Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0219/З |
Дугаар | 467 |
Огноо | 2018-11-21 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 467
“М д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт
малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал
Нэхэмжлэлийн шаардлага: Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий “М д” ХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МҮ-14506А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0493 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Л.П, түүний өмгөөлөгч А.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ы гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг тус тус баримтлан “М д” ХХК-ийн гаргасан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий “М д” ХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МҮ-14506А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаагийн гомдлоор хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0493 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.1.3” гэснийг “4.1.13”, “14 дүгээр зүйлийн 14.4” гэснийг “12 дугаар зүйлийн 12.1.4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт. “...Төв аймгийн 3аамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч уг тогтоолд холбогдуулж эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, хариуцагч дээрх тогтоолыг хүчингүй болгож өөрчлөх эрхгүй юм” гэж дүгнэсэн.
4. Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай гэж үзэхдээ тус тусгай зөвшөөрөл үнэхээр бүхэлдээ хамаарч байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу булангийн цэг координаттай хэрхэн давхцаж байгааг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй, зөвхөн хариуцагч байгууллагын гаргаж өгсөн тойм зураг, албан бичиг зэргийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
5. Хэрэв бүхэлдээ тусгай хэрэгцээнд авсан бол нэг өөр ойлголт, харин бүхэлд нь аваагүй хэсэгчилсэн байдлаар авсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т зааснаар “давуу эрх” эдлэх, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан “тэргүүн ээлжид авах” эрхээ хэрэгжүүлэн тусгай зөвшөөрлөө хэсэгчилсэн байдлаар сэргээх боломжтой байхад нэхэмжлэгчийн субъектив эрхийг хязгаарласан.
6. Хариуцагчаас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7/4238 дугаар “хүсэлт өгөөгүй” гэсэн албан бичгийг шууд үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
7. Өргөдөл бүртгэлийн дэвтэр, холбогдох бусад баримтыг цуглуулах ажиллагааг шүүхээс зохих журмын дагуу хийгээгүй, хэрэгт энэ талаар баримт цуглаагүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг буруугаар хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна.
8. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 376 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 493 дугаар магадлалыг хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.
10. Анхан шатны шүүх хариуцагчийн маргаж буй “...орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайн хувьд тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй” гэх үндэслэл, уг үндэслэлд холбогдох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогдох нөхцөл байдал нь эргэлзээтэй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.
11. Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор“ 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот тогтоолыг шинэчлэн хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад нийт 244672,4 га газар нутгийг эргэн тойрон хилийн цэсээр нэгдүгээр хавсралтаар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авах”-аар шийдвэрлэсэн ба уг тогтоолыг кадастрын бүртгэлийн системд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн тухай баримт хэрэгт байна. Мөн энэ тогтоолд дурдагдсан Заамар сумын ИТХ-ын 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Тусгай хамгаалалттай газрын тухай” 01 дүгээр тогтоолыг Кадастрын хэлтэс нь 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн нь ирсэн бичгийн бүртгэлийн картад тэмдэглэгджээ.
12. Дээрх тогтоолуудын агуулгаас үзвэл, тус суманд ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газраас бусад газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, 2015 онд гаргасан тогтоолоор 2007 оны тогтоолд заагдсан газрыг үргэлжлүүлэн тусгай хамгаалалтад байлгахаар шийдвэрлэсэн гэж үзэхээр ба нэхэмжлэгч нь хуулиар хориглосон үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан 2012 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.
13. Эндээс үзвэл маргаан бүхий газар нь 2015 оны 01 дүгээр тогтоолын үйлчлэлд хамаарсан гэдэг нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан “тойм” зургийг үндэслэл болгож, тус газрыг 2015 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон, уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэрлэн заасан 24 цэг, үүний солбицлыг тодорхойлсон газруудын алинд нь хамаарч буй нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчжээ.
14. Давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл болоогүй байхад нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 0049 дүгээр шийдвэрийг иш татахдаа уг шийдвэрээс хойш батлан гаргаж, дагаж мөрдсөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг тусгаж, улмаар үүнийг дүгнэсэн мэтээр дурдаж бичсэн нь зөрчилтэй байна.
15. Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ы хяналтын журмаар гаргасан “нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүхээс зохих журмын дагуу хийгээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан” гэх агуулгатай гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0493 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ