Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/02169

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/02169

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... дүүрэг, ... хороо, .... хороолол, .... гудамж, .... байр, .... тоот хаягт оршин суух, Т.Ч нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг, ..... хороо, .... гудамж-3 хаягт байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, орон сууцыг үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №Ш-02/08 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б,

Гэрч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Шүүх хурал

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Чшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, өмгөөлөгч Д.Т-ын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Мэдэгдэл гэх хуудсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан эрхийн улсын бүртгэлийн 2204060081 дугаартай орон сууцыг 190.347.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэх үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна.

Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 83 дугаар байр, 59 тоотод байршилтай 110,23 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг Т.Ч болон түүний эхнэр Д.Н, 4 хүүхдийн хамт хамтран өмчилдөг билээ. Энэ бол бидний цорын ганц өмч юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэрээр манай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа юм.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь 2020.02.18-ны өдөр манай орон сууцыг 193.347.000 төгрөгөөр үнэлэгдсэн гэсэн мэдэгдлийг гэрийн хаалган дээр наасан байсан. Манай орон сууцны үнэлгээг хэт доогуур үнэлүүлсэн байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь үнэлгээ хийхдээ бидэнд огт мэдэгдээгүй, орон сууцны үнийн саналыг биднээс аваагүй үнэлгээ тогтоосон учир хууль зөрчсөн гэж үзсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээж авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийг зөрчиж хэт нэг талыг барьж үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна.Хөрөнгийн үнэлгээг биднээс санал авалгүйгээр хийлгэсэн.

Мөн манайх орон сууцаа 2013 онд 1 м.кв-ыг 1200 ам доллараар худалдан авч байсан, REMAX.MN сайтад одоогийн үнэ ханш нь 1 м.кв нь 2.500.000 төгрөг буюу 275.000.000 төгрөгийн үнэтэй байхад манай орон сууцыг үнэгүйдүүлсэнд гомдолтой байна.

Төлбөр авагч Г.К ББСБ ХХК-ийн төрлийн хүн нь гаальд ажилладаг учраас 1м.кв-ыг 660 ам.доллараар тооцож, хямд худалдан авсан байх боломжтой, бидний хувьд гаалийн ажилтнаас дамжуулан авсан учраас 1200 ам доллараар худалдан авч байсан. Энэ талаарх баримтыг шүүхэд авчирч өгөөгүй боловч бид өөрсдөө амьдрах зорилгоор байраа засаж тохижуулсан учраас өөрсдийн зүгээс орон сууцаа үнэлэх эрхтэй.

Т.Ч  Өмнөговь аймагт ажил хийгээд гэртээ ирж, очиж байдаг бөгөөд хаягаа өөрчилсөн талаар мэдэгдэж байгаагүй, шийдвэр гүйцэтгэгчийг ирэх бүрт нь гомдол гаргаж байсан боловч энэ тухай баримт байхгүй.

Иймд орон сууцны үнийн талаар санал авахгүйгээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн, зах зээлийн үнээс маш хямд, доогуур үнэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 дугаартай шийдвэрээр Т.Ч-с 158.462.756 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1.020.464 төгрөгийг гаргуулж Г.К ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Т.Ч-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй, дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж, утсаа авдаггүй хаалгаа тайлж өгдөггүй тул эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст түүнийг олж тогтоосон.

Ийнхүү түүнийг эрэн сурвалжилсны эцэст Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204060081 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байрны 59 тоотод байрлах 110.23 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 18262029/14 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18262029/19 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг 4/3264, 4/3265, 4/4022 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Гэвч Т.Ч-т ийнхүү мэдэгдсээр байтал тэрээр үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч Г.К ББСБ ХХК төлбөр төлөгчтэй харилцан тохиролцож чадаагүй /утсаа авдаггүй, гэрийн хаалгыг онгойлгоогүй/ тул шинжээч томилох санал ирүүлсэн бөгөөд үнэлгээн дээр талууд харилцан тохиролцоогүй тул 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 103 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилсон.

Шинжээчээр В.В ХХК-ийг томилсон бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 190.347.000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авсан.

Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр төлбөр авагч Т.Ч-т мэдэгдэж, төлбөр төлөгчийн оршин суух хаягаар очиход эзгүй байсан тул мэдэгдэх хуудсаар хаалган дээр нь нааж мэдэгдсэн, мөн өдөр Монгол шуудан ХК-д 4/5566 дугаартай мэдэгдэл, Ш-02/08 дугаартай үнэлгээний тайлангийн хуулбарыг хийж, үнэлгээг түүнд мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур тогтоогдсон гэх боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна. Мөн тэрээр эрэн сурвалжлах ажиллагааг өөрийнх хүсэлтээр зогсоосноос хойш оршин суух, утасны дугаараа өөрчилсөн талаар мэдэгдсэн зүйл байхгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, В.В ХХК нь үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул Т.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.К ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

1. Нэхэмжлэгч Т.Ч нь 2016.07.06-ны өдөр Г.К ББСБ ХХК-тай ЗГ1607/17 тоот зээлийн гэрээ, ҮБГ 1607/17 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ, 11-726902 тоот барьцаалбар тус тус байгуулж өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж 83 дугаар байр, 59 тоот 110.23 м.кв 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, гэрээг хуулийн дагуу нотариатаар гэрчлүүлэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгуулагад бүртгүүлэн 90.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Эдгээр гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гэвч Т.Ч нь зээл авсан өдрөөс хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй тул тус шүүхэд хандаж зээлийн гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл нэхэмжилж тус шүүхэд хандсан.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэрээр Т.Ч-ээс 158.462.756 төгрөг гаргуулан Г.К ББСБ ХХК-д олгох, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж 83 дугаар байрны 59 тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн Т.Ч-ийн гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 914 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгосон. Үүнийг тэрээр бас эс зөвшөөрсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2018/01294 дугаартай тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн.

Ингээд шүүхийн шийдвэрийг Т.Ч  сайн дураар биелүүлээгүй тул манай байгууллагын хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 1011/Ш32018/17956 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 101/ГХ2018/01618 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болно.

2. Зээлийн гэрээний үүрэгт барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх байрыг Т.Ч дангаар өмчилдөг, эхнэр Д.Н, 4 хүүхэд нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдээгүй, уг хаягт зөвхөн Т.Ч бүртгэлтэй байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ манайд эх хувиараа хадгалагддаг болно.

Иргэн Д.Н /Т.Ч-ийн эхнэр/, Ч.У /Т.Ч-ийн охин/, Ч.И /Т.Ч-ийн охин / нарын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ч- т холбогдох дээрх орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, зохих байгууллагад бүртгүүлэхийг даалгах гэх нэхэмжлэлийг тус шүүхэд 2018 онд гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манайх шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон юм.

Ингээд тус шүүхийн 2018 оны 11 сарын 05-ний өдрийн 101/ШШ2018/03364 дугаартай шийдвэрээр тэдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №69 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00627 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. Үүнээс үзэхэд уг барьцааны хөрөнгийг Т.Ч дангаар өмчлөгч болох нь тогтоогдоно.

3. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг ба мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-д Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй гэж зааснаас харахад тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг 183.3-д зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзэх болохыг анхаарах нь зүйтэй юм.

4. Т.Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс төлбөр төлөгч Т.Ч-тэй утсаар холбогдох гэхээр утсаа авдаггүй, оршин суух хаягаар нь очиход хаалгаа нээж уулздаггүй, мэдэгдэх хуудас хаалган дээр нь наадаг боловч тэрээр НШШГГ хэзээ ч очиж уулзаж байгаагүй хүн юм.

Т.Ч-ийг бүтэн жилийн хугацаанд НШШГГ-с эрэн сурвалжилсны эцэст 2019 оны 11 дүгээр сард НШШГГ-ын эрэн сурвалжлах хэлтсийн ажилчид гэрээс нь өглөө эрт эхнэр, хүүхдийнхээ хамт гарч байхад нь барьж авсан байдаг. Тэрээр эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлт гаргасан байдаг бөгөөд үүнээс хойш одоог хүртэл бас алга болсон.

Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх орон сууцыг хуулийн дагуу битүүмжлэх, хураах, үнэлгээчин үнэлгээ тогтоохоор зураг авахад ямар хүндрэлтэй, эсэргүүцэлтэй тулгарч байсныг би өөрийн нүдээр харж байсан.

Төлбөр төлөгчтэй манайх хөрш амьдардаг бөгөөд нэхэмжлэгчийнх 59 тоот, манайх 61 тоотод амьдардаг юм. Төлбөр төлөгчийн ар гэрийнхэн шийдвэр гүйцэтгэгчийг хэл амаар доромжлох, түлхэж хориглох, биед халдах нь хэрээс хэтэрсэн гэж болно.

Миний зүгээс үнийн санал тохиролцохоор 2 удаа хаалгыг нь тогшсон боловч хаалгаа нээж өгөөгүй. Тийм учир манай байгууллагын зүгээс хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтээ өгч үнэлгээ хийлгэсэн болно.

5. Нэхэмжлэгч Т.Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг зөрчсөн гэж шийдвэр гүйцэтгэгчийг буруутгаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн хүрээнд ажилласан, төлбөр төлөгчийг үнийн санал өг, ирж уулз гэсэн мэдэгдлүүд удаа дараа өгч байсан, тэрээр гэрийнхээ хаалгыг тайлахгүй, утсаар холбогдохгүй тохиолдолд хуульд заасан бүхий л арга хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдсан байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч өөрөө хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйн төлөө НШШГГ-ын ажилтанг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Нэхэмжлэгч Т.Ч нь өөрийн орон сууцыг 2013 онд 1200 ам.доллараар анх худалдаж авч байсан, Ремакс.мн сайтад одоогийн зах зээлийн ханш 1 м.кв-ын үнэ 2.500.000 төгрөг буюу 275.000.000 төгрөг байхад хөрөнгийн үнэлгээ нь орон сууцыг хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэсэн байна.

Хэргийн оролцогчид хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй гэдгийг шүүх тайлбарлаж өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч Т.Ч-сийн эхнэр Д.Н нарын нэхэмжлэлтэй дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хэрэгт уг орон сууцны түүхчилсэн лавлагааг шүүхийн журмаар Улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар гаргуулж байсан. Тэгэхэд уг орон сууц нь 2012 оны 01 дүгээр сарын 22 -ны өдрийн №29 тоот Орон сууцны захиалгын гэрээ-ний үнэ нь 1 м.кв-ын үнэ 660 ам.доллар, нийт үнэ нь 72.751,8 ам.доллар байсан талаарх баримтыг шүүхэд өгсөн.

Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцны 1 м.кв-ын үнэ 2.500.000 төгрөг, нийт 275.000.000 төгрөг гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.

Өөрийнхөө нэхэмжлэлийг нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй байж орон сууц 275.000.000 төгрөгийн үнэтэй байхад хэт үнэгүйдүүлж 190.347.000 төгрөгөөр үнэлсэн гэж байгааг баримтаар нотлохгүй байна.

Иймд төлбөр төлөгч Т.Ч нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд үндэслэлгүйгээр гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ч нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан, түүний хүсэлтээр уг ажиллагааг зогсоосон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг түүнд мэдэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх байдлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 914 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2018/01294 тоот тогтоолоор:

Т.Ч-с 158.462.756 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1.020.464 төгрөгийн хамт гаргуулж, Г.К ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10.161.244 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Т.Ч нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204060081 дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв дөрвөн өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 24-31 тал/

 

Барьцааны хөрөнгө дээрх орон сууцыг Т.Ч дангаар өмчилдөг болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000320097 тоот гэрчилгээ, Д.Н, Ч.У, Ч.И нарын нэхэмжлэлтэй Т.Ч-т холбогдох уг орон сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, зохих байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/03364 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 69 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00627 тоот тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 121-131 тал/

 

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Т.Ч-ийг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Г.К ББСБ ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2018/17956 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, мөн өдрийн 101/ГХ2018/01618 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэнийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

/хх-ийн 21-68 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч Т.Ч-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тэрээр төлбөрийг төлж барагдуулаагүй, дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэсэн үндэслэлээр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжилж олж тогтоохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ажлын бус цагаар явуулах зөвшөөрлийн үндсэн дээр явуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3/183 тоот Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус цагаар явуулах зөвшөөрөл, уг ажиллагааны явц дахь шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн тэмдэглэл, зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх мэдэгдэл, мэдэгдэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 32-37 тал/

 

Т.Ч нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан үед ирж уулзах ба утасны дугаар болон хаяг өөрчлөгдсөн үед мэдэгдэх тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөх-ийг хүссэн хүсэлт гаргасан, мөн өдөр түүнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 38-39 тал/

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Т.Ч-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204060081 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өдөр хураан авсан байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

/хх-ийн 40-46,131 тал/

 

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Т.Ч-т 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/3264 тоот, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/4022 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн байх ба уг мэдэгдлийг Монгол шуудан ХК нь 2020.02.05-ны өдрийн 16-10 цагт, 2020.02.17-ны өдрийн 18-50 цагт тус тус Т.Чингэст гардуулан өгсөн болох нь тус ХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10/434 тоот албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн шуудан хүргэгчийн дэвтрийн 272, 62 дугаарт бүртгэгдсэн бүртгэл зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.

/хх-ийн 147-149, 162-164, 169-171 тал/

 

Нэхэмжлэгч Т.Чингэс нь өөрийн оршин суух хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн, ийнхүү мэдэгдэж байсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Үүнээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн оршин суух хаягийн дагуу үнийн санал ирүүлэх мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д:Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасантай нийцсэн байна.

 

Төлбөр төлөгч Т.Ч-тэй үнийн саналыг харилцан тохиролцож чадаагүй /утсаа авахгүй, хаалгаа онгойлгоогүй/ тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг үндэслэн төлбөр авагч Г.К ББСБ ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг шинжээч томилуулан тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх-ийн 48 тал/

 

Хариуцагч НШШГГ-с 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №103 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний В.В ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба эдгээр ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 49-54 тал/

 

В.В ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар Эрхийн улсын бүртгэлийн Y-2204060081 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийг 190.347.000 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 55-64, 102-120 тал/

 

Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр В.В ХХК-иас үнэлгээний тайланг хүлээн авсан, шийдвэр гүйцэтгэгч энэ ажиллагаатай холбогдуулан тэмдэглэл хөтөлсөн, уг үнэлгээг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгч Т.Ч-т мэдэгдэхээр түүний оршин суух Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягаар очиход тэрээр эзгүй байсан тул уг үнэлгээг мөн өдрийн 4/5566 тоот албан бичгээр Т.Ч-т хүргүүлэхээр Монгол шуудан ХК-д хүргүүлсэн, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасантай нийцжээ. /хх-ийн 54, 66 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д:Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Т.Чингэс нь дээрх үнэлгээтэй танилцсаны үндсэн дээр хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзэхээр байна. /хх-ийн 1-2, 66 тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв нь 2.500.000 төгрөг гэх байдлаа нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаагүй, тодруулбал энэхүү тайлбараа баримтаар нотолсонгүй.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-2204060081 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн В.В ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №Ш-02/08 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Ч-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00535 тоот шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-2204060081 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 83 дугаар байр, 59 тоот хаягт байршилтай, 110.23 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн В.В ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №Ш-02/08 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/05444 тоот захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ