Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 01697

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01697

 

 

“У.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “У.С” ХХК-ийн хариуцагч “У.П” ХХК-д холбогдуулан 632 610 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, Ө.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Э.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч “У.С” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянгол дүүргийн 6 дугаар хороо Чингүнжавын гудамж 50/1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн Y-2205018404 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч юм.Манай өмчлөлийн барилгын баруун залгаа “У.П” ХХКомпанийн өмчлөлийн барилга байдаг. Гэтэл 2012 онд “У.П” ХХКомпани манай барилгын ханыг цөмлөн өөрсдийн хэрэгцээнд ашиглагдах ариун цэврийн өрөөг манай өмчлөлийн талбайд хийсэн, хэтрүүлэн барьсан ариун цэврийн өрөө нь 252 м.кв талбайг эзэлж байна. Бусдын өмчлөлийн хөрөнгийг дур мэдэн эвдсэн, ашигласан энэ үйлдэл нь хууль зөрчиж байна. Хэтрүүлэн барьсан ариун цэврийн өрөө нь шинжээчийн дүгнэлтээр 288 м.кв талбайг эзэлж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байдаг. Учир нь тухайн үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу ашиглах тохиолдолд “У.С” ХХК-д түрээсийн төлбөр төлөх ёстой байсан бөгөөд ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг ашиглаж байгаагийн түрээсийн төлбөрийг төлөөгүй хууль бусаар 2012 оноос 2020 оны 04 сар хүртэл ашигласаар байдаг ба үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний барилгын 1 м.кв талбайн сарын түрээс дунджаар 20 000 төгрөг байхаар тооцон гаргаж байна. Зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайгаар тооцон үзэхэд 2012 оны 1 сараас 2020 оны 4 сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 570 240 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.3-д Эрх бүхий этгээдийн эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр захиран зарцуулсан бол түүнээс олсон орлогыг эрх бүхий этгээдэд учирсан хохирлыг тооцно хэмээн заасан. Тиймээс “У.П” ХХК-ийн зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөө төлбөртэй бөгөөд өдөрт 21 000 төгрөгийн орлого олсон хэмээн тооцон үзэхэд 2012 оны 1 сараас 2020 оны 04 сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 62 370 000 төгрөг болж байх тул хохиролд тооцож байна. Иймд “У.С” ХХК-ийн өмч болох Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Чингүнжав гудамж, 50/1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2205018404 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон 1944 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад зөвшөөрөлгүй ариун цэврийн өрөө барьсан, орлого олсны улмаас учирсан хохирол 632 610 000 “У.П” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “У.П” ХХКомпани шүүхэд гаргасан тайлбартаа: “У.С” ХХКомпани нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж 50/1 тоот хаягт байршилтай Спорт цогцолборын хөнгөн атлетикийн манежийн дуусаагүй барилга буюу У.П цогцолборыг бүхэлд нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу 2013 онд өмч хувьчлалаар худалдан авч, өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 онд авсан. У.П цогцолбор нь 2013 он хүртэл буюу өмч хувьчлал явагдах хүртэлх хугацаанд Нийслэлийн өмч байсан тул 2003 оны 7 дугаар сасрын 3-ны өдөр түүний зарим хэсгийг хувь хүн хувьцааг нь 100 хувь эзэмшдэг ХХК-ийн өмч болгон бүртгэж 0088603 дугаартай гэрчилгээ олгож бүртгэсэн болон энэхүү хууль бус бүртгэлийг үндэслэн хийгдсэн бусад бүртгэл, “У.С” ХХКомпанид 2016 онд олгосон 000459489 дугаартай гэрчилгээ олгосон бүртгэл нь тус тус хууль бус бүртгэл болсон. Уг асуудлаар “У.П” ХХКомпани нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх хөрөнгийн одоогийн бүртгэлийг хүчингүй болгуулах, “У.П” ХХКомпанид үл хөдлөх хөрөнгийг бүртгэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргасны дагуу улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга буюу ерөнхий бүртгэгчийг хариуцагчаар татан захиргааны хэргийн шүүхээс хэрэг үүсгэн хянагдаж байна. Мөн “У.С” ХХКомпанийн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн оршин буй газрыг олгосон, шилжүүлсэн, сунгасан Нийслэлийн засаг даргын 4 захирамжийг хүчингүй болгуулах, “У.П” ХХКомпанийн эзэмшил газар болохыг газрын кадастрийн санд зөвтгөж оруулах нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “У.П” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлээд байна. Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.3-т заасныг баримтлан “У.П” ХХК-иас 632 610 000 /зургаан зуун гучин хоёр сая зургаан зуун арван мянган/ төгрөгийг гаргуулах тухай “У.С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 333 500 /гурван сая гурван зуун гучин гурван мянга таван зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх “... Хариуцагч байгууллага нь 288 м.кв талбайг 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд ашиглаж, 570 240 000 /таван зуун далан сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн болох нъ баримтаар тогтоогдож нотлогдохгүй байна” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Шинжээчийн 2020 оны 03 сарын 05-ны өдрийн А/122 дугаар дүгнэлтэд "Шинжээчийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнгээр “У.П” ХХК-ийн барьсан гэх нийтийн бие засах газар нь 288 м.кв талбайтай байна. Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2020 оны 03 сарын зурган мэдээллийг дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхиулахад нэгж талбарын 1680101364 дугаар бүхий 3061 м.кв талбай бүхий газартай 288 м.кв талбайтайгаар давхцалтай байна” гэсэн нь “У.П"' ХХК нь өөрийн талбайгаас хэтрүүлэн барьсан ариун цэврийн өрөө нь 288 м.кв талбай бүхий бөгөөд “У.С’, ХХК-ийн өмчлөлийн барилгын талбай дээр баригдсан байгааг нотолж байна. Мөн хариуцагч тал ч тухайн нийтийн бие засах газрыг “У.С” ХХК-ийн өмчлөлийн барилгад баригдсан талаар маргадаггүй. Тиймээс анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. хэргийн оролцогч нарын маргаагүй асуудлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр миний бие 2019 оны 04 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо, Чингүнжав гудамж, 50/1 тоот хаягт байрлах Ү- 2205018404 дугаартай 1944 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөнд шүүхийн зүгээс үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үзлэг хийх нь тухайн ариун цэврийн өрөөг хэн эзэмшиж. ашиглаж байгааг, “У.С” ХХК-ийн өмчлөл талбайгаас хэтэрсэн эсэхийг газар дээр нь бүрэн тогтоох боломжтой чухал ажиллагаа байхад Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 102/Ш32019/05842 дугаар захирамжаар “... тус газарт үзлэг хийх нь хэрэгт ач холбогдолгүй байх тул уг хүсэлтийг хангахаас татгалзаж, ...” гэж шийдвэрлэсэн нь ИХШХШтХ-ийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хийх...” гэж, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Тэгсэн атлаа нотлох баримтаа бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хоёрдугаарт: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад магадлан зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөнөөс орлого олж байгааг нотлохын тулд санхүү нягтлан бодох бүртгэлийн тайлан баримтыг гаргуулах хүсэлтийг 2020 оны 04 сарын 10-ны өдөр гаргасан боловч шүүхийн зүгээс 2020.04.29-ний өдрийн 6681 дугаар захирамжаар ИХШХШтХ-ийн 105.2-т зааснаар татгалзсан байдаг. Шүүх хуралдаанаас 14 хоногийн өмнө хүсэлтийг шийдвэрлүүлэхээр өгсөн байхад шийдвэрлээгүй атлаа шүүх хуралдаанд хүсэлт гаргасан гэж үзэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн эрхийг илтэд зөрчсөн. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс 2020.04.30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасган, тодруулж өөрчилсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгөн дүнг шинжээчээр тодруулах зорилгоор 2020.04.30-ны өдөр түрээсийн төлбөрөөр хохирлыг тооцон гаргуулах шинжээч томилуулах хүсэлт, мөн О.Баярыг гэрчээр асуулгах хүсэлтийг тус тус гаргасан. Гэтэл 2020.05.28-ны өдрийн 102/Ш32020/08506 дугаар захирамжаар гэрч оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзахдаа ИХШХШтХ-ийн 105.2 дугаар зүйл, шинжээч томилуулах хүсэлтийг мөн хуулийн 47.1 хэмээн заасан заалтыг үндэслэлээ болгосон. Шүүх хуралдаан болохоос нэг сарын өмнө хүсэлтүүдийг өгсөн байхад ИХШХШтХ-ийн 105.2 дугаар зүйлээр татгалзах боломжгүй. Мөн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан хугацаанд даруй шийдвэрлэсэн тохиолдолд нотлох өөр арга замыг ч сонгох бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ эрх, боломжийг эдлүүлэлгүй үндэслэлгүйгээр татгалзаж тухайн өдрөө хэргийг хянан шийдвэрлэсэн. Гуравдугаарт: Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгч хариуцагчийн өмгөөлөгч хэмээн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, өмгөөллийн гэрээ хэрэгт байхгүй. ИХШХШтХ-ийн 32 дугаар зүйлийн 32.2, 34.1, 34.2-т зааснаар өмгөөлөгч хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлт, гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлнө. Ц.Бат-Эрдэнэ өмгөөлөгчийг шүүх хуралдаанд ч хариуцагчийн зүгээс өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг гаргасан зүйлгүй байдаг. Гэтэл өмгөөлөгч Ц.Бат- Эрдэнэ хүсэлт гаргаж түүнийг 2020.04.10-ны өдрийн 102/Ш32020/05645 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн шүүх хуралдаанд оролцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна. Иймд дээрх үндэслэл, тайлбарыг дүгнэн үзэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “У.С” ХХК нь “У.П” ХХК-д холбогдуулан 632 610 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд бусдын өмчлөх /эзэмших/ эрх зөрчигдсөнөөс хохирол учирсан, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн алин болохыг тодруулах шаардлагатай.

“У.С” ХХК нь Ү-2205018404 дугаар бүртгэлтэй 1944 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн 288 м.кв талбайд хариуцагч нь дур мэдэн, зөвшөөрөлгүй ариун цэврийн өрөө барьсан, хэрэв бид уг талбайг эзэмшиж, бусдад түрээслэсэн бол 570 240 000 төгрөгийн орлого олох байсан, “У.П” ХХК нь  632 610 000 төгрөгийн орлого олсон гэж хохиролд тооцон шаардсан байна.

Гэтэл хэргийн 97 дугаар талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2017/16910 дугаар шүүгчийн захирамжаас үзэхэд “У.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “У.П” ХХК-д холбогдуулан обьект буулгуулж, талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл 288 м.кв талбайн өмчлөлийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад өмчлөх эрх зөрчсөнтэй холбоотой хохирлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үзлэг хийлгэх, шинжээч томилох зэрэг хүсэлтүүдийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байх тул түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдол үндэслэлгүй болно. 

Дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 333 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                             ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

                                                                                   Б.НАРМАНДАХ