Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01768

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01768

 

 

Ж.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01592 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Уийн хариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.У, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Уийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Г.Гтэй 2006 оны 05 сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 09 сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2010 оны 11 сарын 16-ны өдөр хүү Г.Х, 2014 оны 08 сарын 18-ны өдөр охин Г.Я, 2017 оны 04 сарын 04-ний өдөр охин Г.А нарыг төрүүлж өсгөсөн. Г.Г нь 2019 оны 11 сарын 16-ны өдөр хүү Г.Хын зугаалганд явахдаа н.Мөнхтуяа гэгч эмэгтэйтэй танилцаж, улмаар түүнтэй гэр бүлийн харилцаатай болж, хамт амьдарч байсан бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг шаардаж, дарамталж, доромжлох болсон. 6 сарын хугацаанд АНУ руу явж, ажил эрхэлж байх хугацаанд хүү Г.Хыг зодож, аяга шидэж толгойг нь хагалж, энэ бүхнийг ээждээ хэлбэл ална гэж айлгаж сүрдүүлж, дарамталсан байсан. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, түүнд хариуцлага тооцсон Г.Гтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Г.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.У бид хоёр 2018 оны 09 сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд бидний дундаас Г.Я, Г.А, Г.Х нар төрсөн. Ж.Утэй таарч тохирохгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдүүдийг Ж.Уийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, учир нь ажил эрхэлдэггүй, эрүүл мэндийн асуудалтай байгаа гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигин овогтой, Жанчивын Уранчимэг, Билгүүт овогтой, Ганбатын Гантөмөр нарын гэрлэлтийг цуцалж,  Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан харгалзан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.А нарыг эх Ж.Уийн асрамжид үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Г.Х, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Г.Я, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Г.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гөөс тэтгэлэг гаргуулж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Ж.У, Г.Г нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Ж.У анхан шатны шүүх хуралд орохоос өмнө ямар ч маргаангүй талаар хэлээрэй гэж тохирсон боловч шүүхээс гараад 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүн дагуулан ирж хамт явж байсан хүний хамт зодож танхайрсан. Мөн хүүхдүүдтэй уулзуулахгүй, уулзвал цагдаад өгнө, шүүхэд хэлэх үгээ бодох байж дээ гэж хэлж, инээж байсан. Уг асуудлаар цагдаад гомдол гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул охин Г.Яыг өөрийн асрамжид авахыг хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.У нь хариуцагч Г.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Г.Х, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Я, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин Г.Аялуун  нар төрсөн, гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас  тусдаа амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон. /хх 6, 37-39/

Гэрлэгчид гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамтын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг үндэслэн шүүх  гэрлэлтийг цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш үүрэг хүлээх бөгөөд шүүх хүү Г.Х, охин Г.Я, Г.Аялуун  нарыг эх Ж.Уийн асрамжид үлдээж, хариуцагч Г.Гөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцжээ. 

Хариуцагчийн “... охин Г.Яыг өөрийн асрамжид авна” гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь талууд анхан шатны шүүхэд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийн асрамж өөрчлөх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан бага насны хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                    

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ  

                                ШҮҮГЧИД                             Д.БАЙГАЛМАА

                                                                            Б.НАРМАНДАХ