Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 461

 

“Х ч”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын

Үнэлгээний хороонд холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:           Г.Банзрагч

                            Х.Батсүрэн

                            Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах тухай

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0501 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 221/МА2018/0529 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч М.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нар,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0501 дүгээр шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28 дугаар зүйлийн 28.7.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаартай тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 тоот, мөн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 4/1368 тоот шийдвэрээр шалгаруулсныг хүчингүй болгож, уг тендерийг дахин үнэлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч “Х ч”ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0529 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0501 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийг “1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х ч”ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулж гаргасан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан “Баруун уулын үерийн сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11.0 км/ НХОГ 2018-А-131-2” тоот тендерт “Т” ХХК-ийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975, 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар шийдвэрээр тус тус шалгаруулсныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тендерт шалгарч гэрээ байгуулсан “Т” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалд хуурамчаар нөхөн бүрдүүлсэн баримт байгаа нь /хх-124 талд/ “Гантиг уул” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны /он засвартай/ өдрийн №231 дугаартай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт тендерийн материалд гаргаж өгсөн Хэнтий аймгийн Бор өндөр суманд төмрийн хүдэр боловсруулах ажлын зураг төсөв технологийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн ГУ/17-004 дугаартай актаар “Т” ХХК байнгын ашиглалтад хүлээлгэн өгснийг тодорхойлов гэсэн албан тодорхойлолт, мөн хх-128 талд, Захиалагч “Гантиг уул” ХХК, гүйцэтгэгч “Т” ХХК нарын Хэнтий аймагт Бор өндөр суманд хаягдлын далан байгуулах ажил хүлээлцсэн “Барилга байгууламж хүлээлгэн өгсөн актад дээрх /ГУ/17-004/ гэсэн дугаар огт байхгүй зэрэг үйл баримтаас харагддаг.

4. Үүнийг эргэлзээгүй тал бүрээс нь шинжлэн судлуулахын тулд зарим нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Энэ хүсэлтийг хүлээн авалгүй хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарахад нөлөөлсөн.

5. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.1-д заасан “...өрсөлдөх тэгш боломжтой” гэсэн зарчмыг зөрчсөн нь хуурамч баримт нөхөн бүрдүүлж тендерт шалгарсныг хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байгаа нь хуулийг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарласан.

6. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дахин хянаж шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч “Х ч”ХХК нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “...”Т” ХХК-ийг шалгаруулсан тухай”-г мэдэгдсэн 4/975 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/1368 дугаар албан бичгийг тус тус хүчингүй болгох, тендерийг дахин үнэлэхийг даалгах шаардлага гаргаж, үндэслэлээ “ТОӨЗ-ийн 5.3 /б/-д заасан шаардлагыг хангаагүй “Т” ХХК-ийг төрийн байгууллага үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж шалгаруулсан” гэж маргажээ.

9. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зохион байгуулсан “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг 11,0 км/ НХОГ 2018-А/131-2 дугаар тендер”-т материалаа ирүүлсэн  оролцогчдоос “Х ч”ХХК, “Т” ХХК-иудын тендерийг “шаардлагад нийцсэн” гэж үнэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т заасан үндэслэлээр буюу хамгийн бага харьцуулах үнийн санал ирүүлсэн “Т” ХХК-ийн тендерийг Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр шалгаруулсан, нэхэмжлэгчид “үнийн саналаар шалгараагүй тухайг, “Т” ХХК шалгарсан болох”-ыг хариуцагчаас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 дугаартай албан бичгээр мэдэгдсэн ба уг шийдвэрт гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Сангийн яам хянаж “тус 2 оролцогчийн аль аль нь ТШӨХ-ийн 5.2/д/-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, тендер шалгаруулалтын шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийх”-ийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/3023 дугаартай албан бичгээр Хөрөнгө оруулалтын газарт даалгасан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заасан нь “шалгарсан оролцогчийн тухай, шалгараагүй үндэслэлийн тухай” тендерт оролцогчдод нэгэн зэрэг мэдэгдэхийг захиалагчид хуулиар хүлээлгэсэн бөгөөд хариуцагч /захиалагч/-аас хүргүүлсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 дугаар албан бичиг нь зохицуулалт агуулаагүй, мэдээллийн шинжтэй баримт тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэж, уг албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасанд нийцжээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу уг хуулиар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан, энэ тохиолдлын хувьд тендер шалгаруулалтын “үр дүн”-г нэхэмжлэгчид мэдэгдсэн албан бичиг /үйл ажиллагаа/ нь захиргааны акт биш учир мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж уг алдааг залруулсан нь зөв байна.

12. Харин давж заалдах шатны шүүх, хариуцагчийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 4/1368 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ уг албан бичгийн агуулга, зохицуулалт, үр дагавар үүсгэсэн шинжид огт дүгнэлт хийгээгүй, энэ маргааны зүйл болоогүй буюу “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон, гэрээ байгуулсан үйл баримтад холбогдуулан дүгнэж, ийм шийдвэр гаргасан нь буруу болсон байна.

13. Дээр дурдсанаар, “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Х ч”ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6-1/3023 дугаар албан бичгээр “тендер шалгаруулалтад гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу дахин үнэлгээ хийх”-ийг хариуцагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Үнэлгээний хорооны гишүүд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, “Сангийн яамны мэргэжилтэн Амгалан гомдлыг хянахдаа холбогдох баримтыг анзаараагүй, алдаа гаргасан, үүнийгээ хүлээн зөвшөөрч Үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж болно гэж хэлсэн” гэх үндэслэлээр Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар хурлын шийдвэрийг хэвээр үлдээж, “Т” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид дахин хүргүүлэхээр шийдвэрлэжээ.  

14. Эндээс үзэхэд, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үүрэг болгосны дагуу захиалагч нь өөрийн байгуулсан Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х ч”, гуравдагч этгээд “Т” ХХК-иудын ирүүлсэн “тендер”-ийн баримт бичгийг дахин хянах байтал үүнийг хэрэгжүүлээгүй, улмаар Үнэлгээний хорооны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрийг баталгаажуулж “Х ч”ХХК-д явуулсан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар мэдэгдэл нь эрх зүйн шууд үр дагавар бүхий зохицуулалт агуулсан захиргааны акт мөн байна.

15. Гэвч, хариуцагчаас “Т” ХХК-тай “Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт /Чингэлтэй, Баянгол дүүрэг/-ийн 11.0 км /Суваг-3 ПК1+80-ПК6+90.3/ ажлын гэрээг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан, гэрээний дагуух ажлын 50-иас дээш хувийг гүйцэтгэгдсэн байгаатай нэхэмжлэгч маргаагүй, иймээс уг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар албан бичиг /захиргааны акт/-ийн үр дагавар нь хэрэгжсэн гэж үзэхээр байх тул үүнийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

16. Иймд, энэ тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой, энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0529 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг тус тус баримтлан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/975 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, мөн газрын 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/1368 дугаар албан бичиг хууль бус байсан болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ