Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 124/ШШ2024/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Янжиндулам, шүүгч М.Мянганбаяр нарыг бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, … дугаар баг, … хороолол … дүгээр байр, … тоотод оршин суух, Ш овогт Ч-ын Б,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга,

Хариуцагч: Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга,

Гуравдагч этгээд: Б.Б нарын хооронд үүссэн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилсон захирамж хууль бус байсан болохыг тогтоолгож, Ч.Б-ыг ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг, нэхэмжлэгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, гуравдагч этгээд Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Ч.Б тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Б-ыг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай гэж өөрчилж тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.Г 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилогдсон байсан Ч.Б-ыг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас)

2.2. Нэхэмжлэгч Ч.Б нь маргаан бүхий актыг хянуулахаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба уг хорооны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийг баталгаажуулахаар Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

2.3. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзэж захиргааны хэрэг үүсгэсэн.

2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Боловсролын ерөнхий хууль 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан, уг хуульд ...харьяа нутаг дэвсгэр дэх төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлөх эрх аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга хэрэгжүүлэх-ээр заасны дагуу Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаар тушаалаар ...2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар Б.Б-ыг, Б/61 дүгээр тушаалаар ...6 дугаар сургуулийн захирлаар Ч.Б-ыг тус тус томилсноор Улаангом сумын Засаг дарга 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/480 дугаар захирамжаар маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хүчингүй болгосон байна. (Хавтаст хэргийн 198 дугаар хуудас)

2.5. Улмаар 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн Б/18 дугаар бүхий захирамж хууль бус байсан болохыг тогтоож, Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Б-ыг ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. (Хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас)

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Чын Б миний бие 2021 оны 12 дугаар сард зарлагдсан 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын тусгай шалгалтад орж өрсөлдөгчөөсөө илүү оноо авсан тул Төрийн албаны зөвлөлийн 54 тоот тогтоолоор нэр дэвшээд, улмаар Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 захирамжаар 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилогдож ажилласан. 9 сарын турш ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил доголдол гаргаагүй. Тус сургуулийн хувьд 2022 онд төрөлжсөн олимпиадаар аймагт 2 дугаар байр, студийн шалгалтаар аймагт 5 дугаар байр эзэлсэн гэх мэт амжилттай оролцож, ерөнхий газраас зохион байгуулдаг байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 4 дүгээр түвшинд шалгагдаж нийт 47,000,000 төгрөгийн нэмэлт урамшууллыг байгууллагадаа авсан. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаангом сумын Засаг дарга дуудаж сэлгэн томилгоо хийнэ, ирэх 1 дэх өдөр буюу 11 дүгээр сарын 21-ний өдөр шууд тус тусын томилсон газарт очиж ажиллана гэх үүрэг даалгавар өгч, захирамж гаргасан. Тухайн үед миний бие татгалзаж, 2 дугаар цогцолбор сургуулийн албан тоотоор мөн татгалзсан хариугаа хүргүүлсэн байдаг. Ийм учраас миний бие 2022 оны 12 дугаар сард Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Миний нэхэмжлэлийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хурал болж намайг ажилд эгүүлэн томилох шийдвэр гарсан хэдий ч Улаангом сумын Засаг дарга Ц.Г ажилд томилохгүй 2 сар болсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлснээр арга буюу 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг 6 дугаар сургуулийн захирлаас чөлөөлөхгүйгээр ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилсон хөндий шийдвэр гаргасан. Үүнийг би шүүхийн шийдвэрийг дүр эсгэж биелүүлсэн гэж үзэж байгаа. Хэрэв намайг ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилох гэж байгаа бол 6 дугаар сургуулийн захирлаас чөлөөлж, ажил хүлээлцэх ёстой. Гэтэл ажлаас чөлөөлсөн захирамж байдаггүй, ажил хүлээлцээгүй. Шүүхэд гаргасан тайлбартаа ...ажил хүлээлцэхэд өөрөө ирээгүй гэж яриад байдаг. Энэ нь худал, ажил хүлээлцсэн ямар нэгэн захирамж, комисс томилсон шийдвэр байхгүй. 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Б/18 тоот захирамжаар ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаас чөлөөлж, 6 дугаар сургуулийн захирлаар томилсон. Энэ байдлыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй учраас Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад миний хүсэлтийг хангаж шийдвэр гаргасан боловч Улаангом сумын Засаг дарга хүлээж аваагүй. Иймд дахин 2023 оны 6 дугаар сард Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 9 дүгээр сард хурал болсон боловч гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Энэ хугацаанд Боловсролын ерөнхий хууль батлагдан гарч 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/61 тоот тушаалаар намайг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар, Б.Быг Б/57 тоот тушаалаар ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар тус тус томилсон байдаг. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Учир нь ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны асуудал шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн процессын ажиллагаанууд удаан явснаас дээрх томилгоо хийгдэж, мөн Улаангом сумын Засаг дарга Ц.Г 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр намайг 6 дугаар сургуулийн захирлаар томилсон Б/18 тоот захирамжаа 2023 оны 12 дугаар сард Б/480 тоот захирамжаар хүчингүй болгосон. Эдгээр хууль бус шийдвэрүүд гарсан тул миний бие 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Улаангом сумын Засаг дарга Ц.Г хууль бус томилгоо хийснээс үүдэлтэй, мөн дараа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг дүр эсгэж биелүүлсэн. Улмаар хуйвалдаан үүсгэж 7 хоногийн дараа ажилчдын гарын үсэгт тулгуурлан дахин намайг ажлаас чөлөөлсөн. Үүнээс болж 2 жилийн хугацаанд миний бие эдийн засгийн болоод сэтгэл санааны асар их хохирлыг амсаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Ч.Б нь ажил хүлээлцэхэд ирээгүй. Мөн 2 дугаар цогцолбор сургуулийн ажилтан, алба хаагчдаас өргөх бичиг ирсэн тул миний бие сургуулийн үйл ажиллагааг тогтвортой явах ёстой гэдэг байр сууринаас Ч.Б-ыг чөлөөлсөн. Боловсролын ерөнхий хууль 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдан дагаж мөрдсөнөөр ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх эрхгүй болсон. Миний бие ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилж, чөлөөлсөн бичгийг аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлсэн болно гэжээ.

3.3. Хариуцагч Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Увс аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57, Б/61 дүгээр. тушаалууд нь эрх зүйн зөрчилгүй, хуулийн дагуу гаргасан шийдвэрүүд байгаа. Учир нь:

1. Бидний зүгээс тухайн шийдвэрийг гаргаж байхад шүүхээс болон нэхэмжлэгч талаас шүүхэд маргаан шийдвэрлэгдээгүй тул шийдвэр гаргахгүй, түдгэлзүүлэх талаар шийдвэр, хүсэлт манай байгууллагад ирүүлээгүй.

2. Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгосон талаар ямар нэгэн шийдвэр, мэдээлэл ирээгүй байсан. Боловсролын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1А/4802 тоот албан бичгийн 1 болон 3 дугаар хэсгийг үндэслээд тус албан бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хуулийн дагуу шийдвэр гаргасан. Иймд тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3.4. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд төрийн албан хаагч нь дээрээс гаргасан тушаал, захирамжийн дагуу заасан газарт очиж ажилладаг гэж үзээд Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаангом сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн захирлыг сэлгэн ажиллуулах захирамж гарсан учраас би Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилогдон очиж ажилласан. Ажиллах хугацаанд намайг 6 дугаар сургуулийн захирлаар, Б.Б захирлыг ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилох шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл шүүхийн шийдвэр болон Улаангом сумын Засаг даргын захирамж гарангуут Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн багш, ажилчид удаа дараа ...Б.Б захиралтай хамтран ажиллана, Б.Б захиралтай хамтран ажиллахгүй гэх гарын үсэг бүхий хүсэлтийг Улаангом сумын Засаг даргад гаргасан. Тиймээс хамт олны хүсэлтийн дагуу би шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргаснаар анхан шатны шүүх дахин хуралдаж байгаа. Миний хувьд Боловсролын ерөнхий хуулийн дагуу ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байна гэж үзээд Боловсрол шинжлэх ухааны газрын даргын тушаалаар ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаа захирал юм. Би хамт олныхоо хүсэлтийн дагуу ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуульд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд 2 дахь жилдээ явж байгаа, дээрх хөтөлбөрийнхөө үр дүнг харж, тухайн сургуульдаа ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Б-ыг ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч талаас ...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гарсан тул Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр намайг тус сургуулийн захирлаар томилсон захирамж гаргасан боловч ажил хүлээлцэхгүй, 7 хоноод буцаан чөлөөлж, 6 дугаар сургуулийн захирлаар дахин томилсон. ...сургуулийн ажилтнууд өргөх бичих барьсан гэх үндэслэлээр ажил хүлээлцэж томилохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг дүр эсгэж биелүүлсэн гэж үзэж байгаа. ...сэлгэн ажиллах талаар харилцан тохиролцоогүй, ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны асуудал шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/61 тоот тушаалаар намайг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар, Б.Б-ыг Б/57 тоот тушаалаар ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар тус тус томилсон байдаг. Үүнийг хууль бус гэж үзэж байгаа гэж маргаж байна.

4. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга ...Ч.Б нь өөрөө ажил хүлээлцээгүйгээс гадна ...2 дугаар цогцолбор сургуулийн нийт багш, ажилтнууд хамтарч ажиллахгүй гэсэн өргөдөл, гарын үсгийн хамт сумын Засаг даргад ирүүлсэн, иймд ...багш ажилчдын эрх ашиг, ажил хаялт гарч болзошгүйг зогсоож арга хэмжээ авч Ч.Б-ыг 6 дугаар сургуульд буцаан томилсон. Боловсролын ерөнхий хууль батлагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөхтэй холбоотой асуудлыг сумын Засаг дарга шийдвэрлэх эрхгүй болсон гэж,

5. Хариуцагч Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга ...Эрх зүйн зөрчилгүй шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийг гаргаж байхад шүүхээс болон нэхэмжлэгч талаас шүүхэд маргаан шийдвэрлэгдээгүй тул шийдвэр гаргахгүй, түдгэлзүүлэх талаар манай байгууллагад хүсэлт ирүүлээгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1А/4802 дугаартай албан бичгийн 1 болон 3 дугаар хэсгийг үндэслэн хуулийн дагуу шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй боломжгүй гэж тайлбарлав.

6. Гуравдагч этгээд Б.Б-ын зүгээс ...төрийн албан хаагчийн хувьд Улаангом сумын Засаг даргаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулах шийдвэр гаргасан тул томилогдон очиж ажилласан. ...би хамт олныхоо хүсэлтийн дагуу ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуульд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна. ...мөн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд 2 дахь жилдээ явж байгаа, дээрх хөтөлбөрийнхөө үр дүнг харж, тухайн сургуульдаа ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна гэж тайлбар гаргасан.

7. Төрийн албаны салбар зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоонд Ч.Б-ыг нэр дэвшүүлснээр нэхэмжлэгч нь Улаангом сумын Засаг даргын 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. (Хавтаст хэргийн 32 дугаар хуудас)

8. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаар захирамжаар Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирал Ч.Б-ыг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар, 4 дүгээр сургуулийн захирал Б.Быг 2 дугаар сургуулийн захирлаар, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Ч.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2023/0006 дугаар шийдвэрээр Ч.Б-ыг ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас)

9. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Ч.Б-ыг ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилсон байх боловч маргаан бүхий акт болох Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2 дугаар сургуулийн багш, ажилтнууд өргөдлийн дагуу Ч.Б-ыг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилжээ.

10. Улаангом сумын Засаг дарга Ц.Гт 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ...Б.Б захиралтайгаа цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нийт хамт олны санал, хүсэлтийг харгалзан үзэж албан тушаалд нь хэвээр үлдээхийг хүсэж уламжилж байна гэх агуулгатай Увс аймгийн 2 дугаар сургуулийн хамт олон, БНҮЭ хорооны гишүүд, тэргүүлэгчид гэсэн бичгийг багш, ажилтнуудын гарын үсэг гэсэн баримтын хамт хүргүүлжээ.

10.1. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний огноотой ...захирал Б.Б-ыг хэвээр үлдээж, хамтран ажиллуулахыг хүсэн уламжилж байна 2 дугаар цогцолбор сургуулийн хамт олон гэх бичгийг сумын Засаг даргад ирүүлсэн байна. (Хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас)

11. Хариуцагч маргаан бүхий актаар Улаангом сумын Засаг даргаас 2 дугаар сургуулийн багш, ажилтнуудын гарын үсэг гэх баримтыг үндэслэн Ч.Б-ыг 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтыг баримтлан шийдвэрлэжээ.

11.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. гээд мөн зүйлийн 59.1.4-д нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх гэж тус тус зохицуулсан.

11.2. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга нэхэмжлэгч Ч.Б-ыг 6 дугаар сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

11.3. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд ажил олгогчоос сэлгэн ажиллуулах шийдвэрийг гаргахдаа ажилтантай тохиролцсон байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардах юм.

11.4. Гэтэл хариуцагч Улаангом сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа сэлгэн ажиллуулах талаар нэхэмжлэгч Ч.Б-той харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, хэдий хугацаагаар сэлгэн ажиллуулах талаар заагаагүй зэрэг эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

12. Мөн хариуцагч нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, гээд 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасныг зөрчсөн.

12.1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан 1) үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон 2) аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхөөр зохицуулжээ.

12.2. Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан сургуулийн захирлыг томилж, чөлөөлөхдөө аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг авах ажиллагаа нь тухайн албан тушаалтан үндсэн чиг үүргээ (боловсролын удирдлага, мэргэжлийн асуудлаар) хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын хувьд өгөх саналын тухай зохицуулалт байна.

12.3. Энэ тохиолдолд боловсролын удирдлага, мэргэжлийн асуудлаар үндэслэл болгон маргаан бүхий акт гаргасан байх тул Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг авах шаардлагатай байсан.

12.4. Хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар нэхэмжлэгч Ч.Быг сэлгэн ажиллуулахаар 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаас чөлөөлж, 6 дугаар сургуулийн захирлаар томилохдоо Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг аваагүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 97 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

13. Иймд хариуцагч Улаангом сумын Засаг дарга нь нэхэмжлэгчийг Улаангом сумын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаас чөлөөлж, 6 дугаар сургуулийн захирлаар томилохдоо аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын санал аваагүй, Хөдөлмөрийн хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар сэлгэн ажиллах талаар харилцан тохиролцохгүйгээр шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй байна.

14. Хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа Багш, ажилтнууд Ч.Б-ыг 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар ажиллуулахыг эсэргүүцсэн, сургуулийн үйл ажиллагааг тогтвортой явах ёстой гэх үйл баримт нь нэхэмжлэгч Ч.Б-ыг хуульд заасан сэлгэн ажиллуулах хуульд заасан үндэслэл хамаарахгүй.

15. Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд Улаангом сумын Засаг даргын зүгээс Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2023/0006 дугаартай шийдвэрийг биелүүлж, Ч.Б-ыг 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр томилж, ажлыг нь хүлээлцүүлэн албан үүргээ гүйцэтгэх боломжийг олгохгүйгээр 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу 7 хоногийн дараа 6 дугаар сургуулийн захирлаар томилж байгаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

15.1. Тухайлбал, хариуцагчаас Ч.Б-ыг 2 дугаар сургуулийн захирлаар томилсон шийдвэрийг гаргасан боловч ажлыг хүлээлцүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Марта ...ажил хүлээлцэх комисс томилж, ажил хүлээлцсэн ажиллагаа болоогүй, Засаг дарга тэр үед Улаанбаатар хот ажлаар явсан байсан. Ирээд ажил хүлээлцэж Ч.Б-ыг томилно гэж байсан..., Б/17 дугаартай захирамж гарсны дараа Ч.Б-той цаашид хамтран ажиллаж чадахгүй талаар багш, ажилчдын гарын үсэгтэй хүсэлт ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Г.Б-ийн Комисс томилж, ажил хүлээлцсэн үйл явдал болоогүй, сумын Засаг дарга тэр үед Улаанбаатар хот ажлаар явсан байсан. Ирээд ажил хүлээлцэнэ гэж ярьж байсан, Б/17 дугаар захирамж гарсны дараа Ч.Б-той цаашид хамтран ажиллаж чадахгүй талаар багш, ажилчдын гарын үсэгтэй хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг хүлээн аваад сумын Засаг дарга надад Б/18 захирамжийг гаргах үүрэг чиглэл өгсөн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасан.

15. Хэдийгээр, хариуцагч зүгээс Боловсролын ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/480 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

16. Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Быг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

17. Нэхэмжлэгч нь Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...6 дугаар сургуулийн захирлаар томилсон Б/61 дүгээр тушаалтай маргаагүй, харин 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ...2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар Б.Б-ыг томилсон Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

18. Хариуцагч Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын итгэмжлэгч төлөөлөгч шүүх хуралдаанд ...Тухайн шийдвэрийг гаргаж байхад шүүхээс болон нэхэмжлэгч талаас шүүхэд маргаан шийдвэрлэгдээгүй тул шийдвэр гаргахгүй, түдгэлзүүлэх талаар хүсэлт манай байгууллагад ирүүлээгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1А/4802 дугаартай албан бичгийн 1 болон 3 дугаар хэсгийг үндэслэн хуулийн дагуу шийдвэр гаргасан. Боловсролын ерөнхий хэрэгжиж 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн дагуу ажил албан үүргээр гүйцэтгэж байсан хүмүүсийг буцаагаад тухайн албан тушаалд нь томилсон. Мөн түр орлон гүйцэтгэгчээр ажилласан хүмүүсийг буцаагаад түр орлон гүйцэтгэгч дээр нь томилсон. Янз бүрийн хөдөлгөөн, өөрчлөлт оруулсан зүйл байхгүй гэж тайлбар гаргасан.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино; 3 дугаар зүйлийн 3.1.3-т захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ...нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, 106 дугаар зүйлийн 106.3-т Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана. гээд 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй.

20. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас чөлөөлж, сэлгэн ажиллуулсан хариуцагч Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоосноор тэрээр эрхэлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх эрх зүйн үр дагавар үүсэх тул Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын маргаан бүхий акт болох гуравдагч этгээд Б.Быг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилсон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаартай тушаал хууль бус тул хүчингүй болгох үндэслэлтэй юм.

21. Харин Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын нэхэмжлэгчийг Улаангом сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилсон 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/61 дугаартай актыг хүчингүй болгоогүй нь нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд саад болохгүй, хариуцагч Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нэхэмжлэгчийг томилсон шийдвэр гаргаснаар шилжүүлэн томилсон тушаалын эрх зүйн үйлчлэл дуусгавар болох учиртайг дурдаж байна.

22. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд, нэхэмжлэгч Ч.Б-ын Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга болон Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нарт холбогдуулан гаргасан Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамж хууль бус байсан болохыг тогтоож, Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Ч.Б-ыг Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

23. Тус шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид зөвшөөрснөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан. Мөн хариуцагч Улаангом сумын Засаг дарга Ц.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчаас өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боловсролын тухай хуулийн /2002 он/ 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 59.1.4 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Б-ыг Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газар болон Увс аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас 35,100 /гучин таван мянга нэг зуу/-н төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ

ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР