Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184

 

О.Б-д холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч О.Б- болон түүний өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, О.Б-д холбогдох 1831000000232 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1983 ны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй, И овогт О-н Б.

О.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах “***" дэлгүүрийн гадаа асаалттай орхисон *** СЭА дугаартай “Приус-30” загварын цайвар, цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.                              

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хангаж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол О.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн  хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул гомдол гаргаж байна. Үүнд: Энэ гэмт хэргийн гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй. Учир нь О.Б- үйл явдал болсон өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн тээврийн хэрэгслийг өөрийн тээврийн хэрэгсэл хэмээн андуурч унаж яваад айлын гадна очоод өөрийн тээврийн хэрэгсэл биш болохыг мэдсэн байдаг. Энэ талаар хамт явсан хүмүүст болон тухайн айлын эзэн Б.О- гэх эмэгтэйд “би хүний машин унаад явж байна” гэж хэлсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ба гэрчүүд ч мөн үүнийг нотолж мэдүүлсэн. Мөн уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Г-ад утсаар хэлж, тээврийн хэрэгслийг нь андуурч унаж явсан талаар мэдэгдсэн байдаг. Энэ нь “бусдын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг мэдсээр байж унаж явах, эсвэл хөл дайх, тодорхой газар хүрэх зорилгоор санаатай авч явсан, хууль бусаар эзэмшсэн байх” гэмт хэргийн сэдэлт болоод зорилгыг үгүйсгэж байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь дээр дурдсан нөхцөл байдалтай уялдаа холбоотой бөгөөд бодит байдлын андуурал үүссэн буюу О.Б- нь өөрийн үйлдлийг хууль ёсны гэж андуурч түүний нийгмийн аюулыг ухамсарлаагүй нөхцөл байдал тогтоогддог. Жишээ нь хуурамч мөнгийг ашиглах тохиолдолд хуурамч мөнгө болохыг мэдсээр байж ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээх, мэдэлгүйгээр ашигласан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүйтэй адил О.Б- нь тухайн тээврийн хэрэгслийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж авч явсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй болох байв. Гол анхаарах зүйл нь санаатай, хөл дайх, унах гэсэн зорилго, хууль бусаар эзэмшсэн нөхцөл байдал огт тогтоогдохгүй байдаг.

О.Б- нь өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байх шинж тогтоогдоогүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх байдлыг анхаарч үзэлгүй, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогдож прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийн цагаатгаж шийдвэрлэсэнд прокурор үндэслэл бүхий эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хүлээн авч цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн О.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтаар О.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 1 дүгээр хэсэгт байрлах “***" дэлгүүрийн гадаа асаалттай орхисон *** СЭА дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцээд дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж дүгнэлээ.

Харин давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болжээ.

О.Б- нь хүнсний дэлгүүрийн гадаа асаалттай орхисон тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах санаа зорилготой байсан, эсхүл дураараа аашилсан эсэх сэдэл, санаа зорилго нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байх бөгөөд тэрээр тээврийн хэрэгслийг 2, 3 километр зайд унаж яваад айлын гадаа очсон даруйдаа бусдаас тусламж хүсч тээврийн хэрэгслийн эзэмшигчид мэдэгдсэн нөхцөл байдлаас үзэхэд “согтууруулах ундаа уусан байсан тул өөрийн машин гэж андуурсан байсан” гэсэн түүний мэдүүлгийг илтэд худал гэж үгүйсгэн дүгнэх, түүнчлэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах, эзэмшилдээ оруулах гэсэн ямар нэгэн шунахай зорилго агуулсан үндэслэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдохгүй, түүний гэм бурууд үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөр байна.   

Нөгөөтэйгүүр, О.Б-гийн хувьд бусдын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах санаа сэдэл урдаас үүсч тээврийн хэрэгслийн дохиолол, цоож зэргийг хууль бусаар эвдэхээр төлөвлөж, нэвтэрсэн үйлдэл тогтоогдоогүй харин дэлгүүрийн гадаа асаалттай, цоожлоогүй орхисон байсан тээврийн хэрэгслийг тохиолдлын байдлаар олж мэдэн зөвшөөрөлгүй унаж явсан нь өөрт олгогдоогүй эрхийг эдлэн дураараа аашилсан шинж бүхий үйлдэл гэж дүгнэж болох боловч тийм үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон болно.    

Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд О.Б-гийн үйлдэл нь нэг талаар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон үйлдэл, нөгөөтэйгүүр гэмт хэргийн зайлшгүй шинж буюу гэмт хэргийн субъектив хүчин зүйл болох гэм буруутай байдал, түүнийг бүрэлдүүлэгч элемент болох гэм буруугийн хэлбэр, сэдэл, санаа зорилгыг хангалттай тогтоогоогүй байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх анхан шатны шүүхийн үндэслэлээр бус харин гэмт хэргийн шинжгүй үйлдэл гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.          

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүхийн “Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 260 дугаар цагаатгах тогтоолын 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг гэж” өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН