Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01778

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01694 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Нгийн хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Ч.Хэрлэн, Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нь 2005 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 91 тоот тушаалын дагуу анх тус банканд ажилд орж, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан С000743 тоот хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний орон тоонд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл авч, улмаар тус банкны Үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/246 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Хариуцсан захирлын Б/246 тушаалын үндэслэх хэсэгт ...Төлбөр тооцооны хэлтсийн Ахлах мэргэжилтний албан тушаалыг нэг орон тооны хамт хассан гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагаас гадна, тус хэлтэст дөрвөн ахлах мэргэжилтэн ажиллаж байсан хэдий ч эдгээр ажилтны дунд ямар нэг сонгон шалгаруулалт хийгээгүйгээр зөвхөн Б.Нг сонгон ялгаварлан гадуурхах байдлаар ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үйл ажиллагаа хариуцсан захирал ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байгааг анхаарна уу. Санхүү хариуцсан захирлын эрх хэмжээний хэлтсийн ажилтныг Үйл ажиллагаа хариуцсан захирал чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Мөн төлбөр тооцооны хэлтэст ажиллаж байгаа 4 мэргэжилтний 1 нь тэтгэврийн насанд хүрч байгаа үндэслэлээр өөрийн ажлын байранд Б.Нг шилжүүлэн ажиллуулж үлдээх санал гаргасан ч ажил олгогч хүлээн аваагүй. Уг ажлыг Б.Н хийх бүрэн боломжтой. Ахлахууд ажлын байрны тодорхойлолт нэг ижил, бид тус бүрдээ өөр өөр чиглэлийг хариуцдаг ч нэг нэгнийгээ орлож ажилладаг байсан. Миний хувьд 15 жилийг энэ банканд зориулсан, тэтгэврийн насанд арай хүрээгүй, өөр газарт ажилд авахгүй, ипотекийн зээлтэй, миний ажлыг яагаад хэрэггүй гэж үзсэнийг ойлгохгүй байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А-145 дугаар тушаалын дагуу Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтэн албан тушаалыг нэг орон тооны хамт хассантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн тус албан тушаалд ажиллаж байсан Б.Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ийнхүү цуцлахдаа Х ХХК зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд нэг сарын өмнө буюу 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс цуцалсан бөгөөд хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Х ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 16.11-т заасны дагуу ажилтанд нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгож хуулийн дагуу шийдвэр гаргасан. “Х” ХХК гүйцэтгэх захирлын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн А-145 дугаар тушаалын дагуу банкны хэмжээнд нийт 33 албан тушаал орон тооны хамт хасагдсан бөгөөд албан тушаалын орон тоо нь хасагдсан бусад ажилтнуудын нэгэн адил нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу цуцалсан нь зөвхөн Б.Нг сонгож, түүнийг ялгаварлан гадуурхаж ажлаас халаагүй гэдгийг харуулж байна. Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой албан тушаал, орон тоог хасах болон цөөрүүлэх тохиолдолд ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт хийх, түүний үр дүнг үндэслэж шийдвэр гаргах талаар хуульчилсан зохицуулалт байхгүй бөгөөд харин ч ийнхүү сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр ажилтныг ажлаас халах нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй болохыг Улсын Дээд Шүүхийн 2012 оны Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын талаар зөвлөмжид тодорхой дурдсан байна. Ганц Х ХХК зардлаа хэмнээд байгаа биш, улс орны хэмжээнд л хэмнэлтийн горимд шилжсэн байгаа. Б.Н нь бусад 3 мэргэжилтнээс хүнийхээ хувьд ялгаатай байгаагүй, харин эрхэлж байгаа үйл ажиллагааны чиг үүргийн хувьд ажил үүргийг нь бусдаар гүйцэтгүүлэхээр орон тоог байхгүй болгосон. 4 ахлах мэргэжилтэн 4-үүл яг ижил чиг үүрэгтэй биш учир Б.Нгийн эрхэлж байгаа ажил албан тушаалыг хассан буюу ажлын байрыг хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэх ойлголтод шууд хамаарахгүй. Харин орон тоо хасагдсан гэх ойлголтод хамаарна. Гүйцэтгэх удирдлагын хувьд орон тоог багасгахаар шийдвэрлэсэн. Харин хэний ажлын байрыг багасгаж, хэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах вэ гэдэг нь Үйл ажиллагаа хариуцсан захирлын тушаалаар илрэн гарч байгаа. Одоогийн нөхцөл байдалд Төлбөр, тооцооны хэлтэст Б.Нгийн гүйцэтгэж байсан ажил албан тушаалд өөр хүн шинээр авч ажиллуулсан зүйл байхгүй, харин гүйцэтгэж байсан ажлыг хувааж л хийж байгаа. Уг хэлтэст Гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах, Худалдааны санхүүжилтийн арын албаны үйл ажиллагаа хариуцсан ахлах, Картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоо хариуцсан ахлах, Хөрөнгө зохицуулалтын арын албаны үйл ажиллагаа, валютын арилжааны мөнгөний захын төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо, харилцагчийн бусад гэрээний гүйлгээ хариуцсан ахлах гэсэн 4 чиг үүрэг бүхий 4 ахлах мэргэжилтэн ажилладаг байсан. Ажлын байрны тодорхойлолтууд ижил ч дотооддоо үйл ажиллагааг хуваарилж хийлгэсэн байдаг. Энэ талаар эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гараагүй, харин үйл ажиллагааны явцад зохион байгуулалтаараа л хийгдсэн чиг үүргүүд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар Үйл ажиллагаа хариуцсан захирал гэдэг албан тушаал бий болгож, хариуцах хэлтэст нь хүний нөөцийн хэлтэс хамаарч байгаа. Х ХХК-ийн 4 ахлах мэргэжилтний 1 нь тэтгэврийн насанд хүрч байгаа нь үнэн. Гэхдээ тэр хүний ажил үүрэг хасагдаагүй тул түүнийг үлдээсэн. Ажил олгогч өөрөө өөрийнхөө бүтцийг, өөрийнхөө үйл ажиллагааг зохицуулдаг, үүнийг ажилтнууд зохицуулдаггүй тул тэтгэврийн болзол хангасан хүний саналаар түүний ажлыг Б.Нгаар гүйцэтгүүлж, нөгөө хүнийг явуулах шийдвэр гаргах учиргүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан "Х" ХХК-ийн Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх дараах хууль хэрэглээний болон үйл баримтыг зөв тодорхойлж чадаагүй дараах алдааг гаргасан гэж нэхэмжлэгч  тал үзэж байна. Хариуцагчийн “орон тоо хассан” гэх тайлбар, шүүхийн “орон тоо цөөрүүлсэн” гэх дүгнэлтийн аль нь үнэн зөв эсэхээс үл хамааран “Х” ХХК-д ажилчдаа халах бодит нөхцөл байдал үүсээгүй төдийгүй Б.Нг сонгон ялгаварлаж халах ажиллагаагаа гурван тушаалаар дамжуулан хуулийн марафон гаргалаа гэж хэлж болохоор баримт хэрэгт цугларсан. Д.Нямжинг ажилгүй болгоход чиглэсэн хариуцагчийн гаргасан нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд алдаатай зориудын болох нь 2020 оны 6 сарын 17-ны өдрийн 1/3459 дугаартай албан бичгээр эрх шилжүүлсэн болохыг шүүхэд тайлбарласнаас тодорхой байдаг. Шүүх нэхэмжлэгч Б.Нгийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой бүдүүлэг дээрэнгүй байдлаар зөрчсөн хариуцагчийн эдгээр үйлдлийг дүгнэхдээ нэг талаас А-145 тушаалд үйл ажиллагаа эрхэлсэн захирал Зулд Б/246 тушаалаар Б.Нг халах итгэмжлэл олгогдоогүй, төлөөлөгчийн эрх үүргийг тодорхойлсон хэсэг хэмээн хариуцагчийг буруутгаж, нэхэмжлэгчийг нь эхлээд зөвтгөсөн байдаг. Нөгөө талаас эрх олгогдоогүй этгээдийн үйлдэл хүчин төгөлдөр байх гэх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэг, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэлд хамаарах зөвшөөрлийн зохицуулалт зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.Н, хариуцагч “Х” ХХК нарын хөдөлмөрийн харилцаанд илт хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн. Шүүх хариуцагчийн ирүүлсэн нотлох баримтууд болох 2020 оны А/145, Б/246, А/270 дугаартай тушаалууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хоорондын хууль зүйн хамаарлыг Хөдөлмөрийн хууль, Х ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам зэргийг хэрэглэх замаар яагаад 4 ахлахаас Д.Нямжинг сонгон ялгаварлаж халах болов гэдэгт хууль зүйн дүгнэлт үйлдэх замаар маргааныг шийдвэрлэх нь оновчтой байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч орон тоо хассан гэж тайлбарлан мэтгэлцсэнийг шүүх орон тоо цөөрүүлсэн байна хэмээн хууль зүйн дүгнэлт үйлдсэн. “Х” ХХК-ийн төлбөр тооцооны хэлтэс нь гадаад тооцоо хариуцсан ахлах, худалдааны санхүүжилтын арын албаны үйл ажиллагаа хариуцсан ахлах, картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоо хариуцсан ахлах, хөрөнгө зохицуулалтын арын албаны үйл ажиллагаа, валютын арилжааны мөнгөний захын төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо харилцагчийн бусад гэрээний гүйлгээ хариуцсан ахлахтай гэх боловч эдгээр 4 ажилтны ажлын байрны тодорхойлолт ижил тул удирдлагаас өгсөн ямар нэг шийдвэргүйгээр ажил, үүргээ хуваан гүйцэтгэдэг байсан нь тогтоогдсон хэдий ч талууд маргаагүй гэж шүүх илт нэг талыг барьж дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын шатанд 4 ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт яг ижил юм бол яагаад чухам Б.Нг сонгон ялгаварлах байдлаар түүнийг ажилгүй болгох нөхцөл байдал бүрдүүлснээ хариуцагч үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байхад шүүх нотолгооны ач холбогдолгүй тайлбар, хариултыг үнэлсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Н нь “Х” ХХК-д Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад тус байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/246 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар дүгнэлт хийсэн атлаа, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Х” ХХК-ийн төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай А-145 дугаар тушаалын хавсралтаар Санхүү хариуцсан захирлын харьяа нэгж болох Төлбөр, тооцооны хэлтсээс ахлах мэргэжилтний нэг орон тоог хассан. /хх-37/

Ажил олгогч буюу хариуцагч “Х” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/246 тоот тушаал нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, “Х” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.8, 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.2 дах заалтыг тус тус үндэслэл болгожээ. /хх-4/

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг “Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журмаар хянан шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан тул маргааны үйл баримтыг нотлох үүргийг ажил олгогч хүлээнэ.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тус байгууллагын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А-145 дугаар тушаалын дагуу банкны хэмжээнд нийт 33 албан тушаал орон тооны хамт хасагдсан бөгөөд албан тушаалын орон тоо нь хасагдсан бусад ажилтнуудын нэгэн адил нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасны дагуу цуцалсан, зөвхөн Б.Нг сонгож, түүнийг ялгаварлан гадуурхаж ажлаас халаагүй гэж тайлбарлаж байгаа боловч тушаалд энэ тухай заагаагүй байна. Ажил олгогч дөрвөн адил албан тушаалтнаас ямар үндэслэлээр нэхэмжлэгчийг сонгож ажлаас чөлөөлсөн талаар хэрэгт нотлосон баримтгүй байна.

            Гэтэл нэхэмжлэгч Б.Нгийн ажиллаж байсан хэлтэст гадаад тооцоо хариуцсан ахлах, худалдааны санхүүжилтын арын албаны үйл ажиллагаа хариуцсан ахлах, картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоо хариуцсан ахлах, хөрөнгө зохицуулалтын арын албаны үйл ажиллагаа, валютын арилжааны мөнгөний захын төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо харилцагчийн бусад гэрээний гүйлгээ хариуцсан ахлах мэргэжилтний  нийт 4 орон тоо байдаг гэх боловч эдгээр дөрвөн орон тооны ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд ажилтны тоог цөөрүүлсэн, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэх дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүйгээс тэрээр ажлын байр нь адил чиг үүргийн давхардалтай байсан, нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо шаардлагагүй болсон эсэхийг дүгнэх боломжгүй ба зөвхөн Б.Нгийн ажлын байрны тодорхойлолтод үндэслэн хариуцагч байгууллагын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй.

            Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, зохигчдыг хангалттай мэтгэлцүүлсэн гэж үзэх үндэслэлгүй ба  хэргийн дээрх нөхцөл байдал тодорхой бус байхад давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/01694 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                                                                                   Б.НАРМАНДАХ