Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0004

 

 

 

 

 

 

 

Д.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Н.Д

Шүүгдэгч                                           Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Б

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Оийн давж заалдах гомдлоор Д.От холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Д-н О,

           

Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр         аймгийн        сумын        багийн үйл ажиллагаа явуулдаг “Д” худалдааны төвийн урд зогсоолд тавьсан      улсын дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудал дээр байсан иргэн О.М-н саарал гар цүнхтэй түрийвч, иргэний бичиг баримт, эвхдэг хутга, банкны 5 карт зэрэг эд зүйл болон бэлэн 2.000.000 төгрөг, задгай 50.000 төгрөг, Оросын Холбооны Улсын 40.000 рубль, Америкийн Нэгдсэн Улсын 100 доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүдэгч Б овгийн Д-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оээс 3.540.097 төгрөг гаргуулан хохирогч О.М-д олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.О давж заалдах гомдолдоо: 

 

... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хохирол төлбөрийн тал дээр гомдолтой байна. Учир нь би тухайн өдөр ямар ч гадаад улсын мөнгөн тэмдэгт аваагүй бөгөөд хохирогч ч гэсэн анх 2.000.000 төгрөгийг өөрөө нэхэж байсан. Гэтэл хэд хоногийн дараа 40.000 рубль, 100 ам доллар нэмж нэхэмжилсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2.000.000 төгрөгийг маргаангүй төлж барагдуулахаа илэрхийлсэн ба нийт нэхэмжилсэн 4.540.097 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нь анхан шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулсан. Харин гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хараагүй, аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд хохирлоос 40.000 рубль, 100 ам долларыг хасаж өгнө үү. Би өөрийн гэм буруутай үйлдэлд маш их гэмшиж байна. Мөн дахин гэмт хэрэгт холбогдохгүй, архи болон энэ төрлийн зүйлээс хол байж бусдад хохирол учруулахгүй байж чадна гэдгээ амлаж байна. Надад хорих ялаас өөр төрлийн ял оноож өгнө үү эсвэл надад оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ялаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.О тайлбартаа: ... Миний зүгээс тайлбарлаж ярих зүйлгүй. Манай өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг тайлбарлана ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... Хохирогчийн цүнхэнд доллар, рубль байсан гэдэгт эргэлзэж байна. Тухайн гэмт хэргийн хамгийн хүнд ял буюу нийгмээс тусгаарлах ялыг сонгосон нь зохимжгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял болгон ялыг өөрчилж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийн давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Шүүгдэгч Д.О нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр       аймгийн        сумын        багийн үйл ажиллагаа явуулдаг “Д” худалдааны төвийн урд зогсоолд тавьсан       улсын дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгсэл дотор байсан О.Мгийн гар цүнхтэй түрүүвч, иргэний бичиг баримт, эвхдэг хутга, банкны 2 ширхэг карт, бэлэн 2.050.000 төгрөг, Оросын Холбооны Улсын 40.000 рубль, Америкийн Нэгдсэн Улсын 100 доллар зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан болох нь

 

            хохирогч О.Мгийн ... Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 31 минутад      аймгийн    сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Д“ худалдааны төвийн гадна талбай        улсын дугаартай авто машинаас бэлэн 2.000.000 төгрөг алдсан ... Цүнх урд талдаа цахилгаантай карматай, хойд талдаа том цахилгаантай карматай түүнээс өөр содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Түрийвч, нэг тонгорог, бүх банкны карт, нүдний дусаагуур, 40.000 рубль, 100 доллар, 1000 төгрөгийн дэвсгэртээр 50.000 төгрөг байсан. Түүнээс өөр эд зүйл байгаагүй. 1000 төгрөгийн дэвсгэртээр 50.000 төгрөг байсан ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Г.О-н ... Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн үед “Д” худалдааны төвийн гадаа ор хөнжлийн даавуу зарж байсан бэр эгч М дээр очсон юм. Тэгтэл тэрээр хэлэхдээ “өчигдөр машинаасаа хамаг юмаа алдчихлаа, миний цүнхтэй бичиг баримтыг хүн олчихсон байна гэнэ, чи завтай бол очоод аваад ирээч” гэж 5.000 төгрөг өгсөн юм. Ингээд би Дэнжийн хуучин эцсийн орчимд хойшоо гудамж руу эргээд Алтантай нэг дэлгүүрийн гадаа очоод утсаар ярьсан юм. Тэгтэл нэг шал согтуу, хар хувцастай, барагцаагаар 60 гаруй насны эрэгтэй хүн ирээд надад цүнх өгсөн юм. Би тэр хүнд 5.000 төгрөг өгтөл тэрээр нэмж өг гээд байсан бөгөөд би бушуухан аваад л явсан. Ямар ч байсан саарал өнгийн жижиг цүнх, цахилгаан нь нээлттэй дотор нь бараан өнгийн түрийвч харагдаж байсан юм. Мөн түрийвчин дотроос нь 1000 төгрөгийн дэвсгэрт харагдаж байсан. Тэгээд би цүнхийг М эгчид аваачиж өгсөн юм ... гэсэн мэдүүлэг,

 

            гэрч Д.Ц-н ... тэр өдрийн үдээс хойш би барилгачны автобусны буудал билүү, 6-1 дүгээр байрны автобусны буудал хоёрын аль нэгээс саарал өнгийн эмэгтэй хүний гар цүнхийг олсон. Тэгээд гэртээ авч очоод дүү Н-р фейсбүүкт зар тавиулсан юм ... гэсэн мэдүүлэг,

 

            Мөрдөгчийн “... цүнх 160.000 төгрөг, түрийвч 40.000 төгрөг, хутга эвхэгддэг тонгорог 15.000 төгрөг, нүдний дусаагуур 18.000 төгрөг, иргэний үнэмлэх 15.000 төгрөг, жолооны үнэмлэх 12.500 төгрөг, банкны виза картуудын зах зээлийн үнэлгээ 5.000 төгрөг, 5 банкны карт нийт 25.000 төгрөг, нийт алдагдсан эд зүйлсийн үнэлгээ 285.500 төгрөг, мөн хохирогчийн алдсан гэх 100 ам доллар хэрэг гарсан тухайн өдрийн зах зээлийн ханшаар АНУ-ын нэг ам доллар 3,248.97 төгрөг байсан ба үржүүлж бодоход 324.897 төгрөг, 40.000 рубль үнэлгээг тухайн хэрэг гарсан өдрийн зах зээлийн ханшаар тооцоход Оросын Холбооны улсын нэг рубль 54.13 төгрөг байсан ба үржүүлж тооцоход 2.165.200 төгрөг байна. Бэлнээр алдсан гэх 2.000.000 төгрөгтэй нийлээд 4.775.597 төгрөг...” гэх магадлагаа,

 

            Яллагдагч Д.Оийн ... миний хувьд тус эгчийн машинаас хулгай хийсэн үйлдлээ согтолтын улмаас санахгүй мэдэхгүй байгаа бөгөөд хяналтын камерын бичлэгээ үзэхэд тус цагаан өнгийн машинаас эд зүйл аваал явж буй хүн нь би мөн байсан. Үүнээс хойш би юу болсон талаар санах гээд хичээхэд тэр хулгай хийсэн өдрийн орой миний халаасанд бэлэн 240.000 төгрөг байсан бөгөөд би тэр мөнгөөрөө хүмүүсийг архиар дайлаад мөн бэлэн мөнгө ч өгөөд байснаа санаад байгаа юм. Мөн гадаа сандал дээр унтаад сэрэхэд миний халаасанд 3.000 төгрөг байсан юм. Надад хулгай хийхээс өмнө ямар ч мөнгө байгаагүй юм. Би архины мөнгө олох гэж л хулгай хийсэн байх ... гэсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Оийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.О анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... хохирлоос 40.000 рубль, 100 ам долларыг хасаж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан байх боловч хохирогч О.Мгийн ... Түрийвч, нэг тонгорог, бүх банкны карт, нүдний дусаагуур, 40.000 рубль, 100 доллар, 1000 төгрөгийн дэвсгэртээр 50.000 төгрөг байсан ... гэсэн мэдүүлэг, Д.Оийн гэрчээр өгсөн ... би үнэхээр санахгүй байна. ... Бодвол хулгай хийж архины мөнгө олох гэж очсон байх өөр би яах гэж очив гэж дээ. Хамгийн гол нь би юугаа ч санахгүй байна ... гэсэн тус тус мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний давж заалдах гомдол няцаан үгүйсгэгдэж байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “Хохирогчийн цүнхэнд байсан гадаадын мөнгөн тэмдэгтүүдийг хэрэгсэхгүй болгож, надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Оийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА