Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01782

 

 

 

 

 

 

 

 

Т.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02169 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Чийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 83 дугаар байр, 59 тоотод байршилтай 110.23 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Т.Ч болон түүний эхнэр Д.Н, 4 хүүхдийн хамт өмчилдөг. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэрээр үүргийн гүйцэтгэлийг дээрх орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл хариуцагч нь 2020 оны 02 сарын 18-ны өдөр орон сууцыг 193 347 000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх мэдэгдлийг гэрийн хаалган дээр наасан байсан. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үнэлгээ хийх талаар мэдэгдээгүй, орон сууцны үнийн санал аваагүй. Дээрх орон сууцыг 2013 онд 1 м.кв-ыг 1 200 ам.доллараар худалдан авч байсан бөгөөд REMAX.MN сайтад одоогоор 1 м.кв нь 2.500.000 төгрөг, нийт 275 000 000 төгрөгийн үнэтэй. Төлбөр авагч “Г.КББСБ” ХХК-ийн төрлийн хүн нь гаальд ажилладаг учраас 1м.кв-ыг 660 ам.доллараар тооцож, хямд худалдан авсан байх боломжтой. Энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй боловч орон сууцаа үнэлэх эрхтэй. Т.Ч Өмнөговь аймагт ажил хийдэг, хаягаа өөрчилсөн талаар мэдэгдэж байгаагүй, шийдвэр гүйцэтгэгчийг ирэх бүрт нь гомдол гаргаж байсан боловч энэ тухай баримтгүй. Иймд орон сууцны үнийн талаар санал авахгүйгээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн нь хууль зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 535 дугаартай шийдвэрээр Т.Чээс 158 462 756 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 020 464 төгрөгийг гаргуулж “Г.КББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Т.Чт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, утсаа авдаггүй хаалгаа тайлж өгдөггүй тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст түүнийг олж тогтоосон. Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060081 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байрны 59 тоотод байрлах 110.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18262029/14 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18262029/19 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, талуудад үнийн санал ирүүлэхийг 4/3264, 4/3265, 4/4022 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдсээр байтал нэхэмжлэгч нь үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч “Г.КББСБ” ХХК төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож чадаагүй тул шинжээч томилох санал ирүүлсэн бөгөөд үнэлгээн дээр талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 сарын 10-ны өдөр 103 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилсон. Шинжээчээр “Виннэр-Вэй” ХХК-ийг томилсон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 190 347 000 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020 оны 02 сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авсан. Уг үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 02 сарын 18-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч Т.Чт мэдэгдэж, төлбөр төлөгчийн оршин суух хаягаар очиход эзгүй байсан тул мэдэгдэх хуудсаар хаалган дээр нь нааж мэдэгдсэн, мөн өдөр “Монгол шуудан” ХК-д 4/5566 дугаартай мэдэгдэл, Ш-02/08 дугаартай үнэлгээний тайлангийн хуулбарыг хийж, мэдэгдсэн болно. Тэрээр эрэн сурвалжлах ажиллагааг өөрийнх нь хүсэлтээр зогсоосноос хойш оршин суух хаяг, утасны дугаараа өөрчилсөн талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, “Виннэр-Вэй” ХХК нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.КББСБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ч нь 2016 оны 07 сарын 06-ны өдөр “Г.КББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж 83 дугаар байр, 59 тоот 110.23 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 90 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 535 дугаар шийдвэрээр Т.Чээс 158 462 756 төгрөг гаргуулан “Г.КББСБ” ХХК-д олгох, барьцаа хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан дээрх орон сууцыг Т.Ч дангаар өмчилдөг, эхнэр Д.Н, 4 хүүхэд нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй. Иргэн Д.Н, Ч.Ундрам, Ч.Индра нарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Чт холбогдох дээрх орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, зохих байгууллагад бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 онд гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манайх шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Тус шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 3364 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчтэй үнийн санал тохиролцохоор 2 удаа хаалгыг нь тогшсон боловч хаалгаа нээж өгөөгүй. Тийм учраас хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт өгч үнэлгээ хийлгэсэн болно. Шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд ажилласан, төлбөр төлөгчийг үнийн санал өг, ирж уулз гэсэн мэдэгдлүүд удаа дараа өгч байсан, тэрээр гэрийнхээ хаалгыг тайлахгүй, утсаар холбогдохгүй тохиолдолд хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч Т.Ч нь уг орон сууцыг 275 000 000 төгрөг байхад хөрөнгийн үнэлгээ нь орон сууцыг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд өгөөгүй. 2012 оны 01 сарын 22-ны өдрийн №29 тоот орон сууцны захиалгын гэрээнд 1 м.кв-ын үнэ 660 ам.доллар, нийт үнэ нь 72.751,8 ам.доллар байсан талаарх баримтыг шүүхэд өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГт холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204060081 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №Ш-02/08 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь орон сууцыг үнэлүүлсэн талаарх мэдэгдлийг гэрийн хаалган дээр наасан байсныг хараад орон сууцанд үнэлгээ хийлгэсэн байсныг мэдсэн. Урьд нь үнэлгээ хийлгэх талаар огт мэдэгдээгүй, санал аваагүй, уг асуудлаар холбогдсон гэх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарлан  шүүхэд мэдэгдэл гэх баримтыг гаргаж өгсөн. Уг мэдэгдлүүдийг хүлээн аваагүй. Тиймээс Монгол шуудан ХК-аас холбогдох баримтыг шүүхийн журмаар шаардаж гаргуулахад яг тухайн мэдэгдлийг хүлээлгэж өгсөн гэх баримт тогтоогдоогүй. Гэтэл шүүх уг үйл баримтыг үнэн, зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Орон сууцны үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй,  төлбөр авагч талд ашигтайгаар хэт доогуур үнэлсэн нь хохиролтой байна. Мөн хариуцагч нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгээгүй, ажиллагаа хийх бүртээ тэмдэглэл үйлдэж байх ёстой байхад энэ хуулийн шаардлага биелэгдээгүй байгаа нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын  маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Ч нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд  хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 535 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 914 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 1294 тоот тогтоолоор Т.Чээс 158 462 756 төгрөгийг гаргуулж, “Г.КББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэр заавал биелэгдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт заасан зарчим хэрэгжээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулага нь шүүхийн хүчин төгөлдөр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060081 дугаартай 110.23 м.кв дөрвөн өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Хариуцагч нь төлбөр төлөгчид үнийн саналаа ирүүлэхийг 2020 оны 01 сарын 31-ний өдөр, 2020 оны 02 сарын 06-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн ба уг мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн бөгөөд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч “Г.КББСБ” ХХК нь зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул хариуцагч НШШГГ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 02 сарын 10-ны өдрийн тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх орон сууцны үнэлгээг 190 347 000 төгрөгөөр тогтоосон байна. /хх102-120/

Хариуцагч НШШГГ хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК-ийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 02 сарын 18-ны өдөр танилцуулахаар хаягт нь очиход эзгүй байсан тул уг өдрөө баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь хэргийн 66 дугаар талд авагдсан мэдэгдлээр тогтоогдож байна.

Хэргийн 102-120 дугаар талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот 110.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлж, зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах гурван үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулах замаар зах зээлийн үнийг 190 347 000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, илүү өндөр үнээр буюу 1 м.кв нь 2 500 000 төгрөгөөр үнэлэх ёстой гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Хариуцагч НШШГГ албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг болон төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2020/02169 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                               Д.БАЙГАЛМАА

                                                Б.НАРМАНДАХ