Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 0005

 

 

 

 

 

 

 

Н.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.Э

Цагаатгагдсан этгээд                     Н.Б, Г.П

Цагаатгагдсан этгээдийн

өмгөөлөгч                                         О.С, Б.Т,

Ц.Б Б.Д /цахимаар/

Хохирогч                                           Ч.Б

Хохирогчийн хууль ёсны

төлөөлөгч                                         Д.Д

Хохирогчийн өмгөөлөгч               Х.О

Нарийн бичгийн дарга                 Г.Отгонтуяа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овогт Н-н Б,

 

Т овогт Г-н П,

 

Н.Б, Г.П нар нь бүлэглэн 2019 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө        аймгийн       сумын        багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Бийг Уурхайчин багийн     дугаар байрны       дугаар орцонд оруулж хүч хэрэглэн зодож, монетон бөгжийг нь дээрэмдэн авсан, Ч.Бийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах чадваргүй байхад нь бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

 Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Б, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Н-н Б, Т овогт Г-н П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Б, Г.П нарыг цагаатгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн   дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газраар дамжуулан хэрэг бүртгэлтэнд буцааж,

 

Шүүгдэгч Н.Б, Г.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Ч.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Д нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 6 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, эрэгтэй хүрэм 1 ширхэг, цагаан цамц 1 ширхэгийг хэргийн хамт Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлж, Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний баримт бичиг ирээгүй, шүүгдэгч Н.Б, Г.П нар нь тус бүр 75 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: 

 

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байхад цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн нотлох баримтуудын агуулгыг эргэлзээтэй гэх байдлаар үгүйсгэн няцаасан үндэслэл гэж заан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгад хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны эсэхэд үнэлэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчсөн.

Гэрч Г.А-н мэдүүлгийг үгүйсгэн заасан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт нотлогдоогүй, байхгүй байхад буруутган дүгнэлт хийж, түүний мэдүүлгийн ач холбогдлыг үгүйсгэн няцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-т заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9-р зүйлийн 1.1-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлогдоогүй мэдүүлэг өгсөн буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ үгүйсгэн өгсөн Г.Д-н мэдүүлгийг үндэслэх хэсэгтээ заасан, ялангуяа няцаасан баримт гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-т заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Хохирогч Ч.Б нь тухайн өдөр, өөрийн хуруундаа бөгжтэй явсан бөгөөд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд бөгжтэй байсныг камерын бичлэг, гэрч Г.А, гэрч Л.О, гэрч Э.Н, гэрч Ч.Б-н мэдүүлгүүд, мөн Г.Пгийн гэрчээр өгсөн 52-хх /... сүүлд орцны үүдэнд тэр ах өөрөө бөгжөө хуруундаа хийж байхыг харсан, 54 хх ард ... хохирогч өмднийхөө баруун талын халаасыг ухсанаа нэг бөгж гаргаж ирээд баруун гартаа зүүн гараараа зүүсэн үүнийг би сайн харсан яг ямар бөгж байсныг бол сайн харж чадаагүй, дөрвөлжиндүү юм уу гэмээр бөгж харагдсан үнэхээр бөгжөө гаргаж зүүсэн ... / мэдүүлгэн нотлох баримтууд, Э.П-н 55-хх урьд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэх мэдүүлгэн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд газарт унасан, 3-6-р орц руу оруулж орхисон хүн нь хохирогч Ч.Б болох нь нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд тогтоогдоно.

Ч.Б хуруундаа бөгжтэй этгээд болох нь тогтоогдсон. Гэтэл камерын бичлэгт авагдсан өндөр нам нь тогтоогдохгүй байна гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн үгүйсгэх, няцаах баримт гэж үзсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр Ч.Б биш гэж дүгнээгүй, бичлэгийн хийгдсэн байдлаас өндөр, намыг тогтоох асуултын хүрээнд дүгнэлт гаргасныг анхаарч шийдвэрлээгүй байна.

Газарт унасан хүн дээр 3 хүн очиж байсан, уг хүнийг зөөлөн өшиглөсөн гэх гэрч Э.Н-н мэдүүлгийг шүүгдэгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ бид нар тухайн хүн дээр очсон, босгох гэж зөөлөн өшиглөсөн гэх мэдүүлэгтэй тохирдог бөгөөд хохирогч Ч.Б болох нь мөн давхар нотлогддог.

Гэрч Г.А-н мэдүүлэг, гэрч /247-248 хх/, Э.Н-н /1 хх- 243 -246 тал /мэдүүлгээс хохирогч хаана унасан байсныг тодорхой гэрчилдэг бөгөөд уг унасан газрын талаар мэдүүлэг шалгах ажиллагааг хийхэд нэг газрыг заадаг, уг газрыг мөн Д мөн л нэг газрыг чиглүүлэн заасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Энэхүү мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг үгүйсгэсэн няцаасан баримт хэрэгт авагдаагүй байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг шалгасан ажиллагааны явцад хохирогч Б-г хаана газар унасан хэвтэж байсныг заахдаа нэг газрыг заасан ба зам дээр хэвтэж байсан хүн хохирогч мөн эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлтийг хийхдээ шинжээчийн дүгнэлтээр бүхий баримтаар үгүйсгэсэн.

Гэтэл Г.А нь хохирогч Б хаана байсныг, мөн хувцсыг авч явсан уг газартаа хэвтээд үлдсэн, уг хохирогчийг газарт унасан байхад өөртөө нь ямар хүмүүс зөрж явсан, тэдгээр этгээдүүд нь шүүгдэгч нар болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн, тухайн орчинд хохирогчоос өөр хүн унасан гэх үйл баримт тогтоогдоогүй зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдсон байхад хэн болохыг тогтоогоогүй шинжээчийн дүгнэлтийг баримтлан үгүйсгэсэн баримт гэж үзсэн нь үндэслэлгүй.

Уг шинжээчийн дүгнэлтээр нь Ч.Б биш, өөр хүн байна гэх хангалттай нотлогдоогүй бөгөөд тухайн өдөр өөр хүнийг орцонд оруулсан гэх үйл баримт хэрэгт огт байхгүй, нотлогдоогүй бөгөөд Б.Ж-н мэдүүлэг, Э-н мэдүүлэг зэрэг нь үгүйсгэн няцаасан баримт гэж үзэх хангалттай баримт биш байхад эргэлзээтэй гэх байдлаар хохирогчийг биш гэж үгүйсгэсэн нь үндэслэлгүй.

Хохирогч Ч.Бийн мэдүүлгийг тогтворгүй гэж үзэхдээ нотлох баримтгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Ч.Б толгойд үүссэн гэмтлээс шалтгаалан үйл явдлын талаар бүрэн мэдүүлэг өгч чадахгүй байгаа байдлыг нотлох баримт гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

 

... Гэрч Г.А-н “Тэгээд орой 00 цагт дэлгүүрээ хаагаад гэрүүгээ гарах гээд орос цэцэрлэг 3-13 байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан ... 2 залуутай зөрөхөд нэг өндөр залуу нь миний зүс харсан 8 дугаар сургуульд цуг сурч байсан залуу байсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дэлгүүр дээр цагдаа нар ирээд чиний харсан залуу мөн үү гээд Б гэх залуугийн зургийг харуулсан чинь мөн байсан” гэсэн мэдүүлэг,

гэрч Э.Н-н “...Би 2019 оны 04 сарын 29-ний орой нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байсан ба цаг нэлээн орой болчихсон цаг харахад 00 цаг өнгөрч байсан ба унтахаар хэвтэнгээ жижиг өрөөний цонхыг бага зэрэг онгойлгох гээд гадагшаа хартал явган хүний замын хажууд 1 хүн атираад хэвтчихсэн хажууд нь 2 эрэгтэй хүн хөөе босооч гэж зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан дахин цаанаас 1 эрэгтэй хүн замын зүүн талаас аажуухан найган алхан ирж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Н, Г.А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Д.Даар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч Б.Ж-н мэдүүлэг, гэрч А.Э-н мэдүүлэг, гэрч Г.Д-н мэдүүлэг зэргээр Н.Б, Г.П нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон.

Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэрч Г.А-н мэдүүлэг, түүнээр таньж олуулах ажиллагааг хийсэн тэмдэглэлийг шүүхээс үнэлэх боломжгүй, мөн гэрч Д.Дын хохирогч Ч.Бийг таньж байгаа таньж олуулах ажиллагааны тэмдэглэлийг шүүгдэгч нарыг буруутгах нотлох баримтын хэмжээнд үнэлэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй ба шүүх хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, шүүгдэгч нарын авч явсан хүн хохирогч Ч.Б мөн эсэх нь тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр таньж оруулах ажиллагааны тэмдэглэл эргэлзээтэй тул үнэлэх боломжгүй, шинжээчийн дүгнэлт хохирогчийг мөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн тул хохирогч Ч.Б мөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Гэрч Г.А-н мэдүүлэг, түүнээр шүүгдэгч Н.Быг таньж олуулах ажиллагааг хийсэн тэмдэглэлийг шүүхээс үнэлэх боломжгүй, мөн гэрч Д.Дын хохирогч Ч.Бийг таньж байгаа таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, мөн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт хоорондоо харилцан хамааралтай байгаад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцийн хувьд өөрчлөлт орсныг анхаарч үзэлгүйгээр хохирогчийн мэдүүлэг тогтворгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж, 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл Г.А-н мэдүүлэг, түүнээр таньж олуулах ажиллагааг хийсэн тэмдэглэлийг, мөн гэрч Д.Дын хохирогч Ч.Бийг таньж байгаа таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар тооцогдох төдийгүй хохирогчийн мэдүүлгүүдийг давхар нотолж буй дээрх нотлох баримтуудыг шүүх хянаж үзээгүй, няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасан илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулга өөрчлөгдөөгүй ба энэ хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт хүчингүй болсон боловч Шүүхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.1 дэх хэсэгт “хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох эрх хуулиар олгогдсон хэвээр байгаа тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх боломжтой гэж дүгнэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Н.Б тайлбартаа: Тайлбарлаж ярих зүйлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Г.П тайлбартаа: Анх цагдаагийн газар биднийг авчраад нэг нэг өрөөнд оруулж, цахилгаан бороохойгоор бороохойдож хүчээр мэдүүлэг авсан тул айгаад худал мэдүүлэг өгсөн юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Б тайлбартаа: Давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.С тайлбартаа: Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Т тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байна гэж дүгнээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Б тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтууд, камерын бичлэгийг харьцуулж үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д тайлбартаа: Би камерын бичлэг хараад нөхрөө таньсан. Таньж олуулах ажиллагаанд оролцож үнэнээ л хэлсэн. Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: Анхан шатны шүүхийн эргэлзээтэй гэж үзсэн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй. Гэрч Д-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцээд тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хянан үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлдэг.

 

             Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-н ... 2019 оны 04 дүгээр сарын 29-ний орой бүжгийн тэмцээнд орж ... клуб дээрээ торт идэж, архи уугаад 21 цагийн үед гараад 3-11 дүгээр байр луу охин Б-х рүү явсан. Очиход эзэнгүй байсан тул байрны урд байрлах дэлгүүрт орж худалдагчийнх нь утсаар эхнэртэйгээ ярьсан санагдаж байна. Тэгээд хаашаа явснаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт сэргэсэн ... гэсэн мэдүүлэг,

 

             хохирогч Ч.Бийн эхнэр Д.Дын гэрчээр өгсөн ... Би Говилын гэртээ очсоны дараа 22 цаг өнгөрч байхад манай нөхөр над руу утсаар залгаад хаана байна гэхээр нь би гэртээ ирчихсэн байна гэхэд за за гээд утсаа салгасан ... Өглөө  7 цаг 50 минутын орчимд хүүхдээ сургуульд хүргэж өгөөд явж байхад манай хажуугийн айлын О над руу утасдаад гэрийн үүдээ онгойлгооч ээ, Б манайд ороод ирчихсэн байна. Хүнд зодуулсан бололтой шарх сорвитой байна гэсэн ... Толгойгоо бариад гэртээ ёолоод байхад нь гарт нь байсан бөгж нь байхгүй байсныг би анзаараад бөгжөө яасан бэ гэж асуухад манай нөхөр надад юу ч хэлээгүй. Өөрөө сайн мэдэхгүй байсан. Урд өдөр нь манай нөхөр     дүгээр байрны дунд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн худалдагчийн гар утсаар над руу ярьж байсныг би санаад дэлгүүр дээр очоод нөхрийгөө надтай ярих үед гарт нь бөгж байсан үгүйг хяналтын камерын бичлэгээс нь үзэхэд бөгж нь байсан ... гэсэн мэдүүлэг,

 

             гэрч Л.О-н ... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг болох гэж байхад манайд Б орж ирсэн. Б-н хоёр нүд нь хөхөрч хавдсан, куртик нь цус болчихсон байхаар нь асуухад шөнө намайг 3 залуу зодсон гэж хэлсэн. Мөн бөгжийг дээрэмдсэн юм шиг байна ... гэсэн мэдүүлэг

 

             Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...Ч.Бийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны хугарал, тархины эдийн 1 дүгээр зэргийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа, нүүр баруун өвдөгний зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо ... Гавал тархины битүү гэмтэл нь ...гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт,

 

             шинжээч эмч Ж.Г-н ... Гавал тархины битүү гэмтлийн үед саарал үе гэж байдаг. Энэ нь гэмтэл авсны дараа ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй эрүүл хүн шиг байхыг хэлж байгаа юм. Энэ үе 2 хоног хүртэл түүнээс дээш ч хугацаагаар үргэлжилж болдог ... гэсэн мэдүүлэг,

 

             Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Үндсэн онош нь тархины хатуу хальсны доорх цусан хураа авах хагалгааны дараах байдал, гэмтлийн дараах уналт, таталт, хоёр чихний сонсголын бууралт, танин мэдэхүйн алдагдал. Б нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байна. Энэ өвчин нь гэмтлийн гаралтай олдмол өвчин. Магадлуулагч Ч.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт,

 

             Уурхайчин багийн 3-11 дүгээр байрны хойд талд байрлалтай “Б” хүнсний дэлгүүр доторх камерын бичлэгт үзлэг хийхэд:

             ... Ч.Б нь 2019 оны 04 сарын 29-ний өдрийн 22 цаг 26 минут 18 секундэд саарал өнгийн саравчтай малгай өмссөн дээгүүрээ богино хар өнгийн куртиктэй, куртикний дотор талд цагаан өнгийн цамцтай, баруун талын мөрөндөө хар өнгийн цүнх үүрсэн, доогуураа хөх өнгийн өмдтэй, ... ядам хуруундаа шаргал өнгийн металан бөгжтэй утсаар ярьсан бичлэгийн тэмдэглэл,

 

             мөн түүний тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хохирогч Ч.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө     аймгийн   сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, монетон бөгжөө дээрэмдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

             Харин хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б, Г.П нар үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байна. Тухайлбал:

 

             Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан яллах талын нотлох баримт болох  хохирогч Ч.Бийн удаа дараа өгсөн ... клубээсээ 21 цагийн үед гарч        тоотод байдаг охиныдоо очиход эзэнгүй, манай эхнэр, зээ хоёр байхгүй байсан. Байрны урд байрлах дэлгүүрт орж худалдагчийнх нь утсаар эхнэр лүүгээ утсаар ярьсан санагдаж байна. Яг юу ярьсан, хаашаа явснаа санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт сэргэсэн ... гэсэн мэдүүлэг,

 

             ... Намайг 3-11 дүгээр байр руу явж байх замд 2-3 залуу гарч ирээд миний гарт зүүсэн байсан бөгжийг минь авах гээд надтай ноцолдсон. Би бөгжөө өгөхгүй гээд тэмцэлдэхэд намайг зодож эхэлсэн. Үүнээс хойш юу болсныг би мэдэхгүй байгаа гэсэн гэрчээр өгсөн мэдүүлэг,

 

             хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дт Н.Б, Г.П нарын       дугаар байрны гадна талын камерт бичигдсэн 2 эрэгтэй хүн голдоо нэг эрэгтэй хүнийг сугадаад явж байгаа бичлэгийг үзүүлж таньж олуулах ажиллагаа явуулахад голд нь явж байгаа эрэгтэй хүн манай нөхөр Б мөн байна. Манай нөхрийн өмсөж явсан куртик хоёр талаараа өмсдөг куртик байсан. Цайвар шаргал өнгийн куртикаар нь таньж байна ... Мөн өглөө 3-6 дугаар байрны орцноос 06:37:3 секундэд гарч байгаа хүн манай нөхөр мөн байна гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2 дугаар хх 91-92/,

 

             “Б” хүнсний дэлгүүрийн худалдагч буюу гэрч Г.А ... Би тэр хүнийг санаж байна. 50 орчим насны дээгүүрээ хар өнгийн куртиктэй, хар цүнхтэй, өндөр туранхай хүн байсан. Манай дэлгүүрт орж ирээд миний     дугаартай утсаар эхнэртэйгээ залгаж ярьсан. Ярьж байгааг нь сонсоход эхнэр нь городод байхгүй, хорооллын гэртээ ирчихсэн байна. Чи наашаа унаанд суугаад хүрээд ир гэхэд нь за за гэж хэлээд утсаа тасалсан...Тэгээд гараад явсан. Тэгээд би 00 цагт дэлгүүрээ хаагаад гэр лүүгээ гарах гээд орос цэцэрлэг    дугаар байрны голын замаар явж байхад урд хүн хэвтэж байхаар нь очоод үзэхэд дээрх хүн хажуу талаараа харчихсан хэвтэж байсан.

             ... цагдаад дуудлага өгөх гэснээ хүний муу үзээд яах вэ гэж бодоод хажууд нь байсан үүрч явсан цүнхийг нь аваад нөгөө хүнийг үлдээгээд гэр лүүгээ явсан. Цүнхийг нь өөр хүмүүс авчихаж магадгүй гээд маргааш өглөө эхнэр лүү нь залгаад өгчихнө гэж бодоод цүнхийг нь авсан. Намайг харахад ямар нэгэн гэмтэл, шарх байхгүй байсан. Би тэр хүний цүнхийг нь аваад харих гэж явахад Үйлчилгээний төв талаас 25-30 насны орчим насны 3 залуу ирж байсан. Үйлчилгээний төв 1 дүгээр сургууль хоёрын шатаар өгсөөд 2 залуу ирж байхаар нь эд нар хохирогчийн эд зүйлийг авчихаж магадгүй гэж бодоод цүнхийг нь аваад явсан. 2 залуутай зөрөхөд нэг өндөр залууг нь зүс харсан 8 дугаар сургуульд цуг сурч байсан залуу байсан. Маргааш нь цагдаа нар манай дэлгүүрт ирээд Б-н зургийг надад үзүүлсэн ... гэж,

 

                   аймгийн      сумын       багийн     дугаар байрны    тоотод амьдардаг гэрч Э.Н ... Би 2019 оны 04 сарын 29-ний орой нөхөр хүүхдүүдийн хамт гэртээ байсан. Цаг харахад 00 цаг өнгөрчихсөн байсан. Унтахаар хэвтэх гээд жижиг өрөөний цонхыг бага зэрэг онгойлгох гээд гадагшаа харахад явган хүний замын хажууд нэг хүн атираад хэвтчихсэн. Хажууд нь хоёр эрэгтэй хүн хөөе босооч гээд зөөлөн дуугаар хэлээд хөлөөрөө зөөлөн хүрч байсан. Дахин цаанаас нь нэг эрэгтэй хүн замын зүүн талаас аажууран найган алхан ирж байгаа харагдсан ... гэж тус тус мэдүүлсэн байх боловч

            

             хяналтын камерт үзлэг хийсэн тухай ...      баг       дугаар байрны гадна талыг харуулсан байх ба   дугаар байрны     дугаар орц руу орж гарч буй хөдөлгөөнийг шүүж үзэхэд ... 00:38:25 минутад      дугаар орц руу хувцас болон зүс царай тодорхойгүй нэг хүн орж байна. 00:54:20 секундэд зүүн талаас хувцас болон царай зүс тодорхойгүй 2 хүн ирээд 1 нь      дугаар орц руу 00:54:33 секундэд орж байна, хамт явсан хүн нь 00:55:12 секундэд      дугаар байрны      дүгээр орц руу орж байна. Үүнээс хойш орцноос орсон гарсан хөдөлгөөнгүй байж байгаад өглөө 06:37:02 секундэд      дугаар орцноос бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна. 06:37:32 секундэд дахин   дугаар орцноос бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гараад ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна. 07:15:15 секундэд      дугаар орцноос гартаа тортой зүйл барьсан цүнх үүрсэн бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн гарч ертөнцийн зүгээр зүүн тийш явж байна ... гэсэн тэмдэглэл /2-р хх-ийн 74 тал/,

 

             гэрч Ж.Э ... би өглөө 06 цаг 35-аас 06 цаг 45 минутын хооронд ажилдаа явсан ... тэр өглөө манай орцонд ямар нэгэн цус болсон зүйл байсныг би хараагүй. Намайг гэрээсээ гарахад манай орцонд ямар нэгэн хүн байгаагүй ... гэж /1 дүгээр хх 45/,

 

             гэрч Б.Ж ... Манайх       багийн      дугаар байрны       тоотод 2009 оноос эхлэн амьдарч байгаа. Хяналтын камерын бичлэгт бичигдсэн 3 залуугийн голд яваа хүн нь миний өндөр, дээгүүрээ өмссөн куртиктэй их төстэй байна. Бас манай орц руу орсон, би архи уугаад их согтохоороо хөл рүүгээ орчихоод явахдаа явдал дундаа уначих гээд байдаг юм. Эдгээр шинжүүд байна. Гэхдээ би яг өөрийгөө байна гэж хэлж чадахгүй. Миний өмссөн куртиктэй их төстэй байна. Энэ куртик одоо надад байгаа. Цайвар шаргал өнгийн задгай энгэртэй, цахилгаантай, өмссөн үед тэлээнээс бага зэргийн доогуур хэмжээтэй. Би найз нөхөдтэйгөө нийлж архи уудаг. Тасартлаа архи ууж байсан. Гэхдээ 2 жилийн өмнөх асуудал болохоор би сайн санахгүй байна ... гэж,

 

             дахин мэдүүлэхдээ ... Бичлэгийг сайн харахад хоёр эрэгтэй хүний голд түшүүлээд явж байгаа эрэгтэй хүнийг ар талаас нь харахад надтай адилхан өндөртэй, явж байгаа байдал нь адилхан, миний амьдардаг орцонд бас орж байсан. Тэрнээс биш царай зүсийг нь тодруулж хараагүй болохоор би мөн биш гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Өмнө нь найз нөхдүүд маань намайг тасарчихсан их согтуу байхад гэрт оруулж өгч байсан. Би өглөө 7 цаг 30 минутаас 35 минутын хооронд гэрээсээ гарч ажилдаа явдаг ... гэж,

 

             гэрч Ж.П ... манайх         тоотод амьдардаг ... Би дэлгүүр ажиллуулдаг. Өглөө намайг гарахад орцонд ямар нэгэн хүн байгаагүй, зодоон цохион болсон зүйл анзаарагдаагүй ... гэж,

 

              гэрч Г.Г ... Манайх        байрны      тоотод оршин суудаг ... Манай орцонд өглөө хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр гарахад ямар нэгэн хүн байгаагүй, зодоон болсон шинж тэмдэг байгаагүй ... гэж тус тус мэдүүлсэн байх ба эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б, Г.П нар нь тухайн цаг хугацаанд Ч.Бийг уг орцонд оруулсан гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

 

             Түүнээс гадна хохирогч Ч.Бийн тухайн үед өмсөж явсан хувцас /хоёр талаараа эргүүлж өмсдөг/-т үзлэг хийсэн тэмдэглэл,

 

             хяналтын камерт үзлэг хийсэн тухай ...       дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд хүүхдийн тоглоомын талбай саравчны баруун талд автомашины зогсоолын зүүн талд хоорондох хэсгээс ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй 3 эрэгтэй хүний захад явж байгаа 2 эрэгтэй нь голдоо явж байгаа хүний 2 гарнаас нь нэг нэгээрээ барьж зэрэгцэж алхаж явж харагдана ... 3 эрэгтэй хүн шатаар бууж машин замаар цааш найгаж явж байгаад байрны ертөнцийн зүгээр зүүн талын сүүлийн орц руу ороод харагдахгүй болов. 2019:04:30:27:44 минутад      дугаар байрны зүүн талын сүүлийн орцноос цагаан өнгийн цамцтай доогуураа хөх өнгийн өмдтэй цагаан ултай хар өнгийн гуталтай намхан туранхай эрэгтэй хүн, цээж хэсгээр хөх өнгөтэй ханцуй нь саарал өнгөтэй зах хормойн эмжээр нь цагаан өнгөтэй богино куртиктай доогуураа хар бараан ангийн өмдтэй хар бараан өнгийн гуталтай туранхай эрэгтэй 2 хүн гарч ирээд машин замаар явж байгаа харагдана... гэсэн тэмдэглэл,

            

             гэрч буюу хохирогч Ч.Бийн охин Б.Б-р уг бичлэгийг таньж олуулах ажиллагаа хийхэд “ ... би сайн мэдэхгүй байна ... ” гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            

             мөрдөн шалгах туршилт хийсэн тухай ... хохирогч Ч.Б, яллагдагч Н.Б, Г.П нарыг нэг эгнээнд оруулан гэрэл зургаар бэхжүүлэн тус бүрийн өндрийг хэмжиж үзэхэд хохирогч Ч.Б 167 см өндөртэй, яллагдагч Н.Б 180 см өндөртэй, яллагдагч Г.П 163 см өндөртэй байсныг метрээр хэмжиж гэрэл зургаар бэхжүүлэв ...  гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх 154-155/ зэрэг нотлох баримтуудаар дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдал давхар нотлогдож байна.

 

             Мөрдөгч нь шүүгдэгч Г.П, Н.Б нарыг бүлэглэн хүний биед хүнд хохирол учруулсан, хүний эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэгт сэжиглэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, 05 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 11 сарын 29-ний өдөр тус тус гэрчийн мэдүүлэг авч гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашигласан байгаа тул шүүгдэгч нараас гэрчээр авсан дээрх мэдүүлгүүдийг шүүх нотлох баримтаар тооцохгүй атал анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

      

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх шаардлагатай.

 

             Урьд давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаартай магадлалаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг Прокурорт буцаасан боловч камерын бичлэг шаардлага хангахгүй болон техникийн байдлаас шалтгаалан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

              Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд харин тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх учиртай.

 

             Шүүгдэгч Н.Б, Г.П нар 2019 оны 04 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнө       цэцэрлэг       дүгээр сургуулийн дундах явган хүний зам дээр хэвтэж байсан согтуу хүнийг      багийн      дугаар байрны    дугаар орцонд оруулж өгсөн үйл баримт хэрэгт авагдсан камерын бичлэг болон шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрч Г.Д, Э.Н нарын мэдүүлгээр тогтоогддог.

 

             Харин шүүгдэгч нарын уг орцонд оруулж өгсөн хүн нь хохирогч Ч.Б мөн эсэх, хохирогч нь тухайн үед куртикаа эргүүлж өмссөн байсан эсэх, 3-6 дугаар байрны 6 дугаар орцонд эдгээр шүүгдэгч нарт зодуулж биедээ гэмтэл авсан, эд зүйлээ дээрэмдүүлсэн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэж дээрх зарчмыг баримтлан шүүгдэгч Н.Б, Г.П нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

             Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, ... цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр  дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэсэн агуулгатай хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Прокурорын яллах дүгнэлтэд Н.Б, Г.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласныг бичилгүй орхигдуулсан байгааг цаашид анхаарвал зохино.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 383 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Оын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА