Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2020/00171

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

   Нэхэмжлэгч: Т Б  ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: З  ХХК -д холбогдох

 

Гуравдагч этгээд: Г.Х

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 912,627,559.34 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах  тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Т Б  ХХК нь З  ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 370000067570 тоот зээлийн гэрээг байгуулж 860,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 370000079052 тоот Шугамын зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг, нийт 960,000,000 төгрөгийн зээлийг олгосон. Зээлийн гэрээний барьцаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 А байрны  66, 67, 110, 111 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 4, 17 тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан.

Хариуцагч З  ХХК нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 110 тоот хаягт байрлах “Хишиг” супермаркет, “Кафе-79” кафег эрхлэн ажиллуулж байхдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр 66, 67 тоот хаягт байрлах 108 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө худалдан авч олон үндэстний хоолны газар ажиллуулах, нэмэлт засвар тохижилт хийх, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил худалдан авах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, улмаар бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлүүдээ нэгтгэх зориулалтаар Т Б  ХХК-иас зээл авсан байдаг.

Хариуцагч нь 370000067570 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 439,912,163 төгрөг /үүнд үндсэн зээлд 166,779,284, үндсэн хүүнд 271,899,943 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,233,733 төгрөг/-ийг төлсөн. Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,286,506 төгрөгийг төлсөн. Барьцаа хөрөнгүүдээс 2 үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдан борлуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлсэн.

Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 370000067570 дугаартай зээлийн гэрээний үүргийг зөрчиж, огт төлөлт хийхгүй байсан бөгөөд Т Б ны зүгээс удаа дараа мэдэгдэл хүргүүлж, уулзалт хийсэн бөгөөд улмаар дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үндсэн зээл 75,036,641 төгрөг, үндсэн хүү 109,584,913 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 744,314 төгрөг, нийт 185,365,870 төгрөгийг төлүүлсэн.

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээл 26,300,000 төгрөг, үндсэн хүү 29,109,554 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424,468 төгрөг, нийт 55,834,023 төгрөгийг төлүүлсэн.

Хариуцагч З  ХХК нь Т Б  ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангахгүй, удаа дараа зөрчиж байгаагаас үүдэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсаар байгаа тул хариуцагч З  ХХК-иас зээлийн гэрээнүүдийн дагуу нийт үлдэгдэл 912,627,559 төгрөгийг гаргуулж, Т Б  ХХК-д олгуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан хууль, гэрээний заалтууд нь өөрийгөө үгүйсгэсэн шинжтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч тал тайлбараа өөрөө нотлох ёстой. Нэхэмжэлийн шаардлага маань зээлийн үйл ажиллагаатай холбоотой тухай хуулиар зохицуулагдана. Т Б  ХХК нь Монгол банкнаас батлагдсан тусгай зөвшөөрлийн хүрээнд нийтэд зарласан хүү, нэмэгдүүлсэн хүү бүх зүйлийг санал болгож зээлдэгч нь өөрийн хүсэлтийг гарган, харилцан тохиролцож хийсэн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 451 дүгээр зүйлийн  451.1-т зээлийн гэрээний үүргийг тодорхой зааж өгсөн. 451.2-т гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 453.1-т хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Манай банкнаас гаргаж өгсөн зээл хүүний тооцооллыг анхаарч үзэхийг хүсэж байна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт үндсэн зээлд 7,000,000 төгрөг, зээлийн хүүнд 16,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг тогтмол төлөхөөр гэрээг байгуулсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлээ төлөхдөө дутуу төлж эхэлсэн. Төлөлтийг харвал Т Б  ХХК нь эхлээд үндсэн зээлээс хассан байгаа нь харагдаж байна.

Г.Х  нь биеийн эрүүл мэндийн байдлыг сүүлд ярьж эхэлсэн. Зээл авснаас хойш хэдхэн сарын дараа зээл төлөгдөхөө больсон. Хариуцагч талаас хүүг багасгаж өгөөч гэж хүсэлт гаргасан. Монгол банкны журамд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сайн зээлдэгчид ямар хүсэлт гаргасан түүнийг нь хорооны хурлаар хэлэлцүүлээд явдаг. Энэ талаар Г.Х д мэдэгдэж эхлээд зөрчлөө арилгахыг хүссэн. Энэ хооронд үл хөдлөх эд хөрөнгийг зарж зээлийн гэрээ болон түүний хавсралтад заасан хуваарийн дагуу зөрчигдсөн үүргийг гүйцэтгүүлсэн. Үнэлгээг талууд харилцан тохиролцсон.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд маргахгүй байгаа.

З  ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалт хийж улмаар бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Т Б  ХХК-д зээл хүсэх хүсэлт гаргаж, гэрээ байгуулах саналаа тавьсан. Зээлийн хүүг 1,9 хувиар тооцож 860,000,000 төгрөгийн зээл олгооч гэсэн хүсэлтийг хариуцагч талын зүгээс санал болгосон.

Т Б  ХХК нь бидний хүсэлтийг хүлээн авч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээ байгуулан 860,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр уг зээлийг олгосон. Уг зээлийн гэрээг байгуулахдаа хэдийгээр талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан ч Иргэний хуульд зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй харилцан тохиролцож тухайн гэрээг байгуулахаар зохицуулагдах зарчим хэрэгжээгүй гэж үзэж байна.

Өөрөө хэлбэл зээл олгогчийн зүгээс өөр бусад зээл болгонд нэгэн адил ашиглагддаг нэг загварын буюу стандарт гэрээний үндсэн дээр байгуулсан бөгөөд талууд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, төлбөр төлөх графикийг харилцан тохиролцож байгуулах гэрээний нөхцөл нь өөрөө зөрчилтэй байгуулагдсан. Тухайн үед З  ХХК нь санхүүгийн херөнгө оруулалт авч бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой тул гэрээнд гарын үсэг зурж, зээлийн гэрээг байгуулсан.

Гэтэл манай компани нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл хүүгийн хамт 439,912,163 төгрөгийн төлөлт хийсэн. Гэтэл Т Б  ХХК нь үндсэн зээлд 166.779.284 төгрөг, үндсэн хүү 271,898,943 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,233,733 төгрөг гэж тооцож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Манай компанид илт хохиролтойгоор хүү тооцоолол бодогдож байна. Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлсэн учраас сөрөг нэхэмжлэл гаргасан.

Мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 370000079052 тоот шугаман зээлийн гэрээг байгуулж 100.000.000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан. Зээл авсан тал маргаан байхгүй.

Үүнээс манай компани 24,286,506 төгрөгийг үндсэн зээл болон хүүгийн хамт шилжүүлсэн гэтэл Т Б  ХХК нь үндсэн зээлээс огт хасалт хийлгүй үндсэн хүүд тооцож бодолт хийсэнд нь гомдолтой байна.

З  ХХК-ийн ерөнхий захирал Г.Х  нь Т Б ны эрх хүлээн авагчтай удаа дараа уулзалт болон хүсэлтдээ бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн биеийн байдал муудаж хүнд өвчнөөр өвчилсөн талаар дурьдаж зээлийн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн хүүг зогсоох талаар саналыг удаа дараа хүссэн боловч нэхэмжлэгчийн зүгээс огт хэлэлцэн авч шийдвэрлээгүй.

Мөн 2 үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцож худалдан борлуулсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 185,365,870 төгрөгөөр 76,94 м.кв 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан. Гэтэл Т Б  ХХК хүү тооцооллын хүснэгтийн дагуу үндсэн зээлээс 75,036,641 төгрөг, үндсэн хүүнд 109,584,913 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 744,314 төгрөгийг тус тус хасаж тооцсон.

 Мөн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд 55,834,023 төгрөгөөр худалдаалсан бөгөөд үүнээс үндсэн зээлд 26,300,000 төгрөг үндсэн хүүнд 29,109,554 төгрөг нэмэгдүүлсэн хүүнд 424,468 төгрөгийг тус тус хасаж тооцсон нь хариуцагч талд илт хохиролтой байна.

Хариуцагч талын зүгээс Т Б  ХХК-ийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхдөө үндсэн зээлийн төлбөрт суутган төлөгдөнө гэж тооцоод үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан. Т Б  ХХК-ийн зүгээс илт хохиролтойгоор шийдсэнд хариуцагч талын зүгээс гомдолтой байна.

Иймд Т Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй З  ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний 804,220,367 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шугаман зээлийн гэрээний 108,327,191 төгрөг, нийт 912,547,559 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шударга ёсны зарчимд нийцүүлэхгүй байна гэж үзэж байгаа тул шүүх дээрх төлөгдсөн төлбөрүүдээс дийлэнх хэсгийг үндсэн зээлээс хасаж, хүүг бууруулан тооцож нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагч талын зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7, 2.2.5 дахь хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

З  ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хүнсний дэлгүүр, аялал жуулчлал, үсчин гоо сайхан, кофе шоп зэрэг бизнесийн үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл хугацаанд явуулж байна. Манай компанийн зүгээс бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилгоор Т Б  ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 860,000,000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 100,000,000 төгрөгийг авсан ба уг зээлүүдийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн графикт заасны дагуу төлж байсан.

Бидний зүгээс өнөөдрийн байдлаар дээрх 2 зээлийн гэрээний дагуу үндсэн 439,912,163 төгрөгийг төлсөн. Т Б  ХХК нь Т Б  ХХК нь үндсэн зээлд 166,779,284 төгрөг, үндсэн хүү 271,898,943 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,233,733 төгрөгийг тооцож суутгасан. Үүнийг нь эс зөвшөөрч хариуцагч тал уулзсан уулзалт бүр дээр илэрхийлж, эрүүл мэнд болоод санхүүгийн хямралын шалтгаанаас болж зээлийн эргэн төлөлтийг цаг тухай бүрд нь хийж чадахгүй байгаа талаар мэдэгдэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоож өгөх талаар хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч шийдвэрлэж өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

Т Б  ХХК-ийн зүгээс хариуцагчийн зүгээс төлсөн төлбөрийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутган авч буй үндэслэлээ тайлбарлахдаа 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д нэмэгдүүлсэн xүү зээлийн хүүгийн 20 хувь байна, 2.2.7-д зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ, мөн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7-д нэмэгдүүлсэн xүү зээлийн хүүгийн 20 хувь байна, 2.2.5-д зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд нэмэгдүүлсэн хүү,. зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлд суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй. хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ заасныг үндэслэн зээлийн төлбөрийг тооцсон гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 2.2.7 дахь хэсэг буюу зээлдэгч хэдийд ч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлбөрөөс эхэлж суутгах, улмаар үндсэн зээлийн төлбөр төлөгдөхгүй үлдэх, үл багасах зарчмыг тогтоох эрхтэй гэх зохицуулалтыг удирдлага болгожээ.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 1-т заасан стандарт нөхцөл бүхий шинжүүдийг бүрэн агуулж байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь зээлдүүлэгч буюу Т Б  ХХК-иас зээл хүсэгч иргэдэд санал болгосон, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, зээлдэгч иргэдтэй нэг ижил нөхцөл, журмаар байгуулагддаг нь байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон гэх шинжүүдийг агуулж гэрээний заалтуудыг ашигласан.

Хууль тогтоох байгууллагын зүгээс стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх шинжийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлан заасан. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний зорилго нь нэгдүгээрт, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.1.5, 2.1.7-д заасан нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна гэх зохицуулалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улмаар нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцсон 1.233.935 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасуулах, хоёрдугаарт, Т Б  ХХК-ийн зүгээс удаа дараа уулзалт зохион байгуулах, зээлийг төлөх тухай мэдэгдэл хүргүүлдэг ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.7, 2.2.5 дахь хэсгийг үндэслэн зээлдэгчийн зүгээс төлсөн зээлийн төлбөрийг зээлийн хүүнд суутган, үндсэн төлбөр хасагдахгүй байх үр дагаврыг бий болгодог.

Хариуцагчийн зүгээс их хэмжээний өрийн дарамтад оруулж, нэгэнт эрсдэл бүхий нөхцөл бий болсон зээлийг түргэн шийдвэрлэхгүй юун түрүүнд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг суутган авч хариуцагч талыг өрөнд оруулсан.

Иймд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.7, 2.2.5 дахь хэсгийг хэсэгчлэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

 

   Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 860,000,000 төгрөг, шугаман гэрээний дагуу 100,000,000 төгрөг авсан гэдэгт маргахгүй. Нийт 960,000,000 төгрөгийн зээл авсан. Төлөгдсөн мөнгөн дүнг бодож үзвэл 439,912,163 төгрөг, шугаман зээлийн гэрээнд 24,286,506 төгрөг, нийт 463,000,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл хариуцагч талд 960,000,000 төгрөгийн зээл олгоод 912,017,731 төгрөгийг нэхэж байгаа нь хариуцагч талд илтэд хохиролтой, нэхэмжлэгч тал ашгаа хэт дээгүүр тавьсан үйл баримт харагдаж байна.

Гуравдагч этгээд Г.Х  нь Т Б  ХХК-тай удаа дараа уулзалт хийсэн. Уулзалтын тэмдэглэл нь хэрэгт авагдсан байгаа. 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүүг бууруулах талаар боломж байна уу, зээлээ эргэн төлж чадахааргүй нөхцөл байдал үүсч, эрүүл мэндийн байдал муудаж, компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул хүүг бууруулах боломж байна уу? гэх хүсэлтийг удаа дараа амаар тавьж байсан.

Гэтэл Т Б  ХХК нь эрх бүхий удирдлагууддаа дамжуулж, цааш уламжлая гэж хэлдэг ч шийдэгдсэн зүйл байдаггүй. Эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо гэх хүсэлтийг удаа дараа тавьж байсныг нэхэмжлэгч тал анхаарч үзнэ үү. Г.Х  нь үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан төлбөрийг үндсэн төлбөрөөс хасна гэж ойлгосон байсан. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжилж буй 912,017,731 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэний хуулийн 200 дугаар зүйлд стандарт нөхцөл ямар байх талаар зааж өгсөн. Г.Х д зээл авах хэрэгцээ шаардлага байсан учраас Т Б  ХХК-иас зээл авсан. Зээл авч гарын үсэг зурсан гэдэгт маргахгүй байгаа.

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь заалт 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 2.1.7, 2.2.5 дахь заалт нь стандарт нөхцөлийн шинжийг агуулж байна. Хариуцагч талаас стандарт нөхцөл байгаа тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Манай талаас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр байх хуулийн зохицуулалттай” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь: 

            Нэхэмжлэгч нь Т Б  ХХК нь хариуцагч З  ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 912,547,559 төгрөг гаргуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага, хариуцагч З  ХХК нь нэхэмжлэгч Т Б  ХХК-д холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу нийт 439,912,163 төгрөг төлсөн, мөн үндсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зориулж төлсөн мөнгийг зээлийн хүүнд тооцож авсан нь үндэслэлгүй гэж,  нэхэмжлэгч Т Б  ХХК нь зээлийн гэрээ хуульд нийцсэн гэж тус тус үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Шүүх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот зээлийн гэрээгээр Зониакс ХХК нь 860,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн, мөн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Зээлийн шугамын гэрээгээр 100,000,000 төгрөгийг сарын 2 хувийн 24 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу

1. Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол,  2а байр,  66 тоот үйлчилгээний зориулалтай, 43,71 м.кв талбай /Ү-2203000994/,

2. Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол,  2а байр,   4 тоот үйлчилгээний зориулалтай, 76,92 м.кв талбай /Ү-2203002021/,

3. Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол,  2а байр,   67 тоот үйлчилгээний зориулалтай, 57,76 м.кв талбай /Ү-2203001728/,

4. Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол,  2а байр,  110 тоот үйлчилгээний зориулалтай, 92,4 м.кв   талбай /Ү-2203001583/,

5. Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол,  2а байр,  111 тоот 1 өрөө орон сууц, 16 м.кв талбай /Ү-2203002748/,

6.  Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 9-р байр 17 тоот 1 өрөө орон сууц 17 м.кв талбай  /Ү-2203008196/ -тай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, “Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 370000079052 дугаартай Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө/ байгуулж, дээрхи нэр дурьдсан үл хөдлөх эд хөрөнгө дээр Дэлгүүрийн болон шинээр нэмж авах тоног төхөөрөмж, барьцааны зүйлийн харилцан тохиролцсон үнэ 212,000,00 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 68,600,000 төгрөгөөр тохиролцож хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дууссан, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Зээлийн шугамын гэрээний хугацаа 2020 оны  5 дугаар сарын 15-ны өдөр дуусах бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлдэгч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 439,912,163.68 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Зээлийн шугамын гэрээний үүрэгт 24,286,506.85 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 693,220,715.51 төгрөг, зээлийн хүүнд 110,309,596.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 690,055.42 төгрөг, нийт 804,220,367.62 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Зээлийн шугамын гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 8,327,191,72 төгрөг, нийт 108,327,191.72 төгрөгийг тус тус төлж барагдуулаагүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Зээлийн шугамын гэрээний хугацаа дуусаагүй боловч хариуцагч нь үүргийн зөрчил гаргасан, нэмэлт хугацаа тогтоож уулзалт зохион байгуулсан нь үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

 Хариуцагч нь СБД 3 дугаар хороо,  5 дугаар хороолол, 9 байр, 17 тоот 1 өрөө орон сууц 17м.кв талбай  /Ү-2203008196/, СБД 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2а байр, 4 тоот үйлчилгээний зориулалтай, 76,92 м.кв талбай /Ү-2203002021/ орон сууцыг талууд тохиролцож худалдан борлуулахдаа зээлийн үндсэн хүүгийн төлбөрийг хаахаар тохиролцсон гэх боловч уг үйл баримтыг баримтаар нотлоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд 80,000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдож байх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

            Сөрөг нэхэмжэллийн тухайд:

 

            Хариуцагч З  ХХК нь нэхэмжлэгч Т Б  ХХК-д холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч Т Б  ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

            Хариуцагч З  ХХК нь “Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.2.1.7, 2.2.5 дахь заалт нь гэрээний стандарт нөхцөл зөрчсөн. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2, 202.2.5-д заасан стандарт нөхцөл зөрчсөн байх тул гэрээний зарим зүйл, заалт хүчин төгөлдөр бус байна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

            Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-д “үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон”, 202.2.5-д “гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон” гэж, талуудын хоорондын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот Зээлийн гэрээний 2.1.5-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно”,  2.2.7-д “Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим, баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч, нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ”, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.1.7-д “Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн Гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцно”, 2.2.5-д “Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд коммитмент хүү, зээлийн хүүг тооцон хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлана. Хэрэв зээлдэгч Гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнө” тус тус заажээ.

 

            Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2, 202.2.5-д заасан зохицуулалт хамаарахгүй, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна.

 

            Иймд нэхэмжлэгч Т Б  ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч З  ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

              

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч З  ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 912,547,559.34 төгрөг, нотариатын зардалд 80.000 төгрөг, нийт 912,627,559.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т Б  ХХК-д олгосугай.

 

2. Хариуцагч шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 66 тоот үйлчилгээний зориулалтай, 43,71 м.кв талбай /Ү-2203000994/,

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 67 тоот үйлчилгээний зориулалтай, 57,76 м.кв талбай /Ү-2203001728/,

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 110 тоот үйлчилгээний зориулалтай, 92,4 м.кв   талбай /Ү-2203001583/,

- Сүхбаатар дүүрэг, 03 дугаар хороо, 05 дугаар хороолол, 2а байр, 111 тоот 1 өрөө орон сууц, 16 м.кв талбай /Ү-2203002748/ -тай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.2, 202.2.5-д зааснаар Т Б  ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 370000067570 тоот Зээлийн гэрээний 2.1.5, 2.2.7 дахь хэсэг, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 370000079052 тоот Шугаман зээлийн гэрээний 2.2.1.7, 2.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч З  ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,791,287.8 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З  ХХК-иас улсын тэмдэгтийн  хураамжид 4,791,287.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т Б  ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХБАЯР