Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00823

 

 

 

 

 2022          09           15                                          001/ХТ2022/00823

 

“... ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1697 дугаар магадлалтай,                                                                                                                                  

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“... ” ХХК-д холбогдох

632,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, Х.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Э.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан 632,610,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.3-т заасныг баримтлан “... ” ХХК-иас 632,610,000 төгрөгийг гаргуулах тухай “... ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,333,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1697 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.05-ны өдрийн 1697 дугаар магадлалыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, агуулга болон зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд бусдын өмчлөх /эзэмших/ эрх зөрчигдсөнөөс хохирол учирсан, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн алин болохыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.3-т зааснаар зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайг 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл нийт 8 жил 3 сарын хугацаанд ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн 570,240,000 төгрөг, уг ариун цэврийн өрөөг төлбөртэй ашиглан өдөрт 21,000 төгрөгийн орлого олсон гэж тооцоход 8 жил 3 сарын хугацаанд нийт 62,370,000 төгрөг болсон тул хохиролд тооцож нийт 632,610,000 төгрөгийг “... ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаас үзвэл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүссэн үүргийн эрх зүйн харилцаанаас үүдэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болох нь харагдана. Мөн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тодруулж асуусан байдаг тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх давж заалдах шатны дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хэрэв нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, тодруулаад байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх нь шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнтэй адилд тооцогдоно.             

2. Давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.12.18-ны өдрийн 102/Ш32017/16910 дугаар шүүгчийн захирамжаар “... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “... ” ХХК-д холбогдуулан объект буулгуулж, талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянагдаж байгаа нь тогтоогдож байгаа буюу 288 м.кв талбайн өмчлөлийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад өмчлөх эрх зөрчсөнтэй холбоотой хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд “... ” ХХК нь ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайг 8 жил 3 сарын хугацаанд ашиглан хөрөнгө бий болгосон гэх үйл баримт нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж үзэх боломжгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдэд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:                            

5. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч “... ” ХХК-д холбогдуулан зөвшөөрөлгүй барьсан ариун цэврийн өрөөний 288 м.кв талбайг 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд ашиглан үндэслэлгүй хөрөнгөжсөн 570,240,000 төгрөг, уг ариун цэврийн өрөөг төлбөртэй ашиглан өдөрт 21,000    төгрөгийн орлого олсон гэж тооцоход 2012 оны 01 дүгээр сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэл 8 жил 3 сарын хугацаанд нийт 62,370,000 төгрөг болсон тул хохиролд тооцож нийт 632,610,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн барилгыг шилжүүлэн авахад ариун цэврийн өрөөтэй байсан, уг ариун цэврийн өрөөг төлбөртэй ашиглаагүй гэж маргасан байна.

6. Анхан шатны шүүх “... ” ХХК-иас 632,610,000 төгрөгийг гаргуулах тухай “... ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7. Давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01713 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ. 

8. Хариуцагчийн төлөөлөгч Б.Согоосүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, зохигчдын тайлбараас үзэхэд талуудын хооронд бусдын өмчлөх эрх зөрчигдсөнөөс хохирол учирсан, эсхүл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүссэн үүргийн алин болохыг тодруулах шаардлагатай байна. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “... ” ХХК-д холбогдох обьект буулгуулж, талбай чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Маргааны зүйл болж буй 288 м.кв талбайн өмчлөлийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад өмчлөх эрх зөрчсөнтэй холбоотой хохирлыг шийдвэрлэх боломжгүй юм. Энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

10. Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1697 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 3,321,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.БАНЗРАГЧ

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН