Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2020/02780

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Б.Н -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х Б  ХХК -д холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Т.У, гэрч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ньшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х Б  ХХК-д ажилд ороод 15 жил болж байна. Х Б ны вэб сайтад тавьсан зүйлүүдийг харахад банк алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа зүйл харагдахгүй байна. Би банкинд 15 жил ажиллахдаа ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа одоо болтол ойлгохгүй байна. 4 ахлах байхад яагаад зөвхөн намайг ажлаас халсан юм, яагаад 4 ахлахын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй юм. Тухайн үед намайг ажлаас гарч байх үед тэтгэвэрт гарч байгаа болон ажилд орчихоод жинхлээгүй хүмүүс байсан. Надад тухайн хүмүүсийн оронд ажиллах санал ч тавиагүй. Би одоо 52 настай, тэтгэвэрт гарахад надад 3 жил дутуу байгаа. Би одоо цаашид юу хийж амьдрахаа мэдэхгүй байна. Банкнаас тэтгэвэрт гарсан хүмүүс цөөхөн байдаг. Манай банкинд ихэвчлэн залуу хүмүүс байдаг. Одоо ажиллаж байгаа бусад ахлах маань бүгд надаас залуу хүмүүс байдаг. Яагаад надад өөр ажил санал болгож болоогүй юм. Намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгааг хэлээгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тал Б.Н г ажлаас чөлөөлсөн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/246 дугаартай тушаал дээр гүйцэтгэх захирлын А/145 тоот тушаалын дагуу төв албаны зарим аж ахуйн нэгжүүдийн албан тушаалыг орон тооны хамт хасах тухай шийдвэрийг гаргаж үндэслэсэн гэж тайлбарладаг. Х Б  ХХК нь 4 ахлахтай байсан бөгөөд гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Н гийн нэг орон тоог цөөрүүлэх замаар Б.Н г ажлаас чөлөөлсөн баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Иймээс Б.Н  орон тоо цөөрүүлэх гэсэн ангилалд багтана.

Хариуцагч тал 4 ахлахын албан тушаалын тодорхойлолт ялгаагүй гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр гадаад төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн гэж үзээд ажлаас халсан гэх боловч энэ талаар баримт хэргийн материалд авагдаагүй. Б.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй Х Б  ХХК-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх захирлын зарим ажил, албан тушаалыг шилжүүлэх тухай А/270 тоот тушаал, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/3459 тоот албан бичиг тус тус авагдаагүй байна.

Х Б  ХХК нь нэхэмжлэгч Б.Н г ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн дотоод журмаа зөрчсөн. Хөдөлмөрийн дотоод журамд 16.10-д хүний нөөц хариуцсан захирал ажилд авах, ажлаас чөлөөлөхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаанд холбогдох тушаал шийдвэрийг гаргана гэж заасан. Гэтэл Х Б  ХХК нь уг тушаалаа зөрчиж, Б.Н г ажлаас чөлөөлөх 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/246 тоот тушаал гаргасан. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, мөн түүнийг нь нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр Давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Н гийн ажиллаж байсан орон тоог хассан. Өмнөх хэрэг маргааны хувьд шүүхээр шийдвэрлэгдэхдээ орон тоо хассан эсхүл цөөрүүлсний аль нь болохыг тодруулах шаардлагатай гэдэг байдлаар Давж заалдах шатны шүүхээр хэргийг буцаасан. Х Б  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоог хассан, харин цөөрүүлээгүй гэх байр суурьтай оролцож байгаа. Б.Н  нь тухайн нэгж дотроо ахлах гэдэг албан тушаалын хувьд адил мэргэжилтэй боловч хариуцаж байсан чиг үүргийн хувьд гадаад төлбөр тооцооны ахлахын албан тушаалд ажиллаж байсан.

Улсын дээд шүүхийн 2006 оны тайлбараас харахад орон тоо цөөрүүлэх гэдэг нь хуулийн этгээдийн байгууллагын бүтцийн адил албан тушаал, адил чиг үүргүүдээс аль нэг нь нэгээр хорогдож цөөрсөн байхыг ойлгоно. Харин орон тоо хасах гэдэг нь тухайн хийгдэж байсан ажил, албан тушаал, аж ахуйн нэгжийг байхгүй болгохыг ойлгоно. Дээрх агуулгаар тухайн ажил, албан тушаал нь нэг байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг хэрэглэж орон тоо хасах буюу Б.Н г ажлаас халах шийдвэр гаргасан.

Ажил олгогчийн зүгээс гүйцэтгэх захирлын тушаалаар төв албаны 33 ажил, албан тушаалыг хасаж, түүний нэг нь төлбөр тооцооны хэлтсийн ахлах Б.Н гийн ажил албан тушаалыг хассан үйлдэл өнөөдөр үндэслэлтэй эсэх талаар талууд маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н  нь хариуцагч Х Б  ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Х Б  ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/246 дугаар тушаалын нэг дэх заалтаар “Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтэн Буриадын Нямжингийн алжыг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс холбогдох журмын дагуу хүлээн авч, түүний ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтыг оролцуулан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 03 дугаар сарны 10-ны өдрөөс ажил олгогчийн санаачлагаар цуцалсугай” гэж Х Б ны гүйцэтгэх захирлын 2020 оны “Х Б ны төв албаны зарим нэгжүүдийн албан тушаалыг, орон тооны хамт хасах тухай” А-145 дугаар тушаалаар Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалыг нэг орон тооны хамт хассантай холбогдуулан, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бичгээр танилцуулсан “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл”-д заасан хугацаа дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.8, 16.1.8, 16.2-т заасныг үндэслэн Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Н г ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч “Төлбөр, тооцооны хэлтсийн 4 ахлах мэргэжилтэн байхад зөвхөн Б.Н г сонгож ажлаас халсан нь ялгаварласан үйлдэл болсон бөгөөд ажлын байрны тодорхойлолт яг адил байгаа. Мөн Х Б  нь өөрт ашигтай баримтуудыг нөхөн үйлдсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч нь “ажлаас чөлөөлөхөд сонгон шалгаруулалт явуулах үндэслэлгүй, гүйцэтгэж байгаа ажил үүргээс нь болж Б.Н тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлаас олгосон эрх хэмжээний хүрээнд Үйл ажиллагаа хариуцсан захирал тушаал гаргасан” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заажээ.

 

 Х Б  ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны А-145 дугаар тушаалаар тус банкны Төв албаны зарим нэгжүүдээс нийт 33 орон тоог хассаны дотор Санхүү хариуцсан захирлын харьяа нэгж болох Төлбөр, тооцооны хэлтсээс ахлах мэргэжилтний 1 орон тоог хасах шийдвэр гаргасан ба тус хэлтсийн 4 ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг ялгаатай, харин үнэт цаас хариуцсан ахлах мэргэжилтэн, худалдан авалт хариуцсан ахлан мэргэжилтэн, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт адилхан, чиг үүргийг хооронд нь ялгаагүй байна.

 

Х Б  ХХК нь “...тус хэлтэст Гадаад төлбөр тооцоо хариуцсан ахлах, 2.Худалдааны санхүүжилтийн арын албаны үйл ажиллагаа хариуцсан ахлах, 3.Картын төлбөр тооцоо, үнэт цаасны төлбөр тооцоо хариуцсан ахлах, 4.Хөрөнгө зохицуулалтын арын албаны үйл ажиллагаа, валютын арилжааны мөнгөний захын төлбөр тооцоо, банк хоорондын төлбөр тооцоо, харилцагчийн бусад гэрээний гүйлгээ хариуцсан ахлах гэсэн чиг үүргийг тус бүрдээ хэрэгжүүлдэг байсан бөгөөд уг ажлыг зөвхөн төв дээр хийдэг тул илүү мэргэшсэн байдаг. Үнэт цаас, худалдан авалт хариуцсан алхан мэргэжилтэн илүү мэргэшсэн байдаг. Харин салбар бүрт гадаад гүйлгээ хийх боломжтой тул уг ажлын байрыг хассан” гэх тайлбар нь байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой тул буруутгах боломжгүй юм.

 

Тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална.

 

  Нэхэмжлэгч Б.Н гийн албан тушаалын байр үгүй болоогүй, харин уг чиг үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь цөөрүүлэхээр шийдвэрлэсэн тул ажилтны тоог цөөрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор буюу 1 тоогоор багасаж байгаа энэ тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэж үзэх тул мөн зүйлийн орон тоо хасагдсан гэх ойлголтод хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгчийн маргаж байгаа ялгаварлан гадуурхсан гэх үйл баримт баримтаар тогтоогдохгүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

Ажил олгогч нь ийнхүү тушаал гаргахаас өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Х Б  ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Үйл ажиллагаа хариуцсан захиралд хүний нөөцийн асуудалтай холбоотой эрх хэмжээг шилжүүлэхдээ “Хүний нөөцийн бүтэц, орон тоонд тохируулан хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх эрхийг шилжүүлсэн” болохоо 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/3459 дугаартай эрх тодорхойлох тухай албан бичгээр дэмжин зөвшөөрсөн байх тул шүүх Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 68 дугаар зүйлийн 68.1-д заасанд үндэслэн Үйл ажиллагаа хариуцсан захирлын хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчин төгөлдөр буюу эрх бүхий этгээдээс олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзлээ.

 

Иймд ажил олгогчийн шийдвэр хуульд нийцэж байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд Б.Н гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Х Б  ХХК-ийн Төлбөр, тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Б.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ЭНХБАЯР