Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01758

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01527 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.О-, М.М- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 18 014 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 6 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээний дагуу 12 000 000 төгрөгийг аваагүй болохыг тогтоолгох тухай хариуцагч М.М-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.У- нь А.О-ийг эртнээс таньдаг, найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд өөрийн төрсөн хүү болох М.М-ийг танилцуулснаар түүнийг таних болсон. Үүнээс хойш М.М-д мөнгө зээлж, өгч авалцдаг байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 02 дугаар эвлэрлийн гэрээг баталсан шийдвэр гарсан. М.М- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Зээлдэгч М.М- нь тогтсон ажилгүй бөгөөд шинээр ашиглалтанд орсон автотехникийн худалдааны зах дээр автомашины худалдаа эрхэлж байгаа гэж надад хэлж, 2018 оны 10 сараас машин худалдан авч зарж борлуулахад эргэлтийн мөнгө хэрэгтэй гэж надад итгүүлэн, их, бага хэмжээгээр мөнгө зээлж авсан. Үүний дараа бид харилцан тохиролцож бэлэн болон бэлэн бусаар зээлсэн мөнгө 12 000 000 төгрөг болж 2019 оны 6 сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, Иргэний хуульд заасан үүргийн эрх зүйн харилцаа үүссэн. М.М- нь зээлийн гэрээ байгуулснаас хойш огт төлөлт хийгээгүй, зээлээ төлөхийг шаардахад удаа дараа зайлсхийж өнөөдрийг хүртэл чирэгдүүлсээр байна. Иймд үндсэн зээл 12 000 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 14 000 төгрөг, нийт 18 014 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн мөнгөн дүнд өмнө нь шүүхээр шийдвэрлүүлсэн мөнгөн орсон байна. Нэхэмжлэгч Ч.У-тэй 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгө аваагүй. Харин Ч.У-ээс 2017 оны 8 сард М.М-ийг Солонгос Улсын визэнд оруулахаар болж визний барьцаанд байршуулах 5 000 000 төгрөгийг зээлж авч, дараа нь барьцаанаас уг мөнгөө буцааж аваад Ч.У-т бэлнээр буцааж өгсөн, 12 000 000 төгрөг бэлнээр авсан зүйл байхгүй. Ч.У- нийгмийн даатгалын болон татварын байгууллагад тайлан гаргаж өгөх шаардлагатай учраас гарын үсэг зурж өгөөч гэж гуйхад юм бодолгүй гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу болсон байна. Иймд 18 014 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хаиуцагч А.О-тэй ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй атлаа түүнээс зээл нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч М.Мөнгэрэл сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.У- нь 2017 онд манай ээж А.О-ээс “би хөдөө гадаа явж мөнгөний тооцоо хийж өрөө авмаар байна, би өөрөө машин барьж чадахгүй хүүхэд чинь ажилгүй юм бол надад туслуулах боломж байна уу” гэж гуйсан. Тэрээр өөрөө шинэ машин аваад жолоодож чадахгүй осол их гаргадаг байсан учир машины засвар үйлчилгээг надаар хийлгэж, миний дансаар мөнгөө шилжүүлж байсан. Миний бие Ч.У- эгчээс анх Солонгос Улсын визэнд орох гэж 2016 онд 5 000 000 төгрөгийн зээл авч буцааж өгсөн. Үүнээс өөрөөр зээл авсан зүйлгүй. Бидний хооронд 2019 оны 6 сарын 01-ний өдөр байгуулсан 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээг Ч.У- эгч надад хэлэхдээ “би татвар, нийгмийн даатгалд тайлан гаргадаг юм надад хүнээс авлагатай гэх баримт их хэрэгтэй байдаг. Тиймээс чи надтай зээлийн гэрээ байгуулж тус болооч” гэж гуйсны үндсэн дээр энэ гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл Ч.У- эгч энэ хуурамч зээлийн гэрээгээ шүүхэд өгсөн. Би Хаан банкинд 5173035382 тоот дансыг эзэмшдэг бөгөөд дансны хуулгаар дээрх хугацаанд 12 000 000 төгрөгийг аваагүй болох нь нотлогдож байна. Харин Ч.У- эгч надаар өөрийн “приус” маркийн машинаа бариулж ажилд авч явахдаа машиныхаа засварын мөнгө, бензиний мөнгийг миний дансаар шилжүүлж байсныг зээл гэж нэхээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж бодож байна. Ч.У- эгч Хаан банк дахь 5081015325, 5081034336 тоот данснуудаасаа над руу өөрийнхөө хэрэгцээнд зарцуулж шилжүүлсэн 80 000, 20 000, 35 000, 15 000, 145 000 төгрөгөө зээл гэж бичээд түүнийгээ үндэслээд нэхээд байна. Өмнө нь ч бас өөрийнхөө машины засварын мөнгийг надад зээл маягаар бичиж шилжүүлчихээд 2018 оны 6 сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 11 200 000 төгрөгийн зээл авсан гэж нэхэмжлэл гарган Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2078 дугаартай захирамжаар 15 168 800 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Тухайн үед Ч.У- намайг шүүхэд дагуулж очиж, баримт дээр гарын үсэг зуруулахдаа “би нэхэмжлэлээ буцааж авъя гэж байгаа, чи гарын үсэг зураад өг" гэхээр нь зурж өгсөн. Гэтэл 15 168 800 төгрөгийг гаргуулах эвлэрлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би шүүхийн шийдвэр гарсан эсэхийг мэдээгүй байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдэл ирснээр мэдсэн. 2019 оны 6 сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөгийн хуурамч зээлийн гэрээ байгуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул 2019 оны 6 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг аваагүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 2078 дугаартай захирамжаар талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан эвлэрлийн гэрээг баталсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлдээ бичсэн тайлбар нь ямар ч үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ байгуулсан тал дээр маргаан байхгүй гэж үзэхээр байна. Хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Гэтэл Ч.У-ийг хуурамч зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн 2019 оны 6 сарын 01-ний өдөр бэлэн болон бэлэн бусаар авсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээг бичгээр үйлдэн харилцан гарын үсгээ зурсан бөгөөд Баянгол дүүргийн тойргийн нотариатч Г.Насанжаргалаар баталгаажуулсан нь ямар нэгэн хууль зөрчсөн, ноцтой төөрөгдөл, хууран мэхэлсэн зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч М.М-ээс 5 818 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.У-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 195 500 төгрөгийн шаардлага болон хариуцагч А.О-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2019 оны 6 сарын 01-ний өдөр Ч.У- болон М.М- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээгээр 12 000 000 төгрөг аваагүй болохыг тогтоолгох тухай хариуцагч М.М-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 020 төгрөгийг, хариуцагч М.М-ээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээн, хариуцагч М.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 108 046 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.У-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй маргааны үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2019 оны 6 сарын 01-ний өдөр талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулж, алданги төлөхөөр тохиролцон шинээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зуйлд заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох зохицуулалтыг зөрчөөгүй байна ...” гэж зөв дүгнээд “... тодруулбал, талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд зээлийн дүнг 12 000 000 төгрөг гэж бичсэн боловч 3 879 000 төгрөгийн хувьд зээлийн гэрээний харилцаа үүссэн ...” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо утга агуулгын хувьд ойлгомжгүй илтэд үндэслэл муутай болсон. 2019 оны 6 сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр нэгэнт үүссэн өрийг баталгаажуулах зорилготой бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрч бичгээр үйлдэн хуульд нийцүүлэн нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт байхад шүүх үнийн дүнг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 болон 199.2-т заасныг баримтлан шаардаж байхад шүүх тухайн хуулийн зүйл заалтыг огт хэрэглэлгүй шийдвэр гаргасан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэснээ нэхэмжлэлийн шаардлагаас 3 879 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай болсон. Мөн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцаа буюу 12 000 000 төгрөгийг хариуцагч нь хүлээн зөвшөөрснөө бичгээр үйлдэхдээ мэдэж байсан, тооцоолсон байдаг. Харин хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар бид зээл авч байсан байдлыг нотлох зорилготой, нотлох баримтаар гаргаж өгсөн гэтэл шүүх дан ганц дансны хуулганд тулгуурлан, хуулийн зохицуулалттай нийцүүлэлгүй шийдвэрээ гаргаж байгаа нь учир дутагдалтай болсон. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн нэхэмжлэлийн шаардлагаас 12 195 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.У- нь хариуцагч А.О-, М.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 18 014 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч М.М- нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу 12 000 000 төгрөг аваагүй болохыг  тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Ч.У- нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор талуудын хооронд 2019 оны 6 сарын 01-ний өдөр бичгийн хэлбэрээр байгуулсан гэрээг баримтаар гаргаж өгчээ. Уг гэрээгээр нэхэмжлэгч нь 12 000 000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 2019 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, хариуцагч М.М- нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-р тал/

 

Хариуцагч гэрээний дагуу 12 000 000 төгрөгийг аваагүй гэж маргасан тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу хариуцагчид шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийн хэмжээг нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ч.У- нь 2018 оны 10 сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 3 879 000 төгрөгийг хариуцагч М.М-ийн дансанд шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шилжүүлсэн хэмжээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Талуудын бичгээр байгуулсан зээлийн гэрээнд алдангийн талаар тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн тул нэхэмжлэгч нь дээрх 3 879 000 төгрөгийг, алдангийн хамт хариуцагч М.М-ээс шаардах эрхтэй. Харин хариуцагч А.О- нь нэхэмжлэгч Ч.У-тэй зээлийн гэрээ байгуулаагүй, тэдгээрийн хооронд мөнгө зээлдүүлсэн баримтгүй байх тул шүүх хариуцагч А.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх-ийн 6-9-р тал/

 

Хариуцагч М.М- нь нэхэмжлэгч Ч.У-т холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу 12 000 000 төгрөг аваагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талуудын байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг 3 879 000 төгрөгийн хэмжээнд байгуулсан байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно. Харин 12 000 000 төгрөгийг аваагүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээр гаргасан шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн хариу тайлбар гэж дүгнэхээр байхад анхан шатны шүүх зохих дүгнэлтийг хийгээгүйг анхааруулах нь зүйтэй.

 

Нотариатын зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зохицуулсан хохирол  гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.2 дахь хэсэгт зааснаар нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээ байгаа гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 3 879 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснийг үгүйсгэхгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР         

                                                                                                            Г.ДАВААДОРЖ