Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 560

 

 

 

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З ХХК холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 912 627 559.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК нь З ХХК-тай  2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 370000067570 тоот зээлийн гэрээг байгуулж 860 000 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 370000079052 тоот Шугамын зээлийн гэрээ байгуулж 100 000 000 төгрөг, нийт 960 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 66, 67, 110, 111 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 4, 17 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан. Хариуцагч З ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 110 тоот хаягт байрлах Хишиг супермаркет, Кафе-79 кафег эрхлэн ажиллуулж байхдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 66, 67 тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч олон үндэстний хоолны газар ажиллуулах, нэмэлт засвар тохижилт хийх, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил худалдан авах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, улмаар бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлүүдээ нэгтгэх зориулалтаар Т ХХК-иас  зээл авсан байдаг. Хариуцагч нь 370000067570 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 439 912 163 төгрөг хүүнд үндсэн зээлд 166 779 284 төгрөг, үндсэн хүүнд 271 899 943 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 233 733 төгрөгийг төлсөн. Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлд 24 286 506 төгрөгийг төлсөн. Барьцаа хөрөнгүүдээс 2 үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлсэн. Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 370000067570 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчиж, огт төлөлт хийхгүй байсан бөгөөд Төрийн банкны зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийсэн бөгөөд улмаар дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үндсэн зээл 75 036 641 төгрөг, үндсэн хүү 109 584 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 744 314 төгрөг, нийт 185 365 870 төгрөгийг төлүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл 26 300 000 төгрөг, үндсэн хүү 29 109 554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424 468 төгрөг, нийт 55 834 023 төгрөгийг төлүүлсэн. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан хууль, гэрээний заалтууд нь өөрийгөө үгүйсгэсэн шинжтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч тал тайлбараа өөрөө нотлох ёстой. Т ХХК нь Монгол банкнаас батлагдсан тусгай зөвшөөрлийн хүрээнд нийтэд зарласан хүү, нэмэгдүүлсэн хүү бүх зүйлийг санал болгож зээлдэгч нь өөрийн хүсэлтийг гарган, харилцан тохиролцож хийсэн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлийн гэрээний үүргийг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт үндсэн зээлд 7 000 000 төгрөг, зээлийн хүүнд 16 000 000 төгрөг, нийт 24 000 000 төгрөгийг тогтмол төлөхөөр гэрээг байгуулсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлээ төлөхдөө дутуу төлж эхэлсэн. Төлөлтийг харвал Т ХХК нь эхлээд үндсэн зээлээс хассан байгаа нь харагдаж байна. Г.Х нь биеийн эрүүл мэндийн байдлыг сүүлд ярьж эхэлсэн. Зээл авснаас хойш хэдхэн сарын дараа зээл төлөгдөхөө больсон. Хариуцагч талаас хүүг багасгаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Монгол банкны журамд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сайн зээлдэгчид ямар хүсэлт гаргасан түүнийг нь хорооны хурлаар хэлэлцүүлдэг. Энэ талаар Г.Хандсүрэнд мэдэгдэж эхлээд зөрчлөө арилгахыг хүссэн. Энэ хооронд үл хөдлөх эд хөрөнгийг зарж зээлийн гэрээ болон түүний хавсралтад заасан хуваарийн дагуу зөрчигдсөн үүргийг гүйцэтгүүлсэн. Үнэлгээг талууд харилцан тохиролцсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд маргахгүй. З ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалт хийж улмаар бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Т ХХК-д зээл хүсэх хүсэлт гаргаж, гэрээ байгуулах саналаа тавьсан. Зээлийн хүүг 1,9 хувиар тооцож 860 000 000 төгрөгийн зээл олгооч гэсэн хүсэлтийг хариуцагч талын зүгээс санал болгосон. Т ХХК нь бидний хүсэлтийг хүлээн авч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээ байгуулан 860 000 000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр уг зээлийг олгосон. Уг зээлийн гэрээг байгуулахдаа хэдийгээр талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан ч Иргэний хуульд зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй харилцан тохиролцож тухайн гэрээг байгуулахаар зохицуулагдах зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл зээл олгогчийн зүгээс өөр бусад зээл болгонд нэгэн адил ашиглагддаг нэг загварын буюу стандарт гэрээний үндсэн дээр байгуулсан бөгөөд талууд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, төлбөр төлөх графикийг харилцан тохиролцож байгуулах гэрээний нөхцөл нь өөрөө зөрчилтэй байгуулагдсан. Гэтэл манай компани нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл хүүгийн хамт 439 912 163 төгрөгийн төлөлт хийсэн. Гэтэл Т ХХК нь үндсэн зээлд 166 779 284 төгрөг, үндсэн хүү 271 898 943 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 233 733 төгрөг гэж тооцож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Манай компанид илт хохиролтойгоор хүү тооцоолол бодогдож байна. Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 370000079052 тоот шугаман зээлийн гэрээг байгуулж 100 000 000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан. Үүнээс манай компани 24 286 506 төгрөгийг үндсэн зээл болон хүүгийн хамт шилжүүлсэн. Гэтэл Т ХХК нь үндсэн зээлээс огт хасалт хийлгүй үндсэн хүүд тооцож бодолт хийсэнд нь гомдолтой байна. З ХХК-ийн ерөнхий захирал Г.Х нь төрийн банкны эрх хүлээн авагчтай удаа дараа уулзалт болон хүсэлтдээ бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн биеийн байдал муудаж хүнд өвчнөөр өвчилсөн талаар дурьдаж зээлийн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар саналыг удаа дараа хүссэн боловч нэхэмжлэгчийн зүгээс огт хэлэлцэн авч шийдвэрлээгүй. Мөн 2 үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож худалдан борлуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 185 365 870 төгрөгөөр 76,94 м.кв 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Гэтэл Т ХХК хүү тооцооллын хүснэгтийн дагуу үндсэн зээлээс 75 036 641 төгрөг, үндсэн хүүнд 109 584 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 744 314 төгрөгийг тус тус хасаж тооцсон. Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд 55 834 023 төгрөгөөр худалдсан бөгөөд үүнээс үндсэн зээлд 26 300 000 төгрөг үндсэн хүүнд 29 109 554 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 424 468 төгрөгийг тус тус хасаж тооцсон нь хариуцагч талд илт хохиролтой байна. Хариуцагч талын зүгээс гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхдөө үндсэн зээлийн төлбөрт суутган төлөгдөнө гэж тооцоод үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан. Иймд төлөгдсөн төлбөрүүдээс дийлэнх хэсгийг үндсэн зээлээс хасаж, хүүг бууруулан тооцож нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Манай компанийн зүгээс бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор зээл авч, зээлүүдийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн графикт заасны дагуу төлж байсан. Бидний зүгээс өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний дагуу үндсэн 439 912 163 төгрөгийг төлсөн. Т ХХК нь үндсэн зээлд 166 779 284 төгрөг, үндсэн хүү 271 898 943 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 233 733 төгрөгийг тооцож суутгасан. Үүнийг нь эс зөвшөөрч хариуцагч тал уулзсан уулзалт бүр дээр илэрхийлж, эрүүл мэнд болоод санхүүгийн хямралын шалтгаанаас болж зээлийн эргэн төлөлтийг цаг тухай бүрд нь хийж чадахгүй байгаа талаар мэдэгдэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоож өгөх талаар хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг буюу зээлдэгч хэдийд ч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрөөс эхэлж суутгах, улмаар үндсэн зээлийн төлбөр төлөгдөхгүй үлдэх, үл багасах зарчмыг тогтоох эрхтэй гэх зохицуулалтыг удирдлага болгожээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий шинжүүдийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь зээлдүүлэгч буюу Т ХХК-аас зээл хүсэгч иргэдэд санал болгосон, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, зээлдэгч иргэдтэй нэг ижил нөхцөл, журмаар байгуулагддаг нь байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэх шинжүүдийг агуулж гэрээний заалтуудыг ашигласан. Хууль тогтоох байгууллагын зүгээс стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх шинжийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт тусгайлан заасан. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний зорилго нь нэгдүгээрт, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5, 2.1.7-д заасан нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэх зохицуулалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улмаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцсон 1 233 935 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасуулах, хоёрдугаарт, зүгээс удаа дараа уулзалт зохион байгуулах, зээлийг төлөх тухай мэдэгдэл хүргүүлдэг ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.7, 2.2.5 дахь хэсгийг үндэслэн зээлдэгчийн зүгээс төлсөн зээлийн төлбөрийг зээлийн хүүнд суутган, үндсэн төлбөр хасагдахгүй байх үр дагаврыг бий болгодог. Хариуцагчийн зүгээс их хэмжээний өрийн дарамтад оруулж, нэгэнт эрсдэл бүхий нөхцөл бий болсон зээлийг түргэн шийдвэрлэхгүй юун түрүүнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган авч хариуцагч талыг өрөнд оруулсан. Иймд зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь хэсгийг хэсэгчлэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй уравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 960 000 000 төгрөгийн зээл авсан. Төлөгдсөн мөнгөн дүнг бодож үзвэл 439 912 163 төгрөг, шугаман зээлийн гэрээнд 24 286 506 төгрөг, нийт 463 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл хариуцагч талд 960 000 000 төгрөгийн зээл олгоод 912 017 731 төгрөгийг нэхэж байгаа нь хариуцагч талд илтэд хохиролтой, нэхэмжлэгч тал ашгаа хэт дээгүүр тавьсан үйл баримт харагдаж байна. Гуравдагч этгээд Г.Х нь Т ХХК-тай удаа дараа уулзалт хийсэн. Уулзалтын тэмдэглэл нь хэрэгт авагдсан. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүүг бууруулах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэтэл Т ХХК нь эрх бүхий удирдлагууддаа дамжуулж, цааш уламжлая гэж хэлдэг ч шийдэгдсэн зүйл байдаггүй. Эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо гэх хүсэлтийг удаа дараа тавьж байсныг нэхэмжлэгч тал анхаарч үзнэ үү. Г.Х нь үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан төлбөрийг үндсэн төлбөрөөс хасна гэж ойлгосон байсан. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 912 017 731 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Г.Хандсүрэнд зээл авах хэрэгцээ шаардлага байсан учраас Т ХХК-иас  зээл авсан. Зээл авч гарын үсэг зурсан гэдэгт маргахгүй. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь заалт 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээний 2.1.7, 2.2.5 дахь заалт нь стандарт нөхцөлийн шинжийг агуулж байна. Хариуцагч талаас стандарт нөхцөл байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Манай талаас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр байх хуулийн зохицуулалттай гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 912 547 559.34 төгрөг, нотариатын зардалд 80 000 төгрөг, нийт 912 627 559.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 66 тоот үйлчилгээний зориулалтай, 43,71 м.кв талбай /Ү-2203000994/,

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 67 тоот үйлчилгээний зориулалтай, 57,76 м.кв талбай /Ү-2203001728/,

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 110 тоот үйлчилгээний зориулалтай, 92,4 м.кв талбай /Ү-2203001583/,

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 111 тоот 1 өрөө орон сууц, 16 м.кв талбай /Ү-2203002748/ -тай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.2, 202.2.5-д зааснаар Т ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч З ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 791 287.8 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 791 287.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг буюу зээлдэгч ... хэдийд ч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрөөс эхэлж суутгах, улмаар үндсэн зээлийн төлбөр төлөгдөхгүй үлдэх, үл багасах зарчмыг тогтоох эрхтэй гэх зохицуулалтыг үндэслэл болгожээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий шинжүүдийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь зээлдүүлэгч буюу Т ХХК-аас зээл хүсэгч иргэдэд санал болгосон, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, зээлдэгч иргэдтэй нэг ижил нөхцөл, журмаар байгуулагддаг нь байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэх шинжүүдийг агуулж байгаа болно. Хууль тогтоох байгууллагын зүгээс стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх шинжийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгг тусгайлан заасан. Мөн зүйлийн 202.2.2-202.2.5-д заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол хүчин төгөлдөр бус юм. Хэрэв анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэг талын санаачлага буюу Т ХХК-аас санал болгож буй төлбөрийн нөхцөл болоод нэхэмжлэгчид ирүүлж байгаа удаа дараагийн мэдэгдэл нь хууль зүйн хувьд үр дагавар үүсгэхгүй байсан юм. Ингэснээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдаж зээлдэгч буюу З ХХК-ийн төлсөн зээлийн төлбөр нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах бүрэн боломжтой байсан. Мөн хариуцагч “Зониакс” ХХК-ийн зүгээс шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн үндсэн зээл болон хүү, нэхэгдүүлсэн хүү тооцсон графикт хөндлөнгийн мэргэжлийн байгуулагаар судлуулахаар шинжээч томилох тухай хүсэлт гаргасаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 912 627 559.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 3700000670 тоот зээлийн гэрээний 2.1.5, 2.1.7 дах хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэлийг дэмжиж уг шүүх хуралд оролцсон юм. Анхан шатны шүүхээс уг үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5, 2.2.7-д заалт буюу зээлдэгч ... хэдийд ч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрөөс эхэлж суутгах, улмаар үндсэн зээлийн төлбөр төлөгдөхгүй үлдэх, үл багасах зарчмыг тогтоох эрхтэй гэх зохицуулалтыг үндэслэл болгожээ. Гэвч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий шинжүүдийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь зээлдүүлэгч буюу Т ХХК-иас  зээл хүсэгч иргэдэд санал болгосон, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, зээлдэгч иргэдтэй нэг ижил нөхцөл, журмаар байгуулагддаг нь байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэх шинжүүдийг агуулж байгаа болно. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-202.2.25-д заасан нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол хүчин төгөлдөр бус юм. Хэрэв анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэг талын санаачилга буюу Т ХХК-иас  санал болгож буй төлбөрийн нөхцөл болоод нэхэмжлэгчид ирүүлж байгаа удаа дараагийн мэдэгдэл нь хууль зүйн хувьд үр дагавар үүсгэхгүй байсан. Ингэснээрээ нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдаж зээлдэгч буюу З ХХК-ийн төлсөн зээлийн төлбөр нь үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах боломж бүрдэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч З ХХК холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 912 627 559.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7-д хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5-д заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Т ХХК нь З ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 860 000 000 төгрөгийг, 5 жил буюу 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх, мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 100 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 4.8 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ. /хх-18-20, 24-26/

 

Нэхэмжлэгч Т ХХК нь зээлийн гэрээнүүдийн дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, хариуцагч З ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 439 912 163 төгрөгийг төлсөн, үндсэн зээл 693 220 715 төгрөг, зээлийн хүүнд 110 309 596 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 690 055 төгрөг, нийт 804 220 367 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн шугамын гэрээний үүрэгт 24 286 506 төгрөг төлсөн, үндсэн зээл 100 000 000 төгрөг, зээлийн хүү 8 327 191 төгрөг, нийт 108 327 191 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэх үйл баримтад талууд маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссан, мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн шугамын гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь үүргийн зөрчил гаргасан, нэмэлт хугацаа тогтоож уулзалт зохион байгуулсан нь үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлтэй, энэ нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З ХХК-аас 912 547 559 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, Т ХХК, З ХХК нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж, Г.Хандсүрэнгийн эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байрны 66 тоот үйлчилгээний зориулалтай, 43,71 м.кв талбай /Ү-2203000994/, 67 тоот үйлчилгээний зориулалтай, 57,76 м.кв талбай /Ү-2203001728/, 110 тоот үйлчилгээний зориулалтай, 92,4 м.кв талбай /Ү-2203001583/, 111 тоот 1 өрөө орон сууц, 16 м.кв талбай /Ү-2203002748/, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 байрны 17 тоот 1 өрөө орон сууц 17 м.кв талбай /Ү-2203008196/-тай үл хөдлөх эд хөрөнгө мөн Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 4 тоот үйлчилгээний зориулалтай, 76,92 м.кв талбай /Ү-2203002021/ бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх-21-23, 27-29, 30-32, 33-35, 36-38, 39-41, 42-44/

 

Мөн талууд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан ба дээрхи нэр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө дээр нэмж дэлгүүрийн болон шинээр авах тоног төхөөрөмж, барьцаалсан байна.

 

 Т ХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 байр, 17 тоот, 17м.кв талбай /Ү-2203008196/ бүхий 1 өрөө орон сууц, мөн хаягт байрших 2а байр, 4 тоот үйлчилгээний зориулалтай, 76,92 м.кв талбай /Ү-2203002021/ бүхий орон сууцыг талууд тохиролцож худалдан борлуулсан үнийг үндсэн зээлээс хасахаар тохиролцсон гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.6 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн зөрчилтэй холбоотой зээлдүүлэгч хохирол шаардах эрхтэй ба хохирлыг мөн хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлох юм. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахтай холбоотой бичмэл нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 80 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Сөрөг нэхэмжэллийн тухайд:

 

Хариуцагч З ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.2.1.7, 2.2.5 дахь заалт нь гэрээний стандарт нөхцөл зөрчсөн. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2, 202.2.5-д заасан стандарт нөхцөл зөрчсөн байх тул гэрээний зарим зүйл, заалт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-д үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон, 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж, талуудын хоорондын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно, 2.2.7-д зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим, баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч, нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.1.7-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно, 2.2.5-д зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд коммитмент хүү, зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлана. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнө тус тус заажээ.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2, 202.2.5-д заасан зохицуулалт хамаарахгүй. Талуудын хоорондын гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасантай нийцэж байна.

 

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр, 4 тоот үйлчилгээний зориулалтай, 76,92 м.кв талбай /Ү-2203002021/ бүхий орон сууцыг худалдан борлуулж, үндсэн зээл 75 036 641 төгрөг, үндсэн хүү 109 584 913 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 744 314 төгрөг нийт 185 365 870 төгрөг,

мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 байр, 17 тоот, 17м.кв талбай /Ү-2203008196/ бүхий 1 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үндсэн зээл 26 300 000 төгрөг, үндсэн хүү 29 109 554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424 468 төгрөг, нийт 55 834 023 төгрөгт тооцон тус тус зээлийн гэрээний үүргээс хасч тооцохоор тохиролцож төлсөн байна.

 

Хариуцагч З ХХК болон гуравдагч этгээд Г.Х нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасагдах бүрэн боломжтой байхад хасахгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх боловч энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг , эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн дарааллын дагуу тооцож төлбөрт суутгасан нь үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Т ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот шугаман зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч З ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/00171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ