Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01757

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01793 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 1388 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01707 дугаар тогтоолоор иргэн Ш.О-, Н.Ганбаатар нараас 93 813 627 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын өмчлөлийн Москва хороололд байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг 63 000 000 төгрөг тооцож, төлбөр авагчид шилжүүлсэн. Иймээс шүүхийн шийдвэрээр төлвөл зохих мөнгөн төлбөр нь 33 813 627 төгрөг үлдсэн байна. Гэтэл эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 байрны 285 тоот хаягт байршилтай, 41.57 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураан авч хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах боломж олгох ёстой. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулах шаардлагатай. Гэтэл хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна. Эд хөрөнгийг албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэттэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан мэдээллийг бүрэн тусгах шаардлагатай талаар хуульчилсан. Гэтэл уг зүйлд заасан шаардлагыг хангаагүй хууль бус байна. Иймээс 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол хууль бус байна. Н- нь 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 4/4206 тоот эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах талаарх мэдэгдлийг 2020 оны 02 сарын 07-ны өдөр мэдэгдсэн. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар 2020 оны 02 сарын 14-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 02 сарын 27-ны өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 2/2 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол хууль бус болсон тул хүчингүй болгож өгнө үү. Нэгт төлбөр төлөгчийг өөрөө худалдан борлуулах боломжоор нь хангах байтал энэ боломжийг нь олгоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар албадан дуудлага худалдааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулна гэж заасан. Үнэлгээ өөрөө хуульд заасан журмын дагуу ирсэн байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаас харахад үнэлгээ гаргасан гээд байгаа байгууллага нь тусгай зөвшөөрөлгүй. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд н.Отгонбаяр гарын үсэг зураагүй. н.Отгонбаяр гарын үсэг зураад оролцоод байгаа боловч н.Отгонбаяр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцлоо гэж бодоход энэ хүнд албан ёсоор хууль сануулаагүй. Яагаад гэвэл шүүхээс шинжээч томилж байгаа баримтууд, шүүхийн шинжилгээ рүү явж байгаа баримт зэргээс харахад Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг сануулдаг. Шинжээч буруу дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар урьдчилан сануулаагүй. Итгэмжлэл байдаг хэдий ч итгэмжлэл тодорхой бус. Итгэмжлэл нь Иргэний хуульд зааснаар бусад этгээдийн эрх, үүргийг хэн нэгэн хийгээд гэрээний эрх зүйн үр дагаврыг хариуцах этгээд нь бусад этгээд байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг бусад этгээд хариуцна. Тусгай зөвшөөрөлгүй байж тусгай зөвшөөрөл өгч томилоод өмнөөсөө дүгнэлт гаргуулж байгаатай адил болно. Шинжээч томилсон тогтоолын дагуу албан ёсоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-иас тайлан ирээгүй. Мөн хуульд заасны дагуу тайлан ирсэн байлаа гэж бодоход хууль сануулаагүй. Шинжээчийн дүгнэлтийг хэн гаргаад, хэн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүлээлгэж өгсөн бэ гэх асуудал байдаг. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 50 хувийн үнийн дүнгээр тодорхойлох боломжгүй болж байгаа. Мөн хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлангийн хавсралт хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийсэн хүн нь н.Отгонбаяр гээд илт бичигдсэн байхад хөрөнгийн үнэлгээний компаний гүйцэтгэх захирал н.Дэлгэрсүрэн гэх хүн өөрөө гарын үсэг зурсан байдаг. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон байхад өөр үнэлгээчин үнэлсэн. Энэ агуулгаараа Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан 2 дахь албадан дуудлага худалдааг хуулийн шаардлага хангаагүй үнийн дүнгээр дуудлага худалдаанд оруулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол нь хууль зөрчсөн болохыг тогтоосноор хуульд заасан журмын дагуу дахин дуудлага худалдаа явуулахыг шаардах боломжтой болно гэж үзэж байна. Үнэлгээг хуульд зааснаар талууд харилцан тохиролцож тогтоогоогүй бол үнэлгээчин хуульд заасны дагуу үнэлгээ тогтоосон эсэхийг шүүхээс шалгаж тогтоох ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 12-ны өдрийн 00901 дүгээр шийдвэрээр Ш.О-, Н.Ганбаатар нараас 94 553 933 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Алимаа нарын 6 иргэний дундын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байрны 285 тоотод байрлах 40 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-аар үнэлгээ тогтоолгоход 127 420 000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Ш.О-, Н.Ганбаатар болон өмчлөгч нарт 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 4/28209, 4/28208 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Барьцааны орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 01 сарын 24-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 02 сарын 21-ний өдөр оруулахад 94 116 500 төгрөгөөр худалдан борлогдож “Хас банк” ХХК ялагчаар тодорсон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд төлбөр төлөгч нь хугацаа хожих зорилгоор удаа дараа шүүхэд гомдол гаргаж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн зохицуулалтаар анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаа явагдахаас өмнө үнэлгээг мэдсэнээс хойш төлбөр төлөгч нь 3 хоногийн дотор өөрөө бие даан худалдан борлуулах саналыг гаргах эрхтэй байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 2 дахь дуудлага худалдааны үед бие даан худалдан борлуулах хугацаа олгоогүй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн өөрөө худалдан борлуулах боломжтой гэдгийг 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 4/28209 дугаар мэдэгдлийг хүлээж авснаар мэдсэн. Өмчлөгч нарт үнэлгээг мэдэгдээд уг мэдэгдэл дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор худалдан борлуулах эрхтэй, 3 хоногийн дотор хариугаа ирүүлээрэй гэж бичиж боломж  олгосон. Хөрөнгийн үнэлгээ гараад 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэгч хүлээн авснаас хойш талуудад мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах эрх нь байсан боловч энэ хугацаандаа гомдол гаргаагүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулинд мөн тухайн үнэлгээчинд эрх үүрэг танилцуулсан заалт дээр Эрүүгийн хууль танилцуулсан буюу Эрүүгийн хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээнэ гэдгийг заасан байдаг. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг оруулаагүй ч гэсэн Эрүүгийн хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн үүрэг хэсэг дээр Эрүүгийн хуулийг сануулсан байдаг гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.О-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна” 66.2-т “Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна” гэж заасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” 177.2-т “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна” 177.3-т “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” 177.4-т “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж тус тус заасан. Эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахын тулд үнэлгээг хуульд заасны дагуу тогтоосон эсэх нь ач холбогдолтой. Шинжээч томилогдон ажиллах этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилж албажуулсан байх шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 12 сарын 06-ны өдрийн дугаар 423 тоот “шинжээч томилох тухай” тогтоолоор шинжээчээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон байдаг. Гэтэл шинжээчид хууль тайлбарлаж, танилцуулах ажиллагаа хийгдээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заагаагүй Х.Отгонбаяр гэх хүнээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байдаг. Х.Отгонбаяр гэх этгээдэд хууль сануулах ажиллагаа зохих журмын хийгдээгүй байдаг. Мөн “Сэлэнгэ эстэмэйт” ХХК нь төлөөлөх итгэмжлэлийг олгосон гэдэг боловч итгэмжлэл тухайн байгууллагыг итгэмжлэлийн хүрээнд төлөөлөх эрхийг бий болгох болохоос биш эрх бүхий байгууллагаас томилсон шинжээчийн үүрэг, хариуцлагыг шилжүүлэх үндэслэл биш. Хуульд зааснаар шинжээчийг эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу томилж, тухайн шинжээч хуульд заасан журмын дагуу дүгнэлт гаргах ажиллагааг бүхэлд нь зөрчсөн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар төлбөр төлөгч эсхүл эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулах боломж олгох ёстой. Мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар албадан дуудлага худалдааг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн явуулах шаардлагыг зөрчсөн байна. Эд хөрөнгийг албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1-т заасан мэдээллийг бүрэн тусгах шаардлагыг хангаагүй хууль бус байна. Иймээс 2020 оны 02 сарын 04-ний өдрийн дугаар 2/2 тоот “хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол” хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Н-т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 сарын 12-ны өдрийн 184/ШШ2018/00901 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 1388 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 001/ХТ2018/01707 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ш.О-, Н.Ганбаатар нараас 93 813 627 төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, 131/3 байр, 28 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201015298 дугаарт бүртгэлтэй, 41.57 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байр, 285 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 02 сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-ийн 7-18, 51-р тал/

 

Хариуцагч Н- нь Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 7 дугаар байр, 285 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005366 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг 2019 оны 4 сарын 18-ны өдөр битүүмжилж, 2019 оны 11 сарын 08-ны өдөр хураажээ. /хх-ийн 54-56-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор өмчлөгчөөс үнийн санал асуухад санал өгөхөөс татгалзсан ба төлбөр авагч “Хас банк” ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 61-63-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 127 420 000 төгрөгөөр үнэлж, хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Ш.О-, Н.Ганбаатар нарт 2019 оны 12 сарын 06-ны өдөр мэдэгджээ. /хх-ийн 64, 75-104, 115-116-р тал/

 

Төлбөр төлөгч Ш.О-, Н.Ганбаатар нар нь мэдэгдлийг хүлээн авснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээний талаархи гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаагүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийг бие даан борлуулах тухай саналаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хариуцагч байгууллагад ирүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг бие даан борлуулах боломж олгоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Улмаар хариуцагч Н- нь 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 1/15 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 10 цагт тогтоож, төлбөр төлөгч нарт мэдэгджээ. /хх-ийн 117-119-р тал/

Орон сууц нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах үндэслэл болох тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хуульд нийцсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон давж заалдах гомдолдоо хариуцагч байгууллага нь шинжээчид Эрүүгийн хууль сануулаагүй, албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан мэдээллийг бүрэн тусгаагүй гэх боловч хэргийн 64-70 дугаар талд шинжээчид эрх, үүргийг танилцуулж, Эрүүгийн хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг урьдчилан сануулсан талаарх баримтууд авагдсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, дуудлага худалдааг явуулах огноо, хаяг, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар зэргийг тогтоолд тусгасан байгаа нь анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолуудаар тус тус тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01793 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                             ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР

                                                                                                Г.ДАВААДОРЖ