Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2016/01015

 

Д.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 дугаар шийдвэр,        

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00001 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сум Эрүүл мэндийн төвд холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулан, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхсаруулын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жигжсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхсаруул, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд сантехникчээр 2006.05-р сараас 10 дахь жилдээ тогтвор суурьшилтай ажиллаж байна. Гэтэл 2015.11.02-ны өдөр таны ажлын байрыг цомхтгож шинээр нийгмийн ажилтны орон тоог бий болгон ажиллуулах боллоо гэж мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл 2015.11.24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, эрүүл мэндийн төвийн сантехникийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.Ажлаас чөлөөлөх үндэслэл болгохдоо эрүүл мэндийн төвийн сантехникийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40.1.1, 42.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэн ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие тус байгууллагад сантехникчээр ажилладаг боловч мужаан, цахилгаанчны ажлыг давхар эрхэлж, ямар нэгэн сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргалгүй үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Эрүүл мэндийн төвийн дарга дуудаж хуудас өгөхдөө таны ажлын байр манайд шаардлага байхгүй боллоо. Манайх нийгмийн ажилтан авч ажиллуулах болсон гэж хэлсэн.Аймгийн эрүүл мэндийн газрын дарга Мөнх-Од ирж эмнэлгийн ажилтнуудтай ирж уулзахдаа байгууллагад нийгмийн ажилтан шаардлагатай байгаа бол сантехникчийн орон тоог хасах нь зөв гэсэн утгатай зүйл хэлээд явсан. Үүнээс хойш ажлаас халах тушаал шийдвэр гаргасан. Миний ажлын орон тоог үндэслэлгүйгээр хасч нийгмийн ажилтны орон тоог шинээр бий болгож, өөр хүн ажилд авч эрхийг минь ноцтой зөрчсөнд гомдолтой байна.Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учир Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн томилж, 2015.11.24-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Шивээговь сумын Эрүүл мэндийн дарга Т.Энхсаруул миний бие сантехникчээр ажиллаж байсан Д.Сайнхүүг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2012.12.19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор баталсан “Сум тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт”-д заасан А хавсралтыг баримталж ажлаас чөлөөлсөн. Гэхдээ дээд шатны байгууллага буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од нь стандартад заагдсан орон тоогоор ажиллах үүрэг даалгавар өгсний дагуу 2015.01.23-ны өдөр удирдлагын багийн хурал хийж, дараа өдөр нь сантехникч Д.Сайнхүүг дуудаж, үндсэн цалингаар цалинжуулж гэрээт ажилтан болгох санал тавьсан боловч зөвшөөрөөгүй.Эрүүл мэндийн төвийн барилга нь 2015.05 дугаар сард Япон улсын “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барилгын их засвар, гадна тохижилтын ажил, 2015.09 дүгээр сард Орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар шугам хоолойн шинэчлэл засвар хийгдсэн тул сантехникч Д.Сайнхүүд өдөр тутам хийгдэх ажил байдаггүй тул сумын хэмжээнд өвчлөлийг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болох сургалт сурталчилгаа, судалгаа, олон нийтийн ажлыг тогтмолжуулах сайжруулах зорилгоор стандартад батлагдсан Нийгмийн Эрүүл мэндийн ажилтан ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. 2015.11.24-ний өдрийн Б/16 тоот тушаалаар Д.Сайнхүүг 2015.12.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, 11 дүгээр сарын цалинг ажлын 20 хоногоор бодож, ажилласан хугацааны ээлжийн амралт, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 1 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тус тус бодож олгосон. 2015.11 дүгээр сарын цалин олгохын тулд 11 сарын 24-нд хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Сайнхүүгийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Сайнхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00001 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2016/00060 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Харчин овогт Дулмаагийн Сайнхүү /РД: ZK 69073117/-г Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 102 өдрийн олговорт 2 985 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сайнхүүд олгосугай” гэж, 3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 132 915 төгрөгийг хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчилж, энэхүү 4, 5 дахь заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Стандарчлалын үндэсний зөвлөлийн 63 дугаар тогтоолоор “Сум тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт” MNS5081:2013 батлагдсан болно. NS5081:2013 стандартын А хавсралтанд сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн хүний нөөцийн доод хязгаарыг тогтоосон бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүд ажилтан авахдаа уг стандартын дагуу орон тоогоо баталдаг болсон юм.2014 оноос эхлэн MNS5081:2013 стандартын А хавсралтанд заагдсан орон тоогоор ажиллах удирдамжийг Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд өгөх болсон. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2015.1.05-ны өдрийн А/01 “эрүүл мэндийн төвийн бүтэц, орон тоо, эмнэлгийн орны дээд хязгаарыг батлах тухай” тушаал гарсан. MNS5081:2013 стандартын А хавсралтанд стандартанд дурдагдаагүй бусад мэргэжлийн шаардлагатай орон тоог тухайн эмнэлгийн онцлогоос шалтгаалж нэмэгдүүлэн ажиллаж болно гэж заасан болохоор 2015.01.23-ны өдөр Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн удирдах зөвлөл хуралдаж, Д.Сайнхүүг гэрээт ажилтан болгох санал тавьсан боловч өөрөө огт хүлээж аваагүй юм. Шивээговь сумын Эрүүл мэндийн барилга 2015 оны 5 дугаар сард Япон улсын “Өвсний үндэс” төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр барилгын их засвар, 2015 оны 9 дүгээр сард орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шугам хоолойн шинэчлэл засвар хийгдсэн болохоор тус Эрүүл мэндийн төвд сантехникчийн шаардлага байхгүй болсон.Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од MNS5081:2013 стандартын А хавсралтанд заагдсан орон тоогоор ажиллахыг 2015 оны дунд үеэс байнга үүрэг болгох болсон. Үүний дагуу MNS5081:2013 стандартын А хавсралтанд заагдсан үндэслэлээр сантехникийн слесарь Д.Сайнхүүг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн болно.Давж заалдах шатны шүүхээс MNS5081:2013 стандартын А хавсралтанд ямар нэг дүгнэлт өгөөгүй бөгөөд магадлалын үндэслэх хэсэгт яагаад үнэлээгүй болохоо огт дурдаагүй болно. Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн 2015 оны төсөвт үйлчлэх ажилтны орон тоог 6 гэж баталсан боловч тухайн байгууллага өөрийн дотоод зохион байгуулалт, төсвийн хүрээнд хичнээн үйлчлэх ажилтан авч ажиллуулах нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт эрхийн асуудал болно. MNS5081:2013 стандартаар үйлчлэх ажилтны орон тоонд сантехникийн слесарийн орон тоо огт байхгүй болно. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан болох нь харагдаж байна.Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гээд хичнээн хугацааны хэдэн төгрөгийн цалин нэхэмжилж буй талаар огт дурдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнэ тодорхой байх ёстой тодорхой биш бол нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар татгалзах, 170 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх Д.Сайнхүүгийн гаргасан нэхэмжлэлд ямар ч үнэ дурдагдаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байхад эрхээ хэтрүүлж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 102 өдрийн олговорт 2 985 326 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Сайнхүүд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.Мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэн цалин олгосон үндэслэлээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг барьж Шивээговь сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 132 915 төгрөг гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно.Иймд дээрхи байдлуудад үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 216/MA2016/00001 дүгээр магадлалыг шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 134/ШШ2016/00060 дугаар шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:         

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Д.Сайнхүү ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн сантехникчийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Шивээговь сумын Эрүүл мэндийн төв нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй ба сантехникчийн орон тоо MNS5081:2013 стандартын дагуу сум, тосгоны эрүүл мэндийн төвд байхгүй гэж тайлбарлажээ.

MNS5081:2013 стандарт нь Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан ба 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдсөн байна. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг стандартыг үндэслэн цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.5.-д заасан шаардлагыг баримтлах учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй. Харин энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байна.

Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дээрх стандартыг баримталсан гэж тайлбарласан боловч тушаалдаа энэ талаар заагаагүйгээс гадна уг стандартын А хавсралтын 30, 31-д ажлын шаардлагаар, эмнэлгийн онцлогоос хамааран орон тоог нэмж ажиллуулж болох талаар заасан байна. Нөгөө талаар, хариуцагч Эрүүл мэндийн төвийн 2014, 2015 оны төсөвт 6 үйлчлэх ажилтан батлагдсаныг давж заалдах шатны шүүх орон тоо цөөрүүлээгүй гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэх байдал тогтоогдоогүй нөхцөлд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.Сайнхүүг ажлаас чөлөөлөх тухай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдэл хэрэгт авагджээ. Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн даргын тушаал 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан шаардлагыг зөрчсөн байна. Уг тушаалд хөдөлмөрийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цуцлах талаар заасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох ёстой ба нэхэмжлэгч Д.Сайнхүү ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах шаардлага гаргасан тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх 102 өдрөөр тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3.-т төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин төсвийн байгууллагад холбогдох нэхэмжлэлийг шүүх хангаж буй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар  хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх үүрэгтэй болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 216/МА2016/00001 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН