Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0280/З |
Дугаар | 221/МА2017/0628 |
Огноо | 2017-08-31 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2017/0628
2017 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 221/МА2017/0628 | Улаанбаатар хот |
Р.Э, Б.М нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цолмонжаргал нарыг оролцуулан, Р.Э, Б.М нарын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э, Б.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э, Б.М нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-аар хангахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Э-д ажилгүй байсан хугацааны олговор болох 14,567,668 /арван дөрвөн сая таван зуун жаран долоон мянга зургаан зуун жаран найм/, Б.Мд 12,817,768 /арван хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран найм/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Р.Э, Б.М нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчаас Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга оролцож байсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1/8680 тоот албан бичгээр мэдэгдсэн үеэс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар оролцсон.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу өөрчлөн байгуулагдсан ба шүүхийн дээрх албан бичиг ирэхээс өмнө буюу 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан хаагчдыг томилсон байсан.
Ингэхдээ Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөний улмаас татан буугдсан Аж үйлдвэрийн яамнаас шилжин ирсэн албан хаагчдыг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь Авилгатай тэмцэх газарт хүргүүлж хянуулсны үндсэн дээр өмнө нь эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хадгалагдсан албан тушаалд нь үргэлжлүүлэн томилуулж ажиллуулсан.
Эдгээр албан хаагчдыг томилох үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар хариуцагчийн эрх залгамжлагч /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга/ мэдээгүй байсан ба энэ талаар шүүх хурал дээр хэлж байсан болно.
Түүнчлэн яамны албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг боловсруулж байгаа талаар мөн шүүх хуралдаанд хэлж байсан ба нийт албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 701 дугаартай шийдвэрийг гаргасан.
Гэтэл Б.М нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажилд орох хүсэлтийн хамт өөрийн хувийн хэргээ авч ирсэн ба тэрээр “нийгмийн ажилтан” мэргэжилтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, өмнө нь Хөдөлмөрийн яаманд туршилтын хугацаанд томилогдон ажиллаж байгаад Аж үйлдвэрийн яаманд шилжсэн байсан.
Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тус яаманд шинээр сул орон тоо гармагц нэхэмжлэгч Б.М-ийг томилохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авилгатай тэмцэх газарт хүргүүлж хянуулсан.
Гэтэл Авилгатай тэмцэх газрын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05/2238 тоот албан бичгээр Б.М нь ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй байх тул Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн томилохыг анхааруулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны аль ч албан тушаалд нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн ажиллах боломжгүй ба мэргэжлийн шаардлага хангахгүй хүнийг Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хууль журамд нийцүүлэн тус яамны ямар нэгэн албан тушаалд томилох боломжгүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 701 дугаартай шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хянан хэлэлцээд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 701 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосон.
Мөн шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулж, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0459 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 13-т Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлыг тодорхойлсон ба Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3-т заасны дагуу яам нь Засгийн газрын гишүүн Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Иймд тус яаманд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлийн мэргэжилтэй албан хаагчид ажиллах шаардлагатай.
Мөн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор нэгэнт батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг нэг хүнд зориулан өөрчлөх боломжгүй тул Б.Мийг Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журамд нийцүүлэн ямар нэгэн албан тушаалд томилох боломжгүй юм.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 6-д “Туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж, цаашид төрийн жинхэнэ албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан төрийн албан хаагчийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төрийн албан хаагчийн тангараг өргүүлж, төрийн жинхэнэ албан хаагч болгоно” гэж заасан.
Гэтэл Б.М нь Хөдөлмөрийн яаманд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан ба төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч Б.М-д холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргаснаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.М нь “Б.М-ийн ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын байраар хангахыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.М нь төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж заасан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг төрийн жинхэнэ албан тушаалыг байнга эрхэлснээр эдлэх учиртай байна. Гэтэл нэхэмжлэгч Б.М нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/23 дугаар тушаалаар Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газарт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр 3 сарын туршилтын хугацаагаар томилогдсон байх бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албанд томилогдоогүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг 27.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэж төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг тодорхойлсон байна. Б.М-ийн ажиллаж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хэлтсийн Судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага нь “боловсролын бакалаврын зэрэгтэй байх”, мэргэжлийн хувьд “эдийн засагч, нийгмийн ажилтан, бусад”, туршлага “төрийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх[1]” ерөнхий шаардлага тавигдаж байсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албан тушаалууд нь мэргэжил, мэргэшлийн хувьд “бизнесийн удирдлага, бараа судлал, менежмент, бизнесийн удирдлага, эдийн засагч, нягтлан бодогч, эрх зүйч, инженер” зэрэг мэргэжилтэй байхыг шаардаж байхад шүүх “... хариуцагчаас Б.М-ийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын байрны шаардлагыг хангахгүй байна гэж үзвэл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг арилгасны үндсэн дээр дахин шийдвэрлэх боломжтой” хэмээн дүгнэж, нэхэмжлэгч Б.М “нийгмийн ажилтан” мэргэжилтэй бөгөөд томилуулахаар даалгаж буй албан тушаалыг эрхлэх мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангахгүй байхад мэргэжил, мэргэшлийн дагуу ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан нь буруу байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Э-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын /хуучин нэрээр/ эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.Э-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжил, мэргэшлийн дагуу, ажлын байр /албан тушаал/-аар хангахыг Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эрх залгамжлагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэгч Б.М-ийн “Б.М-ийг ажлын байраар хангахгүй байгаа Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын Жижиг дунд үйлдвэрийн судалгаа, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн /ТЗ-7/-ий албан тушаалтай дүйцэхүйц ажлын хангахыг даалгуулах, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “Б.М-д 12,817,768 /арван хоёр сая найман зуун арван долоон мянга долоон зуун жаран найман/” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ