөж байна” гэсний дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх “Ре констракшн” төв-ийг шинжээчээр томилсон байна. /үндсэн хэрэг 1 хавс, 230 хууд/  

            Уг дүгнэлтэнд;

-Барилгын метал каркасын даацын үндсэн бүтээцийг С345 (Q345) маркийн гангаар хийсэн байна.

-Барилгын метал каркасын бүтээцүүдэд хэв гажилт ажиглагдахгүй, хэвийн байна.

-Барилгын суурийн буцаан булалтын хөрсийг муу чигжсэнээс, түүнчлэн барилгын хаяавчийг муу хийснээс болж барилгын хаяавч суух, өнгөлгөөний хавтанцар ховхорч унасан, бичил ан цав гарсан,

-Барилгын ханын дүүргэлтийн болон тусгаарлах ханын материалын чанар муугаас дуу тусгаарлалт муу, ан цав үүссэн байна.

-Барилгын ханын дүүргэлтийн болон тусгаарлах ханын материалын чанар муугаас дуу тусгаарлалт муу, ан цав үүссэн байна.

-Барилгын хана, хучилтын дуу тусгаарлалт БНбД 23-05-10-ын шаардлагыг хангахгүй байна.

-Цонхны усны хаялга, сан техникийн тоноглол чанар муугаас ус алдалт ихтэй байна. Барилгын араг яс сайн боловч, хашлага хана, сан техникийн тоноглолыг хамгийн чанар муутай материалаар сонгож, угсралтыг муу технологиор хийсэн нь энэ барилгын чанар оршин суугчдын төлөөлж байсанд хүрсэнгүй гэж дүгнэжээ. /үндсэн хэрэг-2 хавт, 11-51 хууд/   

Харин захиалагч нарын өмчлөлд шилжүүлсэн уг орон сууцанд ашиглалтын явцад чанарын дутагдал үүссэн болох хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон тул ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзлээ.

Үүссэн чанарын дутагдлыг хариуцагч арилгаж чадаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар нэхэмжлэгч нар нь шаардлага гаргах эрхтэй байна гэж үзлээ.

Иймээс нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас орон сууцны үнэ буурсан болохоо Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлож байх тул нэхэмжлэгч тус бүрийн орон сууцны үнийг Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан дүнгээр буурсан гэж үзэн зөрүү мөнгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Дамно ХХК-ийн дүгнэлтэнд Барилгын экспертизийн дүгнэлтэнд тусгагдсан чанарын дутагдал нь үнэлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэлгээ тогтооход чанар, хийцлэлийн итгэлцүүрийг бууруулж авах үндэслэл болсныг заасан байна. 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч нарын орон сууц дараах байдлаар үнэлэгджээ. Үүнд: Д.Ч 130,600,000 төгрөг, Б.У 137,764,115 төгрөг, Я.М 83,175,845 төгрөг, Л.О 87,662,732 төгрөг, Д.Б, М.Ц-83,120,444 төгрөг, Б.Мөнгөнсувд 87,662,732 төгрөг, Э.Х 83,120,444 төгрөг, Ш.Б 83,120,444 төгрөг, М.Ц 83,120,444 төгрөг, Б.М 87,662,732 төгрөг.

Нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг дараах байдлаар төлжээ. Үүнд: Д.Ч 249,770,835 төгрөг, Б.У 267,546,213 төгрөг, Я.М 131,727,298 төгрөг, Л.О 137,089,433 төгрөг, Д.Б, М.Ц 131,155,176 төгрөг, Б.Мөнгөнсувд 141,451,568 төгрөг, Э.Х 137,189,289 төгрөг, Ш.Б 131,087,156 төгрөг, М.Ц 133,223,231 төгрөг, Б.М 147,994,771 төгрөг тус тус төлсөн тул үнэлгээний зөрүү нь нэхэмжлэлийн дүнгээс илүү гарсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагчаас нийт 574,250,317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чд 73,460,835 төгрөг, нэхэмжлэгч Б.Ут 123,546,160 төгрөг, нэхэмжлэгч Я.Мт 41,014,750 төгрөг, нэхэмжлэгч Л.Од 45,379,432 төгрөг, нэхэмжлэгч Д.Б, М.Ц нарт 44,197,128 төгрөг, нэхэмжлэгч Б.Мөнгөнсувдад 49,741,568 төгрөг, нэхэмжлэгч Э.Хт 50,231,288 төгрөг, нэхэмжлэгч Ш.Бд 44,129,156 төгрөг, нэхэмжлэгч М.Цд 46,265,230 төгрөг, нэхэмжлэгч Б.Мт 56,284,770 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.О, Б.М, Б.М, М.Ц нар ирээгүй, өмгөөлөгч нь төлөөлж оролцох хүсэлт гаргасан тул эдгээр нэхэмжлэгч нарын шаардлагыг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Э С Э ХХК-иас 574,250,317 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чд 73,460,835 төгрөг, нэхэмжлэгч Б.Ут 123,546,160 төгрөг, нэхэмжлэгч Я.Мт 41,014,750 төгрөг, нэхэмжлэгч Л.Од 45,379,432 төгрөг, нэхэмжлэгч Д.Б, М.Ц нарт 44,197,128 төгрөг, нэхэмжлэгч Б.Мөнгөнсувдад 49,741,568 төгрөг, нэхэмжлэгч Э.Хт 50,231,288 төгрөг, нэхэмжлэгч Ш.Бд 44,129,156 төгрөг, нэхэмжлэгч М.Цд 46,265,230 төгрөг, нэхэмжлэгч Б.Мт 56,284,770 төгрөгийг тус тус олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чгийн төлсөн 525,254 төгрөг, нэхэмжлэгч Б.Уын төлсөн 775,690 төгрөг, нэхэмжлэгч Я.Мын төлсөн 363,100 төгрөг, нэхэмжлэгч Л.Он төлсөн 384,850 төгрөг, нэхэмжлэгч Д.Б, М.Ц нарын төлсөн 378,940 төгрөг, нэхэмжлэгч Б.Мын төлсөн 406,660 төгрөг, нэхэмжлэгч Э.Хийн төлсөн 410,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Бийн төлсөн 378,600 төгрөг, нэхэмжлэгч М.Цгийн төлсөн 389,300 төгрөг, нэхэмжлэгч Б.Мын төлсөн 439,380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нийт 4,451,774 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чд 525,254 төгрөг, нэхэмжлэгч Б.Ут 775,690 төгрөг, нэхэмжлэгч Я.Мт 363,100 төгрөг, нэхэмжлэгч Л.Од 384,850 төгрөг, нэхэмжлэгч Д.Б, М.Ц нарт 378,940 төгрөг, нэхэмжлэгч Б.Мд 406,660 төгрөг, нэхэмжлэгч Э.Хт 410,000 төгрөг, нэхэмжлэгч Ш.Бд 378,600 төгрөг, нэхэмжлэгч М.Цд 389,300 төгрөг, нэхэмжлэгч Б.Мт 439,380 төгрөг тус тус олгосугай. 

3. Хэрэгт “Д.Ч нарын нэхэмжлэлтэй Э С Э ХХК-д холбогдох иргэний хэргийн нотлох баримт” гэсэн хавтастай барилгын зураг-1 хавтас, “Consul Tower”-н танилцуулга, 1 альбом бүхий фото зургууд, “Consul Tower” оршин суугчдын бүртгэл 50 хуудас баримтыг тус тус хэрэгт хавсаргасугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ЦЭРЭНДУЛАМ